| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0184/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/210 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/210
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг eрөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Хохирогчийн өмгөөлөгч Х.З-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-,
Шүүгдэгч Ө.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.у овогт Ө-ийн А-д холбогдох эрүүгийн 2413000000070 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Д- суманд төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Д- сумын ... дүгээр /Хөх толгой/ багт оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжээр буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/14 дугаартай шийтгэхтогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжээр буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш.у овогт Ө-ийн А-, регистрийн дугаар БЮ........;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баян Өлгий аймгийн Д- сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт байрлах “Ж-” нэртэй дэлгүүрийн гадна хохирогч А.Б-тай “хамт архи уусангүй” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа зодож, түүний эрүүл мэндэд дунд чөмөгний түнхний үений далд хугарал, цээжний баруун талд зулгаралт, зүүн эрхий хуруунд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
мөн шүүгдэгч Ө.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баян Өлгий аймгийн Д- сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт байрлах “Ж-” нэртэй дэлгүүрийн гадна хохирогч А.Б-тай “хамт архи уусангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар зодох явцдаа түүний халаасанд мөнгө байсныг мэдсэн даруйдаа 380,000 төгрөгийг, “Самсунг Жи-4” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогчид 480,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1.Улсын яллагч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусангүй гэх шалтгаанаар хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсны дараа миний мөнгийг авсан байна гэж хохирогчид байсан мөнгө болон гар утсыг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Хохирогчийн эд хөрөнгөд нь 480,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч нь сэтгэл санааны хохирол, эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигт 8,500,000 төгрөг төлж өгсөн болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.” гэв.
2. Шүүгдэгч Ө.А- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед миний карманд байсан 300,000 төгрөг алга болсон тул хохирогч авсан байх гэж бодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүй. Цагдан хоригдсон хугацаанд их зүйлийг бодсон. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нь Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэж ирсэн зардлыг бүрэн төлж барагдуулсан. Сэтгэл санааны хохирлыг тооцож, ирээдүйд эмчилгээ хийлгэх зардлын хамт 8.500.000 төгрөгийг төлж өгсөн. Хохирол, хор уршгийг арилгасан.” гэв.
4. Хохирогч А.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хөдөө түргэнд очиж 9 цагт сумд ирсэн. Шүүгдэгч нь миний машинд суугаад пиво уусан. Миний хажууд байсан эмч дэлгүүрээс пиво аваад миний машинд уусан. Явах гэж байхад Ө.А- ирсэн. Надад “Ж-” гэх дэлгүүрээс архи аваад ир гэж хэлэхэд би авчирч өгөөгүй. Хажууд сууж байсан залууд архи аваад ир гэж хэлэхэд “Ж-” гэх дэлгүүр онгорхой биш байсан. Тэгээд өөр дэлгүүрт очиж 1 шил архи авч хажууд байгаа залуутай хамт уусан. Миний эхнэр өвчтэй байгаа тул би явъя гэж хэлэхэд машины түлхүүрийг маань аваад өгөхгүй байсан. Шүүгдэгч надад 1 стакан архи уувал машины түлхүүрийг өгнө гэж хэлсэн болохоор уусан. Дараа нь хэсэг хугацаа суусны дараа машины түлхүүрийг асуухад өгөхгүй дахиад 1 стакан архи уувал машиныг түлхүүрийг өгнө гэж хэлэхээр нь дахиад 1 стакан архи уусан. Тэгээд шүүгдэгч хэрүүл маргаан гаргаж намайг цохиж чи миний мөнгийг хулгайлж авсан байна цагдаад хэлнэ гэж хэлсэн. Маргааш 11 цагт миний 300,000 төгрөгийг аваад ирээрэй гэж хэлээд миний гар утсыг хүчээр авсан. Миний карманд 400,000 төгрөг байсан ба 20,000 төгрөгөөр Ө.А-д архи авч өгөөд үлдсэн 380,000 төгрөг үлдсэн байсан. Шүүгдэгч намайг зодох үед миний хөл хугарсан байсан. Би Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэж ирсэн. Хохирлыг маань төлж өгсөн. Эрүүл мэндийн байдал маань сайн байгаа. Хохиролд 8,500,000 төгрөг авсан” гэв.
5. Хохирогчийн өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирол, хор уршгийг төлж өгсөн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогч илэрхийлж байгаа.” гэв.
Эрүүгийн 2413000000070 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, Улсын яллагчаас:
6. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
7. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16 дахь тал/,
8. Хохирогч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-73 дахь тал/,
9. Хохирогч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
10. Гэрч Ж.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
11. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг /хавтаст хэргийн 100-101 дэх тал/,
12. Шүүгдэгч Ө.А-гаас гаргаж өгсөн сиди /1 ширхэг/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
13. Харин шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
14. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
15. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.А-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
16. Шүүгдэгч Ө.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баян Өлгий аймгийн Д- сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт байрлах “Ж-” нэртэй дэлгүүрийн гадна хохирогч А.Б-тай “хамт архи уусангүй” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа зодож, түүний эрүүл мэндэд дунд чөмөгний түнхний үений далд хугарал, цээжний баруун талд зулгаралт, зүүн эрхий хуруунд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Ө.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баян Өлгий аймгийн Д- сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт байрлах “Ж-” нэртэй дэлгүүрийн гадна хохирогч А.Б-тай “хамт архи уусангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар зодох явцдаа түүний халаасанд мөнгө байсныг мэдсэн даруйдаа 380,000 төгрөгийг, “Самсунг Жи-4” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогчид 480,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
17. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
18. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16 дахь тал/,
19. Хохирогч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагийн үед би 2 дугаар багийн эмчтэй хөдөө дуудлаганд хамт явж ирээд дэлгүүрээс юм авах гэж байхад бидний сууж байсан машины цонхыг гаднаас нь хүн тогшсон. Тэгээд хэн юм бол гээд хаалга онгойлгоход манай сумын Ө.А- байсан. Тэгээд машинд суучхаад багийн эмч Ж.Т-д “миний мотоциклийг гэрт хүргэж өг, би архи уусан” гэж хэлсэн. Тэгээд Т- тэрний унаж явсан мотоциклийг гэрт нь хүргэж өгсөн ба би Ө.А-тай хамт машинтай очиж Т-ийг очиж авсан. Тэгээд Ө.А- карманд нь байсан 20,000 төгрөг гаргаж тухайн мөнгөнд нь дэлгүүрээс архи авч өгөхийг гуйсан. Тэр үед шөнө болсон учир дэлгүүр хаасан байсан. Тэгээд 12 багт байрлах “Ай-ару” дэлгүүрт очоод хүнийг нь дуудаад гуйж нэг шил архи, нэг Спрайт ундаа авсан. Тэгээд архинаас нь “намайг уу” гэхээр би “архи уухгүй, гэрт өвчтэй эхнэртэй” гэхээр намайг “уугаагүй” гээд уурлаад агсан тавьсан. Тухайн архинаас нь Ж.Т- хамт уулцсан. Тэгээд байхад Ж.Т- “одоо явлаа” гэхэд Абдулла уурлаж түүнтэй маргалдсан. Тэр үедЖ.Т- хойно байсан цүнхээ аваад машинаас буусан ба Ө.А- араас нь буусан. Би бас буугаад гурвуулаа гадаа зогсож байсан ба Ж.Т- гэрийнхээ зүг рүү явсан. Тэр үед Ө.А- согтуу уурлаж намайг хавсарч унагаасан. Улмаар миний хөлөнд бөгсөөрөө суучхаад дээрээс нь дарсан. Тэгэхэд миний зүүн талын хөлний сүүж ясны хэсэгт маш ихээр өвдсөн. Тэр үед би Ж.Т- рүү авраарай гэхэд тэр айгаад зугтсан. Тэр үед миний хөл өвдөөд Ө.А-гаас амь авраад “явуулаач” гээд карманд байсан мөнгөнөөс 20,000 төгрөг гаргаж өгөхөд “чи яасан их мөнгөтэй вэ” хэмээн карманд үлдсэн 380,000 төгрөгийг дээрэмдэж авсан. Тэгээд би нөгөө карманд байгаа утсаа гаргаж ирээд хүн дуудах гэхэд намайг “хүнтэй яриулахгүй” хэмээн утсыг бас дээрэмдэж авсан. Тэр үед би Ө.А-г намайг алах юм байна гэж бодож “хүссэнийг чинь хийе” гэхэд тэр намайг хүчээр машинд суулгаад өөрийнхөө утсаар бичлэг хийж Ө.А-д гомдол, саналгүй, намайг зодоогүй, дээрэмдээгүй гэх мэт зүйл хүчээр яриулсан. Тэгээд би Ө.А-г гэрт нь буулгаад гэртээ арай гэж очсон. Тухайн утас 2021 онд аймгийн төвөөс 305,000 төгрөгөөр худалдаж авч байсан улаан борвнгийн хавтастай, хар өнгийн, дэлгэц нь хөндлөн будаг гүйсэн гэмтэлтэй Самсунг Ж-4 загварын гар утас байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-73 дахь тал/,
20. Хохирогч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...миний гартаа барьж байсан утсыг маань булааж авсан, ...надад гомдол санал байгаа. Зүгээр л явж байсан намайг Ө.А- газар унагааж зодож халаасанд байсан 380,000 төгрөгийг дээрэмдэж авсан, мөн гар утсыг минь булааж авсан явдалд нь гомдолтой байна. Мөн миний зүүн талын хөлний дунд чөмөгний хугарал гэмтэл учруулсанд гомдолтой байна. Би өөрөө цэцэрлэгт галчаар ажилладаг. Цэцэрлэгээс акт авсан. Акт авсан тул миний цалингийн тал хувь нь л гарна гэсэн. Тэгэхээр би 780,000 төгрөг авдаг бөгөөд түүний тал гэхээр 394,000 төгрөг болж байна. Би 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш ажилдаа очоогүй, цаашид хэдэн сар энэ хэвээр явахаа мэдэхгүй байна. Дахин Улаанбаатар хот орж эмчилгээ хийлгэмээр байдаг. Тэр эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулагдахыг мэдэхгүй байна. Өөрөө ажпын гадуур хувиараа өвс, тэжээл зарж, арьс шийр бас авдаг. Түүнээс өдөрт 50,000-100,000 төгрөг олдог. Тэр ажил маань бас хоцорлоо. Мөн Ө.А- намайг зодож байгаад 380,000 төгрөгийг минь дээрэмдэж авсан. Дараа нь “Самсунг Жи-4” гэсэн загварын гар утас байсан. Түүнийг би тухайн үед 3 жилийн өмнө 305,000 төгрөгөөр авч байсан. Маш их хохирол амсаж байна. Би бодит хохирол тооцох НӨАТ-ийн баримтууд болон бусад баримтуудыг гаргаж өгье..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
21. Гэрч Ж.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед би Ө.А-д хандаж “чамайг гэрт чинь хүргэж өгье, бид хоёрыг зүгээр явуула, А.Б-ын хувьд гэртээ өвчтэй эхнэртэй хүн, хөгшин хүнийг асардаг хүн” гэхэд над руу дайрч хойно сууж байсан намайг урагш сандал руу татаж, “та нар явахгүй надтай хамт архи ууна” хэмээн агсан тавьсан. Тэр үед би байдал эвгүйтэхийг мэдэж машины хойно байсан цүнхээ авч бууж зугтсан. Тэрнээс хойш Ө.А- А.Б-ын нарын хооронд юу болсныг сайн мэдэхгүй байна. А.Б- нь надтай хамт байхдаа бор өнгийн хавтастай утастай байсныг тодорхой санаж байна. Ө.А- нь тухайн үед А.Б-ад архи уу хэмээн шахаж, агсан тавиад байсан ба А.Б- Ө.А-д хандаж 20.000 төгрөг кармаанаасаа бэлэн гаргаж өгч бид нарыг явуулаад чи өөрөө энэ мөнгөнд архи авч уугаарай гэж хэлсэн. Тэгэхэд Ө.А- А.Б-ад хандаж “яасан их мөнгөтэй хүн бэ чи, тийм мөнгийг би авахгүй” хэмээн авахгүй байсныг санаж байна. Тэрнээс хойш би асуудал хэцүүдэж зодоон гарах шинжтэй болохоор нь машинаас буугаад гэр лүүгээ яваад өгсөн. Миний хувьд тухайн шөнө гар утасгүй байсан тул ямар нэгэн цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
22. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 115 дугаартай “А.Б-ын биед дунд чөмөгний түнхний үений далд хугарал, цээжний баруун талд зулгаралт, зүүн эрхий хуруунд шархтай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийгудаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг /хавтаст хэргийн 100-101 дэх тал/,
23. Шүүгдэгч Ө.А-гаас гаргаж өгсөн сиди /1 ширхэг/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Ө.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
24. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
25. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:
26. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
27. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн “халдашгүй, чөлөөтэй... байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
28. Шүүгдэгч Ө.А- нь хохирогч А.Б-ын дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд “унд чөмөгний түнхний үений далд хугарал, цээжний баруун талд зулгаралт, зүүн эрхий хуруунд шарх” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:
29. Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
30. Шүүгдэгч Ө.А-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд эд хөрөнгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
31. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ө.А- нь хохирогч А.Б-ад хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар эд зүйлийг дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
32. Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ө.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.А-г дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
33. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хуулийн мэдлэггүй байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
35. Шүүгдэгч Ө.А-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, эд хөрөнгөд нь 480.000 төгрөгийн учирсан бөгөөд хохирогч А.Б- нь “Хохирогч А.Б- миний бие шүүгдэгч Ө.А-гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хохирлыг бүрэн төлүүлж авлаа. Хохирогч А.Б- би шүүгдэгч Ө.А-гаас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал гомдолгүй бөгөөд удаа дараа уучлалт хүсч, миний эмчилгээний зардлыг бүрэн төлж өгч, эрүүл мэндийн болон сэтгэл санааны дэмжлэг туслалцаа үзүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хохирогч А.Б-ад би уучлалт өгч байна. Бодит хохирол болон сэтгэл санааны хохиролд дүйцүүлж нийт 8.500.000 төгрөг төлж өгсөн учраас цааш нь сэтгэл санааны хохирлыг тогтоосон зэрэглэл, гэмт хэргийн ангилалд заасан жишиг журмаар нэхэмжлэхээс татгалзаж байна” гэх баримтыг үндэслэн түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
36. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгчийг нийгэмшүүлэх зорилгоор удаа дараа торгох ял оногдуулж байсан ба шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хугацаанд бүх зүйлийг ухарсан гэж хэлж байна. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар тус аймгийн Д- сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,
37. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас “Шүүгдэгч нь цагдан хоригдсон хугацаанд бүх зүйлийг ойлгосон дахиж гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ ухаарч байгаа. Улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг дэмжиж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял хамгийн хүнд ял. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 эсхүл 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөх хугацааг нь багасгаж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
38. Хохирогч А.Б-аас: “Хэлэх зүйл байхгүй.” гэх тайлбарыг,
39. Хохирогчийн өмгөөлөгч Х.З-аас: “Ялын саналын хувьд хэлэх тайлбар байхгүй. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх байх” гэх тайлбарыг,
40. Шүүгдэгч Ө.А-гаас: “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
41. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ө.А-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
42. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
43. Шүүгдэгч Ө.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
44. Шүүгдэгч Ө.А- нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжээр буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/14 дугаартай шийтгэхтогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжээр буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна.
45. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
46. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ө.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
47. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар тогтоов.
48. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.А-д оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Д- сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.
49. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.
50. Шүүгдэгч Ө.А- нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/337 дугаар захирамжаар түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн ба шүүгдэгч Ө.А- нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны дарга, хошууч Ч.Сандагсүрэнгийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
51. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-гийн цагдан хоригдсон 36 хоногийг түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялаас хасаж тооцохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
52 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхэг, хохирогч А.Б-аас гаргаж өгсөн рентген зураг 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
53. Шүүгдэгч Ө.А- нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
54. Шүүгдэгч Ө.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
55. Тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/337 дугаар захирамжаар шүүгдэгч Ө.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.у овогт Ө-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ө.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.А-д оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Д- сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А- нь хохирогч А.Б-ад 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг төлж өгсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-гийн цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялаас хасаж тооцохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхэг, хохирогч А.Б-аас гаргаж өгсөн рентген зураг 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалсугай.
9. Шүүгдэгч Ө.А-гаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шүүгдэгч Ө.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК