Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/608

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

хохирогч Ж.Ө,        

шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б.У-т холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308035170711 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, П.Н.Ш* нэрэмжит *** дугаар эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 5, 4 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** *** дугаар байр *** тоотод оршин суух, урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 484 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр торгох ял биелэгдсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овогт Б.У /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.У нь “Мөнгөний хэрэг гараад байна, хүүтэй мөнгө зээлээч, дараа эргүүлж өгье, гэж хэлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ж.Ө-с Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С төвийн урд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансаараа 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч хохирогчид 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Ө мэдүүлэхдээ: “...Өнөөдрийг хүртэл 8811-тэй дугаар маань ББСБ-д барьцаанд байгаа. Уя-т 6,000,000 төгрөг зээлсэн юм, би зээлсэн мөнгөө хүү, алдангитай нь буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Ж.Ө-н өгсөн: “...Би өөрийн нутгийн танил дүү У гэх эмэгтэйд 2022 оны 10.сард Сонгинохайрхан дүүргийн 12-р дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа хоёр удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тухайн үед У нь надад мөнгөний хэрэг гараад байна. Та 10 хоногийн хугацаанд 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэхээр нь би тухайн үед надад мөнгө байхгүй байна. Би хүнээс аваад өгье гэж хэлээд би гар утасны дугаараа ломбардад тавиад тухайн иргэний үнэмлэх байхгүй байсан учраас Б-н данс руу шилжүүлж улмаар Б тухайн мөнгийг өөрөө У-т зээлж байгаа мэтээр хэлж ойлгуулсан байсан. Тэгээд бид гурав багшийн дээд дээр буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж нотариатын газар орж У, Б хоёр зээлийн гэрээ байгуулж 6.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 10 хоногийн хугацаатай зээлсэн. Тэгээд бид гурав миний машинтай яваад *** дугаар эмнэлгийн хойд талын буюу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С-н хойд талын автобусны буудал дээр ирэхэд У машинаас буугаад манай найзыг та мөнгөө шилжүүлчих гэхээр нь манай найз Б тухайн үед интернэт банкаараа С-н буудал дээр зогсож байгаад шилжүүлсэн. Тэгээд мөнгө өгөхгүй болохоор Б удаа дараа У рүү ярьсан. Тэгээд У мөнгөө өгөхгүй удаад байхаар нь би түүнд хандаж Б-с авсан 6.000.000 төгрөгийг чинь би хүүтэй нь төлчихсөн. Чи одоо мөнгийг нь хүүтэй нь өг гэж хэлсэн. Би тухайн үед өөрийн 8811-тэй дугаараа барьцаанд тавьж Б лүү 6.000.000 төгрөг шилжүүлсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч М.Б-н өгсөн: “...Ө 2022 оны 10 дугаар сард над руу яриад нутгийн дүү мөнгө олоод өг гээд байна, би мөнгө зээлэх гэсэн боловч өөрөө шилжүүлж болохгүй байна. Би тэр хүнд хүнээс асууж өгнө гээд хэлчихсэн юм. Би чиний данс руу мөнгө шилжүүлэхээр нь чи тэр эмэгтэйн данс руу мөнгө шилжүүлээд гэрээ байгуулчих гэж хэлсэн. Тухайн үед чи өөрөө яагаад мөнгөө шууд өгч болохгүй байгаа юм бэ, гэхэд таньдаг хүн болохоор дараа өгөхгүй байж магадгүй гэж бодож байгаа учраас би хүнээс мөнгө зээлж өгч байна гэж хэлсэн юм гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд тэр өдөр Ө миний Хаан Банкны *** тоот данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн тэр эмэгтэй Ө бид хоёртой уулзаад асуухад “зээл төлөх хэрэгтэй байгаа юм, би буцаагаад өгнө” гэж хэлсэн. Тухайн үед 6.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэхээр болж гэрээ байгуулсан бөгөөд би Ө-н мөнгийг өөрийн мөнгө мэт тухайн эмэгтэйд хэлж бид хоёр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт орж зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 6.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай тухайн эмэгтэйд зээлсэн. Мөнгөө шилжүүлчих гэхээр нь тэнд зогсож байгаад би өөрийн *** тоот данснаасаа интернэт банк ашиглан шилжүүлсэн юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн Худалдаа хөгжлийн банканд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,   

 

Худалдаа хөгжлийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 58-71 дүгээр хуудас/, 

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.У нь “Мөнгөний хэрэг гараад байна, хүүтэй мөнгө зээлээч, дараа эргүүлж өгье, гэж хэлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ж.Ө-с Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С төвийн урд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансаараа 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч хохирогчид 6.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан үйл баримт тогтоогдож байна.

 

 Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяалуулан шилжүүлсэн. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйл заасны дагуу хэргийн оролцогч нараас хэргийн харьяалалтай холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хэн аль нь санал хүсэлт гаргаагүй болно. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хэргийн харьяаллын талаар маргаж болохгүй гэж заасны дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анх шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцлээ.

 

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Б.У-г хохирогч Ж.Ө-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансаараа 2 удаа 3,000,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч хохирогчид 6.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчид 2,500,000 төгрөг төлсөн тул шүүгдэгчээс 3,500,000 төгрөгийг гаргуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би учруулсан хохирлоо төлнө...” гэх санал, дүгнэлтийг гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Б.У нь “Мөнгөний хэрэг гараад байна, хүүтэй мөнгө зээлээч, дараа эргүүлж өгье, гэж хэлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ж.Ө-с Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С төвийн урд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансаараа 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч хохирогчид 6.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Ж.Ө-н өгсөн: “...Би өөрийн нутгийн танил дүү У гэх эмэгтэйд 2022 оны 10.сард Сонгинохайрхан дүүргийн 12-р дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа хоёр удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тухайн үед У нь надад мөнгөний хэрэг гараад байна. Та 10 хоногийн хугацаанд 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэхээр нь би тухайн үед надад мөнгө байхгүй байна. Би хүнээс аваад өгье гэж хэлээд би гар утасны дугаараа ломбардад тавиад тухайн иргэний үнэмлэх байхгүй байсан учраас Б-н данс руу шилжүүлж улмаар Б тухайн мөнгийг өөрөө У-т зээлж байгаа мэтээр хэлж ойлгуулсан байсан. Тэгээд бид гурав багшийн дээд дээр буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж нотариатын газар орж У, Б хоёр зээлийн гэрээ байгуулж 6.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 10 хоногийн хугацаатай зээлсэн. Тэгээд бид гурав миний машинтай яваад 3 дугаар эмнэлгийн хойд талын буюу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С-н хойд талын автобусны буудал дээр ирэхэд У машинаас буугаад манай найзыг та мөнгөө шилжүүлчих гэхээр нь манай найз Б тухайн үед интернэт банкаараа С-н буудал дээр зогсож байгаад шилжүүлсэн. Тэгээд мөнгө өгөхгүй болохоор Б удаа дараа У рүү ярьсан. Тэгээд У мөнгөө өгөхгүй удаад байхаар нь би түүнд хандаж Б-с авсан 6.000.000 төгрөгийг чинь би хүүтэй нь төлчихсөн. Чи одоо мөнгийг нь хүүтэй нь өг гэж хэлсэн. Би тухайн үед өөрийн 8811-тэй дугаараа барьцаанд тавьж Б лүү 6.000.000 төгрөг шилжүүлсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч М.Б-н өгсөн: “...Ө 2022 оны 10 дугаар сард над руу яриад нутгийн дүү мөнгө олоод өг гээд байна, би мөнгө зээлэх гэсэн боловч өөрөө шилжүүлж болохгүй байна. Би тэр хүнд хүнээс асууж өгнө гээд хэлчихсэн юм. Би чиний данс руу мөнгө шилжүүлэхээр нь чи тэр эмэгтэйн данс руу мөнгө шилжүүлээд гэрээ байгуулчих гэж хэлсэн. Тухайн үед чи өөрөө яагаад мөнгөө шууд өгч болохгүй байгаа юм бэ, гэхэд таньдаг хүн болохоор дараа өгөхгүй байж магадгүй гэж бодож байгаа учраас би хүнээс мөнгө зээлж өгч байна гэж хэлсэн юм гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд тэр өдөр Ө миний Хаан Банкны *** тоот данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн тэр эмэгтэй Ө бид хоёртой уулзаад асуухад “зээл төлөх хэрэгтэй байгаа юм, би буцаагаад өгнө” гэж хэлсэн. Тухайн үед 6.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэхээр болж гэрээ байгуулсан бөгөөд би Ө-н мөнгийг өөрийн мөнгө мэт тухайн эмэгтэйд хэлж бид хоёр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт орж зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 6.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай тухайн эмэгтэйд зээлсэн. Мөнгөө шилжүүлчих гэхээр нь тэнд зогсож байгаад би өөрийн *** тоот данснаасаа интернэт банк ашиглан шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/,

 

-Шүүгдэгчийн Худалдаа хөгжлийн банканд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,  

-Худалдаа хөгжлийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 58-71 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдаг онцлогтой.

 

 Бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан объектив шинжтэй байдаг.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.У-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.У нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогч Ж.Ө-д 6,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2,500,000 төгрөгийг төлсөн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 4,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.Ө-д олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Улсын яллагч:  “...шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” саналыг гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т Баянгол дүүргийн бүсчлэлээс 1 /нэг/ жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б овогт Б-н У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г Баянгол дүүргийн бүсчлэлээс 1 /нэг/ жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-с 4,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ө-д олгохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

      

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ