Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/006

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,      

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.*******г холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201605000318 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:              

Монгол  Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 сарын 03-ны өдөр 18 цагийн орчим Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Одхүүтэй маргалдаж улмаар түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                            /сэжигтэнг яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

...2016 оны 11 сарын 03-ны өдөр би найз Загдаагийнхаа гэрт очиж 1 шил 0,5 литрийн архи хувааж уусан. 15 цагийн үед айлын найранд явахаар Загдаагийнхаас гарсан. Наранбатынд очиж хуриманд хамт явъя  гэж хэлээд ойр зуурын зүйл авахаар дэлгүүр рүү явж байгаад *******, Магнайбаяр, Мөнх-Эрдэнэ, Буяндэлгэр, Бодьхүү нартай тааралдсан. Магнайбаяр суудлын жижиг машин жолоодсон эрүүл, бусад нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Магнайбаяр намайг наашаа суучих гээд би тэр машинд нь суугаад Дарьхүү эгчийнд очоод хоол идэж байхдаа сумын Ардчилсан намын хурлын талаар ярилцсан бөгөөд ******* сумын Засаг даргад өрсөлдөөд дэмжигдээгүй асуудлыг Мөнх-Эрдэнэ сөхөөд та нар *******г дэмжсэнгүй гэж ярьсан. Миний зүгээс тэдэнд би Ардчилсан намд олон жил зүтгэсэн, би та нарын төлөө саналаа өгөх ч үгүй, наад хуралд чинь би ороогүй, та нар өөрөө өөрсдийнхөө төлөө саналаа өгөхгүй яасан юм гэхэд ******* миний дэргэд сууж байснаа миний баруун талын нүд рүү баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би босоод түүнийг зөрүүлээд хамран тус газар нь нэг удаа цохиход хамраас нь цус гарсан. ******* нь гадаа гарч хамрынхаа цусыг угааж орж ирснээ дахиад цохих гээд давшлаад байсан. Буяндэлгэр хорьсон. Би ч удалгүй гарсан. *******д зодуулаад миний тархи доргиж,баруун талын нүдэнд цус хурсан. ******* надаас уучлалт гуйж бид эвлэрсэн. Миний хувьд түүнд ямар нэг гомдолгүй, тэр миний биед учруулсан хохирлыг эмчлүүлэхтэй холбогдон гарсан 91.000 төгрөгний зардлыг бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-н 18-20/,

Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

... ******* нь Одхүүг нам дотроо хор хийсэн гэх мэтийн үг яриад байж байснаа Одхүү нь ******* рүү салаавч гаргаж өгсөн бөгөөд ******* түүнийг гарынхаа араар хацар руу нь алгадаж байсан. Одхүү зөрүүлэн түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон бөгөөд *******гийн хамраас цус гарсан. Тэгэхэд ******* нь Одхүүгийн нүүрэн тус газар нэг удаа цохьсон бөгөөд бид тэднийг салгасан гэх мэдүүлэг /хх-н 21-23/

Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

... хоол идэж байхдаа *******тэй маргалдаж эхэлсэн. ******* нь та нар намынхаа залуучуудыг дэмжиж байх хэрэгтэй, залуучуудаа дэмжихгүй байгаагийн нэг илрэл нь сая намайг сумын засаг даргад нэр дэвшихэд дэмжсэнгүй уначихлаа гэж хэлэхэд Одхүү ах би ч гэсэн намд олон жил зүтгэсэн, үр шимийг нь үзээгүй л явж байна гээд маргалдаад байсан. Маргалдаж байхдаа Одхүү нь ******* рүү май гээд салаавч өгөхөд ******* эргүүлээд түүнийг гараараа савсан. Тэгээд Одхүү нь зөрүүлээд *******гийн нүүрэнд цохьчихсон чинь *******гийн хамраас цус гарсан. ******* ч буцаагаад нүүрэнд нь цохьсон. Одхүү ч нүүрээ дараад суучихсан. Бодьжаргал салгаад *******гийн хамрын цусыг угаалгасан. Тэр хойгуур Одхүү гараад явсан гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

Шүүгдэгч Н.*******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

... Магнайбаярын ээж бантан хийсэн байсан бөгөөд бид нар хоол идээд сууж байхдаа намынхаа талаар ярилцсан. Одхүү өөрийгөө би Ардчилсан намд олон жил зүтгэсэн хүн гэж ярьсан. Тэгэхээр нь би танай дүү ардчилсан намаас удирдлагын академид сурсан, би ч энэ намаас сурсан, та нар залуу залгамж халаагаа дэмжихгүй дээ гэж хэлэхэд Одхүү би олон жил зүтгэсэн гэтэл намаас надтай харьцаж байгаа юм алга байна гэсэн. Тэгэхээр нь би та хоёрын хооронд 2 намын дунд явснаас болж ийм юм болж байгаа юм. Тэгээд л таниас манай намынхан хамаг юмаа нуугаад таныг хүндлэхгүй байна шүү дээ гэж хэлэхэд тэр чи намайг хэзээ 2 намын хооронд явж байхыг харсан юм бэ гэж уурлан над руу май гээд салаавч өгсөн. Түүний өгсөн салаавч нь миний ам руу тулаад байхаар нь би гарынхаа араар түүний зүүн талын хацар руу нь түлхчихсэн юм. Тэгсэн чинь тэр нүүрээ дарж сууж байснаа миний хамран тус газар цохиод миний хамраас цус гарсан. Би ч зөрүүлэн түүний нүүрэн тус газар нь 1 удаа цохьсон. Миний хамраас гарсан цус аманд дүүрээд ирэхээр нь би түүн рүү нулимсан. Миний үйлдлээс болж Одхүүгийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг хүлээн зөвшөөрч байна. Би уучлалт гуйж, бид эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 48-50, 56-57/,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 552 дугаартай: 1.******* биед тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/,

-эвлэрсэн тухай хэлцэл /хх-ийн 5/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-9/,

-Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагийн  тодорхойлолт /хх-н 36/,

-Н.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 61/,

-Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63/,

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судалсан болно.  

Шүүгдэгч Н.******* нь 2016 оны 11 сарын 03-ны өдөр 18 цагийн орчим Бөмбөгөр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт иргэн Дарьхүүгийн гэрт Л.Одхүүтэй хувийн таарамжгүй байдлаас марган улмаар түүний нүүрэн тус газарт нь зохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Н.*******гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Н.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч ******* бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Н.******* нь хохирогч хохиролыг нөхөн төлж барагдуулсан байх тул түүний эзэмшлийн хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******гийн эзэмшлийн хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч Н.******* нь хохирогчид төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.*******д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ