Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 467

 

Ш.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Ш.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.С нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0048 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0598 дугаар магадлалтай, Ш.М-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0048 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.М-ыг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0598 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Ш.М нь удаа дараа ажил тасалж, ажлын байраа эзгүй орхисон сахилгын зөрчлийг давтан гаргаж байсныг аймгийн Засаг даргын Тамгын газрын гэнэтийн шалгалтаар тогтоогддог. Түүнийг ажлын байран дээр байхгүй, ажил тасалсан учир байдлыг нь асуухад “хөдөө нэг хүн нас бараад явсан” гэсэн тайлбарыг тухайн байгууллагын албан тушаалтнуудаас сонссон боловч Ш.М нь аймгийн удирдлагад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, чөлөө аваагүй, учир шалтгаангүйгээр ажил тасалсан. Түүний албан тушаалыг бууруулах шийдвэр гаргахад “миний хууль ёсны эрх ашиг хөндсөн тохиолдолд өөрт урьдчилан мэдэгдэх, оролцоо хангах...” гэх тусгай заалтуудыг баримтлаагүй гэдэг нь хуульд нийцэхгүй ба аймгийн Засаг даргын өмнө үүрэг хүлээж, төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь хуульд заасан хугацаанд жилийн ажлын тайланг Засаг даргын зөвлөлд тайлагнаж, ажлыг хугацаанд дүгнүүлэх ёстой.

Энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр баталсан аймгийн төсөвт байгууллагуудын 2016 оны жилийн ажлын тайлан авах хуваарийн дагуу урьдчилан мэдэгдсэн ба уг хуваарийн дагуу 2017 оны 1 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Тамгын газрын хурлын залаанд Засаг даргын зөвлөлийн гишүүд бүрэлдэхүүнээрээ сууж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.М-ын тайланг сонссоны дараа зөвлөлийн гишүүд тайлантай холбоотой асуулт асууж, хариулт авч, тайланг дүгнэж хангалтгүй гэж үнэлгээ өгсөн. Ш.М нь тухайн үед үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудсаар албан ёсоор бичмэл хэлбэрээр аймгийн Засаг даргад ирүүлээгүй нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Ш.М нь 2016 оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудас болон 2017 онд байгуулах үр дүнгийн гэрээний төслийг аймгийн Засаг даргад ирүүлэх үүрэгтэй бөгөөд илтгэх хуудас болон үр дүнгийн гэрээний төслийг албан тоотоор ирүүлээгүй байна.

Төрийн албан зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1-д “төсвийн шууд захирагч нь гэрээнд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, урьдчилан хүргүүлэх үүрэгтэй”, 2.2-т “төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах эрхтэй”, 2.3-т “төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй”, 2.4-д “төсвийн шууд захирагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлээгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт “хүнд өвчтэй байх, өвчтөн асарсан, албан томилолтоор гадаад, дотоодод ажиллаж байгаа, сургалтад хамрагдсан, ээлжийн амралттай байх, гарцаагүй болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн үүргийг гүйцэтгэх боломжгүй байхыг ойлгоно” гэж заасан ба Ш.М нь энэ заалтуудыг зөрчиж аймгийн Засаг даргад илтгэх хуудас болон үр дүнгийн гэрээний төслөө албан тоотоор хандаж ирүүлээгүй байна. Тухайн үед Ш.М-д ажлаа дүгнүүлэх талаар урьдчилан мэдэгдсэн бөгөөд тэрээр байгууллагын ажлын тайлан, үр дүнгийн гэрээ дүгнүүлэх илтгэх хуудас, бусад баримт бичиг, тайлбаруудыг гаргаж, өөрийн эрх ашгийг бүрэн хамгаалах боломжтой байсан. Дээрх заалтуудыг зөрчсөн Ш.М-д ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасны дагуу захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж түүний амаар гаргасан хүсэлтийг нь үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтцэд шинээр нэг орон тоо нэмж баталж тухайн байгууллагад мэргэжилтнээр томилуулсан юм.

Мөн тухайн байгууллагын ажил нь хангалтгүй, үүрэг зорилтоо биелүүлээгүй нь тус байгууллагыг удирдаж байсан Ш.М-с шууд шалтгаалж байгаа гэж үзэж байна. Мөн аймгийн Засаг дарга Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай 2017 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулахад сайд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны гэрээний биелэлтүүдийг танилцуулсан. Үүнд Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь хамгийн сүүлийн байранд орж байсан ба энэ нь тухайн үед уг байгууллагыг удирдаж байсан Ш.М-с шууд шалтгаалах зүйлийн нотолгоо тул түүнийг албан тушаал буруулсан акт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргасан тул магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Ш.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д заасныг үндэслэн “2016 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн” гэж дурдаж, Ш.М-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгч Ш.М “үр дүнгийн гэрээг зохих журмын дагуу дүгнээгүй,... гэрээний биелэлтийг илтгэх хуудсаар бүрэн гаргаж, аймгийн Засаг даргад хүргүүлсэн, ...хангалтгүй дүгнэсэн талаар надад огт мэдэгдээгүй, үнэлгээтэй танилцахыг хүсэхэд хариу өгөөгүй” гэж маргаж, уг тушаалыг хүчингүй болгох, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.2-т заасны дагуу үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл боловч  эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд, холбогдох журмын дагуу “үр дүнгийн гэрээ”-г дүгнэж өгсөн үнэлгээ нь уг үндэслэл болохоор хуулийн 19 дүгээр зүйлд заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймгийн Засаг даргын баталсан “төсөвт байгууллагуудын 2016 оны ажлын тайлан” авах хуваарийн дагуу аймгийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 онд хийсэн ажлын тайланг сонсож, ажлын гүйцэтгэлийг “хангалтгүй” гэж үзсэн, “тайлан” хэлэлцсэн уг хуралдаанаар төсвийн шууд захирагчийн аймгийн Засаг даргатай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлттэй  холбоотой асуудал яригдаагүй, Засаг даргаас “Үр дүнгийн гэрээний биелэлт”-ийг дээрх хуульд заасан журмын дагуу дүгнэж, үнэлгээ өгөөгүй зэрэг нь тогтоогджээ.

Иймд, хариуцагч нь “үр дүнгийн гэрээ”-г хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Ш.М-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, улмаар түүнд зориулж тус байгууллагад “орон тоо” шинээр нэмсэнийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтнаас Ш.М-ыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасан “албан ажлын шаардлагаар өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах болон сэлгэн ажиллуулах” журмаар мэдээ тайлан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилсон нь маргаан бүхий захиргааны актыг гаргасан зорилго, үндэслэлд нийцээгүй гэж үзэхээр байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ш.М-с 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаартай албан бичгээр “Үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудас”-ыг хүргүүлсэн гэх, уг илтгэх хуудсыг ирүүлээгүй гэх хариуцагч Засаг даргын маргаж буй үндэслэлийг шалгаж, төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд үр дүнгийн гэрээний биелэлтийг гаргаж төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлээгүй тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор /1 дүгээр хавсралт/ баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 2.2, 8.1-д заасны дагуу “...шаардлага тавьж хэрэгжилтийг хангуулах, хариуцлага тооцуулахаар харьяалах салбар зөвлөлд гомдол гаргах” эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчид хамааралтай бөгөөд энэ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй талаар зөв дүгнэжээ.

Төсвийн шууд захирагч нь төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин”-гээ тогтоосон журмын дагуу үнэлж, дүгнүүлэх, үнэлгээтэй санал нийлүүлээгүй тохиолдолд тайлбар гаргах, гэрээний биелэлтийн үнэлгээг баталгаажуулах эрхтэй байхад уг үнэлгээг хийлгүйгээр нэхэмжлэгч Ш.М-ыг Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны Б/45 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасантай нийцээгүй тул хууль бус захиргааны акт гэж үзнэ.

Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “...хурлын зааланд Засаг даргын зөвлөлийн гишүүд бүрэлдэхүүнээрээ сууж,... тайланг сонссоны дараа асуулт асууж, хариулт авч тайланг дүгнэж, хангалтгүй үнэлгээ өгсөн, ...илтгэх хуудас болон үр дүнгийн гэрээний төслийг албан тоотоор ирүүлээгүй байсан” гэх гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0048 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0598 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ