| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0593/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/610 |
| Огноо | 2024-07-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/610
2024 07 25 2024/ШЦТ/610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүгдэгч М.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А ”танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Л овогт М.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405021570447 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын Иргэн, 19** оны 07 дугаар сарын 14-ний өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт *** дүүрэг *** дугаар хороо *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Л овогт М.П, /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М.П /РД: ***/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замд 2024 оны 06 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд, "Тоёота приус" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.П мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү, хөдөө уурхайд ажилладаг юм...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад гэрч Ю.У өгсөн: “...Би М.П-той найзлаад хоёр жил болж байна. Манай найз М.П нь эелдэг дуу цөөтэй, хүнд тусархуу зөөлөн сэтгэлтэй хүн. Найз М.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Хэрэг төвөгт орж байсан тэр талаар нь дэлгэрэнгүй сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.С-н өгсөн: “...2024 оны 05 сарын 31-оройн 23 цагийн үед машинаа зогсоолд байрлуулаад гэртээ орсон тэгээд 2024 оны 06 сарын 1-ний өглөөний 09 цагийн орчимд манай төрсөн эгч Н.М эгч утсаар над руу залгаад чиний машиныг хүн мөргөсөн байна гэж хэлэхээр нь гэрээсээ гарч ирээд машинаа хартал жолоочийн эсрэг талын гупер чихэгдээд хонхойсон байсан тэгээд би Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.М-н өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 31-ний шөнө болсон зам тээврийн ослын талаар би сайн мэдэхгүй байна. Миний нэр байдаг боловч манай дүүгийн Тоёото приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл бөгөөд миний нэр дээр байдаг юм. Миний тээврийн хэрэгслийн хойд буфер эвдрэлтэй байсан ба хохирлын үнэлгээ хийхэд үнэлгээний мөнгөн дүн 215.000 /хоёр зуун арван таван мянган төгрөг/-ийн үнэлгээ гарсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан ба надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн дэслэгч цолтой Ж.Батбаярын 2024 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 2-4 дугаар хуудас/,
-Цагдаагийн Ерөнхий Газрын Асап сангийн лавлагаа /хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/,
-тээврийн хэрэгсэл жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгаж хуудас /хавтаст хэргийн 60 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.П /РД:***/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замд 2024 оны 06 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд, "Тоёота приус" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтыг зөрчсөн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч М.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Э.С-т 215,000 төгрөгийн хохирлыг төлсөн...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч М.П /РД:***/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замд 2024 оны 06 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд, "Тоёота приус" маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад гэрч Ю.У-н өгсөн: “...Би М.П-той найзлаад хоёр жил болж байна. Манай найз М.П нь эелдэг дуу цөөтэй, хүнд тусархуу зөөлөн сэтгэлтэй хүн. Найз М.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Хэрэг төвөгт орж байсан тэр талаар нь дэлгэрэнгүй сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.С-н өгсөн: “...2024 оны 05 сарын 31-оройн 23 цагийн үед машинаа зогсоолд байрлуулаад гэртээ орсон тэгээд 2024 оны 06 сарын 1-ний өглөөний 09 цагийн орчимд манай төрсөн эгч Н.М эгч утсаар над руу залгаад чиний машиныг хүн мөргөсөн байна гэж хэлэхээр нь гэрээсээ гарч ирээд машинаа хартал жолоочийн эсрэг талын гупер чихэгдээд хонхойсон байсан тэгээд би Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.М-н өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 31-ний шөнө болсон зам тээврийн ослын талаар би сайн мэдэхгүй байна. Миний нэр байдаг боловч манай дүүгийн Тоёото приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл бөгөөд миний нэр дээр байдаг юм. Миний тээврийн хэрэгслийн хойд буфер эвдрэлтэй байсан ба хохирлын үнэлгээ хийхэд үнэлгээний мөнгөн дүн 215.000 /хоёр зуун арван таван мянган төгрөг/-ийн үнэлгээ гарсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан ба надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн дэслэгч цолтой Ж.Батбаярын 2024 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дугаар хуудас/,
-Цагдаагийн Ерөнхий Газрын Асап сангийн лавлагаа /хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/,
-тээврийн хэрэгсэл жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М.П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.П нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 4,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэх саналыг гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт М.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ