| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0589/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/612 |
| Огноо | 2024-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/612
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч М.Амарзаяа /томилолтоор/,
хохирогч А.М,
шүүгдэгч И.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт И.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000882 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** *** ажилтай, ам бүл 2, ээжийн хамт *** аймгийн *** сумын *** дүгээр баг *** төвийн *** дүгээр гудамж *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт И.Г /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч И.Г нь 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Т" төвийн буудалд иргэн А.М-той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас, баруун дээд, доод зовхинд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Г: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.М: “...Би найзыгаа авах гээд очсон чинь энэ намайг яах гэж байгаа юм гэж хэлээд намайг цохисон. Би алгадаагүй гар ч хүрээгүй, яагаа ч үгүй байхад намайг цохисон гэж ярьж байна. Надтай урд өмнө нэг удаа ирж уулзсан, хохирлыг чинь барагдуулъя гэж хэлэх гэж байгаа юм болов уу гэж бодсон чинь согтуу ч юм шиг сонин царайтай байсан угийн ийм хүн юм байна гэдгийг сая ойлгочихлоо. Би цохиулчхаад өөдөөс нь гар хүрвэл харилцан зодоон болно гэдгийг мэдэж байсан тул цохиогүй. Надад 300,000 төгрөгийг хохирол учирсан баримт байхгүй. Ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
мөрдөн байцаалтад гэрч Г.Д-н өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Л гэх нэртэй бааранд хамт ажилладаг залуу болох А-н хамт орсон. Тэгээд тухайн бааранд бүжиглэж байхдаа 2 эмэгтэйтэй танилцсан бөгөөд тухайн 2 эмэгтэйтэй бүжиглээд байж байхад хажуу талаас нэг үл таних залуу хүрч ирээд бид нартай хамт бүжиглээд байсан бөгөөд тухайн үл таних залуу нь надад наад 2 эмэгтэйтэй чинь буудал ороод дахиад ороод сууя хамт наад эмэгтэй нартай чинь хоноё гэж хэлсэн бөгөөд би тухайн үед зөвшөөрөөд хамт явж байсан 2 эмэгтэй нь ч бас тэгье гэж хэлээд Баянгол дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Т гэх нэртэй буудалд орсон. Тэгээд тухайн буудалд бид өрөө аваад тухайн үл таних залуу нэг эмэгтэйг нь аваад буудлын өрөөний нэг өрөө рүү нь орсон бөгөөд би нөгөө эмэгтэйтэй хамт өөр нэг байж байсан. Тухайн үед би нэлээн архи уусан байсан бөгөөд би нэг эмэгтэйтэй нь хамт буудлын өрөөнд унтаж байхад хажуу талын өрөөнд нэлээд чанга дуу чимээ гараад байсан ба би өрөөнөөс нь гараад харахад надтай хамт буудалд орж ирсэн залуу нь өөр нэг эрэгтэйтэй зодолдсон байдалтай байж байсан. Би тухайн 2 залууг салгаад харахад сүүлд орж ирсэн залуугийн нүүр битүү цус болчихсон байдалтай байж байсан тэгээд би тэгээд би зодуулсан гэх залуугийн нүүрийг нь нойл ороод цэвэрлэж өгөөд байж байтал тухайн надтай хамт орж ирсэн залуу нь зугтаагаад яваад өгсөн байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г-н өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Т төвийн буудалд бусдад зодуулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А.М нь эмчилгээ хийлгэхэд 71.440 төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч И.Г-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дугаар хуудас/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-32 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
-иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч И.Г нь 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Т" төвийн буудалд иргэн А.М-той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас, баруун дээд, доод зовхинд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч И.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирогч А.М-н сэтгэцэд учирсан хохирлыг арилгуулахаар 3,300,000 төгрөгийг гаргуулах...” гэх дүгнэлт,
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугийн дүгнэлттэй холбоотой хэлэх зүйлгүй...” гэх санал, дүгнэлтийг оролцогчид гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч И.Г нь 2024 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” төвийн буудалд иргэн А.М-той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас, баруун дээд, доод зовхинд зүсэгдсэн шарх,зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч А.М-н өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 11-ний өглөө би гэртээ байж байхад өглөө 06 цагийн үед манай найз болох Ү нь над руу залгаад би согтуу Т гээд зочид буудалд байна намайг ирээд авчхаач гээд надад хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад...Т төвийн зочид буудал дээр явж очоод 201 номер өрөө рүү яваад ороход манай найз болох Ү нь нэг үл таних залуутай өрөөнд сууж байсан. Тэгээд би Ү-д хандаж явах уу гээд асуухад Ү нь хажуу талын өрөөнд манай найз байгаа аваад хамт явъя гээд надад хэлэх үед тухайн үл таних залуу нь хажуу талаас чи хэн юм яах гэж байгаа юм гээд манай найзыг явуулахгүй байж байгаад сүүлдээ тухайн үл таних залуу нь намайг барьж аваад зодсон бөгөөд өрөөнд нэлээд чимээ гарах үед хажуу талын өрөөнд нь байсан тухайн залуугийн найз нь гэх залуу нь уг хэрэг болсон гэх өрөөнд орж ирээд тухайн үл таних залууг надаас салгаж аваад зугтаалгаад явуулсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Г.Д-н өгсөн: “...Т гэх нэртэй буудалд орсон. Тэгээд тухайн буудалд бид өрөө аваад тухайн үл таних залуу нэг эмэгтэйг нь аваад буудлын өрөөний нэг өрөө рүү нь орсон бөгөөд би нөгөө эмэгтэйтэй хамт өөр нэг байж байсан. Тухайн үед би нэлээн архи уусан байсан бөгөөд би нэг эмэгтэйтэй нь хамт буудлын өрөөнд унтаж байхад хажуу талын өрөөнд нэлээд чанга дуу чимээ гараад байсан ба би өрөөнөөс нь гараад харахад надтай хамт буудалд орж ирсэн залуу нь өөр нэг эрэгтэйтэй зодолдсон байдалтай байж байсан. Би тухайн 2 залууг салгаад харахад сүүлд орж ирсэн залуугийн нүүр битүү цус болчихсон байдалтай байж байсан тэгээд би тэгээд би зодуулсан гэх залуугийн нүүрийг нь нойл ороод цэвэрлэж өгөөд байж байтал тухайн надтай хамт орж ирсэн залуу нь зугтаагаад яваад өгсөн байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г-н өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Т төвийн буудалд бусдад зодуулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А.М нь эмчилгээ хийлгэхэд 71.440 төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч И.Г-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6389 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...1.А.М-н биед баруун дээд, доод зовхинд, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. 3. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй 5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дугаар хуудас/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-32 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Г нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан субьектив санаа зорилготой байжээ. Шүүгдэгч И.Г нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж цохисон идэвхтэй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хангасан байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч И.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч И.Г нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас эмчилгээ үйлчилгээ авсан 71,440 төгрөгийн хохирлыг шүүгдэгч И.Г-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт буюу “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.1.1-д заасны дагуу хохирогч А.М нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын хоёрдугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн /хавтаст хэргийн 53 дугаар хуудаст/ байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгч И.Г-с гаргуулж хохирогч А.М-д олгуулах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Шүүгдэгч И.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650,000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэх саналыг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-д 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой И.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-д 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар И.Г-д оногдуулсан 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-с 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Мид, 71,440 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ