Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/961

 

 

 

 

 

 

 

    2024         08            30                                         2024/ШЦТ/961

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,  

улсын яллагч Э.Мандуул,

шүүгдэгч ......, өмгөөлөгч **** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ......ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2408013150960 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ...... (регистрийн дугаар ......), 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, нөхөр, хоёр хүүхдийн хамтаар ......тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Хэргийн товч агуулга: ...... нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...... дугаар гудамжинд ...... хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, улмаар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

    1. Шүүх хуралдаанд шүүгдэгч ...... “ мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 810 дугаартай яллах дүгнэлт болон хавсралтад тусгагдсан баримтууд (хавтас хэргийн 11-13, 17-19, 21-23, 30-32, 35-37, 46-47, 58-60, 69-70, 72-75, 85-89, 122-126 дугаар хуудас),

- Өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн шинжлэн судлах баримттай давхардуулахгүйгээр хохирогч болон гэрч ...... мэдүүлэг, ял шалгах хуудас (хавтас хэргийн 11-13, 21-23, 64 дүгээр хуудас), 

Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч ...... нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...... дугаар гудамжинд хохирогч ...... тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, улмаар төмсөг рүү хөлөөрөө өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч  **** “...2024 оны 03-р сарын 16-ны өдөр манай ажлын хамт олон цэргийн баяр гээд амралтад явах гэж байсан. Эхнэр **** “амралтад явах гэсэн юм 100.000 төгрөг өгөөч” гэж гуйхад “мөнгө байхгүй явж яах гээд байгаа юм мөнгөө олоод өөрөө яв тэр чигтээ зайл” гэж хэлсэн. Би эхнэртээ гомдоод тэр шөнийн 00 цаг хүртэл өөрийн **** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд яваад 30.000 төгрөг олоод 10.000 төгрөгөөр нь 2,5 литрийн нийслэл пиво аваад Тахилтад найз **** гэрт очоод 03 цаг хүртэл юм ярьж суугаад пивоо ууж хоносон. Маргааш өглөө 10 цагт босож хоол унд идээд найзын эхнэр **** ажилдаа яваад, хүүхдүүдийг нь ахынд хүргэж өгчхөөд бид хоёр буцаж ирээд хөзөр тоглож өнжсөн. Орой **** ирээд бид хоёрт цэргийн баяр гээд нэг шил хараа архи авч өгөөд хувааж уугаад 00 цагийн үед унтаж амарсан. Энэ хугацаанд эхнэртээ гомдоод огт яриагүй, 2024 оны 03-р сарын 18-ны өглөө **** гэрт байхдаа эхнэр **** руу залгаж “мөнгө байна уу? гэхэд “чи мөнгөөр яах гээд байгаа юм” гэхээр нь найзтайгаа нэг шил архи уух гээд “машинаа хураалгачихлаа 50.000 төгрөг өгчих” гэж худал мөнгө гуйсан боловч эхнэр мөнгө өгөөгүй. Тэгээд би ахиж эхнэр лүүгээ яриагүй. Орой **** эхнэр(****)-ийг Тахилтын 4 дүгээр буудлаас найзтай очиж аваад гэр лүү нь явах замд найзын эхнэр баярын өдөр гээд бид хоёрт нэг шил архи авч өгсөн. Бид хоёр найзын гэрт ирээд бууз жигнэж идээд архиа уух гэж байхад **** хажуугийн залуу **** автобусны буудал хүргээд өг гэхээр нь бид хоёр хүргэж өгөх гээд машиндаа суугаад гудам уруудаж явтал **** УНЯ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урд хааж зогсоод машинаас хадам ах **** бууж ирээд намайг машинаас татаж буулгаад “чи хаагуур дэмий тэнээд байгаа пизда вэ? гэхээр нь “хаагуур ч тэнээгүй” гэхэд шууд миний зүүн нүд рүү гараа нэг удаа, зүүн шанаа руу гараараа 1-2 удаа цохисон. Гэтэл манай найзууд “ахаа та болиоч ээ наадахаа аллаа шүү дээ” гэхэд “та нарт ямар хамаатай юм бэ” гээд дахин миний шанаа руу нэг удаа цохисон. Энэ үед Золзаяа намайг өмөөрч **** ахтай зууралдаж авсан. Би тэр хоёрыг салгах гэж дундуур нь орж салгаад найз Золзаяад “битгий цохиорой болохгүй” гэж хэлээд хэсэг тайвшраад байж байтал хадам “чи хаагуур тэнээд байгаа юм” гэхээр нь “хаагуур ч яваагүй гэрийнхээ ойролцоо байсан” гэж хэлсэн. Энэ үед ахын эхнэр **** “чи яагаад ахынхаа урдаас юм яриад байгаа” гээд миний цамцнаас зуураад авсан. Тэгэхээр нь би “ахтай хэрэлдсэн юм байхгүй” гээд “та миний цамц урах гээд байна тавь” гэхэд “би чиний наад цамцыг чинь аваад өгч чадна” гэж хэлсэн. Би “дахин цамц тавь би явлаа” гэхэд “чи хаашаа явах гээд байгаа юм” гэхээр нь “би хаашаа ч явсан яадгийн” гэхэд “чи гэртээ ор” гэхээр нь “гэртээ орохгүй” гэхэд шууд миний төмсөг хэсэгт **** хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд хэсэг төмсөг өвдөөд чинэрээд байсан. Би гэртээ ортол араас хадам ах эхнэрийн хамт, эхнэр ****, найз **** нар орж ирсэн. Эхнэрийн ах, дүү нар бүгд орж ирээд намайг загнаад би урдаас нь юу ч дуугараагүй. Гэтэл хадам ахын эхнэр **** ”чи хүүхэнтэй яваад байгаа юм уу?” гэхээр нь “юу ч” хэлээгүй. Тэгээд миний төрсөн ах ****г дуудаж ирүүлээд ах намайг загнасан. Гэтэл хадмууд охин дүүгээ авч явна гээд эхнэрийг аваад явсан. Гэрт ах бид хоёр үлдсэн. Удалгүй ах гэр лүүгээ явсан. Хэсэг хугацааны дараа миний төмсөг өвдөөд байхаар нь хүйтэн жин тавьж гэртээ хоносон. Маргааш орой нь ахын хамт хадмынд очиж эхнэр хүүхдээ аваад гэртээ ирсэн. Энэ үед миний төмсөг хөндүүрлээд өвдөөд байсан тул би дахин хүйтэн жин тавьсан. Хэд хоног гэртээ өвдөж хэвтсэн сүүлдээ тэсэхийн аргагүй өвдөөд 2024 оны 03-р сарын 23-ны өдөр эход харуулж үзүүлсэн. Тэгээд Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт 7 долоо хоног хэвтэн эмчлүүлсэн” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 11-13 дугаар хуудас),

- Гэрч Б.**** “...2024 оны 03-р сарын 18-ны өдөр **** бид хоёр дүүг буудал хүргэж өгөхөөр хашаанаас хөдлөөд гудамжны үзүүр дээр ирэхэд нэг машин урдуур орж ирээд зогссон. **** машинаа зогсоотол **** эхнэр **** эгчийн хамт бууж ирээд шууд хадам ах нь машинаас ****ийг чирч буулгаад “хаагуур юу хийгээд тэнээд байгаа юм” гэж загнаад нүүр хэсэгт 2-3 удаа цохиод цааш нь чирээд явахаар нь араас нь дүү бид хоёр очоод салгасан. Хэсэг хадам ахтай нь маргаж байгаад салсан. Дүү автобусны буудал руу явсан. Найз ****ийг хадам эгч, эхнэр нь гэр лүүгээ аваад явсан. Би гэртээ ороод байж байтал **** хадам эгч нь залгаад гэрт ороод ир гэхээр нь эхнэртэйгээ очсон...**** 5 хоногийн дараа над руу яриад хадам эгч миний төмсөг рүү өшиглөсөн. Би эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 30-32 дугаар хуудас),

- Гэрч Д.**** “...2024 оны 03-р сарын 18-ны өдрийн 20 цагийн үед гэртээ ирсэн. Эхнэр **** “хүргэн **** машинаа цагдаад хураалгаагүй байна. Би 11 машин ачдаг компани руу ярьж асуулаа **** машиныг ачаагүй, **** гэрийнхээ ойролцоо архи уугаад яваад байх шиг байна эхнэр **** над руу ярьж хэллээ” гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр машинтайгаа гарч Тахилт орж тэр хавийн гудамжаар хүргэн ****ийг хайсан боловч олдохгүй байхаар нь **** гэрийн гадна очиж дүү ****г дуудаж гаргаж ирээд машинд суулгаад хөдлөөд явсан. Гэтэл араас машины гэрэл дусаад арын гудамжнаас машин гарч ирэхээр нь  хартал хүргэн **** машин байсан. Би урдуур нь орж машиныг зогсоогоод очиж ****ийг машинаас нь татаж буулгаад “хаагуур тэнээд архи уугаад яваад байгаа пизда вэ? гэхэд **** “архи ууя” гэж хэлэхээр нь миний уур хүрээд зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон...хамт явж байсан хоёр залуу “миний найзыг цохидог хэн бэ чамайг ална” гээд цагаан цамцтай залуу миний гэдэс рүү жийхэд мөсөн дээр халтирч унаж босож ирээд... маргаж байтал **** дундуур орж салгасан. Хүргэн ****ийг эхнэр ****, дүү **** нар хөтлөөд гэр лүү нь явсан. Гэртээ ирээд ****ийг загнасан. Манай эхнэр ****ийг өшиглөж байхыг харанхуй байсан болохоор хараагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...“гэх мэдүүлэг (хавтас хэргийн 17-19 дүгээр хуудас),

- Гэрч ...... “...2024 оны 03-р сарын 16-ны өдөр ажил дээрээ байхад нөхөр **** залгаад “цэргийн баяр гээд ажлынхан амралтад явах гэж байна 100.000 төгрөг өгчих” гэхээр нь “за” гэж хэлээд ажил ихтэй байж байгаад явуулж чадаагүй, хэсэг хугацааны дараа залгаад “пизда минь наад 100.000 төгрөгтэйгөө зайл” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд гэртээ ирж хонолгүй 3 хоносон. 2024 оны 03-р сарын 18-ны өдөр нөхөр залгахаар нь “чи хаана байгаа юм” гэхэд “гэрийн ойролцоо найз Золоотой хамт байна. машинаа цагдаад хураалгачихлаа мөнгө шилжүүл” гэхээр нь явуулаагүй. Өглөө хамаатнууд цэргийн баяр гээд хоолонд орсон. Ах дүү нар **** хайчихсан юм гэхээр нь ажлынхантайгаа баяр тэмдэглээд явсан гэж хэлсэн. Орой 20 цагийн үед ах **** над руу “нөхөр чинь ирсэн юм уу” гэхэд “ирээгүй байна” гэхэд “чи гэрийнхээ гадаа гараад ир” гэсэн. Би гадаа гараад ахын машинд суухад эхнэр **** нь сууж байсан.  Тэгээд гудам уруудаад явж байхад **** машинтай хоёр найзын хамт явж байсан. Урдуур нь орж зогсоод машинаас ах гараад нөхрийг хоёр удаа нүүр рүү цохисон. Хамт явж байсан залуутай маргалдсан...бэр эгч **** бид хоёр ****ийг гэрт оруулах гээд тэлээнээс нь зуураад, бэр эгч цамцнаас зуурахад цамц тавь гэхэд бэр эгч наад цамцыг нь аваад өгөх чадалтай гэж хэлээд бид хоёр нөхрийг гэрт оруулсан. Хаагуур яваад байгаа юм гэж хэлээд нөхрийг загнаад байсан. Би эгчийн хамт гэрт нь очиж хоносон. Маргааш нь нөхрөөс асуухад **** эгч өшиглөсөн гэж хэлсэн...“гэх мэдүүлэг (хавтас хэргийн 21-23 дугаар хуудас),

- Гэрч Г.**** “...дүү ...... гэрт нь үлдээд юу болсон талаар асуухад 2 хоног найзтайгаа хамт яваад гэртээ ирээгүй юм тэгсэн **** ах ирээд намайг зодсон гэж хэлэхээр нь бие чинь зүгээр юм уу гэхэд нүд хөхөрсөн гайгүй гэж хэлэхээр нь ах нь гэрээ цоожлоогүй орхисон одоо явахгүй бол болохгүй гээд дүүгээ гэрт нь үлдээгээд явсан. 2024 оны 03-р сарын 19-ны өдрийн 08 цагийн үед дүүгийн гэрт ирээд биеийг нь асуутал миний төмсөг хавдсан, хөндүүрлээд байна гэхээр нь хэн өшиглөсөн бэ гэхэд өчигдөр орой **** ринчин ахын эхнэр **** өшиглөсөн гэж хэлсэн. Би тэр хүмүүсийг цагдаад өг гэж дүүдээ хэлтэл гайгүй байх хавдар нь буучих байх гээд тухайн үедээ цагдаад хандаагүй, сүүлдээ өвдөөд хэд хоногийн дараа эмнэлэгт хандсан” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 35-37 дугаар хуудас),

- Гэрч **** “...2024 оны 03-р сарын 19-ны өдөр **** ах ажил дээрээ ирэх байсан боловч ирээгүй, яасан юм бол гээд сураад явахад Баянгол дүүргийн эрүүл мэндийн 7-р төв эмнэлэгт хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад эхнэрийнх нь том ах эхнэртэйгээ ирээд гэртээ хоноогүй гээд машинаас чирч буулгаад **** ахыг зодсон гэсэн. Энэ үед эхнэрийнх нь том ахын эхнэр **** ахын төмсөг рүү нь өшиглөсөн гэж хэлсэн. Эмнэлэгт 10 гаран хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Ямар нэгэн суурь өвчин байхгүй, урьд төмсгөө гэмтээж байгаагүй гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 03-р сарын 27-ны өдөр **** ахын өмнөөс цагдаад өргөдөл гаргасан гэх мэдүүлэг (хавтас хэргийн 72 дугаар хуудас),

- Гэрч Г.**** “...**** өмнө нь төмсгөө гэмтээж байсан асуудал байхгүй, энэ маргаан гаргасны дараа ахын төмсөг өвдөж Улсын 3-р эмнэлэгт үзүүлсэн. Манай ах хэлэхдээ эхнэрийнхээ ах дүү нартай маргалдахад **** гэдэг эмэгтэй өшиглөсөн. Орой нь шээх гэтэл хөндүүрлээд алхаж чадахгүй байсан гэж хэлсэн. Тэгээд маргааш нь эхнэрийнхээ эгч Чанаа дээр очоод **** намайг өшиглөсөн гээд төмсгөө үзүүлэхэд хүйтэн жин тавиад эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд төмсөг нь гэмтсэн байсан гэх мэдүүлэг (хавтас хэргийн 74-75 дугаар хуудас),

- П.Н.Шастины нэрэмжит Улсын 3 дугаар төв эмнэлгийн 2024 оны 03-р сарын 25-ны өдөр, 2024 оны 04-р сарын 17-ны өдрийн хэт авайн оношилгоо, клиник лабораторийн шинжилгээний хариу, эмчийн үзлэгийн хуулбар баримт (хавтас хэргийн 85-89 дүгээр хуудас),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4332 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “**** биед баруун нүдний салстад цус харвалт, баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтас хэргийн 46-47 дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 540 дугаартай хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээгээр “**** биед тогтоогдсон гэмтэл тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүдний салстын цус харвалт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт(хавтас хэргийн 58-60 дугаар хуудас),

- Шинжээч эмч **** “...**** биед баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эмнэлгийн бичиг баримт, өвчний түүх, бодит үзлэг зэргээс дүгнэхэд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байсан. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүснэ. Уг гэмтэл нь цохих, өшиглөх үед үүсэж болно. Төмсгийн зөөлөн эдийн няцрал нь өвчин биш гэмтэл юм” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 69-70 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч ...... нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн хохирогч **** эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул шүүгдэгч ......ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ......оос “...Г.****ийг өшиглөөгүй”, өмгөөлөгч **** “...мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэг үйлдсэнийг хөтөлбөргүй тогтоож чадаагүй тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байдаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч **** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...ахын эхнэр **** “чи яагаад ахынхаа урдаас юм яриад байгаа” гээд миний цамцнаас зуураад авсан. Тэгэхээр нь би “та миний цамц урах гээд байна тавь” гэхэд “чиний наад цамцыг чинь аваад өгч чадна” гэж хэлсэн. Би “дахин цамц тавь би явлаа” гэхэд “чи хаашаа явах гээд байгаа юм” гэхээр нь “хаашаа ч явсан яадгийн” гэхэд “чи гэртээ ор” гэхээр нь “гэртээ орохгүй” гэхэд шууд миний төмсөг хэсэгт **** хөлөөрөө нэг удаа өшиглөсөн…төмсөг өвдөөд чинэрээд байхаар нь хүйтэн жин тавьж гэртээ хоносон…хэд хоног гэртээ өвдөж хэвтсэн сүүлдээ тэсэхийн аргагүй өвдөөд 2024 оны 03-р сарын 23-ны өдөр эход харуулж үзүүлсэн…” гэх мэдүүлэг (хх11-13),

- П.Н.Шастины нэрэмжит Улсын 3 дугаар төв эмнэлгийн хэт авайн оношилгоо, клиник лабораторийн шинжилгээний хариу, эмчийн үзлэгийн хуулбар баримт (хх85-89),

- гэрч ...... “...Маргааш нь нөхрөөс асуухад **** эгч өшиглөсөн гэж хэлсэн...“гэх мэдүүлэг (хх 21-23), гэрч Г.**** “...2024 оны 03-р сарын 19-ны өдрийн 08 цагийн үед дүүгийн гэрт ирээд биеийг нь асуутал миний төмсөг хавдсан, хөндүүрлээд байна гэхээр нь хэн өшиглөсөн бэ гэхэд өчигдөр орой **** ахын эхнэр **** өшиглөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хх35-37), гэрч **** “...**** эхнэрийнх нь том ахын эхнэр **** төмсөг рүү нь өшиглөсөн гэж хэлсэн гэх мэдүүлэг (хх-72), гэрч Г.**** “...эхнэрийнхээ ах дүү нартай маргалдахад **** гэдэг эмэгтэй өшиглөсөн. Орой нь шээх гэтэл хөндүүрлээд алхаж чадахгүй байсан гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд төмсөг нь гэмтсэн байсан гэх мэдүүлэг (хх74-75),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4332 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “****...баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь...хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хх46-47),

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 540 дугаартай хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээгээр “**** биед тогтоогдсон гэмтэл тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт(хх58-60),

- Шинжээч эмч **** “...**** баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эмнэлгийн бичиг баримт, өвчний түүх, бодит үзлэг зэргээс дүгнэхэд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байсан. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүснэ. Уг гэмтэл нь цохих, өшиглөх үед үүсэж болно. Төмсгийн зөөлөн эдийн няцрал нь өвчин биш гэмтэл юм” гэх мэдүүлэг (хх69-70) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч болон өмгөөлөгчийн дүгнэлт үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Нөгөөтээгүүр шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж дангаараа хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтаар дэмжигдээгүй,  шүүгдэгч ......ыг гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэх боломжгүй, бусад дамжмал бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь үгүйсгэж дүгнэх хэмжээний итгэл үнэмшил төрүүлэхүйц үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүх дээрх үйл баримтыг тогтоохдоо шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудын хоорондын харилцан уялдаа холбоо болон хэрэгт хамааралтай эсэхийг нягтлан дүгнэлт хийсэн болохыг тэмдэглэв.

1.4 Хохирол, хор уршиг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч **** биед хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “...гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Эмчилгээний зардлаа төлүүлнэ” гэх мэдүүлэг(хх-13)-ийг өгсөн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийн шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, хүснэгт”-ыг тодорхойлсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлтээр “хохирогч **** эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэснээс үзэхэд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэл тохирсон, нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн “Хоёрдугаар” зэрэглэлд хамаарч “нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заажээ.

Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээр дурдсан зэрэглэл, хүснэгт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, мөрдөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг хохирогчид танилцуулсан, хохирогчийн хүсэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ[1] 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч ......оос гаргуулан хохирогч Г.****ид олгож, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг шүүх хязгаарлалгүй, нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт “эрүүл мэндийг даатгалын сангаас хохирогч Г.****ид тусламж, үйлчилгээ авсан зардлыг иргэний журмаар жич нэхэмжилнэ” гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Өмгөөлөгч Б.Борхүүгээс “...Хөвсгөл аймагт ажлаар явж байгаа, хохирогч Г.**** ажил явдлаар хөдөө орон нутагт байгаа тул шүүх хуралд оролцох боломжгүй байна. Шүүх  хуралдааныг 07 хоногоор хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна”-аар зохицуулсан ба шүүхээс хохирогч Г.****ид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, прокуророос шүүх хуралдаанд оролцуулах тухай саналгүй байсан, мөн хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй ямар шалтгаантай, хойшлуулах үндэслэлээ нотолж буй баримтыг шүүхэд ирүүлээгүй, албан ёсны бус, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......т 03 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”,

Өмгөөлөгчөөс “...01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(хавтас хэргийн 64 дүгээр хуудас)-аас үзэхэд шүүгдэгч ...... нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (тухайн үед үүссэн маргаанаас үүдэн бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй, хохирогчоос баримтаар нэхэмжилсэн зүйлгүй), шүүгдэгчийн хувийн байдал(1987 онд төрсөн, 37 настай, нөхөр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 38-538А тоотод оршин суудаг) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......т эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар буюу Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гадагш зорчин явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 02 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хэрвээ уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох, гэмт этгээдийн чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд Шүүхээс гэм буруутайд тооцогдсон этгээдэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчмуудыг удирдлага болгон мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ шийдвэрлэдэг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэх эрх юм.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэж буй төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг төдийгүй дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар шударга ёсны зарчим хангагддаг учраас эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан болно.

Эрүүгийн 2408013150960 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч ...... нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ......ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......т эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар буюу Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гадагш зорчин явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хоёр сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...... нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ......оос хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.****ид олгосугай.

5. Эрүүгийн 2408013150960 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ...... нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хохирогч Г.**** нь эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ......т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР

 

[1] Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10-р сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660.000 төгрөгөөр тогтоосон