Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/986

 

 

 

 

 

 

    2024           09           06                                        2024/ШЦТ/986

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,

улсын яллагч О.Эрхэмбаяр (томилолт),

шүүгдэгч  ****,

хохирогчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

**** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ****ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2408006640419 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** (регистрийн дугаар ****), **** оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, **** харьяа аялал жуулчлалын хорооны **** дүүргийн ахлах ажилтан, “****” зочид буудалд ээлжийн менежер ажилтай, эхийн хамт **** дүүргийн **** түр оршин суудаг гэх(**** аймгийн **** сум, 1 дүгээр баг, **** 3 дугаар гудамж **** тоотод байнга оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.   

 

Хэргийн товч агуулга: **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд **** дүүргийн 19 дүгээр хороо, **** байрны гадна иргэн **** үл ялих зүйлээр шалтаглан маргалдан, улмаар зодож олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

1.1 Шүүх хуралдаанд шүүгдэгч **** “Тухайн өдөр согтолтын зэрэг их биш байсан учраас юу болсныг сайн санаж байна. Хяналтын камерын бичлэгт харагдаж байгаа. Манай нэг найз маргалдаад би дундуур нь эхлээд салгах зорилготой байсан. Хохирогч намайг хавирч унагаах гээд тухайн үед уур бухимдал төрөөд маргаан эхэлсэн. Бусад зүйлийн талаар улсын яллагч яллах дүгнэлтдээ уншчихлаа, өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 557 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан нотлох баримт (1-р хавтас хэргийн 3-4, 7-13, 20-22, 25-26, 29-30, 37-38, 53-55, 190-193, дугаар хуудас),

- Шүүгдэгчээс “хавтас хэргээс шинжлэн судлуулах баримт байхгүй, хохирлын 1 сая төгрөгийг шилжүүлсэн баримтыг шинжлэн судлуулахаар гаргаж өгөв”,

- хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирогч ****гийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч ****, Э.****, А.**** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирлын баримтууд, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт, прокурорын зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол (1-р хавтас хэргийн 20-21, 34-38, 42, 48-55 дугаар хуудас, 2-р хавтас хэргийн 10-13, 21 дүгээр хуудас),

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд **** дүүргийн 19 дүгээр хороо, **** байрны гадна талд хохирогч **** маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт өвдөглөх, өшиглөх, хувцаснаас нь татаж газарт унагаах, цээж хэсэгт өвдөглөх, өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь зүүн хоёр дугаар хавирганы урд үзүүр хэсгийн зөрүүгүй далд хугарал, тархи доргилт, дух, баруун хөмсөг, дээд зовхинд няцарсан шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун доод зовхи, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий олон тооны гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ****гийн өгсөн “...2024 оны 11-р сарын 17-ны өдрийн 22 цагийн үед ****, **** нарын хамт **** дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **** нийтийн караокед орж нэг шил 0,75 литрийн Х нэртэй архи авч талыг нь уусан. Бид нар гадаа гарч **** зочид буудлын үүдэнд тамхи татаад зогсож байхад хажуу байрны орцноос 25 орчим насны 4 залуу гарч ирсэн. Найз ****тай юм яриад зогсож байсан. Тэгсэн цаанаас **** ах согтчихоод орилоод 4 залуу дээр хүрээд ирсэн. Цагаан цамцтай урт тайрмал үстэй залуу хувцсаа тайлаад **** ахыг хөлөөрөө хавиараад газар унагаасан. **** бид хоёр салгатал **** руу савхин куртиктэй залуу дайрсан...бор өнгийн нэхийтэй залуу намайг цохих гэхээр нь хувцаснаас нь баруун гараараа барьж газар хавирч унагаах гэсэн боловч газар унаагүй. Тэр залуу өмсөж явсан куртикнээс татаж доошоо дарж нүүр рүү өвдгөөрөө 4 удаа өвдөглөсөн. Би хариу үйлдэл үзүүлээгүй хамраас цус гоожоод байсан. Тэгтэл тэр залуу дахиж куртикнээс хоёр гараараа татаж байрны хогийн бункерийн дунд аваачиж газар унагаасан. Тэгээд нүүр рүү хөлөөрөө өшиглөөд байх шиг байсан. Тухайн үед нүүр рүү олон удаа цохиулсан тул хэдэн удаа өшиглөсөн талаар санахгүй байна...эхнэр **** руу залгаад 21-р хороололд хүнд зодуулчихлаа ирээд ав гэж хэлсэн. Тэр залуу цаашаа орилоод яваад өгөхөөр нь би араас нь очоод барьж аваад хөлөөрөө хавираад газар унагахад бид хоёр хамт унасан. Бор өнгийн нэхийтэй залуу нүүр рүү цохиод цаашаа зугтаад явсан. Энэ гэмтлийг бор өнгийн нэхийтэй залуу нүүр рүү хөлөөрөө өшиглөх, өвдгөөрөө хамар руу өвдөглөж учруулсан. 7 хоногийн дараа Орбита нүдний эмнэлэгт нүдний ухархайн мэс засалд орно. EMJJ эмнэлэгт хамрын хугаралтыг тэгшлэх хагалгаанд орно. Хагалгаанд орох хохирлоо нөхөн төлүүлнэ...**** миний цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж, тонгойгоод зогсож байх үед зүүн шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. **** бид хоёр барьцалдаж байгаад хоёр машины завсраар унасан тухайн үед миний баруун хөмсөгний дээд хэсэг сэтэрсэн байсан...миний биед учирсан хавирганы урд үзүүр хэсгийн зөрүүтэй далд хугарал болон тархи доргилт, дух баруун хөмсөг дээд зовхинд няцарсан шарх гэмтлүүдийг **** учруулсан гэж бодож байна. сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 3.800.000 төгрөг гарсан. 4.000.000 төгрөгөөр хамрын хагалгаанд орохоор болсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 20-22, 2-р хавтас хэргийн 10-11 дүгээр хуудас),

- **** дүүргийн 19 дүгээр хорооны **** байрны СӨХолбооны гадна талбайг харуулсан камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтас хэргийн 7-11  дүгээр хуудас), “Нөмрөг” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талыг харуулсан камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 12-13 дугаар хуудас),

              - Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1792 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “****гийн биед зүүн хоёр дугаар хавирганы урд үзүүр хэсгийн зөрүүгүй далд хугарал, тархи доргилт, дух, баруун хөмсөг, дээд зовхинд няцарсан шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун доод зовхи, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 53-55 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Д.**** ”...согтуудаа **** хүнтэй маргалдаж байна гэж ойлгоод бацаанууд яагаад байгаа юм гэж орилоод цаана зогсож байсан гурван залуу руу очсон...тухайн үед салхинд цохиулаад тасарсан байсан. Босож чадахгүй босохоороо газар унаад байсан. Тэгээд би хэсэг хугацаанд газар сууж байгаад босоод караокены зүгт алхаад явж байтал араас нэг залуу ирээд хөлөөрөө хавираад газар унагаасан ямар хувцастай хэн унагаасан талаар мэдэхгүй байна. Намайг цохисон хүмүүсийг дүр төрхөөр нь хэлж мэдэхгүй байна. Тэгсэн нэг мэдэхэд цагдаа нар ирсэн юу болсон талаар асууж намайг гэртээ ганцаараа харьж чадах уу гэж асуусан тэгэхээр нь ганцаараа харьж чадна гэж хэлээд үлдсэн. Миний бие зүгээр байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 29-30 дугаар хуудас),

- гэрч Т.**** “...тухайн өдөр хүнтэй зодолдсон асуудал байхгүй, **** намайг бодуул согтолтын хэмжээ бага байсан тул  өөрөө ямар хүнд зодуулсан талаар мэдэж байгаа, зодсон хүмүүсийг салгах гээд ганцаараа дийлээгүй юм. Миний биед гэмтэл бэртэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 25-26 дугаар хуудас),

- гэрч ****ын “...миний мэдэж байгаагаар гомдол гаргасан залуутай **** маргаад хоорондоо нэлээн удаа зодолдсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 34 дүгээр тал),

- гэрч Э.**** ”...2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед фейсбүүк чатаар **** ахтай ярихад “**** дүүргийн 19 дүгээр хороо, **** байрны 82 тоотод ****тай архи ууж байна” гэж хэлсэн. Би замдаа хүнсний дэлгүүрээс нэг ширхэг 2.5 литрийн Сэнгүр пиво авч очсон. **** ах, **** нартай архи ууж байхад 22 цагийн үед **** ганцаараа ирсэн. Тэгээд бид нар архи, пивоо ууж дуусчхаад **** дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **** баар орох зорилготой гэрээс гарсан. Бид нар орцны үүдээр гарахад үүдэнд 3-4 залуу зогсож байсан. Тэгээд бид хэдээс тамхи байна уу гэж асуухаар нь хамт явж байсан хэдийн нэг нь тамхи гаргаж өгсөн яг хэн гаргаж өгснийг санахгүй байна. Тэгээд цаашаа явж байхад араас нэг нь дуудахаар бид хэд бөөндөө яваад очтол ноосон цамцтай залуу “би махийн атаман байна намайг таньж байна уу?” гэж хэлэхээр бид нар “танихгүй” гэж хэлсэн. Тэгтэл арай хөгшин настай ах нь цаанаас хүрч ирээд **** ахын нүүр рүү гараараа цохиод авсан. Тэгээд харилцан зодоон үүссэн. Би тухайн үед согтолтын хэмжээ бага байсан. Миний мэдэж байгаагаар **** ах хар малгайтай куртиктэй залуутай зодолдож байхаар нь очиж салгаад цаашаа бөөндөө зугтаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 37-38 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болон “Онц харгис хэрцгий” гэдэгт хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд хууль бусаар халдахдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон зэрэг шинжийг хамруулан үздэг хууль хэрэглээний тогтсон ойлголт билээ.

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1792 дугаартай дүгнэлтэд тусгагдсанаар “****гийн биед зүүн хоёр дугаар хавирганы урд үзүүр хэсгийн зөрүүгүй далд хугарал, тархи доргилт, дух, баруун хөмсөг, дээд зовхинд няцарсан шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун доод зовхи, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”, хохирогчийн мэдүүлэг зэргээс үзэхэд онц харгис хэрцгийгээр үйлдсэн шинжийг хангаж байх бөгөөд шүүгдэгч **** нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд халдан хөнгөн зэргийн хохирол учруулахдаа олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр үйлдсэн үйлдэлд гэм буруутайд тооцуулахаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч **** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзан эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг Шүүх хүлээн авсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр “гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, хийсэн үйлдэлдээ гэмшиж, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй” оролцсон болохыг тэмдэглэв. 

            Хохирогчийн өмгөөлөгчөөс “...шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий гэмтлийн зэргийг бүрэн тогтоогоогүй, зарим яллагдагч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, ****д яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-т зааснаар 60 хоногоор хойшлуулж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг дараах үндэслэлээр Шүүх хүлээн аваагүй болно.

            Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчид хэн гэмтэл учруулсан талаарх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, яллагдагчаар татагдвал зохих этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн, хийгдвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлт болон прокурорын тогтоолыг оролцогчдод танилцуулахад хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааны явцад шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүйн тул шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээ(анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа) хязгаарын дотор явагдан, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд Шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч ****д холбогдох хэргийг шийдвэрлэсэн.

1.4 Хохирол, хор уршиг

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрх,...эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримт(1хх48-52)-аар нийт 4.423.000 төгрөг, “...7.800.000 төгрөг”-ийг нэхэмжилсэн, эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл(1хх244)-ээр 273.000 төгрөг зарцуулсан талаарх баримт хавтас хэрэгт авагджээ.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай бөгөөд хохирогчийн зүгээс гаргаж өгсөн 2024 оны 01-р сарын 19-ний өдөр “Med Trauma“ эмнэлэгт цээж болон толгойн дүрс оношилгоо хийлгэсэн 310.000 төгрөг, уг оношилгоог сидинд буулгахад 5000 төгрөг, “Орбита” эмнэлгийн ухархайн мэс заслын төлбөр/3.500.000 төгрөг/, унтуулга/300.000 төгрөг/, 1-3 хоног хэвтэх/1 хоногийн 100.000 төгрөг/ талаарх албан бичиг, үзлэгийн хуудас, “EMJJ” эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл, Шүүх эмнэлгийн шинжилгээний төлбөр/8000 төгрөг/-т тушаасан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үнэлэн уг гэмт хэргийн хохиролд тооцож, шүүгдэгчээс 1.000.000 төгрөгийг шилжүүлснийг хасаж тооцон, үлдэх 3.423.000 төгрөгийг шүүгдэгч ****ээс гаргуулан хохирогч ****д, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 273.000 төгрөгийг олгож шийдвэрлэв.

 Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын ****-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах(Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийн шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, хүснэгт”-ыг тодорхойлсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлтээр “хохирогч ****гийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэснээс үзэхэд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэл тохирсон, нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн “Хоёрдугаар” зэрэглэлд хамаарч “нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заажээ.

Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээр дурдсан зэрэглэл, хүснэгт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, мөрдөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг хохирогчид танилцуулсан, хохирогчийн хүсэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ[1] 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч ****ээс мөн гаргуулан хохирогч ****д олгож шийдвэрлэв.

Шүүгдэгчээс “хохирол төлөх завсарлага авах хүсэлт”-ийг гаргаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, **** сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал...”

Шүүгдэгчээс “...торгох ялыг төлж барагдуулна. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлгүй талаарх улсын яллагчийн дүгнэлттэй санал нийлж байна” гэсэн дүгнэлтийг танилцуулсан,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...хохирогчийн зүй бус байдлаас болж гэмт хэрэг үйлдэгдээгүй, улсын яллагчаас торгох ялын доод хэмжээгээр оногдуулах санал нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахгүй тул өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хохирогчийн зүгээс гомдолтой байгаа...” гэсэн саналыг гаргав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(1хх90)-аас үзэхэд шүүгдэгч **** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлэлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан гэх нөхцөл байдал нотлогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай таарамжгүй харилцаа үүсгэн онц хэрцгийгээр хүний биед халдаж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй), шүүгдэгчийн хувийн байдал(**** онд төрсөн, 26 настай, **** харьяа аялал жуулчлалын хорооны **** дүүргийн ахлах, “****” зочид буудалд ээлжийн менежер ажилтай, эхийн хамт **** дүүргийн **** түр оршин суудаг, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлөх төлбөргүй, тодорхой орлого олдог талаарх дансны хуулга хэрэгт авагдсан, гэм буруугийн асуудлаар хүлээн зөвшөөрч оролцсон, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломжид үнэлэлт өгч торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрвээ тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин **** болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахыг зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар шударга ёсны зарчим хангагддаг учраас эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц торгох ялыг оногдуулсан тул улсын яллагчийн дүгнэлтээс “торгох ялыг хэмжээ”-г, хохирогчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй болно. 

Эрүүгийн 2408006640419 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан гурван ширхэг сидийг хэрэг хавсарган үлдээж, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээрүйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ****д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин **** болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.  

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ****ээс эмчилгээний зардалд 3.423.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3.300.000  төгрөгийг гаргуулж хохирогч ****д, 273.000 төгрөгийг гаруулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгосугай.

 

5. Эрүүгийн 2408006640419 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурван ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин **** болтол шүүгдэгч ****д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР

 

[1] Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10-р сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660.000 төгрөгөөр тогтоосон