| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0961/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/989 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/989
2024 09 09 2024/ШЦТ/989
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч ****, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
**** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 240800000****57 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** (регистрийн дугаар: ****), **** оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хамтран амьдрагч, хүүхдийн хамтаар **** дүүргийн 1 дүгээр хороо, **** 11 дүгээр гудамж 14 тоотод түр оршин суудаг гэх (**** дүүргийн **** дугаар хороо, **** 14 дүгээр гудамжны **** тоотод байнга оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.
Хэргийн товч агуулга: **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр **** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” баарны ширээн дээрээс иргэн Ц.**** эзэмшлийн “****-12r” загварын гар утсыг хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
1.1 Шүүх хуралдаанд шүүгдэгч **** “Тухайн шөнө 12 цагийн үед хохирогчтой таарч хоёулаа танилцъя, ах нь уух юм авч өгье гэсэн. Тэгээд цуг суугаад шар айраг, сөжү уусан. Баарнаас гарахдаа хохирогчийг орхиж гараагүй хамт гарч хоёр тийш салж явсан. Үүрээр 7 цагийн үед гэртээ орсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 806 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09-р сарын 09-ний өдрийн ялын тооцооны баримт гаргаж өгөв (хавтас хэргийн 7, 9-12, 16-18 дугаар хуудас)”,
- Өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон түүний хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг гаргаж өгөв(хавтас хэргийн 34-35 дугаар хуудас)” гэцгээв.
Шүүгдэгч **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр **** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” бааранд хохирогч Ц.**** эзэмшлийн “**** 12r” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.**** өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед ажлын ах **** гэрийн ойролцоо 0.33 литрийн Хараа архи хоёр шилийг уучхаад **** ахаас салаад явсан. Шөнийн 01 цагийн үед **** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” нэртэй баарны гадаа очиход үл таних 25-**** орчим настай залуутай тааралдаад танилцан, тухайн бааранд орж Heineken пивоноос тус бүр 4 шил, сөжү 2 ширхгийг авч уусан. Нэг харсан чинь нөгөө залуу алга болчихсон. Миний гар утас алга болчихсон байсан. Хулгайд алдсан “**** 12r” утас 550.000 төгрөгийн үнэтэй, хар өнгөтэй, сэв зураасгүй байсан. Миний сэтгэцэд бол ямар нэгэн хор уршиг учраагүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 7 дугаар хуудас),
- **** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 9-12 дугаар хуудас),
- “Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХКомпанийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Ц-0573 дугаартай “****-12r загварын гар утас 1 ширхэг 500.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтас хэргийн 16-18 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч **** нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандан, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж үүний улмаас хохирогч Ц.****ад 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан тул шүүгдэгч ****г хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс “...хэргийн зүйлчлэл, гэм буруутай үйлдэл дээр маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцсон болохыг тэмдэглэв.
1.4 Хохирол, хор уршиг.
Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул эрх бүхий байгууллагын хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон хүрээнд шүүгдэгч ****гаас 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.****ад олгож шийдвэрлэв.
Шүүгдэгчээс “хохирол төлөх завсарлага авах” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй буюу шүүгдэгч ****гийн хувийн байдлыг тогтоосон баримтуудаар тодорхой ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог талаарх баримт авагдаагүй, гэмт хэрэг үйлдсэнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд бусдад учруулсан хохирлыг төлөх талаар санаачилга гаргаагүй, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирол барагдуулах боломж, нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулсан.
Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан санал гаргаагүй, шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д 06 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 178 цагийн ажлыг 08 цагаар тооцож 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 06 сар 22 хоногийн хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...”,
- Өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгааг харгалзан хорихоос өөр төрлийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү“ гэсэн дүгнэлтийг танилцуулав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар, холбогдох баримт(хавтас хэргийн 36-62 дугаар хуудас)-ууд зэргээс үзэхэд шүүгдэгч **** нь урьд **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны **** дугаар сарын 30-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж, өмнөх хорих ялаас үлдсэн 07 сар 08 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 03 жил 07 сар 08 хоногоор тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан суллагдсан,
- **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 178 цагийн үйлдэгдэлтэй байна.
Шүүгдэгч ****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахай сэдэлтээр амар хялбар аргаар бусдын эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (бага хэмжээнээс дээш хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй), шүүгдэгчийн хувийн байдал (**** онд төрсөн, **** настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээн ялаа эдэлж байхдаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн)-ыг харгалзан үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч **** нь **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 178 цагийн ялын 08 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 22 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн[1] биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 06 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй буюу шүүгдэгч ****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрх төдийгүй, тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц хорих ялыг оногдуулсан.
Тодруулбал, зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд шүүгдэгч **** нь байнга оршин суух хаягтаа оршин суудаггүй, урьд нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэргээс үзэхэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, ухамсарлуулах эрүүгийн хариуцлагын зорилго алдагдах, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн 240800000****57 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.**** дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч ****д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан сарын хорих ял дээр **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн нэг зуун далан найман цагийн ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорин хоёр хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг зургаан сар, хорин хоёр хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5**** дугаар зүйлийн 5****.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ****гаас таван зуун мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ц.****ад олгосугай.
6. Эрүүгийн 240800000****57 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ****д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР
[1] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”