Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/987

 

 

 

 

 

 

 

     

      2024            09            09                                               2024/ШЦТ/987

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч ****,

хохирогч Д.**** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

**** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ****ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2408016710935 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** (регистрийн дугаар:****), **** оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажил эрхэлдэг, эхнэр, хүүхдийн хамтаар **** дүүргийн 43 дугаар хороо, **** **** тоотод оршин суудаг гэх(**** дүүргийн 43 дугаар хороо, **** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй), урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.

 

Хэргийн товч агуулга: **** нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр **** дүүргийн 43 дугаар хороо, **** **** тоот хашаанд нэвтрэн орж Д.****ын "****" үүлдрийн нохойг хулгайлан 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

    1. Шүүх хуралдаанд шүүгдэгч  **** “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 844 дугаар яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт (хавтас хэргийн 3-4, 9, 24-28, 41-44, 52-54, 56-66, 86-87, 93-94, 98, 123-124 дүгээр хуудас),

- Шүүгдэгч, хохирогч нар “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч **** нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр **** дүүргийн 43 дугаар хороо, **** **** тоот хашааг давж орон хохирогч Д.****ын эзэмшлийн "****" үүлдрийн нохойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр/хашаа/-нд нэвтэрч үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.****ын “...2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цаг 29 минутад **** дүүргийн 43 дугаар хорооны **** **** тоотод оршин суудаг хадам ээжийндээ харуулах гээд үлдээсэн байсан өөрийн эзэмшлийн Баруун сибирийн **** үүлдрийн нохойгоо эргэх гээд очтол миний нохой байхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Хашаанд байдаг байшингийн гадна талд гадаа гинжээр уяатай байдаг, шөнөдөө амбаар дотор хийдэг байсан. Анх Орос улсын Сибириэс авахдаа 8 сая хавьцаа үнээр авч байсан, анч нохой болохоор тэмцээн уралдаанд орж байсан шагналууд нь байгаа. Нохой маань бие нь өвдөөд өвчин туссан байсан учир хүн бол тоож авахааргүй царай муутай амьтан байгаа юм..., иргэн **** нохойгоо хүлээн авсан. Гэхдээ миний нохойн хоёр нүд сохорсон байсан. Би эмнэлгийн байгууллага болон нохой мэддэг хүмүүсээс асуутал одоо нэмэргүй болсон байна хараа орохгүй гэж ярьж байна. Миний нохой бусдаас өөр чадвартай, удамтай 8 сая төгрөгөөр үнэлж байна. Гарал үүсэл тодорхой 16 үеийн намтартай 1 наснаас дээш настай ан хийж үзсэн нохойг нэхэмжилж авах хүсэлтэй байна... шүүх эмнэлэгт үзүүлж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, сэтгэцэд учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 9, 87-88 дугаар хуудас),

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.****ын “...Тухайн өдөр нохойгоо алдсан. Нохойг олж өгсөн хүнд 4 сая төгрөг өгнө гээд зар тавьсан. Тэгээд нохойгоо **** аймгийн **** сумаас олсон. Цагдаа нар олсон гээд буруу бичсэн байна лээ. Би өөрөө олоод авчраад бүх зардлаа гаргасан. Гэтэл нохой маань сохор болсон байсан. Энэ нохой бол ангийн өндөр удамтай 3 дугаар зэрэгтэй 16 удам нь тэр чигээрээ 1 дүгээр удамтай. Оросын Холбооны улсаас нийт 8 сая төгрөгөөр авчирсан. Одоо нохой ан хийх боломжгүй. Миний хувьд хохироод байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс),

- Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Л.**** “...2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “фейсбүүк анч **** нохойн групп” дээр “бор **** зарна” гэсэн зар байхаар нь утасны дугаараар залгаад холбогдоход **** гэх нэртэй залуу байсан. Үнэ өртгөө ярихад “500.000 төгрөгөөр зарна” гэхээр нь “жоохон хасах уу” гэхэд “тэгвэл 400.000 төгрөгөөр ав” гэхээр нь “би одоо хөдөө гэртээ байна, одоохон сум ороод мөнгийг чинь шилжүүлье чи нохойгоо манай ахад аваачиж өг” гээд ахынхаа утасны дугаарыг **** гэх залууд өгсөн. Би ****т 50.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлээд орой нь ахын хашаанд уячихлаа гэхээр нь чатаар видео калл хийж хараад үлдэгдэл 350.000 төгрөгийг шилжүүлсэн...миний дансанд 400.000 төгрөгийг ****аас нохой гэх утгатай шилжүүлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 24-25, 93-94 дүгээр хуудас),

- 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “****” үүлдрийн нохойг хүлээн авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл(хавтас хэргийн 26-27 дугаар хуудас),

            - Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Мэдүүлгийн газар дээр нь  шалгасан” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 41-44  дүгээр хуудас),

- “Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХКомпанийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Ц-0505 дугаартай “Оросын Холбооны Улсын Баруун сибир үүлдрийн **** анч нохой 2.000.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан (хавтас хэргийн 52-54 дүгээр хуудас),

- Алдагдсан нохойны бичиг баримтууд(хавтас хэргийн 56-66 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилж өгсөн байдаг.

Хүний орон байрны халдашгүй байдал буюу хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь гэмт этгээдийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай бөгөөд уг гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр/хашаа/-нд хууль бусаар нэвтэрч “****” үүлдрийн нохойг авч буй шүүгдэгч ****ын  үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж, хохирогч Д.****д 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр/хашаа/-нд нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгч ****ыг тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч **** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг гаргасан, шүүх хуралдаанд тэрээр “гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч оролцсон” болохыг тэмдэглэв.

1.4 Хохирол, хор уршиг.

Эрх бүхий байгууллагын үнэлгээний тайланд тусгагдсанаар хохирогч Д.****д 2.000.000 төгрөгийн хохирол учирсан ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...нохой ан хийх боломжгүй сохор болсон. Үүлдрийн нохойг нэхэмжилж байна” гэх мэдүүлгийг өгсөн боловч 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөгчийн тэмдэглэл(хавтас хэргийн 27 дугаар тал)-үйлдэж хулгайд алдагдсан “****” үүлдрийн нохойг хохирогчид хүлээлгэн өгсөн байна.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай бөгөөд хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч ****ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ****т 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”,

- Шүүгдэгчээс “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг хийхгүй, боломж олгож торгох арга хэмжээ авч өгнө үү. Хохирлыг барагдуулна” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар, холбогдох баримт(хавтас хэргийн  98-112 дугаар хуудас) зэргээс үзэхэд шүүгдэгч ****  нь урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлснийг Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

- **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 752 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.125.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч **** үүлдрийн нохойг хулгайлсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, биет байдлаар мөрдөгч хохирогчид хүлээлгэн өгсөн), шүүгдэгчийн хувийн байдал(**** онд төрсөн, 20 настай, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****т 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн хувийн байдалд үнэлэлт өгч нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байх тул торгох ял оногдуулах хууль зүйн боломжгүйгээс гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго(ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой)-ыг хангасан, тухайлан оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангасан гэж дүгнэсэн тул шүүгдэгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Эрүүгийн 2408016710935 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****т хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн 2408016710935 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдаж, хохирогч Д.**** нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****т “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР