Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2025/00029

 

“ХААК” ТӨХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 145/ШШ2024/00494 дүгээр шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 204/МА2024/00032 дугаар магадлалтай,

“ХААК” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй

ӨАЗДТГ-т холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 945,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, хариуцагчийн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч “ХААК” ТӨХХК хариуцагч ӨАЗДТГ-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 945,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

2.Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 145/ШШ2024/00494 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө  аймгийн Засаг даргын Тамгын газраас 630,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХААК” ТӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 315,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй  болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 204/МА2024/00032 дугаар магадлалаар: Ө  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 145/ШШ2024/00494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг баримтлан “ХААК” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй ӨАЗДТГ-т холбогдох нийт 945,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан Ө  аймгийн Засаг даргын Тамгын газрын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,307,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 175.2.1, 172.2.4-т заасны дагуу хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг давж заалдах шатны шүүх гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, татгалзал түүний үндэслэлийг тодорхойлох, хариуцагч этгээдийг чөлөөтэй сонгох эрх нь нэхэмжлэгчийн суурь эрх юм. Энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд зөвхөн нэхэмжлэгчид олгосон эрх бөгөөд давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг захиргааны гэрээ гэж дүгнэж, шүүхийн харьяалал зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь; “ХААК” ТӨХХК, Ө аймгийн Засаг даргатай 2024.03.04-ний өдөр “Тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах ТБ-А/2024-1 дугаар гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй.

Мөн гэрээ нь Иргэний хуулийн худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтад нийцсэн, хуульд харшлаагүй. Шүүх талуудын маргаагүй асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тус гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд нийцсэн бөгөөд хариуцагч нь гэрээ байгуулахаас, гэрээний зүйлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй байсан бөгөөд уг эрхийг хязгаарласан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн; Ө аймгийн Засаг дарга, түүний тамгын газар нь гэрээний зүйлийг буюу 900 тонн тэжээлийн буудайг 1 тонн тус бүрийг 700,000 төгрөгт тооцож зах зээлийн ханшнаас доогуур үнээр хүлээн авч, орон нутгийн хэрэгцээнд ашигласан болох нь хариуцагчийн тайлбар болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч 2024.03.31-ний өдрийн дотор гэрээний үнийг төлөх үүргийг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн.

4.2.Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу “ХААК” ТӨХХК нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгчийн эрх, үүргийг өөрт шилжүүлэн авч, түүний нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахыг ойлгох бөгөөд Монгол улсын Засгийн газар өөрийн эрх, үүргийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй болно. Харин Засгийн газар нэхэмжлэгчид хөнгөлөлттэй үнээр бараа материалыг Ө  аймгийн Засаг дарга, түүний тамгын газарт нийлүүлэх зөвшөөрлийг олгосон үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах ТБ-А/2024-1 дугаар гэрээ нь Иргэний хуулиар зохицуулагдах бараа, бүтээгдэхүүнийг нэг талаас хүлээлгэн өгөх, нөгөө талаас хариу төлбөр төлөх харилцааг зохицуулсан иргэний эрх зүйн харилцаа байна.

Нөгөө талаас Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024.02.19-ний өдрийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/101 дугаар тушаал" нь захиргааны актын шинжтэй байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй”, 3.1.7-д “Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр” гэж заасны дагуу улс төрийн шийдвэр гэж үзэх үндэслэлтэй бөгөөд улс, орны хэмжээнд нийт ард, иргэдийн эрх, ашгийг хамгаалах зорилгоор гаргасан шийдвэр байгааг анхаарах нь зүйтэй байна.

Тайлбар: “Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор” гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрийг ойлгоно.

Иймд Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 204/МА2024/00032 магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025.01.28-ны өдрийн 001/ШХТ2025/00121 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

ХЯНАВАЛ:           

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч “ХААК” ТӨХХК нь хариуцагч ӨАЗДТГ-т холбогдуулан тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 900 тонн тэжээлийн буудайн үнэ 630,000,000 төгрөг, алданги 315,000,000 төгрөг, нийт 945,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ,

“ӨАЗДТГ-т 900 тонн тэжээлийн буудайг 1 тонны үнийг 700,000 төгрөгөөр тооцож нийт 630,000,000 төгрөгийн тэжээлийн буудайг зээлээр нийлүүлсэн. 2024.09.11-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн төлбөр 630,000,000 төгрөг болох нь тогтоогдсон. Гэрээний 5.2-т “... хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги худалдагч талд төлнө.” гэж зааснаар 164 хоногийн алданги 516,600,000 төгрөг болсон ба гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож алданги 315,000,000 төгрөг, нийт 945,000,000 төгрөг гаргуулна.” гэж тайлбарласныг;

Хариуцагч эс зөвшөөрч, “... Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой аймгийн онцгой комисс болон удирдлага хуралдаж Улсын онцгой комисст малын тэжээлийн тусламж үзүүлэх талаар танилцуулсан. Улсын онцгой комисс өвөлжилт хүндэрсэн аймгуудад тэжээл төлбөргүй өгөх талаар иргэдэд мэдэгдсэн. Улсын төсвөөс төлөвлөсөн санхүүжилт дууссан. Засгийн газрын тогтоолоор 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилт хийхийг Хөдөө аж ахуйн сайдад даалгасан. Энэ нь Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэгдэх асуудал. Засаг даргын Тамгын газар хариуцагч биш.” гэж маргасан.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “... Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Засгийн газар үүрэг хүлээгээгүй, гэрээний оролцогч биш байна. Хариуцагч тэжээлийн будааг өөрийн зардлаар тээвэрлэж айл өрхөд төлбөргүй өгсөн нь түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, ӨАЗДТГ нь тэжээлийн будааны үнэд 630,000,000 төгрөг төлөх үүрэгтэй, гэрээний үнийг төлөх хугацаанд байгалийн гамшиг буюу зудын нөхцөл байдалтай байсан талаар нэхэмжлэгч маргаагүй. Тэжээлийн будаа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан шалтгаан нь дээрх нөхцөл байдалтай холбоотой тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг хэрэгсэхгүй болгоно...” гэж дүгнэсэн.   

9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “… субъект нь Монгол Улсын Засгийн газрын 2021.12.22-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор байгуулагдсан нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох “ХААК” ТӨХХК, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллага болох Ө аймгийн Засаг даргын хооронд тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний нөхцөлийн хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан субъектийн тэгш эрхийн зарчмын үндсэн дээр тохиролцоогүй, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлагын захирагдах харилцаанд үндэслэгдсэн буюу Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024.02.19-ний өдрийн Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/101 дүгээр тушаалаар гэрээний нөхцөлийг урьдчилан тодорхойлсон, гэрээний зорилго нь тэжээлийн буудайг худалдан авч аюулт үзэгдэл буюу зудын нөхцөлд байгаа сумын нийт малчдад тарааж гамшгийн эрсдэлийг бууруулан нийтийн ашиг сонирхлыг хангахад чиглэсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар зохицуулагдсан захиргааны гэрээ байна.Захиргааны Ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно гэж заасан бөгөөд захиргааны гэрээтэй холбоотой маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан. Гэтэл анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д нийцээгүй. …” гэж үзжээ.

10.Дээрх байдлаар анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж, давж заалдах шатны шүүх захиргааны гэрээ байгуулагдсан гэж зөрүүтэй дүгнэж, өөр өөр шийдэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.

11.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “ХААК” ТӨХХК, Ө аймгийн Хөдөө аж ахуйн газрын хооронд 2024.03.04-ний өдөр Тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, уг гэрээгээр 900 тонн тэжээлийг буудайг, 1 тонныг 700,000 төгрөгөөр тооцож, нийт 630,000,000 төгрөгийг 2024.03.31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон, ӨАЗДТГ 900 тонн тэжээлийн буудайг хүлээн авч, Ө  аймгийн сумдад хуваарилсан, талууд 2024.03.22-ны өдөр гэрээг дүгнэж акт үйлдсэн үйл баримт тогтоогдсон. Зохигч энэ талаар маргаагүй.

12.Дээрх байдлаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээ хэрэгжсэн, гэрээ байгуулах журам зөрчсөн буюу илт хууль бус  болох эсэх талаар талууд маргаагүй, харин гэрээнд заасан үүргийг шаардах эрхтэй эсэх, хариуцагч үүргийг хүлээх үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

13.Давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг тус тус үндэслэн талуудын хооронд захиргааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв боловч ийнхүү захиргааны гэрээ байгуулагдсан бол захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарна гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт тус тус нийцээгүй.

14.Талууд гэрээ байгуулах журам зөрчсөн эсэх буюу гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй харин гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

15.Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх “захиргааны маргаан”-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт “Захиргааны гэрээнд хамаарах худалдан авах гэрээг Захиргааны ерөнхий хуульд үндэслэн цуцалснаас бусад гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлүүлнэ.” гэж зааснаас үзэхэд хэргийн харьяаллыг хоёрдмол утгагүйгээр, ойлгомжтой зохицуулсан байна.

16.Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.

17.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, иймээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 204/МА2024/00032 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б.А хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                                                        ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

                                                                                                                  Н.БАЯРМАА

                                                                                                                  П.ЗОЛЗАЯА