Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 78

 

У.Ч-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0248/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ч.Мядагбадам

Шүүгдэгч                                       У.Ч-

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолтой, У-ын Ч-ад холбогдох, 2018003080264 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч У.Ч-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй,  ********** регистрийн дугаартай, Х- овогт У-ын Ч-.

Шүүгдэгч У.Ч- нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Баяндавааны ** дугаар гудамжны ** тоотод оршин суух М.Т-ын гэрээс  32 инчийн зурагтыг авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х- овогт У-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч У.Ч-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих  ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Ч-ад оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ч-ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Ч- давж заалдах гомдолдоо:

Миний бие хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Би эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг бөгөөд ээж, аав минь өндөр настай, дүү ажил эрхэлдэггүй сурдаг, би ажил хийж ар гэрээ тэжээдэг бөгөөд хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, банкны лизингтэй бөгөөд төлж дуусаагүй байгаа.

Иймд ар гэр болон хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Миний бие дахин гэмт хэрэг үйлдэхгүй, надад ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.Ч- тайлбартаа:

Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч У.Ч-ыг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр,  архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Баяндавааны 8 дугаар гудамжны 07 тоот, иргэн  М.Т-ын гэрээс 200.000 төгрөгийн үнэтэй,  32 инчийн зурагтыг  авч,  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  бусдын эд зүйлийг  хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д  зааснаар шүүгдэгч У.Ч-ад  Эрүүгийн хуульд заасан ямар ял оногдуулсан нь тодорхойгүй   “...1  жил 6  сар   ялаар шийтгэсүгэй...” гэж бичсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялаас  ямар ял оногдуулсныг тодорхой бичих, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид  заасан  үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан ямар төрөл, хэмжээний  ял оногдуулж байгаагаа тодорхой заах, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2.д заасан шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээг тодорхой заах тухай  хуулийг зөрчжээ. 

Энэ алдааг Давж заалдах шатны шүүх засаж, зөвтгөх боломжгүй бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох  хэсгийн 3 дугаар заалтаас харахад  хорих ял оногдуулсан гэж үзэхээр байна гэсэн  дүгнэлт хийж тогтоолыг хэвээр үлдээх  нь хуульд нийцэхгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  У-ын Ч-ад холбогдох, 2018003080264 дугаартай 1 хавтас, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч У.Ч-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч,  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АМАРЖАРГАЛ

                                                             ШҮҮГЧ                                       Ц.ТУЯА

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МАНЛАЙБААТАР