Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1001

 

  

 

 

 

 

 

 

   2024            09            12                                          2024/ШЦТ/1001

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч ****,

хохирогч **** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2403003480490 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 06, 12-ны өдрүүдэд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** (регистрийн дугаар:****), **** оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “****” ХХКомпанид мужаан ажилтай, ээж, эхнэрийн хамтаар **** дүүргийн 20 дугаар хороо, **** түр оршин суудаг(Сүхбаатар аймаг, Уулбаян сум 1-р баг, Баян гэх газарт байнга оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Хэргийн товч агуулга: **** нь **** дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын “Сод монгол” Шатахуун түгээх станцын зүүн талын авто замд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 цаг 10 минутын орчимд **** маркийн **** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт/1.3,1.4/-уудыг зөрчсөний улмаас “****” маркийн **** УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж ****ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1. Шүүх хуралдаанд шүүгдэгч **** “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 513 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан (хавтас хэргийн 5-12, 14, 27-31, 34-35, 55-57, 81-83, 108-109 дугаар хуудас)”,

- Шүүгдэгч болон хохирогч нар “шинжлэн судлуулах баримт байхгүй” гэцгээв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч **** нь **** дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын “Сод монгол” Шатахуун түгээх станцын зүүн талын авто замд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 цаг 10 минутын орчимд **** маркийн **** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн хавсралтын 1.4 “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “****” маркийн УРА **** улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж хохирогч ****ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            - Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 9-10 дугаар хуудас),

            - Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ****ийн өгсөн “...2024 оны 05-р сарын 29-ний өглөө 07 цагийн үед  гэрээсээ “****” маркийн УРА **** улсын дугаартай мотоциклыг унаад ажил руугаа явж байгаад Толгойтын Сод монгол шатахуун түгээх станцын зүүн талын авто замаар хойноос урагш чиглэн авто замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээний зүүн гар талын цагаан зураасаар явж байтал миний урд талд зорчих хэсгийн хоёр эгнээгээр явж байсан “****” маркийн **** УБЗ маркийн цагаан өнгийн автомашин дохио өгөхгүйгээр үргэлжилсэн цагаан зураас даваад зүүн гар тийш гэнэт эргэхэд би мотоциклоо зогсоож чадахгүй тэр автомашины зүүн тал руу очоод мөргөсөн. Ингээд ослын улмаас миний баруун гарын ядам хурууны нэгдүгээр үе тасраад газарт унасан. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинтай эмч ирээд хуруугаа олохгүй бол болохгүй гээд хайхад зам дээр хэвтэж байсан. Би эмнэлгийн автомашинтай гэмтлийн эмнэлэгт ирэхэд миний хурууг наах боломжгүй болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 27-31  дугаар хуудас),

            - Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч **** мэдүүлэхдээ “Тухайн өдрийн өглөө 06 цаг 40 минутын үед гэрээсээ гараад ажил руугаа явж байхад шүүгдэгч давхар зураас давж эргээд осол болсон. Одоо хурууны нэг үе байхгүй, хумсгүй болсон. Баримтаар гаргаж өгсөн хохирол төлбөрийг нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирлын талаар сайн мэдэхгүй байна…” гэв (шүүх хуралдааны тэмдэглэлээс),

            - Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7337 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “****ийн биед баруун гарын ядам хурууны 1-р үений бүрэн тасрал, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, баруун шуу, баруун гарын чигчий, дунд хуруу, хоёр гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Баруун ядам хурууны 1-р үений бүрэн тасрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, баруун шуу, баруун гарын чигчий, дунд хуруу, хоёр гуянд зулгаралт нь тус журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтас хэргийн 34-35 дугаар хуудас),

            - Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Адьяатөмөрийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1****5 дугаартай “**** маркийн **** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч **** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 1.4 “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна. **** маркийн УРА **** улсын дугаартай мотоциклтой жолооч **** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2 “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн мөрдөгчийн магадлагаа (хавтас хэргийн 55-57 дугаар хуудас),

            - Гэрч **** “...**** маркийн **** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 03-р сард 14 сая төгрөгөөр бодож хамт ажилладаг ****т гэдэг залууд өгсөн” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 86-87 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч **** нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг  зөрчсөний улмаас “****” маркийн УРА **** улсын дугаартай мотоциклын жолооч хохирогч ****ийг мөргөн биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, осолд холбогдсон жолоочийн гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирлын шинж чанарыг эргэлзээгүй тогтоож чадсан, Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч **** нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй” оролцсон, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

1.4. Хохирол, хор уршиг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримт(хавтас хэргийн 73-80 дугаар тал)-аар 990.000 төгрөгийг нэхэмжилсэн, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 1.382.600 төгрөг зарцуулсан талаарх баримт(хавтас хэргийн 52-53 дугаар тал) хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “…мотоциклын яндан хугарсан, руулын баруун тал тахисныг янзалсан зардлаа төлүүлнэ” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй буюу Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул дээрх нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ****оос нийт 2.372.600 төгрөгийг гаргуулан хохирогч ****ид 990.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 1.382.600 төгрөгийг тус тус олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг шүүх хязгаарлалгүй нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Шүүгдэгч ****оос “хохирол төлбөр төлөх завсарлага авах” тухай хүсэлт гаргасныг Шүүх хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан. Энэ хугацаанд шүүгдэгчээс бүрэн төлж барагдуулсан(Хаан банкны шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн), хохирогчоос “хохирлын мөнгийг дансаар авсан” гэх тайлбарыг гаргасан тул шүүгдэгч ****ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр хасаж, 06 сарын хугацаагаар **** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...”

шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг танилцуулав.  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 54 дүгээр тал)-аас үзэхэд шүүгдэгч **** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль бус (Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдсон) үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг мөрдөөгүйн улмаас авто осол гаргасан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан), шүүгдэгчийн хувийн байдал(**** онд төрсөн, **** настай, “****” ХХКомпанид мужаан ажилтай, **** дүүргийн 20 дугаар хороо, **** түр оршин суудаг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, учруулсан хохирлыг төлж барагдуулсан) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2700  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрвээ тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хуулиар тогтоосон өөр үр дагаврыг үүсгэхийг түүнд мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Улсын яллагч, шүүгдэгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй буюу шүүгдэгч ****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрх төдийгүй, тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц торгох ялыг оногдуулсан.

Тодруулбал, зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд шүүгдэгч **** нь байнга оршин суух хаягтаа оршин суудаггүй **** дүүргийн 20 дугаар хороо, **** түр оршин суудаг, ажил хөдөлмөр эрхэлдэг байдлаас үзэхэд зорчих эрхийг хязгаарлах ял биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсэх, уг ялын үр нөлөө, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, ухамсарлуулах зорилго алдагдах, улмаар Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөх, эрх зүйн байдал дордоно гэж дүгнэсэн болно.  

Эрүүгийн  2403003480490 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ****т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн 2403003480490 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч **** нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР