Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2022/00020

 






 

 


   2021        12          27                                      181/ШШ2022/00020

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.О-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Отай 1998 оноос эхлэн хамтран амьдарч 2002 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 1999.10.11-ны өдөр охин О.М, 2012.08.07-ны өдөр охин О.Т нар төрсөн. Ц.О нь согтууруулах ундаа ууж хэрэглэсэн үедээ зан харилцааны хувьд тэсвэрлэшгүй байдал гарган, биднийг байнгын хүчирхийлэл дарамтад байлгадаг учир цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин О.Тийг миний асрамжид үлдээж, Ц.Оаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т.Б 1997 оноос хойш амьдарч байгаа. Бид нэг сарын хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд удаа дараагийн үл ойлголцол гарсан тул миний зүгээс цаашид гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй хэмээн үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн том охин маань насанд хүрч тусдаа гарсан тул охиндоо сар бүр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, охин О.Тийг эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ц.Оад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Т.Б, Ц.О нар нь 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлж, 241 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан, тэндний дундаас 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин О.Т төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэдэг.

Нэхэмжлэгч Т.Б гэрлэлт цуцлуулах шалтгааныг хамт амьдрах хугацаанд Ц.О нь архи ууж, агсам тавьж, намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсны улмаас тусдаан амьдрах болсон гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч Ц.О нь охин О.Тийг эх Т.Бгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу охин О.Тийг эх Т.Бгийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Хүүхдийн тэтгэлэгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар оногдуулж байгаа үүрэг юм.

Т.Б, Ц.О нар нь хамтран амьдрах боломжгүй болсны улмаас охин О.Тийг эх Т.Бгийн асрамжид үлдээж байгаа тул эцэг Ц.Оаар нь хүүхдийн тэтгэлэг төлөх үүргийг хуулийн дагуу оногдуулах үндэслэлтэй байна. 

Иймд эцэг Ц.О нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан охин О.Тийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т.Б, Ц.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин О.Тийг эх Т.Бгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2–д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин О.Тийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Оаас нь тэтгэлэг гаргуулж эх Т.Бд олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар Т.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 065 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оаас 108 065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд оруулсугай.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА