Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/613

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,                              

улсын яллагч Ц.Сайнзаяа /томилолтоор/,  

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ч-н Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000010878 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмины засварчин мэргэжилтэй, А ХХК-нд барилга угсралт ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, ах нарын хамтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ээж хайрхан * гудамж *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Ч.н Э /РД:УК99******/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ч.Э нь 2023 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” нэртэй зочид буудалд хохирогч Д.Штай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараар хэд хэдэн удаа цохих, тэлээгээр ороолгох зэргээр зодож биеийн эрүүл мэндэд зүүн хөмсөг, баруун алганд шарх, хүзүү, зүүн мөр, аюулхай мөгөөрс, нуруу, зүүн шилбэнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.Шын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” нэртэй зочид буудалд найз Т болон түүний найз гэх хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй ярих чадваргүй 2 үл таних охины хамт тус зочид буудалд 2 ортой өрөө авсан юм. Тухайн буудалд орж найз Т болон үл таных 2 охины хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан ба би сөжү болон пиво хольж уугаад маш хурдан согтчихсон байсан гэтэл согтоод ухаан орох үед үл таних 3 залуу өрөөнд ороод ирчихсэн байсан ба Э гэх 170-175 см өндөртэй шар царайтай залуу миний нүүр хэсэгт цохиж унагаад тэлээгээр ороолгож зодож эхэлсэн ба би их согтолттой байсан учир өөрийн биеийг хамгаалах чадваргүй байсан. Тухайн Э гэх залуу надад архи аяглаж өгөөд уу гэж хүчээр уулгаад байсан ба би тус архинаас уугаад согтоод тасарчихсан. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа бага зэрэг ухаан ороод сэргэхэд гадаа гараад ирчихсэн зам дээр такси барих гээд зогсож байсан. Би Т найзын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед Т руу найзууд нь залгаад байсан. Би тухайн гар утсыг аваад ярьсан гэтэл хаана байгаа юм байгаа газар чинь очиж уулзмаар байна гээд асуугаад байхаар нь би байгаа газраа зааж өгсөн ба согтоод сэрхэд тухайн залуучууд ирчихсэн Э гэх залуу намайг зодож эхэлсэн. Ямар шалтгаанаар зодсон талаар мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.Шын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 14-ны өглөө цэргийн анги руу очиж дарга болон дүү нартайгаа уулзаад удалгүй гэртээ харьсан. Ингээд орой 01 цагийн үед найз Т залгаад уулзъя гэхээр нь хаана уулзах уу гэхэд Э гэх буудлын тэнд уулзаад байж байхад манай найз 2 эмэгтэй дуудчихсан байсан. Ингээд тухайн хоёр эмэгтэй хэлгүй байсан. Бид 4 Э гэх буудалд *** тоот өрөө аваад уугаад сууж байхад нэг эмэгтэй нь хэлгүй эрэгтэй найзыгаа дуудаад түрүүлээд яваад өгсөн. Ингээд 03 цагийн үед би Х гэх найзыгаа дуудаад бид 4 ууж байхад орой 4 цагийн үед гэнэт гаднаас 4 хүн орж ирээд хаалга дотроос түгжээд бид 3-ыг зодсон. Ингээд тэндээс хойш юу болсон талаар санахгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Д-н 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай хүний биед хийсэн 1.Д.Шын биед зүүн хөмсөг, баруун алганд шарх, хүзүү, зүүн мөр, аюулхай мөгөөрс, нуруу зүүн шилбэнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дугаар хуудас/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,   

            -төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  

Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Э нь 2023 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” нэртэй зочид буудалд хохирогч Д.Штай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараар хэд хэдэн удаа цохих, тэлээгээр ороолгох зэргээр зодож биеийн эрүүл мэндэд зүүн хөмсөг, баруун алганд шарх, хүзүү, зүүн мөр, аюулхай мөгөөрс, нуруу, зүүн шилбэнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

  

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ч.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч Д.Шын сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэлд хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 3,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах...” гэх дүгнэлтийг гаргав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Ч.Э нь 2023 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” нэртэй зочид буудалд хохирогч Д.Штай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараар хэд хэдэн удаа цохих, тэлээгээр ороолгох зэргээр зодож биеийн эрүүл мэндэд зүүн хөмсөг, баруун алганд шарх, хүзүү, зүүн мөр, аюулхай мөгөөрс, нуруу, зүүн шилбэнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Д.Шын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” нэртэй зочид буудалд найз Т болон түүний найз гэх хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй ярих чадваргүй 2 үл таних охины хамт тус зочид буудалд 2 ортой өрөө авсан юм. Тухайн буудалд орж найз Т болон үл таных 2 охины хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан ба би сөжү болон пиво хольж уугаад маш хурдан согтчихсон байсан гэтэл согтоод ухаан орох үед үл таних 3 залуу өрөөнд ороод ирчихсэн байсан ба Э гэх 170-175 см өндөртэй шар царайтай залуу миний нүүр хэсэгт цохиж унагаад тэлээгээр ороолгож зодож эхэлсэн ба би их согтолттой байсан учир өөрийн биеийг хамгаалах чадваргүй байсан. Тухайн Э гэх залуу надад архи аяглаж өгөөд уу гэж хүчээр уулгаад байсан ба би тус архинаас уугаад согтоод тасарчихсан. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа бага зэрэг ухаан ороод сэргэхэд гадаа гараад ирчихсэн зам дээр такси барих гээд зогсож байсан. Би Т найзын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед Т руу найзууд нь залгаад байсан. Би тухайн гар утсыг аваад ярьсан гэтэл хаана байгаа юм байгаа газар чинь очиж уулзмаар байна гээд асуугаад байхаар нь би байгаа газраа зааж өгсөн ба согтоод сэрхэд тухайн залуучууд ирчихсэн Э гэх залуу намайг зодож эхэлсэн. Ямар шалтгаанаар зодсон талаар мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.Шын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 14-ны өглөө цэргийн анги руу очиж дарга болон дүү нартайгаа уулзаад удалгүй гэртээ харьсан. Ингээд орой 01 цагийн үед найз Т залгаад уулзъя гэхээр нь хаана уулзах уу гэхэд Э гэх буудлын тэнд уулзаад байж байхад манай найз 2 эмэгтэй дуудчихсан байсан. Ингээд тухайн хоёр эмэгтэй хэлгүй байсан. Бид 4 Э гэх буудалд 316 тоот өрөө аваад уугаад сууж байхад нэг эмэгтэй нь хэлгүй эрэгтэй найзыгаа дуудаад түрүүлээд яваад өгсөн. Ингээд 03 цагийн үед би Х гэх найзыгаа дуудаад бид 4 ууж байхад орой 4 цагийн үед гэнэт гаднаас 4 хүн орж ирээд хаалга дотроос түгжээд бид 3-ыг зодсон. Ингээд тэндээс хойш юу болсон талаар санахгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Д-н 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай хүний биед хийсэн 1.Д.Шын биед зүүн хөмсөг, баруун алганд шарх, хүзүү, зүүн мөр, аюулхай мөгөөрс, нуруу зүүн шилбэнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дугаар хуудас/,зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Э нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан субьектив санаа зорилготой байжээ. Шүүгдэгч Ч.Э нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж цохисон идэвхтэй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хангасан байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Э нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирлын талаар

Хохирогч Д.Ш нь “...хохирол барагдуулсан тул одоо ямар нэгэн гомдол байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/, мөн шүүгдэгч 1,280,000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ тус тус авагдсан байх тул хохирогч Д.Ш-н сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзэх боломжгүй юм. Иймд шүүгдэгч Ч.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч: “...шүүгдэгч Ч.Э-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгийн торгох ял оногдуулах...гэх саналыг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох

ял оногдуулж шийдвэрлэлээ.   

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б овогт Ч-н Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Э-д оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ