Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 184/2021/00026/И |
Дугаар | 184/ШШ2022/00012 |
Огноо | 2021-12-22 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2022/00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК /рд:5/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О /рд:3/,
Хариуцагч: Д.Э /рд:100/ нарт холбогдох
Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, Д.О нь газар эзэмших эрхийн өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Д.О, хариуцагч Д.Э-ын өмгөөлөгч Ч.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн зүгээс хоёр шаардлагыг гаргасан. 1. Хариуцагч Д.Од холбогдуулан үйлчлүүлэгчийн буруутай үйлдлийн улмаас хийсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох, Д.О нь Сонгинохайрхан дүүргийн нотариатч Д.Э-аас өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа ээж Д.Л хүнд өвчний учир нас барсан, би 2 хүүхдийнхээ хамт ээжийнхээ амьдарч байсан газар одоог хүртэл 17 жил амьдарч байгаа гэж дурддаг. Хүсэлтийн дагуу Нотариатч Д.Э нь өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг.
Гэтэл Д.О маргаан бүхий газар 17 жил амьдарч байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Иймд Д.О нь нотариатчид худал хэлж өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Нотариатч нь үйлчлүүлэгчийн бодит байдалд нийцээгүй хүсэлтэд үндэслэн нотариатын үйлдэл хийсэн байх тул Д.Оыг Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-т заасан “нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх” 28.2.2-т “нотариатчийн шаардсан асуудлаар амаар буюу бичгээр тайлбар өгөх” үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагаа хийсэн байна гэж үзэж байна. Мөн тус хуулийн 28.3-т “Үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй” гэж зааснаас үзэхэд Д.Оын буруутай үйл ажиллагааны хохирлыг Нотариатч Д.Э хариуцахгүй байх үндэслэл харагдаж байна. Тийм учраас 2019 оны 07 сарын 01-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг нотариатчийн буруутай үйл ажиллагааны улмаас биш үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хийгдсэн болохыг тогтоолгож, уг өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Мөн нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Оыг өвлөх эрхээсээ татгалзсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч Д.О нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухай мэдэгдлээ нотариат, байхгүй бол холбогдох газрын алба, сумын Засаг даргад мэдэгдэх ёстой хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байгаа тул түүнийг өвлөх эрхээсээ татгалзсан болохыг тогтоолгохоор Иргэний хуулийн 528 дугаар зүйлийг баримтлан шаардаж байгаа. Хариуцагч Д.Эт холбогдуулан эрхийн маргаантай газар дээр өвлөх эрхийн гэрчилгээ нээсэн байх тул түүний хийсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Маргаан бүхий газрыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу дуудлага худалдаагаар авсан одоо энэ газар агуулах барьсан аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа гэв.
Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "М" ХХК-аас хуульд заасан миний эдлэх эрхийг үгүйсгээд байгааг зөвшөөрөхгүй байна. Миний ээж 73 насандаа өөд болсон бөгөөд түүний амьдарч байсан газрыг өвлөн авах эрх надад нээлттэй байна уу гэх асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, газрын албанд хандсан ба Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан тус шүүх дээр хэлэлцэгдэж байгаа. Гэтэл "М" ХХК-ийн зүгээс намайг өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсны төлөө миний эрхийг зөрчин энэ шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Би шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Бид эцэг эхээс арван нэгүүлээ юм. Ээж маань хүнд өвчтэй тул 2000 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Бид Мах комбинатын зүүн талд байсан Задгай гэх газарт албан ёсны газрын гэрчилгээ аваад эзэмшлийн газар өөрсдийн хөрөнгөөр хашаа босгосон.
Ээж маань тухайн газар хүүхдүүдтэйгээ хамт 2 жил 3 сарын хугацаанд амьдарч байгаад нас барсан.
Шүүхийн шийдвэрийн дагуу газраа өгсөн ,нарын газрын дунд нь ээжийн минь газар байсныг өрөндөө тооцож хамт шилжүүлсэн байгаа юм.
Би ээжийнхээ амьдарч байсан газрын өвлөх эрхийн гэрчилгээг авахдаа ямар нэгэн хууль, дүрэм зөрчөөгүй, тойргийн Нотариатчид хандаж, өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Уг гэрчилгээг аваад би Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэрэг асуудлыг шийдээгүй байхад "М" ХХК-аас надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд би өвлөх эрхээсээ татгалзах ямар ч боломжгүй. Би өөрөө хүнд өвчний улмаас эрүүл мэнд сайн биш байна. Үнэхээр би бичиг баримт буруу бүрдүүлсэн бол эрүүгийн хэрэг болох байсан биз. Хуулийн дагуу бүрдүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний өмгөөлөгч тайлбарлахдаа: ... Миний ажлын байранд үйлчлүүлэгч Д.О нь өөрийн эх Д.Л 2005 оны 02 сарын 18-ны өдөр нас барсан, нас баралтын бүртгэлийн 46 дугаарт бүртгэгдсэн тул түүний эзэмшиж байсан газар эзэмших эрхийг өв залгамжилж авах тухай хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг судлан үзэхэд өвлүүлэгч Д.Лд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4 сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжаар дүүргийн дүгээр хороо, 700 м.кв газрыг 2 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, эх нь уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа хараахан дуусаагүй байхад нас барсан байсан. Үйлчлүүлэгч Д.О “ээж Д.Л маань хүнд өвчний улмаас нас барж, би хоёр бага хүүхдийнхээ хамт ээжийнхээ эзэмшиж байгаа газарт үлдээд одоо 17 жил амьдарч байна” хэмээн амаар болон бичгээр хүсэлт гаргаж зохих баримтуудыг авч ирсэн. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т “Нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ” гэж заасан.
Нотариатын тухай хуульд заасны дагуу татгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. 2020 оны 11 сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр дуудсан бөгөөд үйлчлүүлэгч Д.О уг маргаан болж буй газарт 17 жил оршин сууж байгаагүй байхад өвлөх эрхийн гэрчилгээг авсан гэж байсан.
Нотариатын тухай шинэчлэн баталсан хуульд үйлчлүүлэгчид дараах үүргийг хуулиар тусгайлан тогтоож хүлээлгэсэн. Хуулийн 28.2-д үйлчлүүлэгчийн эрх, үүрэг, 28.2.1-д нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх, 28.2.2-т нотариатчийн шаардсан асуудлаар амаар буюу бичгээр тайлбар өгөх, түүнчлэн мөн хуульд, үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бий болсон үр дагаврыг нотариатч хариуцахгүй байхаар тодорхой зохицуулсан байдаг. Тухайлбал: 28.3-т Үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй” гэж заасан.
Уг нэхэмжлэлд дурдсан үйл баримтын хувьд нотариатчийн зүгээс илт хайхрамжгүй, санаатай хууль зөрчсөн үйлдэл гаргасан, эсхүл хууль тогтоомжийг буруу тайлбарлаж зөвлөгөө өгсөн асуудал, аль эсхүл хуулиар хүлээлгэсэн үүргийг нотариатч шударгаар зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл байхгүй юм.
Д.Од өвийг хүлээж авах эрх нь нээлттэй байсан боловч хуульд заасан хугацаандаа үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 582.2-т зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг өөрсдөө ашиглах ёстой байжээ. ... Шийдвэр гүйцэтгэлийн газраас маргаан бүхий газрыг авсан гэх, "М" ХХК-ийн зүгээс бид зохих журмын дагуу газрыг худалдаж авсан гэх зөрүүтэй нөхцөл байдал үүсээд байдаг. Анх нэхэмжлэгч талаас Нотариатчийг буруутай үйлдэл гаргасан гэж маргадаг бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим баримтууд ил болоод манай тал бие даасан шаардлага гаргасан байдаг. Миний хувьд хариуцагч Д.Э-ын тайлбарыг бүрэн дэмжиж байна. Нотариатчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж үйлдэл хийгдэв үү, үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас хийсэн эсэх талаар анхаарч үзнэ үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Д.О, Д.Э нарт холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, хариуцагч Д.Од олгосон Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох тухай шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч : нотариатч миний хувьд илт хайхрамжгүй, санаатай хууль зөрчсөн үйлдэл, эсхүл хууль тогтоомжийг буруу тайлбарлаж зөвлөгөө өгсөн асуудал гаргаагүй, Үйлчлүүлэгч Д.О “ээж Д.Л хүнд өвчний улмаас нас барж, би хоёр хүүхдийнхээ хамт ээжийнхээ эзэмшиж байгаа газарт 17 жил амьдарч байна” хэмээн амаар болон бичгээр хүсэлт гаргаж зохих баримтуудыг авч ирсэн. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т “Нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ” гэж заасан ба түүний бүрдүүлсэн баримтад татгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул өвлөх эрхийн гэрчилгээг олгосон гэж,
Хариуцагч Д.О: "М" ХХК-ийн зүгээс намайг өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсны төлөө миний эрхийг зөрчиж байна. Би шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Захиргааны хэргийн шүүх асуудлыг шийдээгүй байхад "М" ХХК-аас надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбаруудыг шинэчлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “М”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ: , -р хороо зүүн талд байрлах, айлын сууц, хаалгатай склад бүхий 2100 мкв газар, аж ахуйн хашааг 2008 онд албадан дуудлага худалдаанд оролцож худалдах худалдан авах гэрээний дагуу тус компани өмчлөгч болсон юм.
Уг газар нь 2003 оны 04 сарын 29-ний өдрийн -ийн Засаг даргын 87 дугаар захирамжаар хариуцагч Д.Оын төрсөн ээж ын эзэмшилд байсан, эх нь нас барснаар хариуцагч нь 17 жил амьдарсан гэж 2019 оны 07 сарын 01-нд 184 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авсан нь компаний эрх зөрчигдөж байна гэж тайлбарласан байна. /хх-88-31/ дүгээр тал
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Улсын бүртгэлийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2012.11.27 ны өдрийн 1/1817 тоот, албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ, Ж.Мэндбаяр гэх улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ, нэгж талбарын дугаартай, 1448 мкв талбай бүхий кадастрын зураг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. /хх-4.5,86-121/ дугаар тал.
Хариуцагч Д.Э: нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т заасан бүрдүүлбэрийг хангасан байсан гэх үндэслэлээ нотолж нотариатчийн үнэмлэх, тусгай зөвшөөрөл, өвлөх эрхийн гэрчилгээ, үйлчлүүлэгчийн хүсэлт, оршин суух газрын тодорхойлолт, Д.Ломбын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, газар эзэмших гэрчилгээ олгох тухай Засаг даргын захирамж, гэрчилгээ, тайлбар зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 14-24/ дүгээр тал
Хариуцагч Д.О: Өвлүүлэгчийн буюу ээж Д.Ломбын эзэмшиж байсан нэгж талбарын дугаартай: -р хороо зүүн талын задгайд байрлах тоот, 1298,96 мкв амины хашааг өвөлж авсан гэж гэрчилгээ болон холбогдох баримтыг ирүүлжээ. /хх 39-44, 66-85/ дугаар тал
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбаруудаас үзэхэд: Нэхэмжлэгч нь албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээгээр Ж.Мэндбаяр, , г нарын 3 хүний нэгж талбарын дугаартай, -р хороо , дугаар газар эзэмших гэрчилгээнүүдийн дагуу хүн тус бүрийн 700 мкв газар, мөн Ж.Мэндбаярын -р хороо зүүн талын задгайд байрлах 115,44 мкв газрыг “М” ХХК-д шилжүүлсэн тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012.11.22-ны өдрийн 18/1817 дугаар албан бичигт дурдсан байна.
Тус албан бичигт бичигдсэн нэгж талбарын хэмжээ нь хариуцагч Д.Оын өвлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын дугаартай давхцаагүй байгаа болох нь хэрэгт ирсэн баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 86/ дугаар тал
Тэрээр хариуцагч Д.О “ ... шүүхийн шийдвэрийн дагуу өрөнд газраа өгсөн хүмүүсийн газрын дунд нь миний ээжийн газар байсан” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлаж байсан ба нас барагчийн газар эзэмших эрх ямар үндэслэлээр нарт шилжсэн эсэх нь тодорхой бус ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “...одоо энэ маргаан бүхий газарт агуулах барьсан аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмнөх газар эзэмшигч буюу өмчлөгчийн эрх ямар байдлаар дуусгавар болж шинэ өмчлөгчид шилжсэн эсэх өөрөөр хэлбэл дуудлага худалдаагаар газар зарсан Ж.Мэндбаяр нар ямар баримтаар газар эзэмшигчээс газрыг шилжүүлж авсан эсэх нь холбогдох баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа баримтаар нотолж чадахгүй байгаа ба энэ талаарх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт агуулах барьсан гэх ба мөн барьсан барилгын доорх газрын хууль ёсны эзэмшигчээс ямар байдлаар шилжсэн эсэх шалтгаант холбоо нь тодорхой бус маргаантай байгаа үйлдэл, үйл явдал дээр хийгдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох нь учир дутагдалтай байна.
Хариуцагч нь Өвлөх эрхийн гэрчилгээг авахын тулд нэг талаас өвлөгч хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтаар хүсэлтээ нотлох, нөгөө талаас нотариатч тухайн үйлдлийг хийхэд шаардагдах баримт хангалттай бүрдсэн эсэхийг хянаж, хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй гэж,
Мөн Өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах хүсэлт гаргахдаа Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар “хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг”-ийг гаргаж өгөх үүрэгтэй болохыг тус тус заасан байх ба хариуцагч нарын хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд Хариуцагч Д.Эыг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д “өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг”-ийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгох заалтыг баримтлахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдлийг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасан үйлчлүүлэгч Д.Оын буруутай үйл ажиллагаанаас тус тус хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн хариуцагч Д.Оыг өв хүлээн авахаас
татгалзсан болохыг тогтоох шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар Д.Оын ээж 2005 оны 02 сарын 18-нд нас барсан бөгөөд нас барсан өдрөөр түүний өв нээгдсэн тул мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж зааснаар өвлөгдсөн гэж үзнэ.
Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр хуульд заасан байна. Өөрөөр хэлбэл өвлөхөөс татгалзах гэдэг нь эрх зүйн хувьд нэг талын хүсэл зориг бөгөөд өвлөх эрх зүйн харилцаанд оролцох хүсэлгүй байгаагаа бодитой илэрхийлсэн байхыг хууль зохицуулжээ.
Хэрэгт дээрх байдлыг нотолсон баримт байхгүй бөгөөд өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин хариуцагч Д.Оыг өвлөх эрхээ хэрэгжүүлэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар алдсан эсэх талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад үндэслэн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
Нэхэмжлэгч нь шүүхэд анх хариуцагчаар нотариатч Д.Эт холбогдуулж нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай шаардлагыг 2020.12.21-нд гаргаж байсан байна.
2021 оны 03 сарын 10-нд хариуцагчийг солих тухай хүсэлт гарган Д.Эыг Д.Оаар сольж шүүх хүсэлтийг ханган 2545 дугаар захирамж гаргасан байна. /хх ийн 29-31/ дүгээр тал
2021 оны 03 сарын 24-нд 3341 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гэрч асуулгах, зохигчдын нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус тус хангасан байна. /хх-ийн 50/ дугаар тал
2021 оны 7 сарын 29-ний өдрийн 8017 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 8 сарын 25-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна. /хх 123/ дугаар тал
2021 оны 8 сарын 25-ны өдрийн 9130 дугаар захирамжаар хамтран хариуцагчаар Д.Эыг татан оролцуулахаар шүүх хуралдаан 2021.09.15-ныг хүртэл хойшилжээ. /хх 130-131/ дүгээр тал
2021 оны 9 сарын 08-нд хариуцагч Д.Оын гэрч асуух хүсэлтийг хангаж 09705 дугаар захирамж гарсан байна. /хх 155/ дугаар тал,
2021 оны 9 сарын 15-ны өдрийн 10084 дугаар захирамжаар хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 10 сарын 06-ныг хүртэл хойшлуулсан. /хх 172-182/ дугаар тал
2021 оны 10 сарын 06-ны өдрийн 11098 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулахаар мөн түүний гаргасан гэрч асуулгах хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан хойшилсон. /хх 185-192/ дугаар тал
2021 оны 11 сарын 24-ний өдрийн 13804 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, мөн хариуцагч Д.Э-ын хүсэлтийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 12 сарын 22-ныг хүртэл хойшлуулжээ. /хх 211-212/ дугаар тал
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2., 531.3., 528 дугаар зүйлийн 528.1, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 28 дугаар зүйлийн 28.3 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Э-ын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, хариуцагч Д.Од олгосон Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгохыг хүссэн “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ