| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 184/2021/02572/И |
| Дугаар | 184/ШШ2022/00076 |
| Огноо | 2021-12-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2022/00076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.А нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.З холбогдох
Зээлийн хоёр гэрээний үүрэгт нийт 11,450,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн, зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагыг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А нь Э.З-тай 2020 оны 04 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг 500,000 төгрөгийн хүүтэй 7 хоногийн хугацаатайгаар цалингийн зээл гаргаад буцаан өгөх болзолтойгоор зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан бөгөөд уг зээлийн гэрээ нь барьцааны гэрээ давхар хийгдсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Э.З, М.Б нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өдий хүрсэн. Уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн мөнгийг өөрийн данснаас нотариатын зардал 15,000 төгрөгийг хасаад 385,000 төгрөг бэлнээр үлдэгдэл мөнгийг эхнэрээ цалингийн зээл авахуулж 3,000,000 төгрөгийг гар утаснаасаа данс руу нь шилжүүлж, үлдсэн 3,600,000 төгрөгийг банкны АТМ-с данс руу нь шилжүүлж зээлдүүлсэн. Энэ тухайгаа зээлдэгч нарт хэлсэн бөгөөд дараа нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөх талаар шаардсан боловч зээл болон хүү төлөх боломжгүй байгаа тул хугацаа өгөөч гэж дахин нотариатаар орж эхнэр Б.С-той 2020 оны 4 сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг зээлийн гэрээг 7,500,000 төгрөгийн зээлийн гэрээ болгон хүүнд 200,000 төгрөг өгөхөөр тохиролцон 5 хоногийн хугацаатайгаар буцаан төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ шинэчлэн байгуулсан. Мөн л зээлдэгч нар зээлийн хугацаа дууссан боловч төлбөрөө төлөөгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам хүү 0.3 хувийн алданги тооцохоор тусгаж өгсөн. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 7,700,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 00834 тоот зээлийн гэрээнд тусгагдсан алданги нь 2020 оны 4 сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 сарын 04-ний өдөр хүртэл нийт 555 өдөр /нэг өдрийн 7,500,000 төгрөгийн 0.3 хувийн алданги/ 22,500 төгрөг, нийт 12,487,500 төгрөг болж байна. Зээлийн гэрээний алданги үндсэн зээлийн үнийн дүнгийн 50 хувь хэтрэхгүй байх зохицуулалттай байх тул үндсэн зээл болох 7,500,000 төгрөгийн 50 хувь болох алданги 3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Иймд хариуцагчаас 11,250,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Э.З нь Ц.Атэй 2020 оны 4 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ хийсэн боловч уг гэрээн дээр тусгагдсан 7,000,000 төгрөгийг аваагүй. Уг мөнгийг Н.А авсан.
Ц.А нь 2020 оны 4 сарын 10-ны өдөр хаан банкны тоот данс руу 3,000,000 төгрөг мөн өдрөө уг данс руу 3,600,000 төгрөг тус тус шилжүүлсэн байдаг. Уг дансны эзэмшигч нь Ш.О гэж хүн байдаг. Н.А авсан гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Зын эхнэр н.Сувд-Эрдэнэ гэрчээр оролцож байгаа тул энэ талаар хэлэх байх. Э.З нь Ц.Атэй хийсэн гэрээ дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Зээлийн мөнгө хариуцагчийн өмчлөлд очоогүй байдаг. Хэрэгт нотлох баримтаар өгсөн З, нарын хооронд хийсэн 2020.07.07-нд хийсэн гэрээ өдрийн зээлийн гэрээ юм. Талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
Ц.А, Э.З нарын хооронд 2020 оны 4 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ хийсэн боловч зээлийн мөнгийг аваагүй тул уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ц.А нь Э.З-тай 2020 оны 04 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулахад Э.З нь “манай эгчид хашаа байшингийн бичиг баримт байгаа биднийг хүлээж байгаа, хамт очоод гэрээгээ байгуулъя” гэж хэлээд Сүхбаатар дүүргийн орчимд саарал өнгийн Prius 30 машинтай эмэгтэйтэй уулзаж хашаа байшингийнхаа гэрчилгээг авч надтай зээлийн гэрээ байгуулсан. Э.З нь уг эмэгтэйд мөнгөө шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу эхнэр Б.С нь өөрийн мобайл данснаас 3,000,000 төгрөг, Tedy төвийн АТМ дээрээс 3,600,000 төгрөг нийт 6,600,000 төгрөгийг тоот дансанд шилжүүлсэн. Тэр эмэгтэй мөнгөө авчхаад хүүхэд рүүгээ яараад байна гээд явсан. Э.З бид хоёр гэрээ байгуулж дуусаад нотариатын төлбөр 15,000 төгрөг өгөх болсонд Э.З “надад бэлэн мөнгө алга чамаас авах мөнгөнөөсөө суутгуулъя” гэсэн хүсэлтийн дагуу 15,000 төгрөг төлж 2020 оны 4 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлж үлдэгдэл 385,000 төгрөгийг өөрийн биеэр Билэг их дэлгүүрийн доод давхрын АТМ-с бэлнээр авч иргэн Э.Зт өөрт нь өгсөн нь үнэн болно. Зээлээ төлөх хугацаа дуусахад 80868032 дугаарын утас руу залгаж Э.Заас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад “зээл бүтээгүй байгаа түр хүлээгээч” гэдэг тайлбар хэлдэг байсан. Улмаар Э.З өөрөө “зээл төлөх мөнгөн дээрээ хүүг нь нэмээд дахин зээлийн гэрээ байгуулъя” гэсэн хүсэлт гаргасны дагуу манай эхнэр Б.С-той 2020 оны 4 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Драгон төвийн зүүн талын Золт төвийн нотариатад батлуулж ээж М.Бөөс нь үл хөдлөх хөрөнгө барьцаалах итгэмжлэл авч барьцааны гэрээ байгуулсан.
Иймд Ц.А, Э.З нарын хооронд 2020 оны 4 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг сунгасан. Хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А, Б.С нар нь М.Б, Э.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,700,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.С нь нэхэмжлэгчээр оролцохоос татгалзаж, нэхэмжлэгч Ц.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож тэрээр хамтран хариуцагч М.Бөөс тус тус татгалзсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 00834 тоот зээлийн гэрээгээр хүү 200,000 төгрөг, алданги нь 2020 оны 4 сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 сарын 04-ний өдөр хүртэл нийт 555 өдөр /нэг өдрийн 7,500,000 төгрөгийн 0.3 хувийн алданги/ 22,500 төгрөг, нийт 12,487,500 төгрөг болж байна. Зээлийн гэрээний алданги үндсэн зээлийн үнийн дүнгийн 50 хувь хэтрэхгүй байх зохицуулалттай байх тул үндсэн зээл болох 7,500,000 төгрөгийн 50 хувь болох алданги 3,750,000 төгрөг нийт 11,450,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн байна.
Хариуцагч Э.З нь 2020 оны 4 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: Хариуцагч Э.Зт холбогдуулан 2020 оны 04 сарын 10-аас 04 сарын 17-ны өдрийг хүртэлх 7 хоногийн хугацаатай 0638 бүртгэлийн дугаартай зээл болон барьцааны гэрээ бичгээр байгуулан талууд харилцан гарын үсэг зурж 7,000,000 төгрөгийг зээлж хүүнд 500,000 төгрөг авах,
2020 оны 4 сарын 22-ны өдрийн 0834 дугаар гэрээгээр 2020 оны 04 сарын 10-ны өдрийн үндсэн зээлийн гэрээг сунгаж зээлийн болон барьцааны гэрээг 5 хоногийн хугацаатай байгуулж 7,500 000 төгрөгийг гэрээний дагуу хүү 200,000 төгрөг, алданги болох 3,750 000 төгрөг нийт 11,450,000 төгрөг гаргуулна гэж үндэслэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ: 2020 оны 4 сарын 10-ны өдрийн гэрээнд Э.З гарын үсэг зурсан боловч 7,000,000 төгрөгийг аваагүй, Н.А авсан ба авахдаа хоёр хүнээр дамжуулж авсан уг мөнгө Ш.О гэх хүний дансанд шилжүүлсэн тул хариуцахгүй, 2020.4.22-нд байгуулсан 0834 тоот гэрээг Б.С байгуулж алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас дараах байдал тогтоогдож байх тул Шүүх нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус бүр заримыг хангаж заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талууд буюу нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Э.З нарын хооронд 2020 оны 04 сарын 10-аас 4 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 0638 дугаар зээл болон барьцааны гэрээ бичгээр байгуулан, хариуцагч цалингийн зээл аваад өгнө гэж улсын бүртгэлийн Ү-2201055290, гэрчилгээний 00066151589 дугаартай М.Бийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 26 хороо, Алтан овоо 23 гудамж, 16 тоотод байрлах 64 м.кв хувийн сууцыг барьцаалж талууд харилцан гарын үсэг зурж 7,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай 500,000 төгрөгийн хүүтэй өгч авалцахаар тохиролцон гарын үсэг зурсан байна. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Б бөгөөд Э.Зт 2020.03.24-нд үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үүрэгт төлөөлөх ... гэх мэт бүрэн эрхийг өгч итгэмжлэл олгосон байна. /хх 4-9/ дүгээр тал
Хариуцагч Э.З, нэхэмжлэгчийн эхнэр Б.С нарын хооронд 2020 оны 4 сарын 22-ны өдөр 0834 дугаар зээлийн болон барьцааны гэрээг 5 хоногийн хугацаатай байгуулж өмнөх гэрээг сунгасан гэж тайлбарлаж байна. /хх 10-12/ дугаар тал
Тус гэрээг нэхэмжлэгч Ц.Агийн эхнэр Б.С хариуцагчтай байгуулсан ба нэхэмжлэгч нь гэрээ сунгах талаар итгэмжлэл болон хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрлийг Б.Сд олгоогүй байх ба холбогдох баримт хэрэгт байхгүй байна.
Зохигчид нь 2020 оны 4 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, үл хөдлөх хөрөнгө барьцаалж гэрээ хийсэн талаар маргаагүй байна.
Харин зээлээр шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг Э.З зээлж аваагүй, дансанд шилжүүлж авсан тул Э.З хариуцахгүй хариуцагч биш гэж маргасан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнгөнтуул тайлбарлахдаа: Зээлийн гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг хариуцагчид зээлж хүүнд 500,000 төгрөгийг авахаар тохирч хариуцагч Э.З болон түүний эхнэр нарын хүсэлтээр тоот Ш.О гэх хүний дансанд 6,600,000 төгрөгийг тоот данснаас шилжүүлж, 385,000 төгрөгийг бэлнээр Э.З авсан, нотариатын зардалд 15,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлажээ.
Нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.Агийн 2020.4.10-нд 385,000 төгрөг авсан дансны хуулга, 2020.4.10-нд мөнгө шилжүүлсэн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкнаас данс эзэмшигч нь Ш.О мөн гэх тодорхойлолт, “...Заас авах зээлийн гэрээний эргэн төлөлт 6,600,000 төгрөгийг шилжүүлж авсан...” гэх бичсэн бичгийн баримт, мөн хариуцагч Э.З зээлийн хүүнд 300,000 төгрөгийг Б.Солонгын дансанд 2020.05.05-нд шилжүүлж “ ...удааж байгаад уучлаарай” гэж мессеж бичиж харилцаж байсан тухай баримтуудыг ирүүлсэн байна.
Дээр дурдсан үйл явдлууд баримтаар тогтоогдсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзлээ. /хх 13, 14, 60, 73, 74, 95/ дугаар тал
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол...” гэж зааснаар Э.З үүргээ зохих ёсоор биелүүлж 300,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцон өгч байсан болох нь дээрх үйл явдлаар тогтоогдож байна.
Хариуцагч Э.З шүүхэд 2021 оны 9 сарын 06-нд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...миний бие 7,000,000 төгрөгийг аваагүй, Н.А гэгч нь авсан, энэ хүнтэй 2020.07.07-нд зээлийн гэрээ байгуулсан, манай эхнэрийн фэйсбүүкээр мөнгө төлөхөө бичсэн гэх агуулгатай тайлбар ирүүлж нотлох баримтаар Анхтуяагийн утасны “... хариуцагчийг сольж болдог гэсэн, би хариуцагч гээд Зоригоог хасуулчихъя” гэсэн мессежээр харилцаж байсан баримтыг ирүүлсэн байна. /хх 21, 24/ дүгээр тал
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь: нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэлээ нотолж зээлийн төлбөрийг хариуцахгүй, энэ хэргийн хариуцагч нь Анхтуяа, Ш.О нар гэж маргаж нотлох баримтаар Э.З, Н.А нарын хооронд байгуулсан 2020 оны 07 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ,
Ш.О, Э.З нарын хооронд 2020 оны 04 сарын 03-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээг ирүүлсэн байна. /хх 61, 91-94/ дүгээр тал байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр гэрч орсон ба тэрээр “ ... нөхөр Э.З бид хоёр Ш.О гэх хүнд өртэй байсан, бид хоёрт банкнаас зээл олгохгүй байсан тул Ц.Агээс 7,000,000 төгрөгийг 500,000 төгрөгийн хүү өгөхөөр тохирч зээлийг авахдаа дансанд 7,000,000 төгрөг шилжүүлэн авч өрөндөө өгсөн”, Н.А бол зуучлагч зээл гаргаж өгнө гэх зараар холбогдсон гэж мэдүүлж байна.
Талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд:
Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Агээс 7,000,000 төгрөгийг зээлж авсан ба урьд нь өртэй байсан Ш.Од төлөх өрөндөө шилжүүлж өгсөн болох нь Э.Зын эхнэр буюу гэрч н.Сувд-Эрдэнийн мэдүүлгээр, мөн хариуцагч Э.З нь иргэн Ш.Отэй байгуулсан зээлийн гэрээнүүд зэрэг баримтуудаар давхар нотлогдож байх тул энэ хэрэгт хариуцагч биш гэх тайлбар нь дээрх баримтаар няцаагдаж байна гэж дүгнэлээ.
Ц.А, Э.З нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний маргаанд хариуцагчийн бусадтай байгуулсан гэрээнүүд хамааралгүй ба хэрэгт ач холбогдолгүй байна. /хх 61, 91-94/ дүгээр тал
Иймд Ц.А, Э.З нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хэлэлцэн тохирч хүү тогтоож болно гэж зааснаар 2020 оны 04 сарын 10-нд байгуулсан зээл болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч буцаан төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2020 оны 4 сарын 22-ны өдрийн 00834 зээлийн гэрээгээр хүү 200,000 төгрөг, алданги нь 2020 оны 4 сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 сарын 04-ний өдөр хүртэл нийт 555 өдөр 7,500,000 төгрөгийн 0.3 хувийн алданги нийт 12,487,500 төгрөг боловч 7,500,000 төгрөгийн 50 хувь болох алданги 3,750,000 төгрөг нийт 11,450,000 төгрөг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн эхнэр Б.С, Э.З-тай 2020.04.22-нд 0834 дугаар зээлийн гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” гэж заасан хуулийн шаардлага хангаагүй байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул гэрээний дагуу тооцсон гэх алданги 3,750,000 төгрөг, зээлийн хүү 200,000 төгрөг, нийт 3,950,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч зээлийн хүүнд 300,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул хасаж хариуцагчаас 7,200,000 төгрөг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж зааснаар иргэд хуулийн өмнө тэгш эрх эдлэх шударга ёсны зарчимд нийцэх ёстой гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх бодитойгоор үүссэн нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуйвуулж төөрөгдүүлэн, Байгалмаа, Дэлгэрсайхан гэх мэтээр хэрэгт хамааралгүй хүмүүсийн нэрийг дурдаж, шүүх хуралд мэдүүлэг өгсөн гэрчийн мэдүүлгийг ойлгоогүй мэтээр өөрчлөх байдлаар будилуулж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хэтэрхий дордуулсан төдийгүй хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд заасан бусдад эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ шударгаар хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 4 сарын 10-ны өдөр байгуулсан 0638 зээлийн гэрээг дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулна гэх боловч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа баримтаар нотолж чадахгүй байна.
Э.З нь нэхэмжлэгч Ц.Атэй 0638 дугаартай зээл болон барьцааны гэрээг 7 хоногийн хугацаатай, түүний эхнэр иргэн Б.С-той 2020 оны 4 сарын 22-нд 0834 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг 5 хоногийн хугацаатай тус тус байгуулсан байна.
2020.04.10-ны өдрийн 0638 дугаар бүхий зээлийн үндсэн гэрээг нэхэмжлэгчийн эхнэр Солонго гэрээний оролцогч биш атал 2020.04.22-нд хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж сунгасан ба зээлдэгчийн зөвшөөрөлгүй, итгэмжлэлгүйгээр хийжээ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ба тодорхой этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн гэж үзэхээр байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай шаардлагаас Б.С, Э.З нарын хооронд байгуулсан 0834 дугаар зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” гэж, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх ...” гэж тус тус заасан хуулийн шаардлага хангаагүй байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
Шүүхэд нэхэмжлэл 2021 оны 08 сарын 11-нд ирсэн ба хуульд заасан хугацаанд 2021.08.18-нд иргэний хэрэг үүсгэн, 2021 оны 10 сарын 07-нд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсан байна. /хх15,42/ Зохигчдын хүсэлтээр гэрч оролцуулах тухай хүсэлтийг хангаж 2021 оны 11 сарын 18-ны өдөр, 12 сарын 16-ны өдөр тус тус захирамж гарсан боловч талууд гэрчээс татгалзсан байна, /хх 87, 103/ дугаар тал
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 4 удаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 3 удаа тус тус шүүх хуралдаан хойшилж байсан байна.
Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох, нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлэх, цуглуулах үүрэгтэй бөгөөд шүүхээс зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 зүйлд зааснаар гаргасан тэдний нотлох баримт бүрдүүлэх бүхий л хүсэлтийг шийдвэрлэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан зохигчийн эдлэх эрх үүргийг тайлбарлан холбогдох ажиллагааг хангалттай хийсэн болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн хариуцагч биш гэж маргаж байгаа боловч өөрийн татгалзлыг хуульд зааснаар нотлоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар хариуцагч Ц.Заас 7,200,000 /долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж Ц.Ад олгож нэхэмжлэлийн шаардлагаас 4,250,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Э.З, Б.С нарын хооронд байгуулсан 0834 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.
3.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2-д зааснаар улсын бүртгэлийн, гэрчилгээний дугаартай М.Бийн өмчлөлийн дүүрэг, хороо, гудамж тоот хаягт байрлах 64 м.кв хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж төлсөн 74,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ