Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: М.Дудариймаа нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 24140000000243 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Өндөр овогт Мөнхөөгийн Дудариймаа, /РД:ВЖ89112805/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Дудариймаа нь Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0224990 дугаар шийтгэлийн хуудсаар 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 03-ний өдөр 1.45 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хүртэл 83-66 БНА улсын дугаартай, Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч М.Дудариймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг болсон зүйлийг үнэн зөвөөр бүгдийг нь хэлсэн байгаа тул энэ удаа мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Дудариймаа мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Гэрч Г.Даваадорлигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Эрдэнэцогт сумаас аймаг аймаг орж ирдэг голын гарам хэсэг дээр хяналт шалгалт хийгээд явж байтал 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19 цаг 50 минутын үед 8366 БНА улсын дугаартай, саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад М.Дудариймаа гэх иргэн жолоодон ганцаараа явж байсан. Тухайн үед уг иргэнээс илт согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртээд байхаар нь согтуурал шалгах АККМ-0012 сериалын дугаартай драйгер багажаар үлээлгэж шалгахад 1,45 хувийн согтолтын зэрэг гарсан. Тэгэхээр нь уг иргэний тээврийн хэрэгслийг түр саатуулах журмын хашаанд оруулсан. Тус иргэний сангийн мэдээллийг багажаар шүүж үзэхэд 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19/ болон  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан 2023 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 0224990 дугаар шийтгэлийн хуудас /хх-ийн 54/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Дудариймаа нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг үйлдэлдээ Баянхонгор аймгийн  Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны  2023 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 0224990 дугаар шийтгэлийн хуудсаар 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1.45 хувийн промильтой үедээ 2024 оны 07 дугаар сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр хүртэл  “Тоёота приус-20” маркийн 83-66 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь гэрч Г.Даваадорлигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Эрдэнэцогт сумаас аймаг аймаг орж ирдэг голын гарам хэсэг дээр хяналт шалгалт хийгээд явж байтал 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19 цаг 50 минутын үед 8366 БНА улсын дугаартай, саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад М.Дудариймаа гэх иргэн жолоодон ганцаараа явж байсан. Тухайн үед уг иргэнээс илт согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртээд байхаар нь согтуурал шалгах АККМ-0012 сериалын дугаартай драйгер багажаар үлээлгэж шалгахад 1,45 хувийн согтолтын зэрэг гарсан. Тэгэхээр нь уг иргэний тээврийн хэрэгслийг түр саатуулах журмын хашаанд оруулсан. Тус иргэний сангийн мэдээллийг багажаар шүүж үзэхэд 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан...гэх мэдүүлэг болон  хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл  зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Дудариймаа нь  2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн / хуучин мөрдөгдөж байсан / 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд  2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1.45 хувийн  согтуурсан үедээ Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр хүртэл  “Тоёота приус-20” маркийн 83-66 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.Дудариймааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.

Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч М.Дудариймаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М.Дудариймааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч М.Дудариймаа нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч М.Дудариймаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Дудариймаагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Харин Шүүх шүүгдэгч М.Дудариймаад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Дудариймаа нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өндөр овогт Мөнхөөгийн Дудариймааг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Өндөр овогт Мөнхөөгийн Дудариймааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.Дудариймааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч М.Дудариймаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч М.Дудариймаа нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Дудариймаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Дудариймаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТЦЭНГЭЛ