| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0186/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/191 |
| Огноо | 2024-09-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Д.Ариунболд,
Шүүгдэгч: ******* нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000242 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт Цэрэндагвын *******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би уг тогтоолтой уншиж танилцлаа. Тиймээс уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Баянхонгор аймгийн Хот тохижилт үйлчилгээний газар жолооч хийдэг манай ажлын тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн хохирлыг бүрэн барагдуулсан..гэх мэдүүлэг / хх-ийн 55-56 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдөр үдээс хойш 1 шилтэй пиво уусан байсан. Тэгээд цэцгийн мандал усалж явж байгаад чигээрээ явахын тулд эгнээ байраа сольсон. Тэгтэл буруу талаас машин ороод ирсэн гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Баянхонгор аймгийн 6 дугаар багт байрлах олон дэлгүүрийн тэнд цагаан идээний дэлгүүрээс цагаан идээ аваад аймгийн төв рүү уруудаад явж байсан. Баянхонгор аймгийн төвийн гэрлэн дохион дээр зогссон, ногоон гэрэл асаад урд талын машинууд хөдлөөд явсан, араас нь хөдлөх гэсэн чинь миний хажууд байсан усны машин миний машины зүүн тал руу дараад ороод ирсэн. Миний машины урд талын гупер, зүүн талын их гэрэл, урд хаалга эвдэрсэн байсан. Эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
4. Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг машин, 2023 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос авч байсан. Миний машины урд талын гупер, урд хаалга, их гэрэл эвдэрсэн байсан. Тухайн мөргөсөн гэх жолооч нь миний машины хохирлыг барагдуулсан. Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
5. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* машинаа унаад бид хоёр амчуулын тойргоос замын дундах хөвөөний цэцгийн мандал услаад 1 дүгээр эгнээгээр явж байгаад төвийн 4 замын уулзвар ирээд 2 дугаар эгнээ рүү орох гэж байгаад хажуудаа зогсож байсан машиныг харалгүй шүргэсэн. Тухайн үед ******* нь тийм их согтолттой байгаагүй, гайгүй байх шиг байсан. Автомашинаа бариад явах чадвартай байсан. Би ард нь цэцгийн мандлаа услаад машин дотор суугаагүй ******* машиндаа ганцаараа байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хх-ийн 09-11/, илтгэх хуудас /хх-ийн 13/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 186 дугаартай шийтгэвэр /хх-ийн 18-22/, эрх бүхий албан тушаалтны магадалгаа /хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 186 дугаартай шийтгэвэр 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1.62 хувийн промильтой согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвгэр төв замын гэрэл дохио дээр Хот тохижилт үйлчилгээний газрын “Dong feld” маркийн 41-32 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, мөн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа гэрэл дохион дээр иргэн хохирогч *******гийн жолоодож явсан 6481 БНА улсын дугаартай приус авто машиныг мөргөсөн гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь гэрч ******* өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* машинаа унаад бид хоёр амчуулын тойргоос замын дундах хөвөөний цэцгийн мандал услаад 1 дүгээр эгнээгээр явж байгаад төвийн 4 замын уулзвар ирээд 2 дугаар эгнээ рүү орох гэж байгаад хажуудаа зогсож байсан машиныг харалгүй шүргэсэн. Тухайн үед ******* нь тийм их согтолттой байгаагүй, гайгүй байх шиг байсан. Автомашинаа бариад явах чадвартай байсан. Би ард нь цэцгийн мандлаа услаад машин дотор суугаагүй ******* машиндаа ганцаараа байсан...” гэх мэдүүлэг болон хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* 2024 оны 03 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний 186 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 2.05 хувийн согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багаас 4 замын гэрлэн дохионы зам хүртэл өөрийн эзэмшлийн “Dong feld” маркийн 41-32 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж дахин тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах гэмтээх, мөн хуулийн 17.11 дүгээр зүйлд заасан болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаагүй бөгөөд харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасан зөрчлийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч *******ын бусдын эд хөрөнгийг гэмтээсэн зөрчилд эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан хуулийн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******гийн жолоодож явсан 9481 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч ******* нь хохирлыг төлж барагдуулсан талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа.
Харин шүүгдэгч *******т Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас явахыг хориглох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан шийтгэлийг шүүхээс оногдуулсан байхад Баянхонгор аймгийн Хот тохижилт үйлчилгээний газрын удирдлага нь шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох боломж олгож байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 4-д заасан зөрчлийн шинж байгаа эсэхэд Прокурор дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэйг дурдаж байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Цэрэндагвын *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт Цэрэндагвын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас явахыг хориглох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ