Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/004

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч Д.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******, Б.******* нарт холбогдох 201605000285 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар баг 2-34-06 тоот хашаанд байх түр эзэнгүй гэрт 2016 оны 08 сарын 14-ний өдөр хууль бусаар нэвтэрч 2 хаалгатай хөлдөөгч 1 ширхэг, хагас автомат угаалгын хуучин машин1 ширхэг, урт нь 2 метр, өргөн нь 1 метр 50 см хэмжээтэй хуучин хивс1 ширхэг, 35 летр ямааны сүү, 10 кг өрмөн тос, 5 кг ааруул, 8 ширхэг хуучин аяга, 1 ширхэг хуучин эрэгтэй хүний куртик зэргийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 981.400 /есөн зуун наян нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

                                                                                                        /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

... 2016 оны 08 сарын 12-ны өдөр Шаргалжуут яваад 2016 оны 08 сарын 15-ны өдөр Баянхонгор сумын 2-34-06 тоотод гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Гэрт байсан хөлдөөгч, угаалгын машин, хивс, цагаан идээ зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тухайн үед ******* гэх хүнийг хулгайлсныг манай хажуу айлын хүн харсан байсан. Манай гэрийн цоожийг эвдээгүй цүү мушгисан байсан. Цоож эвдэрсэн зүйлгүй байсан. Хятад улсад үйлдвэрлэгдсэн 2 хаалгатай хөлдөөгч 1 ширхэг, хагас автомат угаалгын машин 1 ширхэг, урт нь 2 метр, өргөн нь 1 метр 50 см-ийн хэмжээтэй хивс 1 ширхэг, хөлдөөгчин дотор 35 литр хөлдөөсөн ямааны сүү, өрмөн тос 10 кг, ааруул 5 кг, цайны аяга 8 ширхэг, хуучин эрэгтэй хүний куртик 1 ширхэг хулгайд алдагдсан байсан. Би ******* гэх хүнтэй ямар нэгэн байдлаар хамаатан садангийн холбоо байхгүй. Түүний аав ээжийг нь танина. *******ын хулгай хийснийг хойд талын айл болох Д.Мөнхзул гэх хүн манай хөлдөөгчийг худалдан авсан байсан ба надад ******* байсан талаар хэлсэн. Би арын хашааны Д.Мөнхзул гэх хүнийг танина. Харин 2 талын хашааны хүмүүсийг танихгүй мэдүүлэг /хх-ийн 24-26/,

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

...Д.*******, Дек нарыг би сайн танихгүй. Тухайн өдөр буюу 2016 оны 08 сарын 14-ний өдөр танилцсан юм. 2016 оны 08 сарын 14-ний өдөр 15 цагийн үед би гэрээсээ урагшаа алхаад явж байсан чинь манай гудамжны урд гудамжны үзүүр дээр Д.*******, Дек гэх 2 залуу намайг дуудаж Дек гэх залуу хямдхан хөлдөөгч байна авах уу? гэсэн. Харин ******* нь нэлээн согтуу явж байсан. Тэгээд би хямдхан хөлдөөгч авах уу? гэхээр нь би авна гэж хэлээд цуг явсан. Би тухайн үед хулгайн эд зүйлс байгаа юм уу? гэхэд үгүй хулгайн эд зүйлс биш гэхээр би зөвшөөрч цуг явсан. Манай хашааны баруун урд талын хашаанд байх Баасанбат гэх айлын хашаа руу орсон юун хашаа вэ Баасанбатын гэр байна гэхэд ******* манай дүүгийн гэр байгаа юм. Тэр дүү нас барсан эд зүйлсийг нь хямдхан зарж байгаа юм гэсэн. Тэгээд би гэртээ орж ирээд буцаад гараад иртэл гэрийн гадаа хөлдөөгчийг гаргасан байхаар нь цуг хөлдөөгчийг дамжлаад манай хашаа руу давуулж би гэртээ тавьсан. Уг хөлдөөгч дотороо цагаан идээ болох сүү ааруул өрмөн тос зэрэг зүйлс байсан. Би Дек гэх залуу болон ******* гэх 2 залууд 40.000 төгрөг өгч уг хөлдөөгчийг худалдан авсан. Харин тэр 2 залуу угаалгын машиныг таксинд хүнд зарчихлаа гэсэн. Тэгээд *******, Дек бид 3 голын зах гарч архи пиво ууцгааж байгаад би салаад гэрлүүгээ явсан. Би тухайн үед хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй. Надад 1 залуу нь манай дүүгийн гэр байгаа юм. Дүү нас барсан эд зүйлсийг нь хямдхан зарж байгаа юм гээд намайг 40.000 төгрөгөнд уг хөлдөөгчийг авах уу? гэхээр нь би авна гээд авсан юм. Би Баасанбат гэх хүнийг сайн танихгүй. Манай баруун урд талын хашаанд амьдардаг болохоор бага зэрэг танина. Намайг гэртээ орчихоод гараад ирэхэд Баасанбатын гэрийг онгойлгосон байсан. Би гэрийг нь онгойлгож байхад цуг байгаагүй... тухайн үед *******, Дек нар нь архи уусан согтуу байсан. ******* нь нилээн архи уусан согтуу байсан. Харин Дек гэх залуу нь гайгүй байсан. Миний худалдан авсан гэх хөлдөөгчин дотор сүү цагаан идээ байсан. Сүү, ааруул, өрмөн тос зэргийг манайх хүнсэндээ хэрэглээд дуусгасан байхгүй. Харин миний худалдан авсан гэх хөлдөөгч одоо надад байхгүй. Би уг хөлдөөгчийг үл таних хүнд зарсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

2016 оны 08 сарын 14-ний өдөр манай аав Дамдинсүрэн намайг хүнээс 1 летр монгол архи аваад ир гэхээр нь архиа аваад "Дэлгэрэх" зах дээр явж байх үед Дэк гэх залуутай таараад Есөн-Эрдэнэ захын хажуу талд цуг летр монгол архиа хувааж ууж дуусгаад Дэк гэх залуу 1 шил архи аваад бид 2 хувааж уугаад нийлээд согтсон байсан. Дэк буюу Б.*******ын хамт Баянхонгор аймаг Баянхонгор сум Эрдэнэмандал 2 дугаар баг 2-34-06 тоот хашаанд байх гэрт орж угаалгын машин, хөлдөөгч болон хөлдөөгчин дотор байсан эд зүйлстэй хулгайлж хөлдөөгчийг нь хойд талын айл болох Д.Мөнхзулд 40.000 төгрөгөөр зарсан харин угаалгын машиныг үл таних таксины жолоочид 40.000 төгрөгөөр тус тус зараад мөнгийг нь үрж тараагаад дуусгасан. Тухайн үед Д.Мөнхзул гэх хүн байсан өөр хүн байгаагүй. Угаалгын машин болон хөлдөөгчин доторх эд зүйлстэй нь хамт манайх байгаа юм би зарж байгаа гэж хэлээд зарсан. Д.Мөнхзул нь хохирогч арын айл байгаа юм. Одоо Д.Мөнхзул нас барсан гэсэн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 52-53, 55-56/,

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

Би 2016 оны 08 сарын 14-ний өдөр Д.*******ын хамт Баянхонгор аймаг Баянхонгор сумын 2-34-06 тоотоос хөлдөөгч, угаалгын машин хулгайлан Д.Мөнхзул гэх хүнд 40.000 төгрөгөөр зарсан. Харин үл таних таксины жолоочид угаалгын машиныг 40.000 төгрөгөөр зарсан нь үнэн. Д.******* нь манай ахын эд зүйлс байгаа юм гээд зарсан гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

Баянхонгор аймгийн ЗДТГазрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 09 сарын 29-ний өдрийн: Хятад улсад үйлдвэрлэсэн 2 хаалгатай хөлдөөгч - 450.000 төгрөг, хагас автомат угаалгын машин - 300.000 төгрөг, 2*1,50 хэмжээтэй хивс - 70.000 төгрөг, Ямааны сүү 35 литр - 35.000 төгрөг, Өрмөн тос 10 кг - 50.000 төгрөг, ааруул 5 кг – 60.000 төгрөг, цайны аяга 8 ширхэг – 6.400 төгрөг, эрэгтэй куртик – 10.000 төгрөг, бүгд 981.400 төгрөгийн үнэлгээтэй гэх дүгнэлт /хх-ийн 39-40/

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-9/,      

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-22/,

-Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65/

-Б.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/

-Баянхонгор сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81, 84/

-Д.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/

-Д.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 83/

-хохирол төлсөн талаарх мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн 91/

-Д.*******ын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 92/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлж ХААН банкны АТМ-аас хохирогчид хохирлын мөнгө шилжүүлсэн баримт, хохирогч өмгөөлөгч Д.Мэндээгийн хохирол барагдуулсан тул шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар баг 2-34-06 тоот хашаанд байх түр эзэнгүй гэрт 2016 оны 08 сарын 14-ний өдөр хууль бусаар нэвтэрч 2 хаалгатай хөлдөөгч 1 ширхэг, хагас автомат угаалгын хуучин машин1 ширхэг, урт нь 2 метр, өргөн нь 1 метр 50 см хэмжээтэй хуучин хивс1 ширхэг, 35 летр ямааны сүү, 10 кг өрмөн тос, 5 кг ааруул, 8 ширхэг хуучин аяга, 1 ширхэг хуучин эрэгтэй хүний куртик зэргийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.     

Хохирогч Д.Баасанбат нь шүүгдэгч нараас өөрт учирсан хохиролоо бүрэн хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч Б.******* өмнө нь 1 удаа ял шийтгэгдэж ялтай байдал арилсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж, чанар ял хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр ял оногдуулсан тул хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн самсунг дуос маркын гар утас, шүүгдэгч Д.*******ын эзэмшлийн нокиа 3220 маркын гар утас зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож 2016 оны 11 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.******* нь хэргийн учир 16 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг эд хөрөнгө хураахгүйгээр гурван жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.*******ыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.*******т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй .

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон арван зургаа хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Д.*******т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоосугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.*******, Д.******* нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг сануулсугай.  

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн самсунг дуос маркын гар утас, шүүгдэгч Д.*******ын эзэмшлийн нокиа 3220 маркын гар утасыг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг шүүх хуралдааны танхимаас сулалсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 249 дугаар зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******, Д.******* нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ