| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2019/0298/Э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 79
Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг
шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас
хянах тухай
Хэргийн индекс: 166/2019/0298/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Сүрмандах
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны 309 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурорын дүгнэлттэй Б-ийн Б-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
М- Улсын иргэн, урьд нь :
-Дархан-уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 07-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, ********** регистрийн дугаартай, М- овогт Б-ийн Б-.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокуророос давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрч улсын яллагч ...Дархан-уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 08 сарын 07-ны өдөр 309 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгчид хорих ял оногдуулалгүй тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах байсныг орхигдуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн... гэж эсэргүүцэл бичжээ.
Эсэргүүцлийг үндэслэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн магадлалаар ....шүүгдэгч Б.Б- нь шийтгэх тогтоол гарахын өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа илэрч шүүхээр гэм буруугийн асуудал нь хэлэлцэгдэж байхад анхан шатны шүүх үүссэн нөхцөл байдлыг анхааралгүй, өмнөх шүүхийн шийдвэрийг хэрхэх талаар огт хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хуульчилсан бөгөөд энд ял нэмж нэгтгэхээр зохицуулсан тул шүүгдэгч Б.Б-т өмнөх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэснээс шалтгаалан хуульд заасан журмыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсжээ.
Нөгөө талаар шүүгдэгч Б.Б- нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар тэнссэн шийдвэрийг нь хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна... гэж заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.
Энэ тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, ял оногдуулах, нэмж нэгтгэх боломжгүйд хүргэсэн, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзнэ.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг тус тус нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэхээс өөр хууль зүйн гарцгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Яллагдагч Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн Дархан-уул аймгийн Шарын гол сумын иргэн Р.Б-ын “Самсунг галакси жи 2” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 359.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Дархан- Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 07-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлжээ.
Иймд яллагдагч Б.Б-т ял оногдуулсан Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 07-ны өдөр 309 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-т холбогдох эрүүгийн 1818009620245 дугаартай хэргийг эрүүгийн 1906066190334 дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулах үндэслэлээр прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д заасны дагуу прокурорын дүгнэлт бичиж хүргүүлэв.
Жич: Эрүүгийн 1818009620245 дугаартай хэрэг нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн архивт хадгалагдаж байгаа бөгөөд уг хэргийг хуулбарлан ирүүлсэн байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэж шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Давж заалдах шатны шүүх Прокурорын дүгнэлтийг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг шинжлэн, судалж үзвэл:
Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн Р.Б-ын “Самсунг галакси жи 2” маркийн гар утсыг хулгайлж 359.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Дархан- уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 сарын 07-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.
Мөн 2019 оны 05 сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь эхийн 22-1482 тоотод оршин суух иргэн О.О-ын байшингийн цонхоор орж 2 шуудай зэс авч, 560.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокуророос 2020 оны 02 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн 1906066190334 дугаартай хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь Дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үүний дараа Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б- нь шийтгэх тогтоол гарахын өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа илэрч шүүхээр гэм буруугийн асуудал нь хэлэлцэгдэж байхад анхан шатны шүүх үүссэн нөхцөл байдлыг анхааралгүй, өмнөх шүүхийн шийдвэрийг хэрхэх талаар огт хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хуульчилсан нь ял нэмж нэгтгэхээр зохицуулсан тул шүүгдэгч Б.Б-т өмнөх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэснээс шалтгаалан хуульд заасан журмыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсжээ.
Мөн шүүгдэгч Б.Б- нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар тэнссэн шийдвэрийг нь хүчингүй болгож, энэ хуулийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, мөн ял оногдуулах, ял нэмж нэгтгэх боломжгүйд хүргэсэн байх тул шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 535 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд дээрх нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Прокурорын дүгнэлтийг хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолыг дээрх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг тус тус нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүнээс гадна хэргийг нэгтгэн шалгах тохиолдолд архивт байгаа хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий этгээд татан авч нэгтгэн шалгах нь зөв бөгөөд хэргийг хуулбарлан авах нь буруу., өөрөөр хэлбэл нэг хүнд холбогдох хэргийг 2 хувь болгож, 2 өөр газар ажиллагаа явуулах эсхүл 2 хувь болгож 2 өөр газар хадгалж болохгүй учраас Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн архиваас Б.Б-т холбогдох 1818009620245 дугаартай 1 хавтастай эрүүгийн хэргийг татан авах шаардлагатай.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоол нь ...Эрүүгийн хэрэг, баримтыг архивт хадгалах, шилжүүлэх, ашиглахтай холбогдсон харилцаа, мөн архивын үйлчилгээ үзүүлэх журмыг зохицуулсан бөгөөд архиваас хэргийг бүхэлд нь нотлох баримтын журмаар хуулбар хийж авах, хэргээс зарим нотлох баримтыг хуулбар хийж авахаас гадна хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийх, хэргийг нэгтгэн шалгах нөхцөл байдал үүсэн тохиолдолд тухайн хэргийг татан авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3., 41.4 дүгээр зүйлийн 4., 41.4 дүгээр зүйлийн 4.2., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны 309 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М- овогтой Б-ийн Б-т холбогдох 1906066190334 дугаартай 1 хавтас, 1818009620245 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг тус тус нэгтгэж шалгуулахаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорт хүргүүлсүгэй.
2.Хэрэг Прокурорт очтол Б-ийн Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Прокурорын дүгнэлтийг хүлээн авсугай.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА