Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2018/0389

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.А 

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/284 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, О.Гийн хийж гүйцэтгэж буй аудиторын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргаж олгох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг тус тус даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Онар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: “Миний бие нь Үндэсний аудитын газрын харьяа Орхон аймгийн аудитын газарт Монгол улсын Ерөнхий аудиторын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 тоот тушаалаар шинжээчээр ажилд орсон ба Орхон аймгийн Аудитын газрын Тэргүүлэх аудиторын 04-р сарын 08-ны өдрийн 05 тоот тушаалаар 04 р сарын 01-ний өдрөөс архив, бичиг хэрэг, нярвын ажлыг хавсарган гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд Тэргүүлэх аудитортой үр дүнгийн гэрээ байгуулан санхүүгийн тайлангийн аудитын багт ажилласан.

2016 онд "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт" нийцлийн аудитад 2 удаа, санхүүгийн тайлангийн явцын аудит, 2017 онд 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар 10 байгууллагын санхүүгийн тайланд аудит хийж дүгнэлт гаргаж, түүвэрт хамрагдах 10 байгууллага, итгэл үзүүлсэн нэг байгууллагын санхүүгийн тайланг аудиталсан. Мөн "Орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүртгэлийн байдал" нийцлийн аудитад оролцон ажилласан. 2016 онд үр дүнгийн гэрээгээ 96.6%-тай үнэлүүлсэн ба 2016-2017 оны байгууллагын ажил хөдөлмөрийн аварга болж өргөмжлөл авсан. Мөн 2016 оны 12-р сард Орхон аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнагдсан.

Миний бие нь энэ хугацаанд үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажил үүрэг болон удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж байсан. Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллаж байсан ба ямар нэгэн сахилгын болон ажил мэргэжлийн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно.

2017  онд Тэрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор намайг ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 09 сарын 05-ны өдрийн, Б/284 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Орхон аймаг дахь Төрийн аудитын газар нь 12 хүний орон тоотой байсан бөгөөд зохион байгуулалтын бүтэц, орон тооны өөрчлөлтөөр 12 хүний орон тоо хэвээр батлагдсан.

Уг асуудлаар Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар хариу ирсэн болно.

Иймд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/284 дугаартай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин гаргаж олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг тус тус даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээ тодруулахдаа: “Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын газрын аудиторын ажилд 2018 оны 04 дүгээр сараас О.Г гэх хүнийг ажиллуулж байна. О.Гийн эрхэлж буй дээрх гүйцэтгэлийн аудитын багийн аудиторын ажил нь миний ажиллах ёстой ажлын байр юм.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/284 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, О.Гийн хийж гүйцэтгэж буй аудиторын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргаж олгох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг тус тус даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ: “... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ц.Аийн Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан "Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/284 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Орхон аймаг дахь Төрийн аудитын газарт урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэлийн шаардлагад Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/284 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэжээ. Тус тушаалыг Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах бүрэн эрхтэй гэж заасан бөгөөд мөн хуулийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд батлан гаргасан юм. Учир нь:

а/ Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ” гэж заасанд нийцүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/59 дугаар тушаалаар “Үндэсний аудиторын газрын харьяа аймгийн аудитын газар” байсныг “Аймаг дахь Төрийн аудитын газар” болгож өөрчилсөн.

б/ Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4 дэх хэсгүүдэд нийцүүлэн орон нутаг дахь салбар байгууллагуудад төрөлжсөн аудитын нэгжтэй байхаар Төрийн аудитын байгууллагын хэмжээнд зохион байгуулж Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/69 дүгээр тушаалаар батлан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилласан. Өмнө нь орон нутаг дахь салбар байгууллагын бүтэц нь тодорхой зохион байгуулалтгүй байсан.

Иргэн Ц.Аийн хувьд холбогдох дүрэм, журмын дагуу төрийн албанд томилогдоогүйн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/69 дүгээр тушаалаар баталсан ажпын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хангахгүй байгаа нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4-т “Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ.” гэсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон юм.

2. Үндэсний аудитын газрын хүний нөөцийн албанаас 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хууль, Төрийн аудитын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/284 тоот тушаалыг хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн гаргасан болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл хангалтгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ЗХШХШТ хуулийн 52.5.2-т заасны дагуу “.... захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан.. “нэхэмжлэлд тодорхой бус байх тул хэргийг түдгэлзүүлэх хүсэлттэй байх тул холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.А нь тус шүүхэд хандаж “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/284 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, О.Гийн хийж гүйцэтгэж буй аудиторын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг тус тус даалгах” шаардлага гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн талаар сонсох ажиллагаа явуулсан боловч ажлаас чөлөөлөх болсон тухай сонсох ажиллагаа явуулаагүй...шинжээчийн ажлын байрны тодорхойлолт, аудиторын ажлын байрны тодорхойлолт яг ижил... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар “тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулах ёстой байсан...” гэж тодорхойлон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрыг өөрчлөн байгуулж улмаар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/69 дүгээр “Аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтын 12 дахь хэсэгт Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын орон тоог Газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор-1, хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер-1, ахлах аудитор-3, аудитор-6, жолооч-1 байхаар баталжээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны А/87 дугаар тушаалаар Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц орон тоо, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн байх бөгөөд шинэчлэгдсэн ажлын байрны тодорхойлолтоор аудитор нь “мэргэжлээрээ болон төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх, мэргэшсэн нягтлан бодогч байх” шаардлагыг тавьсан байна.

Уг шаардлага, шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон явуулсан, Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын комиссын хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлээр “Ц.Аийг шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий шаардлагын зарим хэсгийг, тухайлбал мэргэжлээрээ болон төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх, мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлагыг” тус тус хангаагүй гэж үзжээ.

Дээрхи дүгнэлтийг үндэслэн гаргасан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/284 дүгээр тушаалаар “Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/69 дугаар тушаалаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага хангахгүй байгаа” гэж үзэж нэхэмжлэгч Ц.Аийг ажлаас чөлөөлж, түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь нэхэмжлэгч Ц.А нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Орхон аймгийн аудитын газрын шинжээчийн албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдсон, маргаан бүхий захиргааны акт гарах үед мөн газрын шинжээчээр ажиллаж байсан, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгчээс “...туршилтын хугацаагаар ажиллаж байсан хэдий ч сунгах боломжтой байсан... үр дүнгийн гэрээ байгуулсан нь төрийн жинхэнэ албан хаагч гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг... ийм учраас сонгон шалгаруулалтад оруулах ёстой” гэж, хариуцагч “...туршилтын хугацаагаар ажиллаж байсан тул сонгон шалгаруулалтад оруулах шаардлагагүй...” гэж маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж, мөн зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байх явдал мөн” гэж, хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж, 17.3 дахь хэсэгт зааснаар “төрийн жинхэнэ албан тушаал /захиргааны болон тусгай/ эрхлэх хүсэлтэй иргэд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдэх” журамтайг, мөн хуулийн 18 дугаар зүйлд “төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно” гэж зохицуулсан байна.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн, төрийн тухайн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангасан иргэн төрийн жинхэнэ албан тушаалыг эрхлэх болзол хангах бөгөөд нэхэмжлэгч Ц.Аийн хувьд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, туршилтын хугацаагаар ажиллаж байсан тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй. 

Түүнчлэн 2016 онд нэхэмжлэгч Ц.Аийг анх томилогдох үед “аудитор-шинжээч”-ийн ажлын байрны тодорхойлолтод ч мэргэшсэн нягтлан бодогч байх, төрийн албанд ажилласан туршлагатай байх шаардлага тавигдсан байсан, нэхэмжлэгч нь анх уг албан тушаалд томилогдохдоо эдгээр шаардлагуудыг хангаагүй байжээ. Өөрөөр хэлбэл Ц.А нь 2005 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг “олон улсын худалдааны удирдлага” мэргэжлээр эдийн засгийн бакалаврын зэрэгтэй төгсөж, 2015 онд Санхүүгийн мэргэшсэн үйлчилгээний төвд сургалтад хамрагдаж сертификат олгогдсоноос үзвэл түүнийг мэргэшсэн нягтлан бодогч гэж үзэх үндэслэлгүйн дээр төрийн албанд ажилласан туршлагатай нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд “ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага хангахгүй байгаа” гэж үзэж нэхэмжлэгч Ц.Аийг ажлаас чөлөөлж, түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/284 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсгийг зөрчөөгүй, нэхэмжлэгч Ц.Аийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, анхнаасаа төрийн аудитын газрын аудиторын албан тушаал/ажлын байр/-ын тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй үйл баримт нь Ц.Аийг Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын ажилд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж хүчингүй болгох, улмаар нэхэмжлэгчийг Орхон аймаг дахь аудитын газрын аудитор О.Гийн эрхэлж буй албан тушаалд түүнийг томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.

Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар мэргэшлийн шалгалт өгч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтанд бүртгэгдэх нийтлэг журмыг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон иргэнийг Орхон аймаг дахь аудитын газрын аудитор О.Гийн эрхэлж буй албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Аийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон/ 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Аийн гаргасан, “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/284 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, О.Гийн хийж гүйцэтгэж буй аудиторын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН