Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,

Шүүгдэгч: ******* нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414002260195 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* нь эрх бүхий албан тушаалтны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэлийн хуудсаар 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2.98 хувийн промильтой үедээ 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 20 минутын орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Баянхонгор аймгийн төвөөс тус сумын 6 дугаар баг хүртэл эсрэг урсгалтай замаар 10 орчим километр замд Тоёота Пажеро (Тoyota pajero) загварын 22-69 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодсон нь үнэн....гэх мэдүүлэг / хх-ийн 55 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр манай төрсөн ах ******* авгайлж дууддаг нэр нь /*******/ Жаргалант сумаас ирсэн. Манай нөхөр би манай дүү нар тосож аваад ахтай хамт айлд цай уухаар очсон. Тэгсэн чинь тэр айл нь ёслол гэсэн том шилтэй архи өгсөн чинь манай нөхөр айлд байсан хүмүүстэй уусан. Манай ах бол уугаагүй. Тэгээд бид нар өнөөдөр Шаргалжуут явах гээд унаа хайсан боловч ачаа их байхаар нь дүү *******ын машиныг гүйж аваад явахаар болсон. Тэгээд машиныг аваад гэртээ ирэхэд манай нөхрөөс архи үнэртээд байхаар нь чи юу уусан юм. Гэтэл нэг лаазтай 0.5 граммтай пиво уусан гэхээр нь тоогоогүй. Мөн гаднаас нь харахад гайгүй байсан. Тэгээд манай аймгаас машинаа бариад Өлзийт сумын постны дээд талын гүүрэн дээр ирээд намайг барь гэхээр нь би бариад пост орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Үрд өдөр нь надаас гуйхаар нь би ав ав гэж хэлсэн. Өглөө эхнэрээс ирээд түлхүүр авсан байсан. Би жолооны эрхээ хасуулсан талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би Баянхонгор аймгийн Өлзийт сумын Замын цагдаагийн хяналтын постонд өглөөний 09 цагаас оройн 21 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 13 цаг өнгөрч байх үед пост гадна хяналт шалгалт хийж байх хугацаанд Өлзийтийн гүүрний аймаг талын цаана зам дээр цагаан өнгийн Пажеро маркийн жолооч талаас цэнхэр өнгийн цамцтай хүн бууж ирээд жолоочийн эсрэг талын хаалга руу ороод суучихсан юм. Тэгээд пост дөхөж ирэхээр нь дохиж зогсоож шалгахад жолооны хүрд дээр эмэгтэй хүн байсан бөгөөд тухайн эмэгтэй нь жолооны эрхтэй, ямар нэгэн зөрчилгүй эмэгтэй хүн байсан, тэгээд ярилцаж байх үед цэнхэр цамцтай эрэгтэй хүн буюу ******* гэх хүн нь би өмнө нь эрхээ хасуулчихсан хүн байгаа юм аа би жолоогоо эхнэртээ шилжүүлчихсэн юм аа, ахыгаа уучлаарай гэсэн зүйл ярьж байсан, тухайн иргэнийг багажинд шүүж үзэхэд эрх хасагдсан байсан бөгөөд тухайн ******* гэх хүнээс архи согтууруулах ундааны зүйл илт үнэртэж байсан тул согтуурал шалгах багаж буюу драйгер багаж үлээлгэж шалгахад 1,96% байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг Өлзийт сумын цагдаагийн хэсэгт түр саатуулсан. Тухайн жолооч *******г машин дотор хамт явж байсан эрүүл хүмүүст хүлээлгэн өгсөн ийм зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/ болон  эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 02-04/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хх-ийн 17-18/, зөрчлийн хэргийн материалын хуулбар /хх-ийн 59-90/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.                          

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг үйлдэлдээ Баянхонгор аймгийн  Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны  2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗТО-665 дугаар шийтгэлийн хуудсаар 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2.98 хувийн промильтой үедээ 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 20 минутын орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Баянхонгор аймгийн төвөөс тус сумын 6 дугаар баг хүртэл эсрэг урсгалтай замаар 10 орчим километр замд Тоёота Пажеро (Тoyota pajero) загварын 22-69 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр манай төрсөн ах ******* авгайлж дууддаг нэр нь /*******/ Жаргалант сумаас ирсэн. Манай нөхөр би манай дүү нар тосож аваад ахтай хамт айлд цай уухаар очсон. Тэгсэн чинь тэр айл нь ёслол гэсэн том шилтэй архи өгсөн чинь манай нөхөр айлд байсан хүмүүстэй уусан. Манай ах бол уугаагүй. Тэгээд бид нар өнөөдөр Шаргалжуут явах гээд унаа хайсан боловч ачаа их байхаар нь дүү *******ын машиныг гүйж аваад явахаар болсон. Тэгээд машиныг аваад гэртээ ирэхэд манай нөхрөөс архи үнэртээд байхаар нь чи юу уусан юм. Гэтэл нэг лаазтай 0.5 граммтай пиво уусан гэхээр нь тоогоогүй. Мөн гаднаас нь харахад гайгүй байсан. Тэгээд манай аймгаас машинаа бариад Өлзийт сумын постны дээд талын гүүрэн дээр ирээд намайг барь гэхээр нь би бариад пост орж ирсэн...гэх мэдүүлэг,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Үрд өдөр нь надаас гуйхаар нь би ав ав гэж хэлсэн. Өглөө эхнэрээс ирээд түлхүүр авсан байсан. Би жолооны эрхээ хасуулсан талаар мэдээгүй...гэх мэдүүлэг,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би Баянхонгор аймгийн Өлзийт сумын Замын цагдаагийн хяналтын постонд өглөөний 09 цагаас оройн 21 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 13 цаг өнгөрч байх үед пост гадна хяналт шалгалт хийж байх хугацаанд Өлзийтийн гүүрний аймаг талын цаана зам дээр цагаан өнгийн Пажеро маркийн жолооч талаас цэнхэр өнгийн цамцтай хүн бууж ирээд жолоочийн эсрэг талын хаалга руу ороод суучихсан юм. Тэгээд пост дөхөж ирэхээр нь дохиж зогсоож шалгахад жолооны хүрд дээр эмэгтэй хүн байсан бөгөөд тухайн эмэгтэй нь жолооны эрхтэй, ямар нэгэн зөрчилгүй эмэгтэй хүн байсан, тэгээд ярилцаж байх үед цэнхэр цамцтай эрэгтэй хүн буюу ******* гэх хүн нь би өмнө нь эрхээ хасуулчихсан хүн байгаа юм аа би жолоогоо эхнэртээ шилжүүлчихсэн юм аа, ахыгаа уучлаарай гэсэн зүйл ярьж байсан, тухайн иргэнийг багажинд шүүж үзэхэд эрх хасагдсан байсан бөгөөд тухайн ******* гэх хүнээс архи согтууруулах ундааны зүйл илт үнэртэж байсан тул согтуурал шалгах багаж буюу драйгер багаж үлээлгэж шалгахад 1,96% байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг Өлзийт сумын цагдаагийн хэсэгт түр саатуулсан. Тухайн жолооч *******г машин дотор хамт явж байсан эрүүл хүмүүст хүлээлгэн өгсөн ийм зүйл болсон...гэх мэдүүлэг болон  хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл  зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь  2023 оны 09 дүгээр сард согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн / хуучин мөрдөгдөж байсан / 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд  2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 20 минутын орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Баянхонгор аймгийн төвөөс тус сумын 6 дугаар баг хүртэл эсрэг урсгалтай замаар 10 орчим километр замд Тоёота Пажеро (Тoyota pajero) загварын 22-69 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.

Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Харин Шүүх шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТЦЭНГЭЛ