Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2021/02501

 

        2021          12         14

             181/ШШ2021/02501

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж 23, Түшиг төвийн 3 давхарт байрлах, “М” ХХК /Регистрийн дугаар:5141583/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Алтангэрэл, 1101, 1102 тоотод байрлах, “Т” ХХК /Регистрийн дугаар:2648016/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 31.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “М” ХХК нь “Т Д” ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №19919090009 дугаарын даатгалын гэрээ байгуулан 432 ажилтнаа, мөн өдөр №19919090010 тоот гэрээ байгуулан 45 ажилтнаа тус тус даатгуулсан юм. Ингэж даатгуулсан ажилтнуудаас Д.О 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөсөн дээр халтирч хөлөө гэмтээснээс даатгалын тохиолдол гарсан. Энэ тохиолдлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасан журмын дагуу манай компанийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс судлаад 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үйлдвэрлэлийн осолд тооцон акт гаргасан бөгөөд түүнийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.3, 29.4-т заасан журмын дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянан баталгаажуулсан.

Баянзүрх дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №0319659 тоот актаар Д.Оын хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон байдаг. “Т Д” ХХК-иас даатгуулагчийн нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хоёр компанийн хооронд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан №19919090009 тоот даатгалын гэрээний 9.5.2 буюу үйлдвэрлэлийн осол тогтоогдохгүй гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсан зохицуулалтыг баримтлан Д.О-т нийт 7.877.016 төгрөг олгосныг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа юм. Учир нь Д.О Үйлдвэрлэлийн осолд өртсөн болох нь тогтоогдсон төдийгүй хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоогдсон тул гэрээний 9.5.2 зохицуулалт биш, харин 9.4.1, 9.5.1 зохицуулалтын дагуу “Т Д” ХХК 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг бүрэн олгох ёстой юм.

Түүнчлэн “Т Д” ХХК Д.Оыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр буюу даатгалын тохиолдол үүсэхээс өмнө ажлаас чөлөөлөгдсөн гэсэн шалтгаанаар нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Д.Оын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалыг компани 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-д заасан "Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана" гэсэн зохицуулалтын дагуу уг тушаалд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дотор ажил хүлээлцүүлэхээр заасан байсан. Гэтэл онцлог тохиолдол үүсч Д.О ажил хүлээлгэн өгөх хугацаанд дээрх үйл явдал болсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ" гэж зохицуулсан бөгөөд ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөрт тооцохоор хуульчилсан тул ажил олгогчийн зүгээс үүссэн тохиолдолтой холбогдуулан хуулиар ажилтанд олгогдсон боломжуудыг хангахаар шийдвэрлэсэн юм. Нэгэнт ажилтан ажлаас чөлөөлөгдөөгүй байхдаа даатгалын тохиолдолд холбогдсон тул “Т Д” ХХК уг үндэслэлээр нөхөн төлбөрийг олгохоос татгалзах эрхгүй юм. Улмаар Д.О Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д заасны дагуу 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг ажил олгогчоос авах эрх нь үүссэн боловч компанийн тухайд уг нөхөн төлбөрийг Даатгалын гэрээний дагуу “Т Д” ХХК-иар олгуулахаар ажилласнаас шалтгаалан талуудын хооронд үл ойлголцол гарч Д.О “М” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөрт 41.317.341 төгрөг шаардсан нэхэмжлэл гаргасан. Энэ ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцсэнээр Д.О нэхэмжлэлийн шаардлагаасаа 10.317.341 төгрөгөөс татгалзаж, “М” ХХК нь Д.От 31.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр 25-ны өдрийн 181/ШШ2021/00182 тоот захирамж гарч эвлэрлийг баталсан. Шүүгчийн захирамжийн дагуу “М” ХХК 31.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг Д.От 2021 оны 02 сарын дугаар 03-ны өдөр бүрэн төлсөн тул бид энэ мөнгөө даатгалын гэрээний дагуу “Т Д” ХХК-иас шаардан авах эрхтэй юм. “М” ХХК болон “ТД” ХХК-ийн хооронд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан №19919090009 тоот даатгалын гэрээний дагуу “ Т Д” ХХК-иас 31.000.000 төгрөг гаргуулан “М” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

Bottom of Form

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “М” ХХК болон “Т Д” ХХК-ийн хооронд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай 19919090009 тоот/0153-2019 тоот Даатгалын гэрээ байгуулагдаж, даатгуулагч "М” ХХК-д хөдөлмөр эрхэлж байгаа нэр бүхий дотоод, гадаадын ажилчдын амь нас, эрүүл мэндийг тус гэрээнд заасан эрсдэлүүдээс даатгахаар тохиролцсон. Даатгуулагч “М” ХХК-ийн ажилтан Д.О 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хөлөө гэмтээсэн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохыг хүсч 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өргөдөл гаргасан. Тус нөхөн төлбөрийн хүсэлтэд холбогдох баримт, мэдээллийг судлан үзэхэд уг тохиолдол даатгалын гэрээний 9.5.3 дугаар хэсэгт заасан гэнэтийн ослын тохиолдолд хамаарч байсан тул гэнэтийн ослын тохиолдол гэж үзэн "Т Д” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20/0227 тоот тогтоолоор 7.877.016 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Нөхөн төлбөрийг шийдвэрлэхдээ “М” ХХК-иас ирүүлсэн “Д.О 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тус компанид ажиллаж байгаа нь үнэн болно" гэх агуулга бүхий 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 139/20 тоот “Албан хаагчийн тодорхойлолт”-ыг үндэслэн Д.О-ыг даатгуулагчийн ажилтан гэж үзсэн болно. Ийнхүү нөхөн төлбөрийг олгосны дараа “М” ХХК дээр дурдсан тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзэн дахин нөхөн төлбөр олгуулах хүсэлт бүхий 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01/227 тоот албан бичиг болон нэмэлт материалыг ирүүлсэн. “Т Д” ХХК ирүүлсэн нэмэлт материалыг судлан үзээд Д.О-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилд орсон тухай тушаал зэрэг мэдээлэл дутуу, баталгаажуулалт хийгдээгүй байсан тул баримт мэдээллийг бүрэн гүйцэд, баталгаажуулан ирүүлэхийг хүсч, тус компанийн хүний нөөцийн менежер Г.Н-нд албан бичиг, цахим шуудангаар болон утсаар удаа дараа мэдэгдсэн байдаг.

Уг хүсэлтийн дагуу “М” ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/316 тоот албан бичиг болон холбогдох баримт, материалуудыг дахин ирүүлсэн ба баримт, материалыг судлахад дараах нөхцөл байдлууд илэрсэн. Үүнд: 1.Нөхөн төлбөрийн хүсэлт гаргах үед “М” ХХК Д.О-тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон боловч “Т Д” ХХК-д ажилладаг гэж худал мэдүүлсэн байсан. "М" ХХК-иас дахин ирүүлсэн нөхөн төлбөрийн материалыг судлах явцад Д.О-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тухай тэмдэглэл хийгдсэн байсан. Даатгагч ийнхүү Д.О-рын нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн тэмдэглэлийг нягталсны үндсэн дээр түүнийг ажлаас гарсан болохыг анх мэдсэн ба энэ тухай даатгуулагч нөхөн төлбөрийн хүсэлт гаргах үеэс даатгагчид огт мэдэгдээгүй. Харин Д.О-ыг тус компанид ажиллаж байгаа гэж илтэд худал мэдүүлсэн байдаг.

Тухайлбал:2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “М” ХХК даатгалын зүйл буюу ажилтнуудын мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг ирүүлэхдээ “М” ХХК-ийн Хөшөөтийн уурхайн ажилтнуудын мэдээлэл: Ажилтны Код - 4233, Цалин-4.200.000 төгрөг, Ажилд орсон /гарсан огноо-11/13/2019 (ажилд орсон)” гэж 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн  “М” ХХК-ийн 032/20 тоот “Д.О-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” захирлын тушаал гарсан байхад энэ тухай мэдэгдэлгүйгээр ажилладаг гэж мэдэгдсэн.

2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 139/20 тоот “Албан хаагчийн тодорхойлолт”-доо “Д.О /ажилтны код:4233/ нь тус компанийн Хөшөөтийн уурхайд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс Уурхайн хүний нөөцийн менежерээр ажилладаг нь үнэн болно. Тодорхойлолт гаргасан: Хүний нөөцийн менежер Г.Нямсүрэн” гэж мэдэгдсэн.

2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Даатгалын гэрээний зүйл буюу даатгуулагчийн мэдээлэлд дахин өөрчлөлт оруулах хүсэлтийг ирүүлэхдээ Д.Оыг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэж мэдэгдсэн. Мөн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01/227 тоот албан бичигтээ “ ... Тус компанийн Хөшөөтийн уурхайд хүний нөөцийн менежер ажилтай Даржаа овогтой Д.О  ... " гэж Д.О-ыг тус компанийн ажилтан мэтээр мэдүүлж, нөхөн төлбөр олгохыг хүссэн. Дээр дурдсанчлан “М” ХХК нь удаа дараа илтэд худал мэдээллүүдийг даатгагчид өгсөн нь Даатгалын гэрээний 4.6-д “Энэ гэрээний хугацаанд даатгагчаас явцын хяналт хийхэд даатгалын зүйл, даатгалын эрсдэлийг судлах нөхцөл боломжоор хангах, холбогдох мэдээлэл, баримтыг гаргаж өгөх, тэдгээрийн үнэн зөвийг хариуцах", 4.7-д “Даатгал хийлгэхдээ болон нөхөн төлбөр авахдаа үнэн зөв, бодитой мэдээллээр даатгагчийг хангах" гэж тус тус заасан гэрээний үүргээ санаатайгаар зөрчсөн үйлдэл юм. Энэ тухай “Т Д” ХХК нь “М” ХХК-д мэдэгдэж, даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагыг хүргүүлсэн боловч "М” ХХК нь тодорхой хариу ирүүлээгүй. Даатгуулагч  “М” ХХК даатгагчийг үнэн зөв, бодитой мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, даатгагчийн шийдвэрт нөлөөлж болохуйц мэдээллийг даатгагчид мэдэгдээгүй, илтэд худал мэдүүлсэн нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т "Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон” бол даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж, мөн даатгалын гэрээний 3.6-д “даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, даатгалын шийдвэрт нөлөөлж болохуйц мэдээллийг мэдэгдээгүй, даатгалын зүйл, учирсан хохирол болон даатгалын тохиолдлын талаар даатгагчид худал мэдээлэл өгсөн, холбогдох мэдээллийг зориудаар гуйвуулсан, нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авах гэж оролдсон болох нь нотлогдвол даатгагч учирсан хохирлыг бүрэн буюу хэсэгчлэн нөхөн төлөхөөс татгалзах, гэрээг цуцлах эсхүл гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй" гэж тус тус заасныг үндэслэн дахин хүсэлт гаргасан нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан байдаг.

2.Ажил олгогч болон ажилтан хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны улмаас Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр нэгэнт олгосон нөхөн төлбөрийг Даатгалын гэрээний харилцаа гэж үзэж даатгагч нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/Ш2021/00182 дугаартай шүүгчийн захирамжаар " ... "М” ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа түр алдсаны нөхөн төлбөрт 41.317.341 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Д.О 10.317.341 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “М” ХХК нь үлдэх хэсэг болох нийт 31.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.От төлөхөөр талууд харилцан тохиролцов” гэж харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч энэ шүүгчийн захирамжийн дагуу 31.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг Д.От бүрэн төлсөн тул бид энэ мөнгөө даатгалын гэрээний дагуу “Т Д” ХХК-иас шаардан авах эрхтэй гэжээ. Даатгуулагч “М” ХХК болон даатгагч “Т Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан  даатгалын гэрээний 1.3.2-т даатгуулагчийг “М” ХХК-д хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээгээр байнга болон түр ажил гүйцэтгэж байгаа дотоод, гадаадын ажилтан гэж тодорхойлсон. Уг даатгалын гэрээний дагуу даатгуулагчийг гэрээнд заасан эрсдэлүүдээс даатгахаар тохиролцсон бөгөөд ажил олгогч болон ажилтны хооронд үүссэн аливаа хөдөлмөрийн маргаан, түүний улмаас үүссэн аливаа үр дагавар даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д заасныг үндэслэн Шүүгчийн захирамжийн дагуу ажил олгогчийн олгосон нөхөн төлбөрийг даатгагч нөхөн төлөх, хариуцах үүрэггүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “М” ХХК нь даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж, удаа дараа илтэд худал мэдээлсэн, нэхэмжилж буй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй байх тул гэрээ болон Даатгалын тухай хуульд зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлүүдийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “М” ХХК нь “Т Д” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 31.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нэг талаас “М” ХХК, нөгөө талаас “Т Д” ХХК нар 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр харилцан тохиролцож, Даатгуулагч нь хавсралтад заагдсан “М” ХХК-д Хөдөлмөрийн болон бусад гэрээний үндсэн дээр түр болон байнгын ажил, хөдөлмөр эрхэлж байгаа дотоод, гадаадын 432 ажилчдын амь нас, эрүүл мэндийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаатай даатгуулах, хураамжид 50.175.812 төгрөг төлөхөөр, Даатгагч нь гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд нөхөн төлбөр олгохоор тус тус харилцан тохиролцож, №19919090009/0153-2019 тоот “Даатгалын гэрээ”-г байгуулжээ. /хх 11-21, 60-71/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан шаардлага хангасан мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

1.Гэрээний хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрээний хавсралтад заагдсан ажилтнуудын нэг болох Д.О Хөшөөт уурхайд ажилд ирэх үедээ хальтарч унаснаас хөл хугарсан, түүнд үйлдвэрлэлийн ослын акт тогтоосон, мөн нөхөн төлбөрт 7.877.016 төгрөг олгосон үйл баримтад зохигчид маргаагүй. Зохигчид даатгалын хураамж төлсөн үйл баримтад маргаагүй. /хх 22-24, 28-32/

Харин нэхэмжлэгч гэрээний 9.5.1-д зааснаар 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгохоос дутуу олгосон үндэслэлээр шаардаж байна. Хариуцагч ажилтан Д.О осол гарах үед ажлаас чөлөөлөх тушаал гарсан байсан, ажлаас чөлөөлөгдсөн хугацааг худал мэдээлсэн үндэслэлээр Даатгалын тухай хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2,  талуудын хоорондох гэрээний 3.6-д заасан нөхцөл үүссэн гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нөхөн төлбөрийг бүрэн олгох талаар “Т Д” ХХК-д 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01/227 тоот албан бичгээр хандсан, хариуцагчаас “даатгагчид худал мэдээлсэн” үндэслэлээр олгохоос татгалзжээ. Улмаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/461 тоот албан бичгээр хандсан, тус байгууллагын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “нөхөн төлбөр олгохоос дээрх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй” гэж үзэн, улмаар олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч байгууллагад мэдэгдсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангажээ. /хх 34-37, 84, 87, 130-131/

Талуудын хоорондох гэрээний 3 дугаар зүйлд даатгагчийн эрх, үүргийг зохицуулсан байх бөгөөд үүнээс 3.6-д “даатгагчийн шийдвэрт нөлөөлж болохуйц мэдээллийг мэдэгдээгүй, даатгалын зүйл, учирсан хохирол болон даатгалын тохиолдлын талаар худал мэдээлэл өгсөн... нь нотлогдвол даатгагч учирсан хохирлыг бүрэн буюу хэсэгчлэн нөхөн төлөхөөс татгалзах, гэрээг цуцлах эсхүл нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардах” эрхтэй байхаар заажээ.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.2-т “даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон бол нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно” гэж заажээ.

“М” ХХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 032/20 тоот тушаалаар хөшөөт уурхайд хүний нөөцийн менежер ажилтай Д.О туршилтын хугацаанд тэнцэхгүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс дуусгавар болгохоор заахдаа 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дотор түүнтэй ажил хүлээлцэхээр тушаалын хоёр дахь заалтад тусгажээ. /хх 27, 76/

Д.От 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ослын улмаас ажлаас чөлөөлсөн эмнэлгийн хуудас олгосон, улмаар “шагайн гадна хавчаар хугарах” оношоор 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс гурван сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвар 60 хувиар алдсан акт тогтоосон болох нь хэрэгт авагдсан эмнэлгийн хуудсууд, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0319659 тоот актаар тус тус тогтоогдож байна. /хх113,115,117,119-121, 123, 124/

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс осол болсон үйл явдал, эмнэлгийн хуудас, акт, ажилтантай байгуулсан гэрээ, гэрээ цуцлах тушаал зэргээр даатгалын зүйлтэй холбоотой шийдвэр гаргахад нөлөөлж болохуйц шаардагдах мэдээллийн талаар худал мэдээлсэн гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн талуудын хоорондох гэрээгээр нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд “худал мэдээлэх” гэсэн хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон нөхцөл тусгагдаагүйгээс гадна гэрээгээр олговол зохих төлбөрийг хэсэгчилж олгох нөхцлийн талаар тусгагдаагүй байна. Гэрээний 3.6 дах зохицуулалт талуудын эрх үүргийг зааснаас нөхөн төлбөр олгохоос татгалзах, хэсэгчлэн олгох нөхцлийг зохицуулаагүй болно. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул тэрээр гэрээнд заасан хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаар ажилтан Д.О-ын ажлаас чөлөөлөгдсөн хугацааны талаар нэхэмжлэгчээс хариуцагчид цахимаар болон бичгээр хүргүүлэхдээ зөрүүтэй мэдээлсэн байдал тогтоогдсон ч энэ нь Даатгалын тухай хуулийн 8.5.2, гэрээний 3.6-д заасан шийдвэр гаргахад нөлөөлөх “даатгалын зүйлийн талаар худал мэдээлсэн” нөхцөлд хамааралгүй, цаг хугацааны хувьд ч даатгалын тохиолдлоос хойшхи үйл явдалтай холбоотой байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзал үндэслэл болохгүй.

           

            2.Нэхэмжлэгч тус шүүхийн 2021 оны 181/ШШ2021/00182 дугаар шүүгчийн захирамжийн дагуу нөхөн төлбөрийг ажилтанд олгосон үндэслэлээр 31.000.000 төгрөг гаргуулна гэж тайлбарлав. Хариуцагч уг захирамжид нөхөн төлбөрөөс гадна олговор багтсан, мөн хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар нөхөн төлбөр олгосон асуудал даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэл болохгүй гэж тайлбарлан зохигчид маргаж байна.

            Тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00182 дугаар шүүгчийн захирамжаар Д.Оын нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсны нөхөн төлбөрт 41.317.341 төгрөг гаргуулах тухай маргаанд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улмаар шүүгчийн захирамжийг биелүүлж “М” ХХК-иас  захирамжид заасан 31.000.000 төгрөгийг Д.О-т шилжүүлжээ. /хх 40-43/

Талуудын хоорондох дээрх даатгалын гэрээ гуравдагч этгээдэд ашигтай, ажил олгогч өөрийн Хөдөлмөрийн тухай хуульд заасан зарим төрлийн хариуцлагыг даатгасан гэрээ байх тул дээрх байдлаар ажилтан, ажил олгогч хоёр нөхөн төлбөрийн асуудлаа харилцан тохиролцож шийдвэрлэсэн явдал нэхэмжлэгчийг даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр шаардах эрхийг үгүйсгэхгүй болно.

Гэрээний 9.5.1-д “ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үед үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувиас хамааран дараах нэмэлт зардлуудын дүнгээр нөхөн төлбөр төлнө” гэж үүнээс 9.5.1-ийн 1.3-т “ажилтан хөдөлмөрийн чадвараа 51-70 хүртэл хувиар алдсан бол 9 сарын цалинтай тэнцэх” төлбөр олгохоор тохиролцсон, ажилтан Д.Оын нэг сарын цалин хөлс 4.200.000 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул энэ хэмжээнээс олгосон мөнгөн дүнг хасч үлдэх хэсгийг гаргуулах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгээд “Т Д” ХХК-иас  29.922.984 төгрөг /4.200.000 төгрөг*9 сар = 37.800.00 - 7.877.016/ гаргуулж, “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр зохигчдод хариуцуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан “Т Д” ХХК-иас  29.922.984 /хорин есөн сая есөн зуун хорин хоёр мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.077.016 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307.564 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ