| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2021/01431/И |
| Дугаар | 181/ШШ2021/02340 |
| Огноо | 2021-11-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2021/02340
| 2021 11 30 | 181/ШШ2021/02340 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороонд оршин суух, Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинхайрхан дүүрэг, 27 дугаар хороонд байрлах, “И” ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 264.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд “И” ХХК-ийн захирал Э.А-ын хүсэлтийн дагуу
1.2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр №Т-20/01 тоот гэрээгээр өөрийн өмчлөлийн Hyundai 290LC7A маркийн ...-38 УБ улсын дугаартай эксковаторыг 2 сарын хугацаагаар, мөн өдрийн өдрийн №Т-20/02 тоот гэрээгээр Hyundai 290LC7A маркийн ... -39УБ улсын дугаартай эксковаторыг 7 сар 20 хоногийн хугацаагаар,
2.2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр №20/03 тоот гэрээгээр ... -09УНХ, ...-14УНО улсын дугаартай BEIBEN маркийн ачааны 2 ширхэг автомашиныг 4 сарын хугацаатай тус тус түрээслүүлэхээр тохиролцож, түрээсийн гэрээг байгуулсан.
Гэрээ ёсоор ...-38 УБ улсын дугаартай эксковаторыг 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс Хэнтийн аймгийн Бэрх сум руу, ...-39 УБ улсын дугаартай эксковаторыг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс Хэнтийн аймгийн Дархан сум руу, харин ...-09 УНХ, ...-14 УНО улсын дугаартай 2 ширхэг ачааны автомашиныг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс Хэнтийн аймгийн Дархан сум руу тус тус явуулсан. Түрээслэгч дээрх хоёр эксковаторыг 2020 оны 8 дугаар сарын 20-ныг хүртэлх 4 сар 18 хоногийн хугацаанд, ачааны автомашиныг мөн 2020 оны 8 дугаар сарын 20-ныг өдрийг хүртэл хугацаанд авч ашигласан. Энэ хугацаанд түрээсийн төлбөрт 31.100.000 төгрөгийг төлсөн. Харин үлдэх 264.500.000 төгрөгийн төлөөгүй.
Талуудын хоорондох гэрээгээр түрээсийг сараар тооцохоор заасан болно. Иймд ашиглаагүй, ашигласан цагаар тооцох тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Мөн чат үзлэг хийсэн баримт эх хувь баримтгүй, гарын үсэггүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй болно. Машин доголдолтой, ажиллаагүй, мөн жолоочгүй байсан гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгчид мэдэгдээгүй болно. Хэрэв техник эвдэрсэн, доголдолтой талаар мэдэгдсэн бол засварлах, мөн жолоочоор хангах боломжтой байсан. Техникийг ашиглаагүй асуудал нэхэмжлэгчээс бус харин хариуцагчаас өөрөөс хамаарсан. Иймд эксковатор болон авто машины түрээсийн төлбөрт “И” ХХК-иас 264.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан Hyundai 290LC70 маркийн ...-38УБ, 290LC70 маркийн ...-39УБ улсын дугаартай эксковатор, ...-09 УНХ болон ...-14 УНО улсын дугаартай BEIBEN маркийн ачааны 2 ширхэг автомашиныг нэхэмжлэгчийн дурдаж буй хугацаагаар түрээсийн гэрээ байгуулж авсан нь үнэн болно. Гэвч нэхэмжлэгч үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр шаардаж байгаад харамсаж байна.
1.Эксковаторын тухайд: Дээрх эксковаторуудыг түрээслэхдээ нэг сард хуанлийн хоногийн дагуу, 1 өдөрт 8 цаг ажиллахаар, операторыг түрээслүүлэгч тал хангах үүрэг хүлээн (гэрээний 2.5) гэрээ байгуулагдсан. Түүнчлэн түрээслүүлэгч засвар үйлчилгээг хийх, техникийн бүрэн бүтэн байдлыг хянаж, засвар үйлчилгээг нь цаг алдалгүй хийж, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бололцоог хангаж байх үүрэг хүлээсэн. Гэтэл дээр дурдсан гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд түүний экскаваторууд очсоны дараа хэсэг хугацаанд ажиллаж байгаад эвдэрчихдэг, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах нөхцөлгүй болж байсан. Нэг сарын дунджаар 30 хоногоор тооцоход 1 экскаватор 240 цаг, хоёулаа нийлээд 480 цаг ажиллах ёстойгоос 2020 оны 4 дүгээр сард нийт 184 цаг, 2020 оны 5 дугаар сард нийт 165 цаг 25 минут, 2020 оны 6 дугаар сард 119 цаг 35 минут, 7 дугаар сард 292 цаг, 2020 оны 8 дугаар сард 88 цаг 30 минут тус тус ажилласан байдаг. Иймд түүнд ажилласан цагаар тооцон хөлсийг олгоно.
2.Автомашины тухайд: Хоёр автомашиныг манай уурхайн талбайд нэхэмжлэгчийн дурдсан хугацаанд авчирч 2020 оны 8 дугаар сарын 20-нд буцаан авсан цаг хугацааны хувьд маргахгүй. Гэхдээ 77-14 УНО улсын дугаартай автомашин жолоочгүй, ажилд бэлэн биш гэсэн шалтгаанаар манай компанид нэг ч удаа тээвэр хийгээгүй, огт ажиллаагүй. Талбайд хадгалагдаж байгаад Г.Б өөрөө аваад явсан байдаг.
...-09 УНХ улсын дугаартай автомашин Н.Д гэдэг жолоочтой тээвэр хийсэн бөгөөд 2020 оны 4 дүгээр сард 32 цаг 20 минут, 2020 оны 5 дугаар сард 47 цаг 20 минут, 2020 оны 6 дугаар сард 5 цаг 05 минут тус тус ажилласан. Гэхдээ энэ машины хувьд нэхэмжлэгчийн өмчлөлийнх биш харин “СБДЛ” ББСБ-ын өмчлөлийнх болох нь тогтоогдсон тул тэрээр шаардах эрхгүй бөгөөд гэрээний энэ хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн хэлцэл”-д хамаарна. Иймд энэ машины түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн 16.000.000 төгрөгийг хасч тооцох ёстой.
Г.Б бид эцсийн байдлаар харилцан тооцоо нийлээгүй байтал их хэмжээгээр төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч талд компани гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар болон, ажиллаж нөхцөл бололцоогоор хангаж өгөхийг удаа дараа хүсч байсан. Нэхэмжлэгч сараар түрээсийг тооцож нэхэмжилж байгаа ч гэрээнд түрээсийн төлбөрийг ажилласан ажлын цагаар тооцохоор заасан болно.
Манай компани Г.Бт энэ хугацаанд нийт 40.100.000 төгрөг төлсөн үлдэгдэл 69.066.666 төгрөг төлөх ёстой гэсэн тооцоо гарсан байдаг. Гэхдээ энэ дүнгээс машины түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн 16.000.000 төгрөгийг хасч үлдэх мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г.Б “И” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 264.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 53.066.666 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг талаас Г.Б, нөгөө талаас “И” ХХК нар:
1.2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр харилцан тохиролцож, Түрээслүүлэгч Hyundai 290LC70 маркийн ...-38УБ улсын дугаартай 1 ширхэг эксковаторыг 2 сарын хугацаатай түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч төлбөрт нэг сард 25.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож Т-20/01 тоот гэрээг,
2.мөн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Hyundai 290LC70 маркийн ...-39УБ улсын дугаартай эксковаторыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч төлбөрт сард 25.000.000 төгрөг төлөхөөр Т-20/02 тоот гэрээг,
3.2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ...-09 УНХ болон...-14 УНО улсын дугаартай BEIBEN маркийн 2 ширхэг ачааны машиныг 4 сарын хугацаатай түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч төлбөрт сард машин тус бүрт 8.000.000 төгрөг төлөхөөр тохиролцож 20/03 тоот гэрээг тус тус байгуулжээ.
Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд зохигчдын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд тул талуудын хооронд мөн зүйлийн 318.1-д заасан харилцаа үүсчээ. /хх 4-12 /
...-38УБ улсын дугаартай эксковаторыг 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, ...-39 УБ улсын дугаартай эксковаторыг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, хоёр ширхэг автомашиныг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус тус түрээслүүлэгчид хүлээлгэн өгч дээрх 4 техникийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буцаан авсан гэж нэхэмжлэгч тайлбарлав. Хариуцагч техникүүдийг хүлээн авсан, буцаан өгсөн дээрх цаг хугацаанд маргаагүй хүлээн зөвшөөрч байна.
Харин хариуцагчаас гэрээгээр хөлсийг сараар биш ажилласан цагаар тооцохоор тохиролцсон гэж, нэхэмжлэгчээс сараар тохиролцсон гэж тус тус маргав.
Түүнчлэн нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу нэг машины хувьд жолоочоор хангаагүй, зарим өдөр техникүүд ажиллаагүй, эвдрэх зэргээр доголдолтой байсан гэж хариуцагч тайлбарлав. Нэхэмжлэгч уг тайлбарыг үгүйсгэж доголдлын талаар буюу эвдрэл гарсан талаар мэдэгдээгүй, зарим өдөр ажиллаагүй асуудал хариуцагчаас өөрөөс хамаарч байсан гэж тус тус маргав.
Мөн 31-09УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тухайд нэхэмжлэгч өмчлөгч биш тул шаардах эрхгүй гэрээний холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлав. Зохигчид мөн түрээсийн төлбөрт төлсөн үнийн дүнд маргаж, нэхэмжлэгч 31.100.000 төгрөг гэж, харин хариуцагч 40.100.000 төгрөг гэж тайлбарлаж байна.
1.Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болсон 31-09 УНХ улсын дугаартай BEIBEN маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч “СБЛЦ” ХХК болох нь “АТҮТ” ТӨААТҮГ-аас шүүхэд ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. Гэвч гэрч П.Ч “хоёр ширхэг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид худалдсан, нэгний үнийг төлж гэрчилгээг шилжүүлсэн, нөгөө машины зээл бүрэн төлж дуусаагүйгээс гэрчилгээг шилжүүлж чадаагүй байгаа, СБЛД банк бус байгууллагын нэр дээр гэрчилгээ байгаа, барьцаанд байгаа” гэж, гэрч Г.Д “31-09 УНХ машинтай Хэнтий аймгийн хажуу улаанд ажилласан” гэж мэдүүлсэн, түүнчлэн талуудын хоорондох 20/03 тоот гэрээний зүйл “31-09 УНХ” тээврийн хэрэгсэл байхаар анхнаасаа харилцан тохиролцсон, гэрээний дагуу тээврийн хэрэгслийг хариуцагч бодитоор тодорхой хугацаанд эзэмшиж ашигласан байдал тогтоогдсон тул Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагчийн гаргасан гэрээний тухайн хэсэг “төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн хэлцэл”, “хууль зөрчсөн хэлцэл” тул шаардах эрхгүй гэсэн татгалзал үндэслэлгүй. /хх 59, 67-69, 70-71, 114, 143-144/
2.Хэрэгт баримтаар нэхэмжлэгчийн Хаан банкны дансаар 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 10-нд 5.000.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 02-нд 10.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 27-нд 7.985.841 төгрөг, мөн өдрөө дахин 6.219.153 төгрөг тус тус шилжүүлжээ. Үүнээс гадна нэхэмжлэгчид 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөг, түүнчлэн нягтлан бодогч Ө.А-аас С.Э-ны данс руу 2020 оны 5 дугаар сарын 12-нд 1.000.000 төгрөгийг “экске түрээсийн хөлс” утгаар, 2020 оны 5 дугаар сарын 13-нд 3.800.000 төгрөг “экске түрээсийн хөлс” утгаар тус тус шилжүүлсэн баримт хариуцагч ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн авснаа зөвшөөрсөн тул нэгтгэвэл 42.004.994 төгрөг энэ хугацаанд нэхэмжлэгчид төлжээ. /хх 53-57, 85-90/
3.Талуудын хоорондох Т-20/01, Т-20/02 тоот гэрээний 2.5-д “нэг сард хуанлийн хоногийн дагуу ажиллана, нэг өдөрт 8 цаг ажиллана” гэж, 5.1-д “эксковаторын нэг сарын түрээс 25.000.000 төгрөг байна” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг сараар тохиролцсон гэж, хариуцагч цагаар тохиролцсон гэж гэрээний дээрх зохицуулалтыг тайлбарлаж тус тус маргаж байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, хэрэв утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тайлбарлана гэж мөн зүйлийн 198.2-т тус тус заасан.
Дээрх гэрээний 2 дугаар зүйл гэрээний хугацааны талаар зохицуулсан, харин 5 дугаар зүйл төлбөрийн нөхцлийн талаар зохицуулсан байх тул шүүх гэрээний 5.1-д зааснаар талууд ажилласан цагаар бус харин сараар төлбөрийг тохиролцсон, энэ тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ. Гэрээний 2.5-д заасан цагийн зохицуулалт төлбөр төлөх асуудлаар бус харин тухайн техникийн ажиллах цаг горим ямар байх талаар зохицуулсан зохицуулалт байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан 2 ширхэг BEIBEN маркийн тээврийн хэрэгслийг түрээслэх тухай 20/03 тоот гэрээний 3.1-д “нэг сарын тээврийн хөлс машин тус бүр тогтмол 8.000.000 төгрөг” гэж заасан байдал дээр дурдсан гэрээтэй нэгэн адил талууд хөлсийг “сараар” тохиролцсон гэж үзэхээр байна.
4.Зохигчид гэрээгээр түрээслүүлэгч тал техникийг жолоочоор хангах, техникийн бүрэн байдлыг хангах үүргийг хүлээхээр тохиролцжээ. Мөн түрээслэгч ажлыг гүйцэтгэхэд шаардагдах шатахууны зардлыг хариуцах, түрээслэгчийн ажилгүй үед сул зогсолт хийхээр тус тус заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Г.Д-ээс “ажиллах явцад 31-09 УНХ техник талаас зогссон юм байгаагүй, хааяа жижиг шаланк тасрах зүйл байсан, 2 цагийн дотор засдаг” гэж, гэрч Б.Б-оос “5 дугаар сарын сүүлээр 6 арын эхээр уурхайд танай эксковатороор хийлгэх ажил алга байна, түр амраад ир гэж “И” ХХК-иас хэлсний дагуу хориод хоног ажиллаагүй амарсан, шанага, шүд солих зэрэг ажил хийгдэж байсан. Тэр нь 2-3 цагийн ажил байдаг. Тэр ажлаа хийгээд ажлаа хийдэг байсан” гэж, харин гэрч Э.А-оос “наадмын дараанаас эксковаторууд халаад байсан, 7 сарын сүүлээс ажиллуулаагүй зогсоосон, шахдаг насос нь муудаад ирэхээр халаад ажиллахаа больдог, тухайн үед Г.Бийн дүү техникийг хариуцаж байсан н.Э-д энэ тухай хэлж байсан, нэг ширхэг өөрөө буулгагч норд машин ирснээсээ хойш нэг ч ажиллаагүй, жолооч байгаагүй, цагийн бүртгэлийг н.Ө гэж Г.Бийн хүн хийдэг байсан” гэж, гэрч Ө.А-аас “тооцооллыг н.Ө гэж Г.Бийн хариуцсан хүнтэй утсаар өдөр бүр ярьж мэдээг авдаг байсан, гар бичмэлийнхээ зургийг надад явуулдаг байсан, түүгээр ажилласан цагийн тооцоог хийсэн, хамгийн сүүлд Г.Б надад 165 сая төгрөг авах ёстой гэсэн тооцоолол хийж ирүүлсэн” гэж тус тус мэдүүлсэн. /хх 67-69, 116-119, 159-162, 163-164/ Түүнчлэн шүүхээс үзлэг хийсэн тухайн үед талуудын хөтөлж байсан гэх цагийн бүртгэлд “7 дугаар сарын 09-нд Экске О Бор өндөр явав, №4 ажиллаагүй, 7 сарын 19-нд №6 8.00 – 11.30 цагт халаад молдок ажилгүй зогсов, 7 сарын 26-нд №4засвар үйлчилгээ хийв, 7 дугаар сарын 30-нд 7.20-10.10 цагт бороотой, 8 дугаар сарын 3-нд №4 засвар хийв, шанага янзлав” гэх зэргээр тэмдэглэгдсэн зэргээс дүгнэвэл техник зогсох, халах, жолоочгүй болох зэрэг нөхцөл байсан болох нь тогтоогдсон. /хх 121-137/
Иймд хэн алин нь дээр дурдсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон, түүнчлэн хэн алин нь түрээсийн техникүүдийн цаг бүртгэл болоод ашиглалтын талаар шаардлага хангасан бүртгэл хөтөлж байгаагүй болох нь тогтоогдсон тул шүүх хэрэгт авагдсан үзлэгээр бэхжигдсэн баримтын хүрээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагын нягтлан Ө.А-д цахимаар 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлж байсан өөрийн авах түрээсийн төлбөрийг тооцоолж нийт 165.870.000 төгрөг, нийт 112.648.000 гэж тус тус тооцсон хоёр баримтыг явуулж байжээ. Шүүх үүнээс нэхэмжлэгчийн тооцоолсон 165.870.000 төгрөгөөс төлсөн дүнг хасч үлдэх хэсгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Харин 112.648.000 төгрөг гэж түрээсийн төлбөрийг тооцсон тооцооллыг харвал 2020 оны 6 дугаар сараас хойшхи хугацаанд дөрвөн техникт хамааруулж тооцсон үүнээс өмнөх 4, 5 дугаар сарын тооцоо тусгагдаагүй байх тул энэ дүнгээс тооцох боломжгүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тухайн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй үнэлэх боломжгүй гэж эс зөвшөөрч маргасан ч шүүхийн журмаар хийсэн үзлэгээр бэхжигдсэн, нэхэмжлэгч Г.Бөөс цахим хэлбэрээр хариуцагчийн нягтлан бодогчид хүргүүлсэн үйл баримт тогтоогдсноос гадна тухайн мэйлийг явуулж байсан үйл баримтад нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүйг дурдав.
Дээрхийг нэгтгээд шүүх хариуцагчаас түрээсийн төлбөрт нийт 123.865.006 /төлөх 165.870.000 – төлсөн 42.004.994/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.480.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хуульд заасан хувь хэмжээгээр зохигчдод хариуцуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан “И” ХХК-иас 123.865.006 /Нэг зуун хорин гурван сая найман зуун жаран таван мянга зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх 140.634.994 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.480.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 777.275 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2021/09043 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ