Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2021/02302

 

                    

 

 

 

 

 

 

        2021         11         29

                               181/ШШ2021/02302

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороонд оршин суух, Д.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороонд байрлах, “С” ХХК /Регистрийн дугаар: 5749301/-д холбогдох

Гэрээний үүрэгт 3.410.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажилладаг бөгөөд 2019 оны өвөл буюу 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан цагаан хаалганы тэндэх “С” ХХК-ийн барьж байсан 16 давхар хоёр блок барилгын Б блок барилгын 13 дугаар давхарт өрлөгийн ажил хийсэн. Нийт 360 мкв талбайн өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус ажлын хөлсийг 3.410.000 төгрөгөөр тохирсон ба бид ажлаа захиалагч талтай тохирсон хугацаанд 10 хоногийн дотор гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Бид бичгээр гэрээ байгуулаагүй. Уг ажлыг анх тус компанийн талбай хариуцсан инженер Д.Н гэж хүнтэй очиж уулзаад хийсэн. Тус компанийн захирал Д.Г-тэй ажил гүйцэтгэж дуусаад оны өмнө очиж уулзахад хоёр машин борлуулаад мөнгийг удахгүй өгнө гэж хэлсэн боловч өнөөг хүртэл өгөөгүй байна.  Үүнээс хойш захирал нь утсаа солиод холбогдож чадаагүй.  Бид бригадаараа 8-12 хүн хамт ажилласан бөгөөд би ахалж ажилласан тул тэдгээр хүмүүс надаас мөнгийг нэхэж байгаа. Нийтдээ 10 гаруй хоног уг ажлыг хийж дуусгасан. Одоо болтол уг барилга баригдаж дуусаагүй байсан. Бид дүүргэлтийг нэг метр квадрат тутамд 10.000 төгрөг байхаар тохирч тоосгоор 100 мкв хана өрсөн, блокоор 260 мкв өрсөн, нийтдээ 360 мкв хана өрсөн. Нийт ажлын хөлс 3.410.000 төгрөг болсныг тухайн үеийн талбайн инженер Д.Н баталгаажуулж бидэнд бичиж өгч байсан. Ажил дууссаны дараа мөнгөө хөөцөлдөөд өгөхгүй байсан тул 7-8 хоногийн дараа байх очиж энэ бичгийг бичүүлж авсан. Хариуцагч мөнгө өгөхгүй гэдэггүй, харин мөнгө орж ирэхээр өгнө гэдэг. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт “С” ХХК-иас 3.410.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Э “С” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3.410.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Г-т шүүх нэхэмжлэлийн хувийг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан ч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаа болох нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Мөн өнөөдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн сүүлийн хаягаар хүргүүлсэн, түүнчлэн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “шүүх хуралдаанд оролцох”, “хэргийн материалтай танилцах” эрхийг шүүхээс удаа дараа хангаж 2021 оны 11 дүгээр сарын 01-нд, 2021 оны 11 дүгээр сарын 15-нд товлон зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. Иймд хариуцагч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

            Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч Д.Э хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэгчээр ажиллаж буй Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах барилгын Б блок хэсэгт блок дүүргэх өрлөгийн ажлыг хийхээр 2020 оны 11 дүгээр сард амаар харилцан тохиролцсон, улмаар тухайн барилгын 13 дугаар давхрын нийт 360 мкв өрлөг ханыг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан талбайн инженер гэх Г.Н-ийн гараар бичсэн тодорхойлолт, гэрч Т.Ө-ын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэж, хуульд заагаагүй бол хэлцлийг амаар байгуулж болно гэж тус тус заасан тул шүүх талуудын хооронд дээрх тохиролцоог амаар хийснээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээхээр тус тус заажээ.

Хэрэгт баримтаар авагдсан талбайн инженер Г.Н-ийн гараар бичиж өгсөн тодорхойлолтод “13 давхарт өрлөг хийсэн бригадын дарга Э-т, ...  бүгд 360 мкв, цалин 3.410.000 төгрөг олгож өгнө үү” хэмээн бичигдсэн байх тул нэхэмжлэгч ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзнэ. Иймд тэрээр хийсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд шүүх “С” ХХК-иас ажлын хөлс 3.410.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан “С” ХХК-иас  3.410.000 /Гурван сая дөрвөн зуун арван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 69.510 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ