Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2021/02235

 

 

 

 

 

 

 

 

      2021          11         22

         181/ШШ2021/02235

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч С.Энхбаяр, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, “М Д” ХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороонд бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, “Ө А З” ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 11.747.653 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ч.Л, иргэдийн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай компани “М Н” ХХК-тай хөрөнгийн даатгалын №20/00387613 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээгээр даатгалын зүйл нь шилэн кабел байдаг. Гэтэл гэрээний хугацаанд даатгуулагч “М Н” ХХК-ийн дараах байршил дахь шилэн кабелиудад нийтдээ 7 удаагийн үйлдлээр “Ө А З” ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдон хохирол учруулсан байдаг. Үүнд:

-2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад-Баян-Овоо чиглэлийн Кокс сайтын замд байдаг шилэн кабелыг замын засвар хийх явцдаа тасалсан байх ба засварлах зардалд 2.128.921 төгрөг,

-2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Оюутолгойгоос Кокс үйлдвэр чиглэлийн шилэн кабелийг замын засвар хийх явцдаа тасалсан байх ба засварлах зардалд 1.993.386 төгрөг

-2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд чиглэлийн шилэн кабелийг авто зам барих явцдаа тасалсан ба засварлах зардалд 1.926.589 төгрөг,

-2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Тавантолгой-Даланзадгад чиглэлийн шилэн кабелийг зам барих явцдаа эксватороор ухаж байгаад тасалсан байх ба засварлах зардалд 2.567.523 төгрөг,

-2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Оюутолгой чиглэлийн шилэн кабелийг зам барих явцдаа тасалсан байх ба засварлах зардалд 1.797.462 төгрөг,

-2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Тавантолгой-Даланзадгад чиглэлийн шилэн кабелийг зам барих явцдаа тасалсан байх ба засварлах зардалд 1.279.557 төгрөг,

-2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад- Оюутолгой чиглэлийн шилэн кабелийг тус компанийн ажилчид нүх ухах явцдаа тасалсан байх тул засварлах зардалд 1.430.642 төгрөг тус тус гарсан байна.

“МД” ХК-иас гэмтлийн улмаас даатгуулагч “М Н” ХХК-ийн хөрөнгөд учирсан хохирлыг даатгалын гэрээний дагуу барагдуулсан бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Хөрөнгийн даатгалын гэрээний 5.5.1-д заасны дагуу шаардах эрхийг тус тус шилжүүлж авсан.

Энэ даатгалын гэрээний зүйл өөрөө онцлогтой, шилэн кабел тул гэрээгээр бага дүнтэй хохирлыг манай зүгээс нягтлах, очиж үзэж гуравдагч этгээдээр дүгнэлт гаргуулах боломжгүй. Иймд ирүүлсэн материалыг судалж үндэслэлтэй гэж үзсэн тул нөхөн төлбөрийг олгосон. Түүнчлэн гэрчүүд хариуцагч компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км зам барих ажлыг гүйцэтгэх явцдаа шилэн кабел тасалсан гэдгийг мэдүүлсэн. Хуульд зааснаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгагддаг тул даатгуулагчийн нэхэмжилсэн мөнгөн дүнгээс татварын 10 хувийг хасч үлдэх 90 хувийг шилжүүлж байгаа тул мөнгөн дүнгийн хувьд зөрүүтэй зүйл байхгүй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дүгээр зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 11.747.653 төгрөгийн хохирлыг “Ө А З” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 7 удаагийн даатгалын тохиолдол гарсан үндэслэлээр хохиролд 11.747.653 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Манай байгууллага “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 250 км хатуу хучилттай зам барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр 2021 оноос ажиллаж байгаа. Үүнээс өмнө уг замын ажлыг бүхэлд нь хариуцаагүй, харин 150 орчим км хэсгийг хариуцаж байсан.

Хэрэгт авагдсан даатгалын гэрээ, гэрээний хавсралт зэргээс үзвэл эхний удаагийн тохиолдлын хувьд даатгалын зүйлд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй тул манайх эхний тохиолдлыг хүлээн зөвшөөрч байна. Харин сүүлийн 6 удаагийн тохиолдлын хувьд даатгалын зүйл мөн эсэх тодорхойгүй, энэ тухай баримтгүй байна. Иймд даатгалын зүйлд учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй. Түүнчлэн манай буруугаас үүдэлтэй болох нь баримтаар тогтоогдоогүй тул зөвшөөрөхгүй. Мөн хэрэгт авагдсан даатгалын нөхөн төлбөр шилжүүлсэн мөнгөний баримтуудыг үзвэл нэг өдөрт гурван удаагийн төлбөр шилжүүлсэн тул аль нь энэ хэрэгт хамааралтай даатгалын тохиолдлынх гэдэг тодорхойгүй.  “М Н” ХХК-иас нөхөн төлбөр нэхэмжилсэн дүн, нэхэмжлэгч байгууллагаас шилжүүлсэн мөнгөн дүн бүгд зөрүүтэй байна. Иймд хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй, гэм буруутай гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “МД” ХК-иас “Ө А З” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 11.474.653 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

“МД” ХК, “М Н” ХХК нар 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх “М Н” ХХК-ийн өмчлөлийн электрон тоног төхөөрөмжид гуравдагч этгээдийн зүгээс хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоор, 10 сая төгрөгөөс доош үнэтэй хохирлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт шаардахгүйгээр даатгуулагчийн бүрдүүлж өгсөн нөхөн төлбөрийн баримтыг үндэслэн олгохоор тохирч нэг жилийн хугацаатай 20/00387613 тоот Хөрөнгийн даатгалын гэрээг байгуулжээ. /хх 9-18, 89-90/

“М Н” ХХК нь Тавантолгойгоос Оюу толгой чиглэлд 136,21 га газарт шилэн кабелийн зориулалтаар ашиглах эрхтэй болох нь хэрэгт авагдсан 000343246 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Даатгуулагч “М Н” ХХК-ийн зүгээс даатгалын тохиолдол үүссэн үндэслэлээр 2020 оны 9 дүгээр сарын 10-нд, 2020 оны 10 дугаар сарын 14-нд, 2021 оны 01 дүгээр сарын 13-нд, 2021 оны 4 дүгээр сарын 19-нд тус тус нөхөн төлбөр хүссэн хүсэлтийг “МД” ХК-д хүргүүлжээ. /хх 19-20, 30, 76, 82/  Нэхэмжлэгч байгууллагаас нөхөн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 02-нд, 2020 оны 11 дүгээр сарын 10-нд, 2021 оны 01 дүгээр сарын 28-нд, 2021 оны 5 дугаар сарын 16-нд тус тус олгосон, улмаар мөн өдрөө шаардах эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулсан байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар шаардах эрхийг шилжүүлж авсан, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзнэ. /хх 6-8, 39, 40, 80, 87/,  /хх-81, 88, 91, 92/

Хариуцагч эхний тохиолдлоос бусад нь даатгалын зүйлд учирсан хохирол мөн эсэх тодорхойгүй, нэхэмжлэгч энэ тухай баримтыг ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шаардах эрхгүй гэж тайлбарлав. Хэрэгт баримтаар даатгагч, даатгуулагч нарын хоорондох “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” болон нөхөн төлбөр шилжүүлсэн баримтууд авагдсан тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар “Ө А З” ХХК нь “Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын төсөл”-ийн замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа болох нь тогтоогдсон. /хх 100-108, 117-126/

Хариуцагч 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр шилэн кабель тасалсан үйлдлийг хүлээн зөвшөөрч, харин үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргав.  Улмаар замын ажлыг 2020 онд бүхэлд нь бус 150 км хэсгийг хариуцаж байсан, 2021 оноос бүхэлд нь ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан тул 2020 онд шилэн кабель тасарсан явдал хариуцагчийн замын ажлаас шалтгаалсан эсэх тодорхойгүй, шалтгаант холбоотой эсэх тодорхойгүй гэж тайлбарлав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Хэрэгт баримтаар “М Н” ХХК-иас нөхөн төлбөр хүсэхдээ бүрдүүлсэн 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 18.10 цагт Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Кокс сайтын чиглэлд, кокс сайтаас хэмжихэд 18 км-т шилэн кабел тасалсан, /хх 21-23/

-2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 13.31 цагт Өмнөговь аймаг, Оюутолгой- Кокс сайтаас урагш засмал замын 75 дахь км-т шилэн кабел тасалсан, /хх190-191/

 -2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 18.09 цагт Өмнөговь аймаг, Баян-Овоо Коксоос Ханбогд чиглэлд шилэн кабель тасалсан, шинээр зам тавьж байгаа “Ө А З” ХХК-ийн ажилтантай утсаар холбогдож асуухад 72,5 км-т үерийн усны шуудууны нүх ухаж байгаад тасалсан гэж хариу өгсөн, /хх 196-199/

-2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 16.15 цагт Өмнөговь аймаг,  Тавантолгой-Даланзадгад чиглэлд шилэн кабел тасалсан, “Ө А З” ХХК-ийн ажилтантай утсаар холбогдож асуухад 66,160 км дээр замын өндөр хэсэгт эксковатороор ухаж байгаад тасалсан гэж хариу өгсөн хэмээн тэмдэглэсэн, /хх35-38/

-2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 15.15 цагт Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Оюутолгой чиглэлийн шилэн кабел тасалсан, “Ө А З” ХХК-ийн ажилтантай утсаар холбогдож асуухад уурхайн шороон орд хийж байгаад тасалсан гэж хариу өгсөн хэмээн тэмдэглэсэн, /хх 31-34/

-2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 07.55 цагт Өмнөговь аймаг, Тавантолгой-Даланзадгад чиглэлд шилэн кабель тасалсан, “Ө А З” ХХК-ийн ажилтантай утсаар холбогдож асуухад Тавантолгойгоос урагш авто замын 68 км дээр  карьерийн шороо авдаг хэсэгт эксковатороор ухаж байгаад тасалсан гэж хариу өгсөн хэмээн тэмдэглэсэн, /хх 84-86/

-2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10.06 цагт Өмнөговь аймаг Оюутолгой чиглэлд шилэн кабель тасалсан, “Ө А З” ХХК-ийн ажилтантай утсаар холбогдож асуухад 72 км дээр тэсэлгээний өрөмдлөгийн нүх ухаж байгаад манай трасс дээр эксковатор элсэнд сууж гарах гэж шанагаараа өөрийгөө татаж байгаад тасалсан гэж хариу өгсөн хэмээн тэмдэглэсэн /хх 78-79/ баримтууд авагджээ.   Түүнчлэн гэрч А.Г “Монгол улсын сүлжээг бүхэлд нь хянаж байдаг сүлжээний төв байдаг. Кабел тасрах үед хянах самбар дээр улаан гэрэл асч мэдэрдэг. Аларм буюу улаан гэрлийг хараад тухайн гэмтэл гарсан газарт аль ойрхон бүсийн төвд мэдэгдэж инженерүүд очдог” гэж, гэрч Д.Ц “замын ажилд ихдээ 239 ширхэг хүртэл техник ажиллаж байсан, шилэн кабел 7 удаа биш 2-3 удаа тасалсан санагдаж байна” гэж,  гэрч Б.Л “Бүх 7 дуудлагыг  гар утсаараа хүлээж авсан, 6 удаа би очиж засварын ажлыг хийсэн, “Ө А З” ХХК-ийн ажилчдад удаа дараа кабель тасалсан талаар, хаана, хаана кабел байгаа талаар хэлж зааж өгч сануулсан ч тасдаж байсан, яагаад таслав гээд шаардлага тавихаар шинэ хүмүүс ажилд ороод мэдэхгүй байсан учраас гэж тайлбар өгдөг байсан” гэж, гэрч Б.Б “дээрх бүх тохиолдлуудад “Ө А З” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байсан, 7 удаа тасалсан” гэж тус тус мэдүүлсэн тул шүүх хариуцагч “Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн 250 км авто замын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн хувьд тухайн зам барих ажлыг гүйцэтгэх явцдаа шилэн кабель тасалсан тэдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэв. /хх 144-151, 169-174/ Иймд тэрээр учирсан бодит хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ. Хохирлын хэмжээний хувьд “М Н” ХХК-д нөхөн төлбөрт бодитоор шилжүүлсэн үнийн дүнгээр тооцох нь зүйтэй.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 10.578.279 /682.637 + 1.733.930 + 1.794.048 + 2.310.770 + 1.617.716 + 1.151.600 + 1.287.578/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  /хх 6-8, 39, 40, 80, 87/

Иргэдийн төлөөлөгчийн зүгээс хариуцагч гэм буруутай тул нэхэмжлэлийг хангах үндэстэй гэсэн дүгнэлт гаргасан нь дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй тохирч байна. Харин хохирлын хэмжээг шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Ө А З” ХХК-иас 10.578.279 /арван сая таван зуун далан найман мянга хоёр зуун далан есөн/ төгрөг гаргуулж “МД” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.169.374 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.920 /89.810+58.320+84.790/ төгрөгөөс 202.912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 30.008 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 184.202 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

           

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД                                         С.ЭНХБАЯР

 

   Г.ЭНХЦЭЦЭГ