Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж

улсын яллагч Э.Гантулга,    

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******ийг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                

Монгол Улсын иргэн,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 29-ний оройн 20 цагийн орчим ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ******* толгойн тус газарт стаканаар цохиж улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                     /сэжигтэнг яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2016 оны 11 сарын 29-ний орой ******* над руу утсаар яриад би согтуу байна. Гэрийнхээ хамаг юмыг эвдчихлээ, ирээд аваадах гэж хэлэхээр нь би гадаа нь очоод сигналдахад гарч ирээд машинд суусан. Нилээд согтуу байсан. Дэлгүүрээс 1 шил архи аваад Мөнхдалайгийнд очсон. ******* Мөнхдалайд би эдний эгчийг гуйсан чинь эднийхэн надад хүүхнээ өгөөгүй гээд байхаар нь би ямар нэг зүйл хэлээгүй, харин Мөнхдалай чи эрүүл саруул дээрээ наад үгээ хал гэж байсан. Надаас хэрүүл гуйгаад байхаар нь чи битгий олон юм яриад бай гэж л хэлсэн. Тэгэж байтал миний дагзны баруун талд ******* барьж байсан стаканаар  цохьчихсон. Стакан ч хагарсан. Мөнхдалай түүнийг гэрээсээ түлхэж гаргасан. Миний толгойноос цус гараад байсан ба тогтоох гэхэд тогтохгүй байсан. ингээд би аргагүйн эрхэнд эмнэлэг рүү очиж оёдол тавиулсан. *******эд толгойгоо цохиулаад миний дагзны баруун дээд хэсэгт 3*0,5 см, баруун доод хэсэгт 0,5*0,5 см-ийн хэмжээтэй зүсэгдсэн шарх үүссэн. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлыг ******* төлж барагдуулсан. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 33-34/,

Гэрч хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2016 оны 11 сарын 29-ний орой *******, ******* нар манайд орж ирсэн. ******* согтуу, ******* эрүүл байсан. 1 шил архи задлаад 1 тойруулаад байж байхад Ханбүргэл *******аас хэрүүл өдөөд бэр гуйхад танайхан намайг хулгайч гээд зөвшөөрөөгүй гэж ярьсан. ******* тэгэхэд би тэр асуудлыг мэдэхгүй, аав ээж 2 тэгсэн байх гэж хариу хэлсэн. ******* миний зүүн талд сууж байсан. ******* гал тогооны өрөө рүү ороод буцаж ирээд миний баруун талд суусан. Удалгүй урьд ярьж байсан зүйлээ яриад ширээн дээр байсан стаканыг аваад ******* руу шидсэн. *******ын дагз, толгойн орой орчимд нь очиж цохьсон. Би *******ийг салгаад гэрээс авч гараад явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

Шүүгдэгч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

...би *******ыг танина. Найз нөхдийн холбоотой. 2016 оны 11 сарын 29-ний өдөр Баттулгатай тэднийд очиж 1 шил архи хувааж уусан. Тэдний гэрээс гараад гэр рүүгээ явж байснаа мэдэж байгаа юм. Түүнээс цааш юу болсныг огт мэдэхгүй байна. Тэр өдөр архи уух болсон тодорхой шалтгаан байгаагүй бөгөөд 18 цагийн үед ажлаасаа тарж яваад архи уусан. Шөнө гэртээ унтаж байхад миний найз хүүхэн Лхагвасүрэн намайг дуудаж сэрээсэн. Тэр хэлэхдээ чи Сүхээгийн толгой руу нь цохисон байх юм. Яаж байгаа юм бэ гэсэн. Би тэр даруйд эмнэлэг рүү очиход ******* толгойгоо оёулаад байж байсан. ******* бидний хооронд муудалцах ямар нэг шалтаг байхгүй. *******ын эгчтэй би дотно харилцаатай ба бэр гуйхад аав ээж нь зөвшөөрөөгүй юм. Энэ асуудлаас би дотроо жаахан дургүйхэн байдаг байсан бөгөөд ******* ч мөн намайг эгчтэй нь дотно харьцаатай байдагт дургүй байдал ажиглагдаад байдаг юм. Ийм шалтгаанаас болж би түүний эрх чөлөөнд халдсан байж магадгүй. Энэ үйлдэлдээ хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй. Эмчилгээний зардалыг төлж барагдуулсан. *******аас уйчлалт гуйж бид эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 80-81, 86-87/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 599 тоот: 1.******* биед тархи доргилт, дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эмнэлгийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/,

-эвлэрлийн гэрээ /хх-ийн 6-8/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 26-27/

-эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 28-30/

-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 31/

-сэрэнги үеийн тархины цахилгаан бичлэг /хх-ийн 48-58/

-өвчний түүхийн хуулбар /хх-ийн 62-75/

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88/

-*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 89/ болон шүүхийн хэлэцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн баримт 1 хуудас зэргийг шинжлэн судалсан болно.  

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний оройн 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5-р багийн нутаг дэвсгэрт иргэн ******* толгойн тус газарт стаканаар цохиж улмаар бие махбодид нь хөнгөн  зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, *******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч ******* бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн стаканы хагархайг устгав.

Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.      

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.   

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн стаканы хагархайг устгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар *******ийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх  бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ