| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/0953/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/956 |
| Огноо | 2024-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/956
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд, улсын яллагч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***холбогдох, эрүүгийн 2408000001078 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *** нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ***тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “цох, хамар, зүүн сарвуу, зүүн алганд шарх, цээжинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч ***н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийн бууртай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408000001078 дугаартай хэргээс:
2. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1, 3 дугаар хуудас/,
3. Хохирогч ***ийн өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөрш айлын залуу болох *** хамтаар барилгын ажил хийгээд орой 23 цагийн үед тараад тэрээр “ганц, нэг пиво уугаад, хөзөр тоглох уу” гэхэд нь “тэгье” гээд хамт явсан. Бид хоёр дэлгүүр ороод *** “Сэнгүр” нэртэй лаазтай пиво нэг ширхгийг аваад гэрийнхэндээ юм авсан. ...Манай гэрт ороод хоол идээд, хөзөр тоглож байгаад *** хожигдоод надад 20,000 төгрөг алдсан. Тэр мөнгөөрөө пиво авч уухаар болоод манай гэрээс гараад “Си Юу” ороод 2.4 литрийн “Сэнгүр” нэртэй пиво нэг ширхгийг худалдаж аваад ...манай гэрийн үүдэнд уусан. Би гэр рүүгээ ороод 2 ширхэг зузаан шаазан аяга байсныг авч гарч ирээд ...пивоо ууж, юм яриад сууж байгаад маргалдаад би гараараа ***г түлхсэн. Тэгтэл *** намайг “салаавч өглөө” гэхээр нь би “салаавч өгөөгүй” гэж хэлээд барьцалдаж авахад тухайн үед пиво ууж байсан шаазан аягаар миний нүүр рүү 2 удаа цохисон. ...Миний дух, хамар хэсэг зүсэгдэж оёдол тавиулсан. Гараараа хааж байгаад гартаа 2 зүсүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7946 дугаартай: “...1. ***ийн биед цох, хамар, зүүн сарвуу, зүүн алганд шарх, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх шарх, гэмтлүүд нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цээжний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
5. Шүүгдэгч ***н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 19-37, 45-50, 52-58 дугаар хуудас/,
6. “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,
7. Хохирогч ***аас гаргаж өгсөн хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 43, 72-75 дугаар хуудас/,
9. Шүүгдэгч ***н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөрш айлын *** ах намайг “хамт хөзөр тоглох уу” гэхээр нь би зөвшөөрөөд хамт пиво уусан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинд хамт ууж байгаад цэргийн амьдралын талаар ярьж байгаад маргалдсан ба *** ах над руу салаавч гаргаад элдвээр хараагаад байхаар нь миний уур хүрээд би пиво ууж байсан аягаа гартаа барьж байгаад нүүр рүү нь хоёр удаа цохисон. Тэгээд цээж рүү нь гараараа нэг удаа түлхсэн. Миний цохисон аяганы хагархайнд гар нь зүсэгдсэн байх өөр маргаан, зодоон болоогүй. Духыг нь цохиод духнаас нь цус гарсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,
10. Хохирогч ***ийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...*** надаас уучлалт гуйгаад бэлнээр 1,000,000 төгрөг өгсөн. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй, бид хоёр эвлэрсэн. Сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгож нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***н гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөрдөх байгууллагаас ***д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болохыг дурдав.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тоотын гадаа иргэн ***тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг шаазан аягаар удаа дараа цохиж биед нь “цох, хамар, зүүн сарвуу, зүүн алганд шарх, цээжинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай” дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн зүгээс “гэм бурууг хүлээн зөвшөөрч” оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Хэргийн хохирогч ***ийг эрүүл мэндэд учирсан “цох, хамар, зүүн сарвуу, зүүн алганд шарх, цээжинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ***н түүнийг шаазан аягаар удаа дараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч ***н хүний халдашгүй дархан байх эрхэд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэв.
Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан байдаг.
Хохирогч ***ийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ***н гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***ийн зүгээс “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, хохиролд бэлнээр 1,000,000 төгрөг авсан” гэж мэдүүлдэг тул энэ тогтоолоор шүүгдэгч ***г бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэв.
Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Дөрөв. Бусад:
Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***ийн ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хохирогч ***т нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэж мэдүүлдэг тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ