| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/0900/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/939 |
| Огноо | 2024-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/939
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд, улсын яллагч М.Эрдэнэзаяа /томилолтоор/, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2405010520442 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Мөн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “888” нэртэй баарны гадна хохирогч *** нүүрэн тус газарт мөргөх, чулуугаар толгойн тус газарт нь цохих зэрэг байдлаар биед халдан зодож, эрүүл мэндэд нь “зулай, баруун чихэнд шарх, баруун доод 2 дугаар шүд, зүүн доод 2 дугаар шүдний сулрал, дээд, доод уруулын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч ***н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй....” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2405010520442 дугаартай хэргээс:
2. Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,
3. Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Фламинго” нэртэй шөнийн цэнгээний газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас/,
4. Гэрч ***ийн өгсөн: “...Би “Фламинго” нэртэй бааранд зохион байгуулагчаар ажиллаад 14 жил болж байна. 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай баар 21 цаг 30 минутад онгойсон. Тэгээд үйл ажиллагаагаа явуулж байтал шөнө 02 цагийн үед 5 дугаартай ширээн дээр 2 эмэгтэй, 2 эрэгтэй орж суугаад 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи, 3 шил “Сэнгүр” пиво, ундаатай авсан. Удахгүй 2 дугаартай ширээн дээр үйлчлүүлж байсан 8 залуучуудтай муудалцаад байсан. Юунаас болж муудалцсаныг мэдээгүй. Тэгээд би зодолдохоос нь өмнө болиулаад салгацгаасан. Хутгалсан залуугийн эхнэрийнх нь “өрөөсөн ээмэг алга болчихсон байна” гээд би 2 дугаартай ширээний ойролцоо очиж ээмэг хайж байтал 5 дугаартай ширээн дээр сууж байсан хар куртиктэй, 30 орчим насны залуу, ээмгээ алга болгосон эмэгтэйн нөхөр хоёр маргаад нэг мэдсэн 30 орчим настай залуу хутгалуулсан, хутгалсан залуу нь зугтаахаар нь би үүдэнд барьж аваад гарт нь байсан хутгыг булааж аваад цагдаа, эмнэлэг дуудсан. ...тухайн хоёр залуугаас өөр хүмүүс маргалдаж зодолдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
5. Гэрч ***ын өгсөн: “...Би ажил дээрээ 09 цаг 30 минутад ирээд цэвэрлэгээ хийгээд ажлаа хийсэн. Тэгээд 03 цаг өнгөрч байхад зохион байгуулагч намайг “дуугаа зогсоо” гэхэд бүжгийн талбайн цаад талын ширээн дээр хүмүүс хоорондоо маргаж байсан. Тэгээд тэр хүмүүсийг салгаж байтал нэг хүүхэн нэг “хүн хутгалуулчихлаа” гэхээр нь би очоод тухайн хүмүүсийг салгасан. Дараа нь нэг залуу сандал дээр хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. Хэн, яаж байгаад тэр залууг хутгалсан гэдгийг би хараагүй. Хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь би орж салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
6. Гэрч ***гийн өгсөн: “...Тэгээд бид нар гараад үүдэнд зогсож байхад тек дээр зогсож байсан залуу “нэг нь ороол ээмэг хайчих” гэж хэлээд намайг оруулахгүй ***, *** хоёрыг баар руу оруулсан. Баарны үүдэнд ***бид хоёр зогсоод ***, *** хоёрыг хүлээж байхад тэр хоёр хүмүүстэй хэрэлдээд, орилолдоод байхаар нь намайг орох гэхэд оруулахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
7. Гэрч ***ын өгсөн: “...Тухайн хэрэг гарсан өдөр өөрийн төрсөн ах болох ***ын хамт авто угаалгын газар нь ажиллаж байхад манай ахын найз нь “Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фламинго” нэртэй шөнийн цэнгээний газар байна, хойш Баянхошуу хүргээд өгөөч гэж байна” гээд шөнө 02 цаг өнгөрч байхад ирж хэлсэн бөгөөд тухайн үед найз нь гэх эмэгтэй гадуур хувцсаа үлдээсэн байна гэж хэлсэн. Тухайн үед нь ах “тэгье хүргээд өгье” гэж хэлэхээр нь ахын хамт гараад тухайн бааранд араас нь хамт гараад очсон юм. Ингээд очиход манай ахын найз гэх эмэгтэй өөр хоёр найз хүүхнийхээ хамт байсан. Ингээд эгч өөрөө бид хоёрт хандаад “нэг шил архи аваад өгөөч” гэхээр нь ах бид хоёр нэг шил 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи аваад мөн 5 ширхэг ундаа болон 4 шил 0.5 литрийн пиво аваад уусан. Бид нээх уугаагүй, хүний хоёр хоёр удаа бага хэмжээгээр хийж уучхаад гадаа гарч тамхи татахаар болж гарсан юм. Ингээд бид хоёр гадаа тамхи татаж байгаад эргээд ороод ирэхэд манай ахын танил эмэгтэй өөр нэг танихгүй хүнтэй зууралдаад салсан гээд маргаан болоод хоёр өөр ширээнээс хэрүүл маргаан хийцгээгээд байж байсан. Би ахтай ширээн дээрээ ирээд суух гэтэл манай ширээний хүмүүстэй хажуу ширээний хүмүүс маргаан болоход манай ширээний эд зүйл салгаад тараагаад хаячихсан байсан. Тэгээд нөгөө талын хүмүүстэй хамт яваа гээд өндөр, нам хоёр залуу манай ширээний хажууд ирээд хэрүүл хийгээд байсан. Бид хоёр “боль” гээд хэлсэн бөгөөд нэг намхан туранхай өндөр залууд хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд маргаан болж эхэлсэн. Ингээд бид нар маргаан мэт зүйл болж байхад нөгөө хоёр эрэгтэйн туранхай залуу нь гэнэт ахын зүүн тал хэсэгт зүүн халааснаасаа нэг тонгорог мэт зүйл гаргаж ирээд нэг удаа хутгалж байгаа харагдсан ба би тухайн үед нь шууд нөгөө залууг хойш түлхээд холдуулсан бөгөөд энэ үед манай ах бид нарт хандаад “наадах чинь намайг хутгалсан” гэж хэлэхээр нь би хамгаалагчид хандаад “наадах хүнээ гаргаж болохгүй шүү, хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэнд байсан хэн нэг нь түргэн тусламж болон цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй эмнэлэг болон цагдаад нар ирсэн бөгөөд цагдаа нар ахыг хутгалсан хүнийг аваад явсан. Харин би 103-ийн эмч нартай хамт өөрийн төрсөн ах болох ***ын хамт Цэргийн төв эмнэлэгт хүргэж өгөөд эмч нар ажиглалтад хоёр цаг болоод “гайгүй бол оёдол хийнэ” гэж хэлсэн бөгөөд хоёр цаг болоод ахын зүүн бөөрний хэсэгт 3 оёдол хийлээ гэж хэлсэн. Би бараг уугаагүй байсан тул согтоод байсан зүйл байхгүй болсон явдлыг сайн санаж байна. Би хэн нэг хүнд гар хүрсэн, гэмтэл бэртэл учруулсан зүйл байхгүй. Би ахыг хутгалсан залууг нэг удаа заамдаж түлхсэн ба түүнээс өөр ямар нэг ямар нэг хүнд гар хүрсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/,
8. Хохирогч ***ын өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай нэг эмэгтэй найз Энхтуяа нь найз нартайгаа хамт байна гэж хэлсэн. Би тухайн үед нь хорооллын “Хөгжил” хотхоны хойд талд байдаг “Чанар” нэртэй авто угаалга дээр байж байгаад өөрийн төрсөн дүү болох Саранбаярын хамт очихоор болсон ба надад хэлэхдээ тэр хэд манай хойно байдаг “Фламинго” гэх нэртэй бааранд байна гэж хэлсэн. Би тухайн үед ямар нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба бид хоёрыг очиход найз эмэгтэй Энхтуяа өөр 2 найз нь гээд эмэгтэй нар байсан. Дүү бид хоёр очоод тэд нартай хань болж суугаад хүний 2 шил пиво аваад тэд нарын ууж байсан архи болох “Соёрхол” гэх архи байснаас хоёр гурван удаа жижиг рүнкээр уусан. Тэгээд дүү бид хоёр гадаа гараад хэсэг байж байгаад эргээд ирэхэд манай хамт байсан эмэгтэйчүүд дээр үл таних хоёр эрэгтэй хүн ирсэн маргаан хийж байсан ба би ямар асуудлаас болоод маргаан болоод байгаа талаар асуухад эмэгтэйчүүд нь хоорондоо маргалдаад байна гэж хэлсэн. Тэгээд би дүүгийнхээ хамт тухайн маргаан хийж байсан хоёр эрэгтэйд хандаад “манай хоёр талын эмэгтэйчүүд маргаан болсон байна, хэдүүлээ маргаан хийгээд яах вэ дээ, зүгээр учраа олъё” гэж хэлсэн чинь тэр хоёр залуугийн нэг нь болох арай өндөр нуруутай, туранхай биетэй, цайвар өнгийн куртик, өмд өмссөн, 25 орчим насны эрэгтэй нь надтай юм ярьж байгаад би хамт байсан эмэгтэйчүүд рүү хальт хартал миний зүүн 13 дахь хавирга орчим цохих шиг болсон. Гараараа тэмтрээд үзсэн чинь гар норохоор нь анзаараад харахад цус гараад байж байсан. Ингээд энэ үед баарны хамгаалагч болон манай дүү хамт байсан бөгөөд тэр залууг надаас салгасан ба ахин нөгөө залууг гарах гэж байхад нь “наадах чинь намайг хутгалсан байна” гэж хэлсэн чинь манай хамт байсан хэдээс цагдаа, эмнэлэг дуудсан. Тэгээд байж байхад цагдаа болон эмнэлэг орж ирээд намайг 103-ийн эмч нар Цэргийн төв эмнэлэгт үзүүлэхээр авч очоод миний бие ажиглалт хийнэ гэж байгаад 2 цаг болоод зүүн талд гурван оёдол тавьж эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд би эмнэлэгт 6 өдөр хэвтээд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан. Би тухайн үед нэг их согтоогүй байсан ба болсон асуудлыг бүгдийг нь санаж байна. Би тухайн үед хэнд ч гар хүрээгүй, хэн нэгэнд гэмтэл учруулсан зүйл байхгүй. Миний зүүн 13 дахь хавирганы доогуур хутгалсан бөгөөд ямар нэгэн эд эрхтэнд хүрээгүй, эмээр эмчилгээ хийлгэж байгаа тул би махбодын болон эдийн засгийн хохиролтой байгаа. ...Эмчилгээндээ гаргасан зардлаа гэм буруутай этгээдээр гаргуулмаар байна. Надад одоогоор ор хоногийн 400,000 төгрөг болон ойр зуурын эм тарианд гаргасан бас бус зардал байгаа ч одоо надад авчирсан баримт байхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,
9. Хохирогч ***ын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дахин өгсөн: “...Би эмчилгээнд гаргасан зардал, мөнгөө гэм буруутай хүнээр нь гаргуулж хуулийн дагуу шийдүүлмээр байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэгт хамаарч байгаа тул үүнийг хүлээн зөвшөөрч гэм хорын нөхөн төлбөр барагдуулмаар байна. Надад тухайн гэмтэл бэртэл учруулсан хүн нь *** гэх залуу байсан бөгөөд тэрнээс өөр хүн надад хүрээгүй. Тэр залуу ч надад нэг удаа л хүрсэн, өөр зүйл болоогүй. Хөндлөнгөөс өөр оролцсон хүн байхгүй. Надад одоогоор хохирол барагдуулсан зүйл байхгүй байгаа. Энэ хүн хохирол, нэхэмжлэл барагдуулсан тохиолдолд надад ямар нэг маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
10. Хохирогч ***ын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин өгсөн: “...Надад тухайн гэмтлийг учруулсан хүн нь *** гэж залуу байсан ба өөр оролцсон хүн байхгүй. ...Одоо надад учирсан хохирол болох эрүүл мэндийн эмчилгээнд гаргасан зардлыг нөхөн төлүүлмээр байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлын мөнгөө барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-67 дугаар хуудас/,
11. Хохирогч ***аас гаргаж өгсөн 433.500 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан тухай баримт /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,
12. “Фламинго” нэртэй баарны хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн арын хавтсан үдсэн/,
13. Хохирогч ***ын Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ нээлгэсэн өвчний түүх /хавтаст хэргийн 63-79 дүгээр хуудас/,
14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 369 дугаартай: “...1. ***ын биед цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/,
15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 990 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлмэн хутга нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн хутганы ажлын хэсгийн гадаргуугаас илэрсэн 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт, хутгыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 85-88 дугаар хуудас/,
16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 1628 дугаартай: “...1. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх ногоон алаг өнгийн бариултай хутганаас цусны ул мөр илэрсэн, бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. 2. Илэрсэн цус нь хүний цус байна. 3. Ногоон алаг өнгийн бариултай хутганаас илэрсэн цус нь 0(I) бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/,
17. Хохирогч ***ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон маягт /хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/,
18. Хохирогч ***ын эрүүл мэндийн даатгалаар 2,730,000 төгрөгийн хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/,
19. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “...Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фламинго” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн *** нь бусдад хутгалуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх хэрэгт хохирогч нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр яаралтай тусламжаар ойрын дуудлага үйлчилгээний хөнгөлөлт 48,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр амбулаторийн үзлэг 35,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 15,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 15,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15,000 төгрөгийн хөнгөлөлтийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгээс, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал болох 2,602,000 төгрөгийн зарцуулсан нь хохирогчийн мэдүүлэг, төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан гаргуулсан лавлагаа, тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул тус мөнгийг гэм буруутай хүнээр барагдуулж, хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/,
20. Шүүгдэгч ***н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр өөрийн найз охин болох *** болон түүний найз болох ***, ***, ***, ***нартай хамт 01 цаг болж байхад орсон юм. Ингээд бид нар үйлчлүүлж байхад манай найз ***ын эхнэр болох ***нь өөрийн зүүж байсан монетан ээмэг болон монетан гинжээ хаясан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар баар хааж байсан тул үлдээд дотор ээмэг ээ хайгаад орно гэж хэлээд орсон юм. Ингээд би тухайн үед нь гадаа хүлээж байгаад найз нар маань гарч ирэхгүй байхаар нь ***гийн хамт манай найз охин ***гийн хамт орсон юм. Тэгээд намайг гаднаас ороход манай найз болох *** үл таних хоёр залуутай хэрүүл маргаан хийж байсан. Би тухайн үед тэд нараас яг юу болсон талаар асуухад манай хамт явсан ***гэх эмэгтэйн ээмэг нь алга болсон байхаар нь түүнийг хайж байгаад маргаан болсон байсан. Тэгээд тэр хоёр эрэгтэй хүнтэй маргаан болж байхад хоёр залуугийн ах нь гэх туранхай шар царайтай, 30 орчим насны залуу над руу ирээд гартаа нэг архины шил бариад дайраад байхаар нь би гарт байсан асаагуурын жижиг хутгаар тэр хүний зүүн бөөр орчим нь нэг удаа хатгасан бөгөөд энэ үед нөгөө эрэгтэй шууд цааш сандал дээр суусан. Энэ үед хамгаалагч болон хамт байсан хүмүүс бид нарыг салгасан. Тухайн баарны хамгаалагч шуурхай албаа дуудсан гэж хэлж байсан бөгөөд тухайн үед надад хутгалуулсан залуугийн дүү нь гэх эрэгтэй намайг ирээд ганц хоёр цохисон ч тэр нь гэмтэл гэхээр зүйл болоогүй. Ингээд бид нар хоёр тусдаа байж байхад манай эхнэр 102 болон 103 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд байж байхад гаднаас цагдаа нар ирээд намайг авч эрүүлжүүлэхэд хүлээлгэн өгсөн бөгөөд нөгөө хүнийг тэнд нь үлдээсэн. Ямартай тухайн хүнийг хутгалсан талаараа мэдэж байсан болохоор тэр хүмүүс ч надтай ямар нэг зүйл яриагүй. Би эрүүлжүүлэх байранд хоноод тэндээс маргааш нь гарч цагдаагийн хэлтэс дээр ирсэн бөгөөд намайг энд нэг мэдүүлэг аваад дуудсан үед ирээрэй гэж хэлээд явуулсан. Би тухайн өдөр тэр бааранд ороод 6 хүн дундаа нэг шил 0.75 литрийн архи аваад хүний хоёр хоёр шил пиво авсан байсан бөгөөд түүнийг уусан ч ухаан санаа гаагүй байсан тул болсон явдлыг сайн санаж байгаа. Би тухайн хүнийг өмнө нь харж байгаагүй, одоо харвал танина. Би тухайн хүнийг өмнө нь харж байгаагүй тул ямар нэг өр авлага, өс хонзон байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-119 дүгээр хуудас/,
21. Шүүгдэгч ***н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 120-124, 127-168, 203-206 дугаар хуудас/,
22. Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 174, 177 дугаар хуудас/,
23. Хохирогч *** өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 00 цаг 30 минут болж байхад үеэл болох ***той уулзахад найз нь гээд хоёр эмэгтэйн хамтаар “Хилчин” хотхон дээр уулзаж, караоке орж 1 цаг гаран дуулаад тэндээс гараад 02 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “888” нэртэй бааранд ороод тэндээ байж байгаад 03 цаг өнгөрч байхад гарахаар болоод хамт явж байсан 2 эмэгтэй түрүүлээд гарсан. Араас нь би ***той хамт гарахад хамт явж байсан эмэгтэй “888” баарны үүд хэсэгт нэг танихгүй эмэгтэй зодолдоод газар унасан байсан. Би наанаас нь очоод салгах гэхэд цаанаас хэдэн залуучууд ирээд намайг цохиод байсан. Хаашаа, яаж цохисон талаар сайн санахгүй байна. Би тухайн залуучуудыг салгаад цааш дагуулаад засмал замын хажууд туранхай надаас өндөр залуутай зодолдохоор болсон. Тухайн залуу намайг чулуугаар толгойн зүүн дээд хэсэгт нэг удаа цохисон. Би газар унагаад цохих гэхэд миний толгойн зүүн хэсэг, баруун чих хэсгээс цус гараад хажуугаас бүдүүн залуу салгасан. Тэгээд цагдаа хүрээд ирсэн. Миний толгойн зүүн хэсэгт шарх байгаа. Баруун чих өвдөөд цус гараад байна. Уруул зүүн, доод хэсэгт язарсан, баруун доод шүд хөдөлсөн байна. Бор ногоон малгайтай цамц өмссөн, туранхай, надаас өндөр залуу чулуугаар миний толгой хэсэгт 1, 2 удаа цохисон. Чих, ам хэсэг рүү бор цамцтай цохисон. Би тухайн хүмүүсийн биед халдаагүй. Надаас өөр хүний биед гэмтэл учирсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Манай найзууд бүгд гурав гурван лааз пиво уусан. Би хоёр лааз пиво уусан ба өөр юм уугаагүй. Бид хэдтэй маргалдсан залуучууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 180 дугаар хуудас/,
24. Хохирогч *** 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн: “...Тэр үед миний биед толгойн баруун хэсэг болон баруун чих гэмтсэн, мөн 2 шүд хөдөлсөн, уруул гэмтсэн. Миний биед учирсан гэмтлийг тухайн үед надтай маргалдсан туранхай, надаас өндөр залуу учруулсан. Тэр залуу миний нүүр рүү толгойгоороо 1 удаа мөргөхөд миний амнаас цус гараад байж байтал тухайн залуу газраас нэг чулуу аваад миний толгойн баруун хэсэг рүү нэг удаа цохисон ба чулуугаар би цохиулахад толгойн баруун талаас цус гараад, баруун чих сэтэрсэн байсан. Мөн тэр залуу миний нүүр рүү мөргөх үед миний амнаас цус гараад уруул сэтрээд 2 шүд хөдөлсөн. Тэр үед би тэр залуугаас өөр хүнтэй маргалдаагүй, намайг өөр хүн цохиогүй. Манай ах ***той хамт явж байсан эмэгтэй баарны гадаа үл таних эмэгтэйтэй зодолдоод зууралдаад байхаар нь очоод салгасан. Тэгээд байж байтал цаанаас тухайн туранхай, надаас өндөр залуу хүрч ирээд “яагаад байна” гэж хэлээд над руу дайрсан. Тэгээд л тухайн залуу намайг зодсон. Тэр үед тухайн туранхай, надаас өндөр залуу намайг зодсон. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй. Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй. Би эм, тариа авсан, боолт солиулсан баримт байгаа. Би хохирлоо барагдуулж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 182 дугаар хуудас/,
25. Гэрч ***ийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “888” нэртэй баарны хажууд гадаа үүдэнд нь найз болох ***, 2 залуугийн хамт зогсож байсан чинь бага байхад таньдаг байсан *** гэх залуу зогсож байсан. Тэгээд юм яриад зогсож байсан чинь тайрмал шар үстэй эмэгтэй “чи одоо манай нөхрийг юу гээд байгаа юм бэ” гэхээр нь би “юу гэсэн юм бэ” гэж хэлэхэд намайг үсдээд бид хоёр ноцолдоод газар унаад байж байтал хамт явж байсан *** ирээд тухайн эмэгтэйг үсдээд маргалдаад байж байтал би ухаа алдаж унаад нэг сэрсэн чинь хамгаалагч ах ирээд машиндаа суулгаад би тайвшраад сууж байтал тухайн шар үстэй эмэгтэй ***тэй маргалдаад хэл амаар доромжлоод байхаар нь шууд очоод үсдээд маргалдах болсон. Тэгээд би дахиад ухаан алдаад унасан гэж хэлсэн. Тухайн хоёр эрэгтэйг нь танина, багадаа харж тоглож байсан *** гэдэг хүн. Нэг залуугийнх нь нэрийг мэдэхгүй байна. Тухайн эмэгтэй намайг үсдээд гараараа толгой руу цохисон. Би бас үсдэлцээд маргалдсан. Миний толгойн үс унаад хавдсан байна. Толгой өвдөөд байна. Тухайн үед шар үстэй эмэгтэй, миний урд өмнө харж байсан 2 залуу надтай хамт явж байсан 2 эрэгтэй найз, *** хамт байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гаргах гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас/,
26. Гэрч ***гийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “888” нэртэй баарны хажууд байрлах “Си Юу” нэртэй дэлгүүр рүү ундаа авах гээд орсон. Тэгтэл манай нөхөр *** түрүүлээд гарсан. Тэгээд би гараад 2 эрэгтэй, 2 эмэгтэйтэй хамт юм яриад зогсож байсан. Тэгтэл хажуугаас нь 1 эмэгтэй нь манай нөхөр ***г “чи муу золбин бацаан хэзээ ийм болсон юм бэ” гээд хараагаад байсан. Тэгтэл 2 эрэгтэй нь тэр эмэгтэйг салгаад аваад явж байхаар нь би очоод “яагаад манай нөхрийг золбин гэж доромжлоод байгаа юм бэ” гээд хэлсэн чинь гэнэт тэр эмэгтэй шууд үсдээд бид хоёр үсдэлцээд газар унасан чинь нэг эмэгтэй нь дахиж орж ирээд үсдээд, өшиглөсөн. Хэн өшиглөсөн талаар сайн хараагүй. Тэгээд босоод ирэхэд 2 эрэгтэй, 2 эмэгтэй салгаад аваад явсан. Нэг эрэгтэй нь манай нөхрийн найз болох ***той маргалдаад байж байтал тухайн 2 эмэгтэй дахиж ирээд намайг үсдээд маргалдаж байтал цагдаа ирсэн. Миний толгойн үс унаад толгой өвдөөд байна. Би бас нэг эмэгтэйг үсдээд маргалдсан. Гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 189-190 дугаар хуудас/,
27. Гэрч ***гийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн: “...Миний биед учирсан гэмтэл гайгүй, зүгээр байсан болохоор би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. ...тэр үед ***н биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 192 дугаар хуудас/,
28. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4434 дугаартай “...1. *** биед зулай, баруун чихэнд шарх, баруун доод 2 дугаар шүд, зүүн доод 2 дугаар шүдний сулрал, дээд, доод уруулын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас/,
29. Хохирогч ***ар таньж олуулах ажиллагаа явуулсан “...намайг зодсон хүний зураг 3 дугаартай зураг байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 207-210 дугаар хуудас/,
30. Шүүгдэгч ***н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо “888” нэртэй баарны гадна тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас *** нүүрэн тус газарт мөргөх, чулуугаар толгойн тус газарт нь цохих зэрэг байдлаар түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мэдүүлэг авах гэж байгааг ойлгож мэдлээ. Уг прокурорын тогтоолыг болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад прокурорын тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 224-225 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***н гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөрдөх байгууллагаас ***д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Фламинго” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч ***ын цээжин тус газарт хутгаар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь “цээжинд зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “888” нэртэй баарны гадна хохирогч *** нүүрэн тус газарт мөргөх, чулуугаар толгойн тус газарт нь цохих зэрэг байдлаар биед халдан зодож, эрүүл мэндэд нь “зулай, баруун чихэнд шарх, баруун доод 2 дугаар шүд, зүүн доод 2 дугаар шүдний сулрал, дээд, доод уруулын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тус тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн зүгээс “гэм бурууг хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж” оролцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан.
Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Хэргийн хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан “цээжинд зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ***н түүний цээжин тус газарт хутгаар 1 удаа хутгалах,
Мөн хохирогч *** эрүүл мэндэд учирсан “зулай, баруун чихэнд шарх, баруун доод 2 дугаар шүд, зүүн доод 2 дугаар шүдний сулрал, дээд, доод уруулын зөөлөн эдийн” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ***н түүний нүүрэн тус газарт мөргөх, чулуугаар толгойн тус газарт цохих зэрэг идэвхтэй үйлдлүүдийн улмаас тус тус үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч ***н хоёр хүний халдашгүй дархан байх эрхэд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэв.
Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан байдаг.
Нэр бүхий хохирогч нарын биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ***н үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал, мөн бусад зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд 433,500 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд уг зардлыг шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан болох нь мөн баримтаар тогтоогджээ.
Харин хохирогч *** нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн тэрээр “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй” гэж мэдүүлсэн тул түүний эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хор уршигт хамаарах нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.
Иймд хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул ***, *** нарын уг эрхийг хангах үүднээс эмчилгээ, сувилгаа хийлгэсэнтэй холбоотой, мөн цаашид гарах эмчилгээтэй нотлох баримтаа бүрдүүлэн ***гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг тэдэнд нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл хохирогч ***, *** нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шаардлагатай гэж үзвэл эмчилгээ, сувилгаа хийлгэсэнтэй холбоотой, мөн цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн ***гаас нэхэмжлэх эрхтэй болно.
Мөн хохирогч *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2,730,000 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээг авсан болох нь баримтаар тогтоогджээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гээд 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж заасанчлан *** нь баримтаар тогтоогдсон уг хор уршгийг арилгах үүргийг хүлээх ёстой.
Иймд шүүгдэгч ***гаас 2,730,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.
Мөн Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д тус тус заасныг үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогч ***ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хоёрдугаар” зэрэглэлээр тогтоогджээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс ***д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэв.
Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдав.
Дөрөв. Бусад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, мөн эд мөрийн баримтаар тооцогдон хураагдан ирсэн ажлын хэсэг нь 5 см, бариул хэсэг нь 7.5 см, нийт 12.5 см урттай, ногоон эрээн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт *** нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***д 900 /есөн/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ***д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 04 /дөрөв/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ***гаас гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч ***ад 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч *** нь баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй, тэрээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоогүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч ***гаас сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *** /*** /-д олгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар ***гаас 2,730,000 /хоёр сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ***, *** нар нь шаардлагатай гэж үзвэл эмчилгээ, сувилгаа хийлгэсэнтэй холбоотой, мөн цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн ***гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг “Си Ди” /CD/-ийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар тооцогдон хураагдан ирсэн ажлын хэсэг нь 5 см, бариул хэсэг нь 7.5 см, нийт 12.5 см урттай, ногоон эрээн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлсүгэй.
9. Энэ хэрэгт *** нь баривчлагдсан болон цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ