| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/0910/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/950 |
| Огноо | 2024-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/950
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд, улсын яллагч О.Эрхэмбаяр /томилолтоор/, шүүгдэгч, хохирогч ***нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** нарт холбогдох, эрүүгийн 2408009921000 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *** нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лорд” нэртэй бааранд иргэн ***ын толгой, гуя, шилбэн тус газарт цохиж, өшиглөн түүний биед “тархи доргилт, баруун гуя, шилбэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт,
Шүүгдэгч *** нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лорд” нэртэй бааранд иргэн ***ын толгой, нүүр, гуя тус газруудад цохиж, өшиглөн түүний биед “зүүн хөмсөгт шарх, зүүн зулай, сарвуу, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, сарвуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул тэдний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Иргэний үүргээ биелүүлж хамт явсан хүүхдүүдээ хамгаалсан. Залуухан, бие муутай охиныг мөрлөх хандлага гаргасан тул ийм зүйл болсон. Энэ үйл явдалд харамсаж байна....” гэх мэдүүлэг,
2. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй....” гэх мэдүүлэг,
3. Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Төрсөн өдөр гээд тэнд явж байсан. Ууж идсэнээ тохируулаагүй. Танихгүй хүн ирээд хүзүүдсэн болохоор хамгаалах гээд ийм үйлдэл гаргасан. Хэн байсныг мэдээгүй ба тухайн үед нөхрийгөө дуудсан. Дараа нь бичлэг үзэхэд ***тай зунгааралдаж, зууралдсан байсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
4. Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед “00” орох гээд хүзүүдүүлээд, цохиулсан. Би 2 лааз пиво уусан байсан. Үгийн зөрүүгүй энэ хүн цохиод авсан, Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408009921000 дугаартай хэргээс:
5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4, 6 дугаар хуудас/,
6. Хохирогч ***ын өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр миний төрсөн өдөр болсон тул хамт олноороо Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мираж” гэх нэртэй караокед ороод 1 цаг юм ууж, дуулж байгаад цааш үргэлжлүүлэхээр болоод “Лорд” нэртэй бааранд хамт олны хамтаар 22 цаг өнгөрч байх үед ороод 1-2 лааз пиво уугаад сууж байгаад бүжиглэхээр бүжгийн талбай руу гарсан. Тэнд хүн ихтэй байсан тул шахалцаад байсан. Тэгтэл бүжгийн талбай дээр бүжиглэж байсан хоёр эмэгтэй хүн намайг албаар шахаад байна гэж бодсон юм шиг байгаа юм. Би тухайн эмэгтэй хүмүүсийг албаар огт шахсан зүйл байхгүй, биед нь ч хүрээгүй байж байтал бүжгийн талбай дээр бүжиглэж байсан эмэгтэй намайг цохисон. Би яг хэн цохисон талаар нь мэдэхгүй байна. Намайг цохихоор нь би уурлаад бид нар бужигнаад зууралдаад байж байсан. Би тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би газарт унасан, толгой өвдөөд босч ирээд өөрийгөө хамгаалахаар 1 хүний үснээс зулгаагаад байж байхад хамгаалагч нар ирээд бид нарыг салгасан. Тэр бааранд ажлын 5 хүний хамтаар орсон. Намайг “Лорд” бааранд байсан шар үстэй, хар үстэй хоёр эмэгтэй хүн зодсон. Миний зүүн нүдний дээд хэсэг сэтэрсэн, зүүн нүдний доод хэсэгт маажуулсны улмаас улайж ором гарсан. Хамрын хянга ясны хэсэгт маажуулсны улмаас хумсны ором гарсан байна. Толгойн зүүн хэсэг хавдсан, толгой өвдөж байна. Битүү гэмтэл байж магадгүй. Зүүн гар битүү хавдартай, ядам хурууны 2 дугаар үеэс цус гарсан. Зүүн талын гуя өвчтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
7. Хохирогч ***ын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лорд” нэртэй бааранд ажлын 5 эмэгтэйн хамтаар орсон. Тэгээд тэр баарны бүжгийн талбай дээр үл таних эмэгтэйтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан. Тэгтэл шар үстэй эмэгтэй бүжгийн талбай дээрээс намайг сугадаж аваад “хоёулаа бүжгийн талбайгаас гараад уулзъя” гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд “чи намайг танихгүй байж яахаараа сугадаж аваад гардаг юм бэ” гэж хэлээд гараараа бие рүү нь түлхсэн. Тэгтэл тэр эмэгтэй миний үснээс нэг гараараа зулгааж авахаар нь би харилцан үснээс зулгаалцаж авсан. Тэгтэл надтай хамт явж байсан ***, *** нар ирж салгасан. Тэгээд удалгүй зогсож байхад цаанаас хар үстэй танихгүй эмэгтэй ирээд над руу дайраад байсан. Тэгтэл шар үстэй эмэгтэй хажуугаас орж ирээд гартаа барьж байсан гар утсаараа зүүн талын нүд рүү 2 удаа цохисон. Тэгтэл хажууд байсан хүмүүс салгах хооронд шар үстэй эмэгтэй үснээс гараараа зулгааж мөн миний зүүн талын хөл рүү хөлөөрөө өшиглөсөн. Би хэдэн удаа өшиглөж авсныг санахгүй байна. Миний биед учирсан гэмтлийг тэр шар үстэй эмэгтэй ганцаараа учруулсан. Тэр эмэгтэйтэй хамт явж байсан хүмүүс намайг цохих гэж дайраад байсан ба хажууд манай найзууд байсан болохоор намайг цохиж чадаагүй. Надтай хамт явж байсан *** гэх эмэгтэй миний хажууд харж байсан. Болсон асуудлын талаар мэдэж байгаа. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл бага хэрэглэсэн байсан. Би тэр үед согтуу байсан тул гадаа гараад салхинд цохиулаад нэлээн согтчихсон байсан. Тэгэхдээ тэр шар үстэй эмэгтэй миний биед халдаж байсныг санаж байна. Миний толгой өвдөж байна. Миний зүүн талын нүднээс үе үе нулимс гардаг, зүүн гарын дунд хурууны яс дутуу эдгэрсэн, 2 гарын бугуй хэсэгт хумсны ором үүссэн гэх мэт зовуурь илэрч байна. Миний сэтгэл санаа зүгээр тогтвортой байгаа тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
8. Хохирогч ***ын өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө би найз Эрдэнэчимэгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лорд” нэртэй бааранд орсон бөгөөд би “00”-ын өрөө орох гээд явж байхад нэг эмэгтэй намайг хүзүүдээд авахаар нь би нөгөө эмэгтэйд хандаж “яаж байна” гэхэд тэрээр үгийн зөрөөгүй миний нүүр хэсэгт гараараа цохихоор нь би зөрүүлээд болиулах гээд гараа хөдөлгөсөн чинь намайг үсдэж дараад хажуу талаас 2-3 эмэгтэй үсдэж дараад баарны хамгаалагч нар салгасан. Сүүлд нь манай найз баарнаас гарч ирээд нөгөө эмэгтэйчүүдтэй маргаан үүсгэсэн ба зодолдсон зүйл байхгүй. Анх намайг “00”-ын өрөө орох гээд явж байхад хүзүүдэж авсан махлаг эмэгтэй энэ гэмтлүүдийг миний биед учруулсан. Би найз Эрдэнэчимэгийн хамт байсан бөгөөд бид хоёр лаазтай пиво уучихсан байсан. Маргаан гаргасан хүмүүс нэлээн согтолттой байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний сэтгэл санаанд гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг байхгүй. Би сэтгэцийн шинжилгээ хийлгэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
9. Гэрч ***ийн өгсөн: “...Намайг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лорд” нэртэй бааранд найз ***ын хамтаар ороод бүжиглэж байхад хэдэн хүмүүс шахаад, мөрлөөд байж байгаад салаад нөгөө хүмүүс цааш явцгаасан. Тэгтэл удалгүй дахин ирээд намайг шахаад мөрлөөд байсан. Би нээх их юм тоогоогүй бүжиглэж байгаад эргээд хартал манай найз *** байхгүй байсан. Гараад найзыгаа хартал тус баарны коридорт найз ***ыг үл таних 3 эмэгтэй хүн үснээс нь зулгаасан зогсож байхаар нь би очоод “юу болж байгаа юм бэ” гэж асуухад намайг зодох гээд, над руу дайраад байхаар нь болиулах гээд найзыгаа аваад тамхины өрөө рүү оруулсан боловч тэнд байсан цагаан футболк өмссөн эмэгтэй хүн тамхины өрөөнд орж ирээд ***ыг зодоод байсан тул *** цагдаад хандсан. Тухайн хүмүүс миний цээж хэсэг рүү цохиод, миний өмсөж байсан хувцсыг урсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
10. Гэрч ***ийн дахин өгсөн: “...Би найз ***ын хамтаар “Лорд” нэртэй бааранд бүжиглээд зогсож байхад үл таних эмэгтэй ирээд манай найз ***ыг мөрлөөд байсан. Тухайн үед тоохгүй өнгөрсөн. Тэгээд нэг харахад *** байхгүй байхаар нь араас нь гартал бие засах “00”-ын ойролцоо үл таних эмэгтэй хүнтэй маргалдсан байдалтай бие биеийнхээ үснээс зулгаасан зогсож байсан. Тэгээд би салгах гээд очсон бөгөөд хажуугаас танихгүй хүмүүс дайраад байсан. Тэр хооронд хэнийг нь мэдэхгүй намайг ганц нэг удаа цохисон. Миний биед учирсан ил харагдах шарх, гэмтэл, бэртэл байхгүй. Тухайн үед тарган, хар цамцтай хүн шиг санагдаж байна. Найз ***ын үснээс гараараа зулгаасан зогсож байсан. Миний санаж байгаагаар *** гэх эмэгтэй байсан. ***тай хамт явж байсан хүмүүс ***ыг цохисон үгүйг сайн хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Тэгээд удалгүй салаад тухайн баарнаас гарч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
11. Гэрч Д.***ийн өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лорд” нэртэй бааранд ажлын хамт олонтойгоо орсон. Тэгээд бааранд ороод удаагүй бөгөөд *** ажлын хүмүүстэйгээ хамт бүжгийн талбайд бүжиглээд байсан. Би тэр хооронд цаана нь ширээн дээрээ сууж байсан. Тэгтэл баарны үүдэнд *** танихгүй шар үстэй эмэгтэй хүнтэй хоёр биеийнхээ үснээс гараараа зулгаасан зогсож байхаар нь би очоод салгах гэсэн боловч салахгүй зууралдаад байсан. Тэгээд би цаашаа ороод ажлын нэг хүнийг дуудаад гараад ирэх хооронд ***ын хөмсөгнөөс цус гарсан байсан. Тэр хооронд шар үстэй эмэгтэй цохисон байх гэж бодож байна. *** тэрнээс өөр хүнтэй маргалдаж зодолдсон асуудал болоогүй. Тэр хоёр хоорондоо бие биеийнхээ үснээс гараараа зулгаалцаад зогсож байсан. *** зууралдаж байх хоорондоо цохисон үгүйг нь хараагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Шар үстэй эмэгтэй хүнтэй ***аас өөр хүн зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3286 дугаартай: “...1. ***ын биед зүүн хөмсөгт шарх, зүүн зулай, сарвуу, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, сарвуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3396 дугаартай: “...1. ***ын биед тархи доргилт, баруун гуя, шилбэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
14. Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 51-56 дугаар хуудас/,
15. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /хавтаст хэргийн 58-64 дүгээр хуудас/,
16. Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 67-72 дугаар хуудас/,
17. Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74-81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөрдөх байгууллагаас ***нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лорд” нэртэй бааранд иргэн ***ын толгой, гуя, шилбэн тус газарт цохиж, өшиглөн түүний биед “тархи доргилт, баруун гуя, шилбэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь,
Шүүгдэгч *** нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лорд” нэртэй бааранд иргэн ***ын толгой, нүүр, гуян тус газруудад цохиж, өшиглөн түүний биед “зүүн хөмсөгт шарх, зүүн зулай, сарвуу, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, сарвуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тус тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***нарыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч нарын зүгээс “гэм бурууг хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж” оролцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байдаг.
Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Хэргийн хохирогч ***ын биед учирсан “тархи доргилт, баруун гуя, шилбэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *** түүний толгой, гуя, шилбэ тус газарт цохих, өшиглөх зэрэг идэвхтэй үйлдлийн улмаас,
Мөн хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан “зүүн хөмсөгт шарх, зүүн зулай, сарвуу, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, сарвуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ***ын түүний толгой, нүүр, гуян тус газруудад цохих, өшиглөх зэрэг идэвхтэй үйлдлийн улмаас тус тус үүссэн ба шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч ***нарыг харилцан бие биеийнхээ халдашгүй дархан байх эрхэд хүч хэрэглэн халдаж, улмаар хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэв.
Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан байдаг.
Хохирогч ***нарын биед учирсан хөнгөн хохирол нь тэдний гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Гэтэл хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санаа зүгээр тогтвортой байгаа тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй” гэж,
Мөн хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний сэтгэл санаанд гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг байхгүй, сэтгэцийн шинжилгээ хийлгэхгүй...” гэж тус тус мэдүүлдэг тул нэр бүхий шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ***нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Дөрөв. Бусад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Хэрэгт ***нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний баримт бичиг шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
*** ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** ***т 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** ***д 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ***нарт торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Хохирогч ***нар нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэж мэдүүлдэг тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /CD/-ийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.
6. Энэ хэрэгт ***нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ***нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ