Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2021/01953

 

 

 

 

 

 

 

        2021       10          25

                               181/ШШ2021/01953

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах, “П А Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимп, Жи центр, 4 давхарт байрлах, “М Д” ХХК- д холбогдох

Даатгалын гэрээний үүрэгт 227.999.750 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “П А Э” ХХК нь өөрийн өмчлөлийн БМВХ3 маркийн 34-14УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “М Д” ХХК-д 180019888 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж даатгуулсан. Гэрээний дагуу  классик даатгалын багцаар даатгуулж, даатгалын хураамжид тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс 2 хувьтай тэнцэх хэмжээний даатгалын хураамж төлсөн.

2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр манай компанийн тээврийн хэрэгслийг түрээслэж ашигладаг компанийн жолооч С.Б унаж байхдаа Нарны зам гарах нүхэн гарцанд тунасан усыг туулж гарах үед доголдож, унтарсан бөгөөд дахин асааж нүхэн гарцнаас гарсан байна. Манай компани 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Б М” ХХК-д үзүүлж тээврийн хэрэгсэл нь ус туулснаас болж доголдсоныг мэдэж, даатгалын компанид дуудлага өгч мэдэгдсэн. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн А хэсэгт даатгалын эрсдлийг заасан бөгөөд даатгалын зүйлийг уг эрсдэлээс 100 хувь даатгуулагдсан байна. Даатгалын зүйлд гэрээнд заасан эрсдлийн улмаас хохирол учирсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “М Д” ХХК-д даатгалын нөхөн төлбөр хүсэх нөхөн төлбөрийн баримтыг өгсөн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 03/12-503 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн.

Гэрээний 9 дүгээр зүйл “Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл” хэсгийн 9.1.13 “Хохирлын шалтгаан тодорхой бус, одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол”, мөн Даатгалын тухай хуулийн 8.5 “Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно” хэсгийн 8.5.3 “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан”, 8.5.5 “хууль тогтоомжид заасан бусад үндэслэл” гэсэн заалтуудыг үндэслэж тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан байна. Даатгалын гэрээг байгуулсан, даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийг өөр компанид түрээслүүлсэн, түрээслэгчийн жолооч замын хөдөлгөөнд оролцож байх үед борооны ус тунасан газраар явсан, “Б М” ХХК ус туулснаас цахилгааны гэмтэл авсан нь баримтаар тогтоогдож байна. Даатгалын гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан гэдгийг тодорхой хугацааны дараа мэдсэн, мэдсэн даруй даатгагчид мэдэгдсэн нь даатгалын тохиолдол бий болсныг үгүйсгэх, нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болохгүй. Тээврийн хэрэгслийн даатгалын хохирлын үнэлгээ нь 68.542.100 төгрөг болсон. Даатгуулагч 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Санхүүгийн Зохицуулах Хороонд гомдол гаргасан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 9/2087 тоот албан бичгээр “М Д” ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг олгохыг даалгасан. Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэрт шүүхэд гомдол гаргаагүй тул шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх үндэслэлтэй. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.12-т “... гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь хүртэлх алданги тооцно” гэж талууд тохиролцсон бөгөөд үүний дагуу даатгагч нь нийт 34.271.050 төгрөгийн алданги төлөх үүрэг хүлээж байна. 

Нэхэмжлэгч компани 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №17/05 тоот “автомашин түрээслүүлэх гэрээ”-гээр “В М” ХХК-д нэг хоногийн 90 ам доллараар түрээслүүлдэг байсан бөгөөд даатгалын тохиолдол үүссэнээс хойш уг автомашины түрээсийн орлого зогссон бөгөөд уг автомашин өнөөдрийг хүртэл эвдрэл, гэмтэлтэйгээр ашиглагдах боломжгүй байгаа. Иймд даатгалын тохиолдол үүссэн үед даатгуулагч олох ёстой нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тогтоосон хугацаа, хэмжээнд олгох үүргээ хэрэгжүүлээгүйгээс даатгуулагчид учирсан хохирол болох олох ёстой байсан орлого 125.186.600 төгрөгийг нэхэмжилж байна. Анх тээврийн хэрэгсэл 2019 оны 6 дугаар сарын 21-нд Кристалл таун хотхоны тунасан ус туулж унтарсан байдаг боловч тухайн үед юунаас болж унтарсныг ойлгоогүй тул дахин асаагаад явсан байдаг. Гэтэл дахиж 2021 оны 7 дугаар сарын 23-нд дахин Нарны гүүрний нүхэн гарцад тунасан усыг туулж унтарсан болно. Машинд ус орсноос доголдож “Б М” ХХК-д сүүлд үзүүлсний эцэст даатгалын тохиолдол үүссэн гэдгийг анх олж мэдсэн болно. Ийнхүү олж мэдсэн даруйдаа тус байгууллагад хандсан. Тээврийн хэрэгсэл одоо болтол засагдаагүй хэвээр байгаа. Иймд “ПД” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр болон гэрээнээс учирсан хохиролд нийт 227.999.750  төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд:

“П А Э” ХХК нь М.Т-ийн өмчлөлийн BMW Х3 маркийн 34-14 УНМ улсын дугаартай автомашиныг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манайд Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалд даатгуулж, 180019888 тоот гэрээт баталгаа бичүүлж, 1 жилийн хугацаатай даатгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн гэжээ. Манай компанид тээврийн хэрэгслийн өмчлөгч М.Т болон жолооч С.Б нар тайлбар, өргөдөл өгсөн бөгөөд жолооч С.Б “BMW Х3 маркийн 34-14УНМ улсын дугаартай автомашиныг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 12.54 цагт нарны зам гарах нүхэн гарцад тунасан усыг туулж гарах үед доголдож унтарсан бөгөөд дахин асааж нүхэн гарцнаас гарсан. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Б Мт үзүүлсэн” гэсэн. Харин М.Т нь “С.Б нь 2019 оны 7 дугаар сарын 23-нд BMW Х3 маркийн 34-14УНМ улсын дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцож байхдаа “Кристал” хотхоноос нарны зам гарах нүхэн гарцанд борооны усыг туулж гарах үед машины мотор доголдож унтарсан ба дахин асаагаад хөдөлгөөнд оролцсон.  7 дугаар сарын 24-нд машин асахдаа доголдоод байсан тул уг машиныг “Б М”-д албан ёсоор хүлээлгэн өгсөн. гэж тайлбар өгсөн. Нөхөн төлбөр хүссэн өргөдлийн хамт өгсөн баримтууд болох Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/52 тоот, Онцгой байдлын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/136 тоот, цаг уур, орчны шинжилгээний газрын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06/11 тоот, албан бичгүүдийг гарган өгсөн ба тэдгээрт 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 21-ний өдрийн хоорондох замын хөдөлгөөний, цаг агаарын нөхцөл байдлын талаарх лавлагааг хүсч хариу авсан байдаг. Мөн “Б М” ХХК-д автомашинаа үзүүлсэн ажлын хуудаст “Захиалга өгсөн огноо 2019 оны 7 дугаар сарын 01, 14.15 цаг, засвар үйлчилгээнд орсон огноо 2019 оны 7 дугаар сарын 02, 13.30 цаг, засвар үйлчилгээ дууссан огноо 2019 оны 7 дугаар сарын 02, 17.10 цаг, үйлчлүүлэгчдийн тайлбар, хийгдэх ажил: 2019 оны 6 дугаар сарын 21-нд усанд орсон. Сор Моторс-д очиж үзүүлсэн. Ко оношлогоо хийлгүүлсэн, нэг хоёрдугаар цилиндр алдаа заасан байсан, туслах хурдны хайрцаг руу ус орсон байсныг тос солиулсан, автомат хурдны хайрцагны тос шингэрсэн солиулаагүй. Гэрэл нь хааяа асаж унтардаг. Явахаар шулуун зам дээр асуудал байхгүй. Асах үедээ хүчгүй доголдож байгаа нь мэдэгдэж байгаа. Руль зүүн баруун эргүүлэхэд дугуй гацаж тоормослодог. Нилээн дараад эргэхээр шарваад байгаа. Рычак Р дээр орохгүй байгаа. Задлаад бүрэн угсраагүй.

Доод хэсгийг задалчихсан” гэсэн тайлбаруудыг тус тус тусгаж, хүлээлгэн өгсөн “Б” гэж гарын үсгээ зурсан байна. Дээрх баримтуудаас харахад BMW Х3 маркийн 34-4 УНМ улсын дугаартай автомашинд анх 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хохирол учирсан болох нь батлагддаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан тохиолдол анх 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр болсон гэсэн нь үндэслэлгүй байна. Даатгуулагч даатгалын гэрээний дагуу тодорхой эрх эдлэхийн зэрэгцээ үүргүүдийг хүлээдэг. Харин BMW Х3 маркийн 34-14УНМ улсын дугаартай автомашиныг ашиглаж байсан С.Бын “Б М”-д бичсэн тайлбар, даатгалд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дуудлага өгсөн зэргээс харахад анх 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр автомашин доголдож эхэлсэн байхад даатгалтай тээврийн хэрэгслийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар гэрээний 7.1.10-т заасан “Даатгалын зүйлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдлын үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой бүхий л арга хэмжээг авах” гэж заасан гэрээний үүргээ биелүүлээгүй үргэлжлүүлэн ашигласаар байсан. Мөн даатгалын тохиолдол гарсан газар болон даатгалын зүйлд даатгагчийг үзлэг шинжилгээ хийх, хохирлын талаар дүгнэлт гаргах боломжоор хангах тухай даатгалын гэрээний 7.1.11-д “Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид ... нэн даруй мэдэгдэж хүндэтгэх шалтгаангүй бол даатгалын ажилтан, замын цагдаа ирж үзтэл тээврийн хэрэгслийг ослын дараах байдлаар нь хадгалж, ослын шалтгааныг тогтоолгох үүрэгтэй” гэж, хохирол хэзээ, хаана учирсан талаар 2019 оны 6 дугаар сарын 21, 2019 оны 7 дугаар сарын 23 гэх мэт зөрүүтэй мэдээлэл өгч 7.1.14 “Хохирлын талаар даатгагчид үнэн зөв мэдээлэх” гэж тус тус заасан үүргүүдээ биелүүлээгүйгээс даатгалын зүйлд их хэмжээний хохирол учрах, хохирлын шалтгаан тодорхойгүй, тэдгээрийг тогтоох боломжгүй нөхцлийг бий болгосон.

Мөн даатгалын гэрээний 8 дугаар 8.2.3 “Даатгалын тохиолдлын газар дээр ажилласан тухай шуурхай албаны протокол, дүгнэлт”, 8.2.7 “Зам тээврийн осол болон эвдрэл, гэмтлийн байдлыг харуулсан фото зураг”, 8.2.8 “Шаардлагатай тохиолдолд гал, үнэлгээ зэрэг мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт” гэх мэт гэрээнд заасан бүрдүүлэх баримт материалыг гүйцэт ирүүлээгүй. Ослын талаарх 2019 оны 6 дугаар сарын 21-нд эсвэл 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн аль ч цаг хугацаанд даатгуулагчийн өргөдөл болон нэхэмжлэлд дурдсан “нарны замын нүхэн гарцаар гарах үед борооны ус туулснаас хохирол учирсан гэсэн нөхцөл байдал тогтоогддоггүй, тэрхүү тохиолдлыг нотлох ослын газарт авсан фото зураг, бичлэг гэх мэт ямар ч нотлох баримтыг даатгагчид гаргаж өгөөгүй, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын шалтгаан тодорхойгүй, одоо тогтоох боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон бас нэгэн шалтгаан нөхцлийг үүсгэсэн.

Иймд гэрээний 9.1.13-д заасан “Хохирлын шалтгаан тодорхой бус, одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол” гэсэн нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл үүссэн байсан тул энэ тухай даатгуулагчид бичгээр мэдэгдэж хариу өгсөн. Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна” гэж заасан, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 01/12-814 дугаартай албан бичгээр “иргэний шүүхэд хандах” талаар заасан тул захиргааны хэргийн шүүхэд хандаагүй явдал Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш. Мөн энэ хэрэгт хамааралгүй.

Талууд тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын “классик” нөхцлөөр даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Даатгалын гэрээний 7.3.12-д “заасан хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хүртэлх хувиар алданги  тооцно” гэж заасан бидний зүгээс дээрх тохиолдолд гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл үүссэн гэж үзэж байгаа тул алдангид нэхэмжилсэн 34.271.050 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Мөн гэрээний 8 дугаар бүлэгт “Даатгалын нөхөн төлбөр олгох, тооцох нөхцөл”-ийг зохицуулсан ба гэрээнд заагдсан эрсдлийн шууд шалтгаанаар даатгалын зүйлд учирсан бодит хохирлыг нөхөн төлөх тул гэрээнээс учирсан хохирол буюу “олох ёстой орлого” даатгалын нөхөн төлбөр дээр нэмж олгох талаарх заалт гэрээнд тусгагдаагүй болно.  Мөн нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого гэж нэхэмжилж байгаа нь тусдаа “байгууллагын үйл ажиллагааны даатгал”-ын тусдаа бие даасан хэлбэр бөгөөд энэхүү нэмж нэхэмжилж буй төлбөр нь Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр олгогдох боломжгүй төлбөр байх тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд гэрээний 9.1.1, 9.1.5, 9.1.10, 9.1.13-т зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “П А Э” ХХК нь “М Д” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт буюу даатгалын нөхөн төлбөр 68.542.100 төгрөг, алданги 34.271.050 төгрөг, олох ёстой байсан орлого 125.186.600 төгрөг, нийт 227.999.750 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас “М Д” ХХК, нөгөө талаас “П А Э” ХХК нар 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож, даатгуулагч нь М.Тгийн өмчлөлийн 3414 УНМ улсын дугаартай БМВ /BMW/ X3 маркийн тээврийн хэрэгслийг байгалийн, галын зэрэг гэрээнд дурдсан даатгалын эрсдлээс нэг жилийн хугацаатай даатгуулж хураамжид 1.600.000 төгрөг төлөхөөр, Даатгагч нь даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр тус тус харилцан тохиролцож, 180019888 тоот “Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ”-г байгуулжээ. /хх 14, 15/

Зохигчид гэрээ байгуулсан, хураамж төлсөн үйл баримтад маргаагүй бөгөөд дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр, түүнчлэн мөн хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1-д заасан гуравдагч этгээдэд ашигтай даатгалын гэрээ байна.

Нөхөн төлбөр хүссэн материалыг нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өгсөн, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр олгохоос татгалзсан хариуг хариуцагч өгсөн үйл баримтад маргаагүй. Хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээний 9.1.1, 9.1.5, 9.1.10, 9.1.13-т заасан нөхөн төлбөр олгохоос татгалзсан нөхцлүүд бүрдсэн буюу гэж тайлбарлаж зохигчид үүнд маргаж байна. 

Хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээний 9 дүгээр зүйлд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг нэрлэн заасан байх ба үүнд 9.1.1-т ”даатгуулагч буюу түүний ашиг сонирхлыг хамгаалагч этгээд санаатайгаар хохирол учруулсан, хохирол гарах орчин нөхцлийг бүрдүүлсэн” гэж, 9.1.5-д “даатгалын зүйл болон нөхөн төлбөрийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч баримт бүрдүүлсэн” гэж, 9.1.10-т “тээврийн хэрэгслийг гол ус гатлах зэргээс учирсан хохирол” гэж, 9.1.13-т “хохирлын шалтгаан тодорхой бус, одоо шалтгааныг тогтоох боломжгүй” нөхцөлд тус тус олгохоос татгалзахаар заажээ.

 Хариуцагч гэрээний 9.1.1-т заасан ”санаатай хохирол гарах орчин нөхцлийг бүрдүүлсэн” гэдэгт анх нөхөн төлбөр хүсэхдээ мотор гэмтсэн нөхцлийг уснаас эсхүл цахилгаанаас гэж тухайн тохиолдлын шалтгаан нөхцлийг хоёр өөрөөр тайлбарлаж байсан гэж, харин 9.1.5-д заасан “худал баримт бүрдүүлсэн” гэдэгт тээврийн хэрэгслийг анх 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ус туулж гэмтсэн байтал 2019 оны 7 дугаар сарын 23-нд болсон гэж даатгалын тохиолдол үүссэн өдрийг худал мэдээлсэн гэж тайлбарлав.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар дээрх татгалзлаа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдох баримтыг ирүүлээгүй.

Хэрэгт даатгуулагчийн зүгээс гэрээний 9.1.1-д заасан “санаатайгаар” даатгалын тохиолдол үүсэх нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэх баримт авагдаагүй. Даатгалын тохиолдол болсон огноог 2019 оны 7 дугаар сарын 23-нд Нарны гүүрний нүхэн гарцаар тунасан ус туулахад доголдсон гэж анх нэхэмжлэгчээс даатгагчид ханджээ. /хх 12,42/ “Б М” ХХК-ийн засварын хуудаст 2019 оны 7 дугаар сарын 01-нд захиалга өгсөн, засвар үйлчилгээ 2019 оны 7 дугаар сарын 02-нд дууссан тухай тэмдэглэхдээ үйлчлүүлэгчийн тайлбар хэсэгт “2019 оны 6 дугаар сарын 21-нд анх усанд орсон” гэж тэмдэглэгдсэн байна. /хх46/ Дээрх нөхцөл  даатгалын тохиолдлын талаар даатгуулагчид холбогдох мэдээллийг анх бүрэн дүүрэн өгөөгүй, дутуу мэдээлсэн явдалд хамаарахаар байна. Түүнчлэн даатгуулагчийн нэмж бүрдүүлж өгсөн Онцгой байдлын ерөнхий газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Цаг уур, орчны шинжилгээний газрын албан бичгүүдээс үзвэл даатгалын тохиолдол анх 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс үүдэлтэй талаар мэдүүлсэн байх тул гэрээний 9.1.5-д заасан “хуурамч баримт бүрдүүлсэн” нөхцөлд хамаарахгүй байна.

Мөн даатгалын гэрээний 9.1.10-т “гол ус гатлах үед учирсан хохирлыг хариуцахгүй” гэж заасан байх ба зохигчдын тайлбараар тунасан ус туулах үед тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж тайлбарласан, үүнд маргаагүй тул гэрээний энэ нөхцөл бүрдээгүй байна. Мөн гэрээний 9.1.13-т “хохирлын шалтгаан тодорхой бус, одоо шалтгааныг тогтоох боломжгүй” нөхцөлд нөхөн төлбөр олгохоос татгалзахаар заасан.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр даатгалын зүйл болох тээврийн хэрэгслээр Нарны зам дах нүхэн гарцаар гарахдаа тунасан борооны ус туулсны улмаас хохирол учирсан, даатгалын гэрээний 5.2-т “байгалийн эрсдэл 100 хувь” даатгалын тохиолдолд хамаарахаар тусгагдсан, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06/11 албан бичиг, түүний хавсралтаар 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 21-ний өдрийн хоорондох хур тунадасны хэмжээг ирүүлснээс 4 өдөрт нь хур тунадас тодорхой хэмжээгээр орсон тухай тусгагдсан, Онцгой байдлын ерөнхий  газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн албан бичигт “зөвхөн аюулт үзэгдэл, осол гамшгийн дуудлага тохиолдлыг бүртгэдэг” тухай дурдсан байх тул шүүх энэ тохиолдлыг даатгалын тохиолдолд хамаарах боломжтой гэж үзлээ. /хх 48-51/

Түүнчлэн даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийг өнөөг хүртэл засварлаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байх тул гэрээний 9.1.13-т заасан “шалтгаан нөхцлийг одоо тогтоох боломжгүй” гэж үзэх үндэслэлгүй. Мөн гэрээний 8.18, 8.19-д “Байгалийн гамшиг, гал усны улмаас ... даатгалын тохиолдол бүрдсэн үед талууд зохих мэргэжлийн байгууллагаар хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилохоор”, “уг комисс шалтгаан нөхцлийг тогтоосон акт үйлдэх”-ээр тус тус заасан атлаа  энэ үүргээ хэрэгжүүлээгүй, харин шууд даатгалын тохиолдол үүссэн болохыг тогтоох боломжгүй, одоо тогтоох боломжгүй гэж үзэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан явдал үндэслэл муутай гэж үзнэ. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч даатгалын тохиолдол үүссэн даруйд мэдэгдээгүй болох нь тогтоогдсон тул гэрээний 8.5-д заасан “өөрийн хүлээх 10 хувь” болон гэрээний 8.6.1-д “даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдолд нөхөн төлбөрийг гарсан хохирлын дүнгийн 60 хувиар тооцож олгоно” гэж заасныг баримтлан тооцон олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрт 68.542.100 төгрөг гаргуулахаар шаардсан ч тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шүүхээс томилсон “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮТББ-с хийсэн дүгнэлтээр 18.727.476 төгрөг гэж тогтоосон, энэ шинжээчийн дүгнэлтэд зохигчид маргаагүй. /хх 62-90/

Иймд шүүх даатгалын зүйлд учирсан хохирлын нөхөн төлбөрт 10.112.837 төгрөг /18.727.476 төгрөг - 1.872.747 төгрөг (өөрийн хүлээх 10%) = 16.854.728 төгрөг * 60 % / гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Зохигчдын хоорондох гэрээний 7.3.12-т “Даатгалын гэрээний 9.1.1-9.1.15-д зааснаас бусад тохиолдолд гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хүртэлх хувиар алданги тооцох”-оор заасан байх тул гэрээний энэ нөхцөл бүрдээгүй гэж үзэв. Түүнчлэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасан гэрээнээс учирсан хохиролд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй “олох ёстой байсан орлого” болох 125.186.600 төгрөг хамаарахгүй, нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого гэж үзэх боломжгүй байна. Иймд шүүх алданги 34.271.050 төгрөг, олох ёстой байсан орлого 125.186.600 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Дээрхийг нэгтгээд хариуцагчаас 10.112.837 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “М Д” ХХК-иас 10.112.837 /арван сая нэг зуун арван хоёр мянга найман зуун гучин долоон/ төгрөг гаргуулж, “П А Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 217.886.913 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.455.903 /672.020+783.883/ төгрөгөөс 1.297.948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 157.955 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 176.755 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ