Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 1278

 

186/2020/0481/Э

 

 

      2020          10            01                                       2020/ДШМ/1278    

 

Г.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Энхбаатар,

хохирогч Ц.Д-ын өмгөөлөгч Б.Ганбаатар,

шүүгдэгч Г.А-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/552 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Д-ын гаргасан давж заалдах гомдлоор Г.А-д холбогдох эрүүгийн 2011001790123 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Г.А- нь согтуугаар 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 82 дугаар гудамжны 971 тоот гэртээ иргэн Ц.Д-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-гаас 976.360 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Д- /РД:ОЭ83080194/-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Д- давж заалдах гомдолдоо: “...би мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлэг өгөхдөө надад учруулсан төлбөрийг нэхэмжилнэ, бүх төлбөрийг төлсөн тохиолдолд гомдолгүй гэсэн болно. Гэтэл Г.А- төлбөрийг бүрэн төлөөгүй, төлөх хугацааг надтай тохироогүй байсан. Төлөх төлбөрийн үлдэгдэл болох 976.360 төгрөгийг Г.А-гаас гаргуулан хохирогч Ц.Д-д олгох тухай заалт оруулсан. Миний эмчилгээний зардал болон гэмтлийн улмаас учирсан зардлыг үндэслэлгүй гэж зарим хэсгийг /хх 96/ харандаагаар хасаж тооцсон байсан. Би нэг ч төгрөг илүү нэхээгүй. Согтуугаар, өөрийн дураар манай машин унаад /эхнэр Мөнгөнцэцэгийн нэр дээр байдаг/ юм мөргүүлж эвдсэн. Энэ үйлдэл нь Г.А-гийн агсам тавьж намайг зодох шалтгааны нэг болсон. Г.А-гийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, учруулсан гэмтлийн бодит нөхцөл, удаа дараа ял шийтгэгдсэн хувийн байдал, танхайрах зөрчил байнга гаргадаг, догшин авиртай зэргийг харгалзан үзэлгүй түүнд 500.000 төгрөгийн торгох ялыг 5 сард хуваан төлүүлж байгаа нь ял шийтгэл хөнгөдсөн гэж үзнэ. ...” гэжээ.

 

Хохирогч Ц.Д-ын өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.А-гаас 976.360 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба энэ мөнгийг шүүгдэгч Г.А- 9 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн. Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдолдоо эмчилгээний зардлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж байгаа ч өмгөөлөгчийн зүгээс энэ талаар хэлэх зүйлгүй. Мөн хохирогч машин эвдсэн гэх асуудал ярьдаг бөгөөд хавтас хэргийн 80 дугаар талд эмчилгээнд өгсөн мөнгийг машины төлбөрт оруулж тооцсон байсан. Түүнчлэн миний үйлчлүүлэгч шүүгдэгч нь өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан, шалтгаангүйгээр зодож, нүдний доод талын ухархайн ясыг цөм дэвссэн, олон удаагийн оёдол тавиулсан байхад шүүх 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой, ял хөнгөдсөн гэх хохирогчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 976.000 төгрөгийг 9 дүгээр сарын 24-ний өдөр Х.Д-ын данс руу шилжүүлж хохирлыг  барагдуулсан. Компьютер томографын зураг авахуулсан 100.000 төгрөг болон эм тарианы зардал 360.000 төгрөгийг гэрт нь аваачиж өгсөн. ...” гэв.

 

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан баримтаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч 976.360 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан байна. Машины хохирлын асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй тул жич нэхэмжлэх боломжтой. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд өмнө хоёр удаа ял шийтгүүлж байсан. Энэ нь хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй хэдий ч шүүхээс энэ байдлыг харгалзан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Тодруулбал, прокуророос Г.А-г согтуугаар, 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 82 дугаар гудамжны 971 тоот гэртээ Ц.Д-ын “ээжийг нь хавдартай болсон, мөнгө нийлүүлж байгаад эмчилгээнд оруулъя” гэхэд “миний ээж яачихаад байгаа юм” гэж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд шарх, баруун нүдний алим, баруун дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Г.А-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, ялын төрөл, хэмжээний талаар бодитой хууль зүйн дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.А- нь 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба тэрээр энэ байдалдаа дүгнэлт хийлгүйгээр дахин хүний эрүүл мэндэд халдаж баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд шарх, баруун нүдний алим, баруун дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байхад түүнд тухайн зүйлд заасан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хохирогч Ц.Д-ын “...шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн. ...” гэх гомдлыг хүлээн авч, Г.А-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Г.А- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан 976.360 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүйг дурдаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/552 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хүртэл Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН