Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2017/0370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ш” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Бүтээгдэхүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бшүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Манай компани Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Шанаган нэртэй 1015.18 гектар талбай бүхий МҮ-018434 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Манай компани уг тусгай зөвшөөрлийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн авсан бөгөөд эхний жилийн төлбөрийг төлсөн.

Ашигт малтмал, газрын тосны газар нь манай компаний тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус гэж үзэж байна. Учир нь Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигг малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлах нөхцол бүрдсэн эсэх талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. Тиймээс бид манай компаний тусгай зөвшөөрөл цуцлагдах болсныг мэдээгүй ба 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/2543 дугаартай албан бичгийн дагуу холбогдох арга хэмжээ авч чадаагүй. Уг албан бичгийг манай компани хүлээн аваагүй болох нь тус газрын 2017 оны 02 дугаар сарын 21-ний одрийн 1/1329 дугаартай албан бичгээс тодорхой харагдаж байгаа болно. Тус газрын мэдээллийн санд байгаа манай компанийн хаягийн тухай мэдээлэл зөрүүтэй байгаа гэж үзэх гэтэл тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг манай компанийн үйл ажиллагаа явуулж байгаа буюу төв байранд ирсэн байгаагаас үзэхэд манай компанид хүргүүлэх ёстой байсан мэдэгдлийг санаатайгаар буруу хаягаар явуулсан гэж үзэхээр байна

Иймд ашигт малтмал, газрын тосны газар манай компанид хуульд заасан мэдэгдлийг хүргүүлээгүйн улмаас уг МҮ-018434 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлагдахад хүрсэн тул Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлээ:

“...Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Шанаган нэртэй 6670 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-009316 тоот тусгай зөвшөөрлийг анх 2005 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сосорбарамын Амаржаргалд олгосон байна.

Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2006 оны 683 дугаар шийдвэрээр хайгуулын ХВ-009316 тоот тусгай зөвшөөрлийг “Эм си ди си” ХХК-д шилжүүлснийг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 395 дугаар шийдвэрээр хайгуулын ХВ-009316 тоот тусгай зөвшөөрлийг “Эм Си Ди Си” ХХК-иас “Ж” ХХК-д шилжүүлсэнийг бүртгэсэн байна.

“Ж” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хайгуулын ХВ-009316 тоот тусгай зөвшөөрлийн талбайнхаа 1015.18 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 217 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ-018434 тооттусгай зөвшөөрлийг олгосон байна

Ийнхүү төрийн захиргааны байгууллагаас тус компанид ашигт малтмалын ашиглалтын МВ-018434 тоот тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдэлийг компанийн эрх бүхий ажилтан А.Аянгад гардуулсаныг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.

“Ж” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтын МВ-018434 тоот тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх өргөдөл гаргасан. Өргөдлийг хянан үзэхэд төрийн захиргааны байгууллагаас баталсан маягт К-7-д шилжүүлэн авч буй “Ш” ХХК-ийн захирал Б.Ч  нь нотолгоо гаргасан байна. Нотолгоонд “МВ-018434 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах хүсэлтэй байгаагаа батламжилж байна. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа одоогийн эзэмшигч “Ж” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Монгол улсын хууль тогтоомж болон энэхүү нотолгоо гаргахаас өмнө бусад этгээдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж ирсэн талаар бүрэн дүүрэн ойлгож байна. Иймд уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авмагц дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л үүргийг нь залгамжлан биелүүлэхээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж энэхүү нотолгоог гаргав" гэж гарын үсгээ зурж тэмдэг дарж баталгаажуулсан болно. Ийнхүү бусад материалыг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь заалтыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 474 дүгээр шийдвэрээр “Ш” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг урьдчилан өгөх ёстой. Гэтэл бид 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/2543 тоот мэдэгдлийг аваагүй, мөн цуцалсан тухай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь манай компанийн төв байранд ирсэн байгаагаас үзэхэд манай компанид хүргүүлэх ёстой мэдэгдлийг санаатайгаар буруу хаягаар явуулсан гэж үзэхээр байна гэж дурдсан байна

Ашиглалтын МВ-018434 тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа маягт К-9-д албан ёсны харилцах хаягаа Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо, 5-р хороолол, 4-24 тоот гэж захирал Ч нь бичиж тэмдэглэн гарын үсгээ зурж тэмдэг дарж баталгаажуулсан байна

Хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй атал бусдад алдааг тохох зэргээр санаатайгаар буруу хаягаар мэдэгдлийг явуулж хүргүүлээгүй гэж буй нь үндэслэлгүй байна

Нэхэмжлэгч компанид Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримтыг ирүүлэх тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотоор хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч компаниас төлбөр төлсөн баримтыг ирүүлээгүй болно

Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолд 5-д “Хуулийн ... “бичгээр мэдэгдэх” гэж төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргасан этгээдэд ...хүргүүлснийг хэлнэ”, 6-д “Хуулийн 56.2, 56.4, .... заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан байна

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/1546 тоотоор “Ш” ХХК МВ-018434 тоот тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хязаарлахыг мэдэгдсэн байдаг бөгөөд тус албанд Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6/2633 тоотоор тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй тул цуцлагдах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдсэн байдаг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/7543 тоотоор Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4068 дугаар захирамжаар “Ш” ХХК-иас 201.700.836 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус компани нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул хязгаарлалтыг сэргээхийг мэдэгдсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг үндэслэн мөн хуулийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5 тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын МВ-018434 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно

Улмаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7/107 тоотоор хүргүүлж байсныг Ашигт малтмал, газрын тосны газрын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн 117 дугаарт бүртгэж тэмдэглэгдсэн байна

Иймд “Ш” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар бүхий “ “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хугацаандаа тусгай зөвшөөрлийг ээлжит төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр “Ш” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тусгай зөвшөөрөл цуцлах нөхцөл бүрдсэн талаар урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй...цуцлах үндэслэл бүрдсэн талаарх албан бичгийг бид аваагүй...мэдэгдлийг санаатайгаар буруу хаягаар явуулсан” гэж тайлбарлаж, хариуцагчаас “...тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа албан ёсны харилцах хаягаа ...захирал Чнь бичиж гарын үсгээ зурсан...төлбөрөө урьдчилан төлөх ёстой...хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Анх Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Шанаган нэртэй 6670 гектар бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-018434 тоот тусгай зөвшөөрлийг Ж ХХК-аас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 474 дүгээр шийдвэрээр “Ш” ХХК нь шилжүүлэн авсан байна. Ийнхүү шилжүүлэн авахдаа 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн захирал Чнь “...тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авмагц Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л үүргийг нь залгамжлан биелүүлэхээ хүлээн зөвшөөрөх” нотолгоо гаргаж, Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч буй хуулийн этгээдийн тодорохойлолтод албан ёсны харилцах хаягаа “Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 5-р хороолол, 4-24 тоот” гэж бичиж тэмдэглэн гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулсан үйл баримтууд хэрэгт авагджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги ногдуулна”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй”  бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар тус тус заажээ.

Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/2543 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрийг төлсөн тухай, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар хоцроож төлсөн бол хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх талаар мэдэгдлийг хариуцагч захиргааны байгууллагаас  дээрх “Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч буй хуулийн этгээдийн тодорохойлолт”-д бичсэн хаягаар хүргүүлсэн байна.

Гэвч “Ш” ХХК нь хариуцагч захиргааны байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн хаягтаа байгаагүй, хаягаа өөрчилсөн тухай хариуцагчид мэдэгдээгүй болох нь хариуцагч байгууллагын явсан бичгийн бүртгэлийн дэвтэр, Монгол шуудан ТӨХК-ийн шуудан хүргэгчийн бүртгэлийн дэвтрээр тус тус тогтоогдсон,  хариуцагч захиргааны байгууллагаас тус компанийн бүртгэлтэй хаягаар мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлсэн байх тул “санаатайгаар буруу хаягаар явуулсан” гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Улмаар хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7/107 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2,  56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/1546 дугаар албан бичгээр “Ш” ХХК-ийн МВ-018434 тоот тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хязгаарлахыг мэдэгдсэн байх ба тус албанд хариуцагчаас 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 6/2633 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй тул цуцлагдах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэж, улмаар тус албанаас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/7543 дугаар албан бичгээр уг тусгай зөвшөөрлийн хязгаарлалтыг сэргээж шийдвэрлэсэн, энэ хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан байгааг дурдах нь зүйтэй.  

Иймд дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.Д