Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2025/00089

 

 

                                                  С.Н-ийн нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/05489 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/00361 дүгээр магадлалтай,

С.Н-ийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах орон сууцны барьцаалбарыг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч НШШГГт холбогдуулан Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах орон сууцны барьцаалбарыг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/05489 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар С.Нийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220............. дугаартай, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалбараас чөлөөлөхийг НШШГГт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/00361 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/05489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах орон сууцны барьцаалбарыг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэгч С.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/05489 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2025/00361 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт барьцааны эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т заасан салгаж үл болох эрх бөгөөд үндсэн шаардах эрхээс үл салгаж болох шинжтэй байдаг тул уг эрх нь үндсэн шаардах эрхгүйгээр үүсэх, оршин тогтнох, бусдад шилжих боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9-т “Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд гүйцэтгэх бичгийн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрийг хүчингүй болно” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдсэн атлаа барьцаанаас чөлөөлөөгүй байгаа тул шийдвэр гүйцэтгэгчийн энэхүү ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт хариуцагч Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийсэн байх бөгөөд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаарх барьцааны гэрээг бүртгэсэн тэмдэглэлийг хүчингүй болгох ажиллагаа нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэгч нь өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  этгээдийг буруу тодорхойлсон гэж үзэхээр байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангана гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгө болох өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220.........дугаартай, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах орон сууцыг худалдаж, орон сууцны үнээс 7,456,875 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 204,460 төгрөг, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 120,000 төгрөг нийт 7,781,335 төгрөгийн өр төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ байр худалдан авсан хүн рүү шилжүүлж чадаагүй байна. Учир нь төлбөр авагч нар нь шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлбөрөө төлсөн байхад ажиллагааг дуусгавар болгохгүй өнөөдрийг хүрч байна. Шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг дуусгавар болгоогүй. Анхан шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9-т “Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд гүйцэтгэх бичгийн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрийг хүчингүй болгоно.” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдсэн атлаа барьцаанаас чөлөөлөөгүй байгаа тул шийдвэр гүйцэтгэгчийн энэхүү ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар 17-ны өдрийн 210/МА2025/00361 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2025/00432 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Оийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02822 дугаар шийдвэрээр Д.С, Д.Ц нарын 42,982,500 төгрөгийг хариуцагч С.Нээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01834 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулан С.Нээс 7,456,875 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. С.Н нь орон сууцны үнээс 7,456,875 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 204,460 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 120,000 төгрөг, нийт 7,781,335 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн боловч барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй.  Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-220.........дугаар бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, .... дугаар байр, ... тоот хаягт байрлах 40м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгуулах үндэслэлтэй” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч НШШГГ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02822 дугаар шийдвэрээр С.Нийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220.........дугаар бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах 40м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, орон сууцны үнээс 7,456,875 төгрөгийг гаргуулж, Д.С, Д.Ц нарт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2024.02.14-ний өдөр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх мэдэгдлийг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн. Хариуцагч С.Нийн зүгээс 2024.02.26-ны өдөр төлбөрийг төлж барагдуулсан тул тус үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээх тухай 2024.02.26-ны өдрийн албан бичгийг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан.” гэж тодорхойлсон.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлээ “... шүүхийн шийдвэр, ... магадлалаар С.Нийн өмчлөлийн орон сууцыг албадан худалдаж, орон сууцны үнээс 7,546,875 төгрөгийг гаргуулж, Д.С, Д.Ц нарт олгохоор шийдвэрлэсэн. ... С.Н нь 7,781,335 төгрөгийг барагдуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг сэргээсэн боловч барьцаанаас чөлөөлүүлэх асуудлаа барьцаалагчид хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т заасантай нийцсэнгүй. Нэхэмжлэгч нь үндсэн шаардах эрх буюу зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн тул барьцааны эрх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар дуусгавар болсон. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдсэн боловч барьцаанаас чөлөөлөөгүй нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэхгүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд “... Шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгүүлэх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, тусгай тэмдэглэл хийгдсэн байх ба 2024.03.29-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байна. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг сэргээх тогтоолыг улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг зөрчсөн гэх үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй. Хариуцагчийн зүгээс хуулийн хүрээнд ажиллагааг хийсэн байх ба барьцааны гэрээг бүртгэсэн тэмдэглэлийг хүчингүй болгох нь хариуцагчийн эрхэд хамаарахгүй. ...” гэж дүгнэсэн.

11. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд ач холбогдол бүхий үйл баримтыг адил тогтоосон байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9 дэх хэсгийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, төлбөр авагчийн барьцааны эрх дуусгавар болсонтой холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын эрх хэмжээний хүрээ хязгаарын талаар ялгаатай дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Оийн энэ талаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны журмаар хэлэлцлээ.

12. Зохигчийн маргааны зүйл нь өвийн журмаар шилжүүлэн авсан барьцааны  зүйлээс барьцаагаар хангагдсан шаардлагыг хангуулахаар эд хөрөнгийн одоогийн өмчлөгчид хандан гаргасан шаардлагыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлснээр барьцааны шаардлага дуусгавар болж өвийн зүйл барьцаанаас чөлөөлөгдөх эсэх, улмаар ийнхүү барьцааны эрхийг дуусгавар болгохтой холбоотой арга хэмжээг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага авч хэрэгжүүлэх боломжтой эсэх асуудал байна. Хоёр шатны шүүх маргааны зүйлийг зөв тогтоосон боловч зөрүүтэй шийдэл гаргажээ. Тодруулбал, анхан шатны шүүх шүүхийн шийдвэр биелэгдсэнээр барьцаагаар хангагдсан шаардлага дуусгавар болсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцаанаас үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх үүрэгтэй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх барьцаагаар хангагдсан шаардлага дуусгавар болсон талаар адил дүгнэсэн атлаа ийнхүү барьцаанаас чөлөөлөх нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарахгүй гэж үзжээ.

13. Барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-220.........дугаартай 3 өрөө орон сууцны өмчлөгч Ц.С нас барснаар уг үл хөдлөх эд хөрөнгө өвийн журмаар түүний хүүхдүүд С.Н, С.Мө, С.Мя, С.С нарт шилжин ирсэн. Үл хөдлөх эд хөрөнгө талийгаач Ц.Сийн хүүхдүүдэд өвлөгдөхөөс өмнө өвлүүлэгчийн эхнэр Ц.Эийн өмчлөлд өвийн журмаар шилжсэн байх ба энэ талаар өвлүүлэгчийн хүүхдүүд С.Н, С.Мө, С.Мя нар маргаан үүсгэснээр Ц.Эийн өмчлөх эрх хүчингүй болж С.Н, С.Мө, С.Мя, С.С нар байрыг өвлөн авсан байна. Гэвч маргаан бүхий байр Ц.Эийн өмчлөх эрхэд бүртгэлтэй байх хугацаанд уг байранд Д.С, Д.Ц нарын ипотекийн эрх үүссэн бөгөөд эдгээр барьцаалагчид ипотекийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Улмаар зээлдэгч Ц.Э нас барснаар түүний төлөөгүй үлдсэн зээлийн үлдэгдлийг барьцааны зүйлээс төлүүлэх маргаан үүсэж, ипотекийн шаардлага барьцааны зүйлээс салшгүй орших үндэслэлээр орон сууцнаас үүргийг хангуулахаар одоогийн өмчлөгч нарт холбогдуулан зээлдүүлэгч-барьцаалагч Д.С, Д.Ц нар шүүхэд ханджээ. Шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ Ц.Эийн Д.С, Д.Ц нарын хооронд байгуулсан бүх зээлийн гэрээний үүргийг тооцож, нийт 7,456,875 төгрөгийг барьцааны зүйлээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Эдгээр үйл баримтын талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02822 дугаартай шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01834 дугаартай магадлалд тус тус дүгнэсэн, шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

14. Дээрх шийдвэр, магадлалыг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу үүсэж, төлбөр төлөгч С.Н шүүхийн шийдвэрт дурдсан 7,456,875 төгрөгийг төлж барагдуулсан боловч эрхийн улсын бүртгэлийн Ү-220.........дугаартай 3 өрөө орон сууцанд үүссэн Д.С, Д.Ц нарын барьцааны эрхийг дуусгавар болгох талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага зохих арга хэмжээ аваагүй буюу барьцаанаас чөлөөлөхгүй байгаа талаар төлбөр төлөгч талаас гомдол гаргасан байна.

15. Барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгөд үүссэн Д.С, Д.Ц нарын шаардлагыг бүхэлд нь дээрх шүүхийн шийдвэрээр дүгнэж, барьцааны зүйлээс хангагдвал зохих дүнг эцэслэн тогтоосон, уг төлбөрийг төлбөр төлөгч төлж барагдуулсан бол барьцааны шаардлага дуусгавар болсон гэж үзэх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон” бол барьцааны эрх дуусгавар болохоор заасантай нийцнэ. Нэгэнт Д.С нарын барьцаагаар хангагдах шаардлагыг төлж барагдуулах ажиллагааг гардан гүйцэтгэсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага барьцааны эрхийг бүртгэгч байгууллагад энэ талаар мэдээлж, барьцааны эрхийг дуусгавар болгох нөхцөлийг бүрдүүлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9-д “Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд гүйцэтгэх бичгийн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрийг хүчингүй болгоно.”  гэж заасантай нийцнэ.

Тодруулбал, хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаанаас үзвэл маргаан бүхий орон сууцанд Д.Ц, Д.С нарын 4 удаагийн барьцааны эрх бүртгэгдсэн байх ба шаардлагыг бүртгэсэн огноо, барьцаагаар хангах шаардлагын үнийн дүнгээс үзвэл дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалд дүгнэсэн Ц.Э ба Д.С, Д.Ц нарын хооронд байгуулсан 5 удаагийн зээлийн гэрээтэй холбоотой бүртгэл гэж үзэхээр байна. Иймд барьцааны зүйлтэй холбоотой Д.С, Д.Ц нарын шаардах эрх уг шүүхийн шийдвэрийг биелүүлснээр дуусгавар болжээ. Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан үндэслэлээр барьцааны эрх мөн дуусгавар болсон гэж үзнэ.

16. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдлийг зохион байгуулж, гүйцэтгүүлэх арга хэмжээ авсан атлаа барьцааны эрхээс чөлөөлөхтэй холбоотой мэдээллийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх ажиллагаа хийхээс татгалзаж байгаа нь агуулгын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9-д заасан “Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд гүйцэтгэх бичгийн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрийг хүчингүй болгоно.” гэх чиг үүргээ биелүүлэхээс үндэслэлгүй татгалзаж, төлбөр төлөгчийг чирэгдүүлсэн эс үйлдэхүй байх тул энэ үүргээ биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

17. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9-д заасан барьцаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн өөрийнх нь үүсгэсэн барьцаа буюу хуульд зааснаар үүсэх барьцааг шууд утгаараа илтгэж байна. Гэвч шийдвэр гүйцэтгэгчийн биелүүлж байгаа шүүхийн шийдвэр нь барьцааны шаардлагыг хангуулах тухай шийдвэр бөгөөд уг шийдвэрт барьцааны ямар үнийн дүн бүхий хэдэн шаардлагыг хангах талаар тодорхой заасны зэрэгцээ шийдвэр гүйцэтгэгчид өөрт нь илэрхий мэдээллийн дагуу уг барьцааны зүйлд хэдэн ипотек бүртгэгдсэн нь тодорхой байгаа нөхцөлд шийдвэр биелснээр дуусгавар болж байгаа ипотекийн талаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад шийдвэр гүйцэтгэгч мэдээлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.9-д заасан чиг үүрэгтэй нь агуулгын хувьд нийцнэ. Ингэснээр төлбөр авагч ба төлөгчийн хооронд нийтийн албан хаагчийн хэлбэрийн шинжтэй үйлдлийн талаар олон дахин маргаан үүсэхгүй байх, эрх зүйн тогтвортой байдал хангагдах, иргэд, хуулийн этгээдийн эрх ашиг нэг мөр хамгаалагдах нөхцөл бүрдэх юм.  

18. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны зүйлээс чөлөөлөхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх ба зүй нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үүргийг төлбөр авагчид холбогдуулан гаргах учиртай. Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх үндэслэл болсон шүүхийн шийдвэр, магадлал нь бүхэлдээ барьцааны харилцаа байх тул уг шийдвэрийг биелүүлснээр төлбөр авагчийн барьцааны эрх дуусгавар болох талаар төлбөр авагч таамаглах бүрэн боломжтой гэж үзнэ. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах шаардлагыг бус, харин чөлөөлөхтэй холбоотой өөрөөс хамаарах үйлдэл хийж, барьцааны эрх дуусгавар болсон талаар холбогдох байгууллагад мэдээлэхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь төлбөр авагчийн эрх ашгийг хөндөхгүй.

19. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны зүйлээс чөлөөлүүлэх шаардлага гэж тайлбарлан, хариуцагчид ийм эрх хэмжээ тухайлан олгогдоогүй гэх агуулгаар дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг анхаарч, шаардлага ба үндэслэлийг дээрх байдлаар ялган зааглаж чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулан, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/00361 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/05489 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-220.........дугаартай, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцанд үүссэн төлбөр авагч Д.С, Д.Ц нарын барьцааны эрх дуусгавар болсныг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт мэдэгдэхийг НШШГГт даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Н нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.03.21-ний өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД

                     ШҮҮГЧИД                                                 Н.БАТЗОРИГ

                                                                                            Н.БАТЧИМЭГ

                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                            П.ЗОЛЗАЯА