Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 201/МА2018/00027

 

Ш.Э ын нэхэмжлэлтэй,

С.Г , Б.Э  нарт

холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Н , түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 138/ШШ2018/00622 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч С.Г ийн давж заалдах гомдлоор Ш.Э ын нэхэмжлэлтэй, С.Г , Б.Э  нарт холбогдох “Газар албадан чөлөөлж, уг газрыг эзэмшигч нь Ш.Э  мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг 2018 оны 08 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1995 оны 01 сарын 04-ний өдрийн Хэрлэн сумын Засаг даргын захирамжийн дагуу Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл хороолол, хивсний үйлдвэрийн ажилчдын байрны баруун тал, Нарлаг дэлгүүрийн зүүнд талд байрлах 300 м2 газрын эзэмшигч нь Ш.Э  юм. Гэтэл уг газар дээр С.Г  нь өөрийн эд зүйлийг авчирч тавиад газрыг чөлөөлж өгөхгүй байна. Тухайн газрыг Ш.Э  нь 1999 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 60 жилийн хугацаатайгаар эзэмших гэрчилгээ авсан. Ш.Э  нь тус газар дээр өөрийн орон сууц барих, ногоо тарих зориулалтаар тус газрыг авсан байдаг. С.Г ид уг газрыг чөлөөлөх талаар удаа дараа шаардаж байсан. Мөн холбогдох байгууллагад хандахад газар эзэмших гэрээг С.Г той байгуулаагүй, Ш.Э тай гэрээ байгуулсан тул та санаа зовох зүйлгүй гэж намайг удаа дараа буцааж байсан. Иймд тус газрыг Шагдарын Энхжаргалын эзэмшлийн газар мөн болохыг тогтоож, Ш.Э ын эзэмшлийн газраас С.Г ийг албадан нүүлгэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмших, ашиглах эрх буюу узуфрукт гэдэг ойлголтын талаар Иргэний хуулийн 152 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Эзэмшигч нь өмчлөгчийн нэгэн адил эзэмших, ашиглах эрхтэй байдаг. Харин түрээслэх, захиран зарцуулахдаа өмчлөгчийн зөвшөөрлийг заавал авах ёстой учир тэр нь газар эзэмших гэрээгээр батлагдана. Үүний дагуу Ш.Э  нь 1999 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 60 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, гэрээ байгуулсан байдаг. Энэ талаар Дорнод аймгийн архиваас ирүүлсэн тодорхойлолтонд тодорхой заасан байдаг. Үүнээс үзэхэд 1995 оны 01 сарын 04-ний 03 тоот тушаалаар Ш.Э д хувийн хашаа байшин барих, өөрийн хэрэгцээний ногоо тарих зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл олгосон болох нь харагдаж байна. 2009 онд улсын хэмжээгээр эзэмшил газрын кадастрын зургийг гаргахад Ш.Э  нь кадастрын зургийг зуруулсан байдаг. Дорнод аймгийн Засаг дарга Жанлавын гаргасан захирамжид 6 дугаар багийн иргэн Ш.Э д СМУ-н /Ивээл хорооллын/ 32-р байрны баруун талд уртаараа 20 метр, өргөнөөрөө 14 метр 280м2 талбайтай газрыг ахуйн хэрэгцээнд зориулж олгосон байна. Иймд Ш.Э  нь өмчлөгчийн зөвшөөрлөөр газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байна. Ш.Э  нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр газрын албанд очиж гэрээгээ хийсэн байна. Мөн жил болгон газар эзэмшсний татвараа төлсөн талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. С.Г ид холбогдох байгууллагаас тус газар нь Ш.Э ын нэр дээр байгаа тул тантай гэрээ байгуулах боломжгүй гэсэн албан тоот явуулсан баримт хэрэгт авагдсан байна. Удаа дараагийн Засаг даргын захирамжууд, Барилга, хот байгуулалтын газартай байгуулсан гэрээнүүд, гэрчийн мэдүүлгүүд кадастрын зураг, шинжээчийн дүгнэлт зэргээр тус газар нь Ш.Э ын эзэмшлийн газар болох нь нотлогдож байна. Бусдын эд хөрөнгийг хязгаартай ашиглах эрх буюу узуфруктын дагуу эзэмшлийн зүйлийн зориулалтыг өөрчилж болохгүй бөгөөд хязгаартай эзэмших эрхийг тодорхойлуулахаар өөрийн зардлаар шинжээч томилуулж болно гэж заасан байдаг. Үүний дагуу мэргэжлийн байгууллагад хандахад Ш.Э ын газрын байршилыг тодорхойлсон кадастрын зургийг шинжлэн судалсан байдаг. Үүнийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Хуульд нэг газрыг эзэмшихээр хэдэн ч хүн өргөдөл өгч болохоор тусгасны дагуу өргөдлийг шийдвэрлэхээр заасан байдаг. Үүний дагуу Ш.Э д тус газрыг эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гарч, Ш.Э  нь газрын эзэмших гэрээг цаг тухайд нь сунгуулж, татвараа төлж байсан. Гомбодорж нь газар эзэмшихдээ хувийн хэрэг нээлгээгүй кадастрын зураг хийлгээгүй тул түүнтэй гэрээ байгуулаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Г  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Тус газрыг 2000 оны 10 сарын 24-ний өдрийн Хэрлэн сумын Засаг даргын 225 тоот захирамжаар надад олгосон. Анх Бын гэх жижиг газар манай газрын баруун талд байсан. Б та энэ газрыг эзэмшилдээ аваач, би зүүн талынх нь газрыг авчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд 6 дугаар багийн Засаг дарга Зоригтбаатартай уулзаж тус газрыг эзэмших хүсэлтээ илэрхийлсэн. Тэгэхэд Зоригтбаатар нь би судалж үзье гэсэн хариу өгсөн. Тэгээд удалгүй Зоригтбаатар нь намайг дуудаж тус газрыг эзэмшиж байгаа хүн байхгүй байна. Та бичиг баримтаа бүрдүүлж өг гэсэн. Тэгээд би Барилга зургийн товчооны Л гэдэг хүнээр газрынхаа зургийг зуруулж, хэмжилт хийлгэж, өргөдөл болон 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолтын хамт Хотын захиргааны газрын албанд Болороо гэдэг хүнд материалаа өгсөн. Ингээд 2000 онд Засаг даргын захирамж гарч надад газрын гэрчилгээ олгосон. Үүнээс хойш би энэ газар дээрээ амьдарч байна. Тус газар дээр би зуны цагт ногоо тарьж, өвлийн улиралд машинаа тавьдаг байсан. Манай хашааг өвгөн, хөгшин хоёр хардаг байж байгаад ноднин жилээс хашааг маань харахаа больсон. Олон манаач сольж байгаагүй. Гэтэл Хүрэлбаатар гэдэг хүн ирээд энэ газар миний газар гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрэв чиний газар мөн юм бол гэрчилгээгээ аваад ир гэж хэлэхэд Х нь дахиж ирээгүй. Харин Х нь төмөр хаалга байсныг аваад явсан юм. Ингээд эзэнгүй байсан газрыг 69 машинаар 50 гаруй чиргүүл хог зөөж байж тус газрыг янзалсан. Үүнээс хойш энэ газар дээр өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Энэ хугацаанд миний эзэмшлийн газар дээр маргаан гаргасан хүн байхгүй. Нэхэмжлэгч надтай олон удаа уулзаж байсан гэж хэлж байгаа нь үндэсгүй. Намайг хууль бусаар газар эзэмшсэн гэж үзэж байгаа юм бол тухайн үедээ холбогдох газар мэдэгдэж учраа олж болох байсан. Намайг газраа цэвэрлэж байхад Д гэдэг хүн газар дээр минь байшингийн торх босгосон байсан тул тус торхыг холдуулж өгнө үү гэж газрын албанд 3, 4 удаа хандаж байсан. Би 2008 онд газрын гэрчилгээ, бичиг баримтаа шинэчлэх шаардлагатай гэж сонсоод холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн нотариатаар батлуулаад газрын албан дээр очсон. Гэтэл миний газрын гэрчилгээг минь газрын албанд байлгаж байгаад солих шаардлагагүй юм байна гээд буцаагаад надад өгсөн. Тухайн үед тус газар огт эзэнгүй байсан. Би 2015 онд газрын гэрчилгээгээ сунгах гэж очиход Ш.Э  гэдэг хүний нэр дээр байгаа тул таны гэрчилгээг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн. Би тухайн үед нь Ш.Э  гэдэг хүнтэй чинь уулзъя гэхэд уулзуулаагүй тул өнөөдрийг хүртэл маргаантай яваад байна. Газрын алба нь кадастрын зураг, нэрийг андуурснаас болж ийм маргаан үүссэн юм болов уу гэж бодож байна. Би Засаг даргын захирамжаар хуулийн дагуу газар эзэмшиж байгаа. Ш.Э ын эзэмшиж байгаа газар дээр 2 хүний газар байгаа. Ш.Э  нь газраа бусдад алдчихаад миний газрыг авахаар газрын албатай хуйвалдаж кадастрын зураг хийлгэсэн. Газрын албанаас намайг 2008 оны 5 сард газрын гэрчилгээ шинэчлэх гэж байна гээд намайг баримт бүрдүүлж ир гэсэн. Ингээд 2009 оны эхээр таны гэрчилгээг өөрчлөх шаардлагагүй юм байна гээд буцааж өгсөн. 2008 онд тус газрын баруун талд нь Нарлаг угаалгын газар, зүүн талд нь Бын газар байсан бөгөөд тухайн газар дээр хэний ч нэр байгаагүй хоосон байсан. Ингээд материалаа өгч хүлээх хооронд тус газар дээр хууль бусаар кадастрын зураг хийлгэсэн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Г  нь 2000 онд багийн засаг даргад өргөдөл гаргасныг багийн засаг дарга хот байгуулалтын албанд шилжүүлсний дагуу С.Г ид газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан байдаг. Тухайн үед уг газар дээр мэдээлэлийн санд Ш.Э ын эзэмшил газар гэж байгаагүй. Тухайн үед Ш.Э  газар эзэмшсний татвар төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй байсан. 2005-2009 онд газрын гэрчилгээг шинээр олгож байсан. С.Г  нь бичиг баримтаа бүрдүүлэн газрын албанд өгөхөд гэрчилгээг шинэчлэх шаардлагагүй гэсэн хариуг өгсөн боловч одоо болохоор газрын санд хувийн хэрэг нээгдээгүй гэж тайлбарладаг. С.Г ийн эзэмшлийн газрын эзэмшлийн хугацаа дууссан учир газрын албанд хандахад уг газар Ш.Э ын нэр дээр бүртгэлтэй учир давхцаж байна гэсэн хариуг өгч гэрээний хугацааг сунгаагүй байна. Үүнээс үзэхэд С.Г ийн нэр дээрх газар дээр Ш.Э ын нэрийг бүртгэсэн нь газар эзэмшил нь давхацсан харагдаж байна. Шинжээч дүгнэлт гаргахдаа кадастрийн зургийг үндэслэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Мөн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус хийгдсэн байх тул иргэний шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул захиргааны хэргийн шүүхэд шилжүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Э  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн Б.Э  миний бие 2000 оноос эхлэн Нарлагын зүүн талын С.Г  гэх хүний хашааны зүүн талд дугуй засварын байрыг түрээслэж дугуй засах, гагнуур хийх зэргээр 16 жил ажиллаж амьдарч байна. Энэ хугацаанд Гомбодорж гуайн эзэмшиж байсан хашаанд өөрийн хамаатан болох өвгөн хөгшин хоёроор хашаагаа мануулж, өвөлдөө машин тэргээ тавьж, зундаа ногоо тарьж одоог хүрсэн. Өвгөн хөгшин хоёр нас өндөр болж 2016 онд хүүхдүүд нь ирж аваад явсан тул Гомбодорж гуай намайг ажлаа хийх далимаар манай хашааг манаж өвгөн, хөгшин хоёрын амьдарч байсан пинд бууж бай гэхэд нь би зөвшөөрч, одоог хүртэл энэ хашаанд ажиллаж амьдарч байна. Намайг энд ажиллаж, амьдарч байх хугацаанд энэ газрын талаар ямар нэгэн яриа, маргаан гарч байгаагүй. Харин энэ оны 03 сард Энхжаргал гэж хүн ирж энэ миний газар, газар чөлөөлж өгөөрэй. Гомбодорж гэдэг хүн хаана амьдардаг вэ гэж асуусан. Би түүнд эзэн нь бишээ Гомбодоржтой өөртэй нь уулз гэж хэлсэн. ...2016 оноос одоог хүртэл энэ газар ажиллаж амьдарч байна” гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 138/ШШ2018/00622 дугаар шийдвэрээр:

1/ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл хорооллын 32 дугаар байрны баруун талд байршилтай 280м2 газрыг хуулийн дагуу эзэмшигч нь Ш.Э  мөн болохыг тогтоож, уг газар дээр байгаа С.Г ийн /байр, хүлэмж, амбаар зэрэг/ эд зүйлийг албадан нүүлгэж,

2/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г оос улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Э д олгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Г  давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2000 онд анх уг газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж зохих журмын дагуу хөөцөлдөж авахад миний одоо эзэмшиж байгаа газар дээр ямар ч эзэмшил, өмчлөл байгаагүй. Тийм ч учраас ...газар дээр нь очиж хэмжиж зураг төслийг нь зураад газрын даамал Болормаад материалаа өгч Засаг даргын захирамжаар эзэмших болсон юм. 2008 онд газрын гэрчилгээг шинэчлэн олгож байгаа зарын дагуу материалаа аваад очиход таны гэрчилгээг шинэчлэх шаардлагагүй гэж буцааж өгсөн. Гэтэл одоо газрын албаныхан тэр үед кадастрын зураг зуруулж, хувийн хэрэг нээлгүүлээгүй юм байна гээд шүүхэд тайлбар өгчээ. ...Газрын албанд хувийн хэрэг нээдэг эсэхийг би мэдэхгүй. Тэр алба өөрөө хийх ёстой ажил нь юм байна шүү дээ. ...Ингээд 2015 онд миний газар эзэмших хугацаа дууссан тул дуусахаас өмнө сунгуулах зорилгоор материалаа өгсөн. Гэтэл миний эзэмшиж байгаа газрыг Э гэх хүний 1995 онд захирамжийн дагуу авсан газартай давхцсан, Э дээр хувийн хэрэг үүсгэгдсэн байна гэж хэлсэн. ...Шинжээч газар дээр нь 1995, 2000, 2009 оны захирамжтай газар тус бүрийн байршлыг тодорхойлж хэмжиж үзэлгүй зөвхөн захирамжид бичсэн газрын ганцхан Эын кадастрын зураг гэж хэзээ ч хийсэн юм мэдэхгүй зургийг үндэслээд давхцаж байна гэж гаргаж өгсөн нь дутуу хийгдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 1995 оны захирамжид Э д СМУ-ийн 32-р байрны баруун талд гэсэн. 2000 оны захирамжид Г д “Гантиг” ХХК-ийн зүүн талд 600 м.кв, 2009 оны захирамжаар Э д ямар газар өгсөн, тэр нь Г миний газартай давхцсан эсэхийг шалгаж тухайн цаг үед нь 2 талд мэдэгдэх ёстой ч мэдэгдээгүй. СМУ-ийн 32-р байр, “Гантиг” ХХК-ийн хашааны зүүн тал хоёрын хооронд хэдэн м.кв талбай байна гэдгийг шалгаж, захирамжид дурдсан газарт нь талбайг нь хэмжиж үзэж давхцаж байгаа эсэхийг бодит байдал дээр шалгуулах гэсэн боловч шинжээч хийж өгөөгүй байхад хэргийг шийдсэн нь үндэсгүй болсон. Газрын алба миний анхны бүрдүүлж өгсөн материалыг алга болгосон. Би газрын албатай байнга харьцаж татвараа цаг хугацаанд нь төлж байсан. Гэтэл нөгөө тал нөхөж төлсөн. Иймд дахин шинжээчээр газар дээр нь хэмжилт байршлыг тодруулах шаардлагатай тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул  дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Э  нь хариуцагч С.Г , Б.Э  нарт холбогдуулан “Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-гийн 32 дугаар байрны баруун талын 280 м.кв  газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, газрын эзэмшигч нь Ш.Э  мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч С.Г  нь анхан шатны шүүхэд “... албан ёсны шинжээч томилж, 32 дугаар байрны баруун тал гэж аль газрыг хэлэх, “Гантиг” ХХК-ийн зүүн тал гэж аль газрыг хэлэхийг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3. дахь заалтыг зөрчсөн байна. /хх-ийн 79-80 дахь талууд/

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч С.Г , Б.Э  нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх дээрх хоёр хариуцагчид холбогдуулан хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Б.Э т холбогдох хэргийг  шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан “шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч С.Г  нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцааж олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.3. дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч С.Г ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч ханган, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 138/ШШ2018/00622 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Г оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцааж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

            ШҮҮГЧИД                                                              Ж.ДОЛГОРМАА

                                                                                           З.ЭНХЦЭЦЭГ