| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/0941/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/981 |
| Огноо | 2024-09-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/981
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа, улсын яллагч Ж.Сувданчимэг, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох, эрүүгийн 2408000000474 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч *** нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хорооллын 106 дугаар байрны орчмоос иргэн ***ы гээгдүүлсэн “Хаан” банкны *** тоот данс бүхий чиптэй картыг олж, улмаар тус картыг ашиглан данснаас үргэлжилсэн 20 удаагийн гүйлгээгээр, нийт 479,370 төгрөгийн зарлагын гүйлгээг хийж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Зам хөндлөн гараад нэг дэлгүүр байсан ба хажуу талд нь эмийн сан байсан. Тухайн дэлгүүр орох гэж байхад үүдэнд нь банкны виза карт байсан. Тэр виза картыг аваад дэлгүүрт уншуулсан. Чипээр уншуулсан болохоор 30,000-35,000 төгрөгөөс дээш чипээр уншдаггүй юм байна гээд олон дахин 20 удаагийн үйлдлээр уншуулж мөнгө шамшигдуулсан нь үнэн. Тэр өдөр найзынхаа ачааг ачуулчхаад хүний юм авч болохгүй гэж бодоод буцаад нөгөө дэлгүүр рүү очсон. Дэлгүүрийн худалдагч чамайг цагдаа асуусан гэж хэлсэн. Тухайн дэлгүүрийн үүдэнд байж байхад тэр залуу ирээд, би тухайн залуутай уулзаад тэр өдөр буюу 03 дугаар сарын 01-ний өдөр хохирлыг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408000000474 дугаартай хэргээс:
2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,
3. Эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди”, уг бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас, хэргийн арын хавтсанд үдсэн/,
4. Иргэн ***ы “Хаан” банканд эзэмшдэг *** тоот дансны хуулга, уг хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7, 11 дүгээр хуудас/,
5. Хохирогч ***ы өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд “Драгон” нэртэй худалдааны төвийн “Шунхлай” шатахуун түгээх станцаас 20,000 төгрөгөөр машиндаа шатахуун хийхдээ “Хаан” банкны чиптэй виза картаар худалдан авалт хийсэн. Тухайн үед гүйлгээ хийсний дараа өмсөж явсан куртикний зүүн талын халаасандаа хийсэн. Тэгээд би машинаа “Содон” хорооллын 106 дугаар байрны ард зогсоол дээр байрлуулаад гэр рүүгээ орсон. Маргааш өглөө 09 цаг 30 минутын орчимд “Хаан” банкныхаа картыг үзэхэд халаасанд байгаагүй. Гар утсаа шалгахад 20 удаагийн үйлдлээр 483,000 төгрөгийн зарлага гарсан байсан. ...Миний гээсэн гэх “Хаан” банкны виза карт нь чиптэй учир аж ахуй нэгжийн пос машинд чипийг нь ашиглаж төлбөр төлөх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
6. Хохирогч ***ы дахин өгсөн: “...Би өөрийн гээгдүүлсэн картаа авто сургууль орчмоос олж авсан ба хаачихсан карт учраас уг картаа хугалж хаясан тул үнэлгээ хийлгэж нэхэмжлэхгүй. ...Миний картыг олсон танихгүй ах надаас уучлалт гуйгаад миний картаас уншуулсан мөнгө болох 483,000 төгрөгийг “Хаан” банкны *** тоот данс руу *** тоот данснаас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлж өгөөд уучлалт гуйсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгож нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
7. Гэрч ***ийн өгсөн: “...Намайг “Нөмрөг” нэртэй дэлгүүртээ ажиллаж байхад 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 08 цаг өнгөрч байхад танихгүй залуу 2 удаа “Эдэн” нэртэй 0.7 литрийн архийг виза картын чипээр уншуулж авсан бөгөөд тэрээр “манай дүүгийн карт байгаа юм, би пин кодыг нь мэдэхгүй байна” гэхээр нь чипээр нь уншуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
8. Шүүгдэгч ***ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
9. Хохирол төлсөн талаарх шүүгдэгч ***ын “Хаан” банканд эзэмшдэг *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,
10. Шүүгдэгч ***ын урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,
11. Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд /хавтаст хэргийн 34-38 дугаар хуудас/,
12. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Уг тогтоолд заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би бусдад учруулсан хохирлоо тэр даруй барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас шүүгдэгч ***ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж цуглуулсан баримт байх тул уг мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд “сэжигтнийг баривчлах”, мөн хуулийн 31.5 дугаар зүйлд “сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” дэс дарааллыг тус тус тогтоож, хуулийн 31.11 дүгээр зүйлд “сэжигтнээс мэдүүлэг авах” ажиллагааг хуульчилсан.
Гэтэл энэ хэрэгт *** нь сэжигтнээр баривчлагдаагүй, мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахаар дуудагдаагүй байхад түүнд сэжигтний эрх, үүргийг танилцуулж сэжигтнээр мэдүүлэг авсан байна.
Харин шинжлэн судалсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөрдөх байгууллагаас ***д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Нэг. Гэм буруугийн талаар:
Хохирогч *** нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд “Драгон” худалдааны төвийн ойролцоох “Шунхлай” шатахуун түгээх станцаас машиндаа шатахуун хийхдээ “Хаан” банкны виза картаар худалдан авалт хийж, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хорооллын 106 дугаар байрны орчим машинаа байрлахдаа өөрийн картаа гээгдүүлж, улмаар маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өөрийн картаа гээснээ мэджээ.
Шүүгдэгч *** нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хорооллоос хохирогч ***ы гээсэн “Хаан” банкны виза картыг олж, улмаар тус картын чипийг ашиглан 479,370 төгрөгийн худалдан авалт хийсэн үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ы банкны виза картыг хулгайлсан ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, тэрээр “мөнгө хадгалах, гүйлгээ хийх” зориулалт бүхий виза картыг олж авч, улмаар бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж чипийг нь ашиглан худалдан авалт хийж завшсан болох нь баримтаар тогтоогдож байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.
Иймд түүний “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 479,370 төгрөгийн хохирол учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч *** нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хорооллын 106 дугаар байрны орчмоос иргэн ***ы гээгдүүлсэн “Хаан” банкны *** тоот данс бүхий чиптэй картыг олж авахдаа бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж тус картыг ашиглан нийт 479,370 төгрөгийн зарлагын гүйлгээг хийн завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Зам хөндлөн гараад нэг дэлгүүр байсан ба хажуу талд нь эмийн сан байсан. Тухайн дэлгүүр орох гэж байхад үүдэнд нь банкны виза карт байсан. Тэр виза картыг аваад дэлгүүрт уншуулсан. Чипээр уншуулсан болохоор 30,000-35,000 төгрөгөөс дээш чипээр уншдаггүй юм байна гээд олон дахин 20 удаагийн үйлдлээр уншуулж мөнгө шамшигдуулсан нь үнэн. Тэр өдөр найзынхаа ачааг ачуулчхаад хүний юм авч болохгүй гэж бодоод буцаад нөгөө дэлгүүр рүү очсон. Дэлгүүрийн худалдагч чамайг цагдаа асуусан гэж хэлсэн. Тухайн дэлгүүрийн үүдэнд байж байхад тэр залуу ирээд, би тухайн залуутай уулзаад тэр өдөр буюу 03 дугаар сарын 01-ний өдөр хохирлыг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408000000474 дугаартай хэргээс:
2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,
3. Эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди”, уг бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас, хэргийн арын хавтсанд үдсэн/,
4. Иргэн ***ы “Хаан” банканд эзэмшдэг *** тоот дансны хуулга, уг хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7, 11 дүгээр хуудас/,
5. Хохирогч ***ы өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд “Драгон” нэртэй худалдааны төвийн “Шунхлай” шатахуун түгээх станцаас 20,000 төгрөгөөр машиндаа шатахуун хийхдээ “Хаан” банкны чиптэй виза картаар худалдан авалт хийсэн. Тухайн үед гүйлгээ хийсний дараа өмсөж явсан куртикний зүүн талын халаасандаа хийсэн. Тэгээд би машинаа “Содон” хорооллын 106 дугаар байрны ард зогсоол дээр байрлуулаад гэр рүүгээ орсон. Маргааш өглөө 09 цаг 30 минутын орчимд “Хаан” банкныхаа картыг үзэхэд халаасанд байгаагүй. Гар утсаа шалгахад 20 удаагийн үйлдлээр 483,000 төгрөгийн зарлага гарсан байсан. ...Миний гээсэн гэх “Хаан” банкны виза карт нь чиптэй учир аж ахуй нэгжийн пос машинд чипийг нь ашиглаж төлбөр төлөх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
6. Хохирогч ***ы дахин өгсөн: “...Би өөрийн гээгдүүлсэн картаа авто сургууль орчмоос олж авсан ба хаачихсан карт учраас уг картаа хугалж хаясан тул үнэлгээ хийлгэж нэхэмжлэхгүй. ...Миний картыг олсон танихгүй ах надаас уучлалт гуйгаад миний картаас уншуулсан мөнгө болох 483,000 төгрөгийг “Хаан” банкны *** тоот данс руу *** тоот данснаас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлж өгөөд уучлалт гуйсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгож нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
7. Гэрч ***ийн өгсөн: “...Намайг “Нөмрөг” нэртэй дэлгүүртээ ажиллаж байхад 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 08 цаг өнгөрч байхад танихгүй залуу 2 удаа “Эдэн” нэртэй 0.7 литрийн архийг виза картын чипээр уншуулж авсан бөгөөд тэрээр “манай дүүгийн карт байгаа юм, би пин кодыг нь мэдэхгүй байна” гэхээр нь чипээр нь уншуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
8. Хохирол төлсөн талаарх шүүгдэгч ***ын “Хаан” банканд эзэмшдэг *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,
9. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Уг тогтоолд заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би бусдад учруулсан хохирлоо тэр даруй барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***ыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгөх тухай” дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцэж оролцсон болно.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгчийг тус зүйл, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан байдаг.
Шүүгдэгч ***ын үйлдлийн улмаас хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг гарсан өдөр хохирогч ***д 479,370 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***аас дахин мэдүүлэг авахад тэрээр “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоогүй” хэмээн мэдүүлсэн болохыг дурдав.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөх тухай” дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд тус тус нийцүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой байдаг.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж хохирлыг нөхөн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Дөрөв. Бусад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3. 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ