| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0139/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/379 |
| Огноо | 2024-08-23 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.8.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0139/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Б.Содболд,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******,******* нарт холбогдох эрүүгийн 2418000100054 дугаартай хэргийг 2024 оны 03 сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,******* /РД: ******* /, 2003 оны 06 сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар баг,*******,*******од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн,******* /РД: ******* /, 2002 оны 03 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, эцгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг,*******,,од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг шүүгдэгч*******ын 2023 оны 12 сарын 07-ны өдөр хууль бусаар түүж бэлтгэсэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг өөрийн түрээслэн оршин суудаг Дархан-Уул аймаг, Дархан сум, 05 дугаар баг,,, байрандаа худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, мөн 2023 оны 12 сарын 08-ны өдөр өөрийн түрээслэн суудаг Дархан-Уул аймаг, Дархан сум, 05 дугаар баг,,,од*******,, нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар,
шүүгдэгч*******ыг 2023 оны 12 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 05 дугаар баг,,,од оршин суух хаягтай *******ын гэрт хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэ гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******ын: Тухайн мансууруулах үйлчилгээтэй ургамлыг “Гэгээ” дэлгүүрийн харалдаа жалганаас түүсэн. Мансууруулах төрлийн мэдээллийг цахим хуудаснаас олж мэдсэн бөгөөд тухайн ургамлыг мансууруулах үйлчилгээтэй болохыг өмнө нь мэддэг байсан. ******* бид хоёр өнгөрсөн оны 12 сард сэтгэцэд нөлөөт бодис буюу мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд маргах зүйл байхгүй. Хэрэгт холбогдсоноос хойш мансууруулах төрлийн ургамал дахин хэрэглэсэн зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ын :******* тухайн өдрийн өглөө нь мансууруулах ургамал түүх талаар хальт хэлж байсан боловч түүж авчирна гэж хэлээгүй. Би 2023 оны 12 сард мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн. Тухайн үед манайд,, дүү нар байсан. Хэрэгт холбогдсоноос хойш мансууруулах төрлийн ургамал дахин хэрэглэсэн зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
“...Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн 20 дугаар хорооллынны байрны тагттай хэсгийн цонхон тавцан дээр цагаан өнгийн шаазан аяга дотор тугалган цаас, дутуу шатсан өвс зэрэг байсныг 07 дугаараар тэмдэглэж, тагтан дээр үзлэг явуулахад хөх өнгийн ууттай өвс байх ба 02 литрийн хүрэн өнгийн хуванцар сав дотор өвс хийсэн байсныг тус тус гэрэл зургийн аргаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хураан авав” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/,
“ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/” гэх шүүгдэгч*******, ******* болон иргэн, нарын шээснээс дээж авч хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-16, 19-20, 23-24, 27-28/,
“...каннабис нэртэй өвсийг түүсэн гэх газрыг Дархан сумын 05 дугаар багт байх “Шинэ гэгээ” хүнсний дэлгүүрийн урд талд, замын эсрэг талаас зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх шүүгдэгч*******ын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 30-31/,
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн хатсан ургамал мэт бор шаргал өнгийн зүйл 50 грамм, 2.4 литрийн багтаамжтай бор өнгийн хуванцар саванд хийсэн хатсан ургамал мэт бор шаргал өнгийн зүйл 101 грамм, тугалган цаас 1 ширхэг, хуйлж ороосон 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, шүүгдэгч*******ын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад дээж авсан хатсан өвс мэт ургамлыг тус тус эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд /хх-ийн 32-33/,
Гэрчын: ...******* нь *******ынд ирэхдээ мансууруулах төрлийн ургамал болох каннабис нэртэй ургамлыг түүгээд гялгар уутанд хийгээд аваад ирсэн. Тэгэхээр нь тухайн ургамлыг тагтан дээр тавьчхаад *******,*******, бид дөрөв шар айраг уусан. Маргааш нь 17:00 цагийн үед бүгдээрээ мансууруулах төрлийн ургамлыг хэрэглэсэн.******* тухайн мансууруулах төрлийн ургамлыг *******ын гэр лүү ирж байх замдаа түүсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
Гэрчын: ...******* гаднаас уутанд хийсэн каннабис өвс, газ авчирсан. Тэгээд*******, *******, бид дөрөв тэр өвсийг ундааны сав цоолоод хуйлж ороосон мөнгөө хийгээд мөнгөлөг цаасаар тогоо хийгээд хуйлсан мөнгө дээр хийгээд тогоо дотор нь каннабис өвсөө хийж хэрэглэсэн. ахаас бусад нь газ сорсон... гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
“Шинжилгээнд ирүүлсэн Шүүх шинжилгээний ерөнхий газар гэж хаягласан цаасан хайрцагт цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “Сэнгүр” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай ургамал мэт зүйл зиплок ууттай тугалган цаас, АҮ0533729 гэсэн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь шинжилгээнд тэнцэнэ, тус бүрээс нь делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Шинжилгээнд илэрсэн Делта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 46.1 грамм, цэвэр жин нь 34.9 грамм болов. “Сэнгүр” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай ургамал мэт зүйл хуванцар савтай жин нь 100.4 грамм, цэвэр жин 45.0 грамм болов” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 273 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-52/,
“Шинжилгээнд ирүүлсэн “ ” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ, шээснээс тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 271 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-59/,
“Ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ ” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 272 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-66/,
“Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Дээж” гэж хаягласан зиплок ууттай дээж бүхий бор өнгийн ургамал мэт зүйлээс Делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн зиплок ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 3.3498 грамм байна” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 439 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-72/,
“Ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ ” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 270 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-79/,
“Ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ ” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 611 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82-84/ зэрэг нотлох баримтыг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь 2023 оны 12 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг хууль бусаар, худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, улмаар шүүгдэгч *******ын гэрт 2023 оны 12 сарын 07-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд хадгалсан. Шүүгдэгч ******* нь иргэн*******ын 2023 оны 12 сарын 07-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг өөрийн түрээсэлж оршин сууж байсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 05 дугаар баг,,,од байрлах гэртээ хадгалсан, мөн 2023 оны 12 сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 05 дугаар баг,,, гэртээ шүүгдэгч*******, иргэн, нарын хамт хэрэглэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хууль үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээж байсан тул гэм буруу дээр маргаж мэтгэлцэхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд дүгнэлтдээ: Шүүгдэгч******* болон өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа болно гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь 2023 оны 12 сарын 07-ны өдөр шүүгдэгч *******ынх руу явах замдаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ гэгээ” дэлгүүрийн орчмоос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг түүж гялгар уутанд хийгээд шүүгдэгч *******ын түр оршин сууж байсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 05 дугаар баг,,,од авч очсон, улмаар 2024 оны 12 сарын 08-ны өдрийн 17:00 цагийн үед тухайн орон сууцанд шүүгдэгч*******, ******* болон иргэн, нар нь тугалган цаас, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “Сэнгүр” гэх хаягтай хуванцар зэргийг ашиглан*******ын авчирсан Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг хэрэглэж мансуурсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэмт хэрэгт тус тус тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******ын Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг түүж, *******ын түр оршин сууж байсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 05 дугаар баг,,, байрны тагтанд хадгалсан үйлдэл нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч *******ын өөрийн түр оршин сууж байсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 05 дугаар баг,,, байрны тагтанд шүүгдэгч*******ын түүж ирсэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг хадгалсан үйлдэл нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч*******ын түүж ирсэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг өөрийн түр оршин сууж байсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 05 дугаар баг,,,од шүүгдэгч*******, иргэн, нарын хамт хэрэглэсэн үйлдэл нь өөртөө болон бусдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлж, орон байраар хангаснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ******* нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, шүүгдэгч******* нь ам бүл 3, өвөө, эцгийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан буюу 20 дугаар бүлэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, *******од оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элүүлэх санал гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа нь шүүгдэгч ******* нь ээж, хүү, хөгжлийн бэрхшээлтэй ах, дүү нарыгаа харж хандан тусалж дэмжин ажил хөдөлмөр эрхэлж байсан байдлыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд нь шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрч маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх саналтай байна гэж тус тус мэтгэлцэж байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн 02 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, ялын хязгаарлалтын бүсийг түүний байнга оршин суух хаяг болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар баг,*******,*******оос, шүүгдэгч*******ад оногдуулсан ялын хязгаарлалтын бүсийг түүний байнга оршин суух хаяг болох Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг,*******,,оос тус тус хааш хаашаа 500 метрээс цааш гарахгүй байхаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 сарын 18-ны өдрөөс 2024 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл 36 хоног, шүүгдэгч******* нь 2024 оны 04 сарын 16-ны өдрөөс 2024 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл 09 хоног тус тус цагдан хоригдсон бөгөөд шүүгдэгч нарын цагдан хоригдсон нэг хоногийг тэдэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, шүүгдэгч *******ын биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 02 жил 04 сар 24 хоногоор, шүүгдэгч*******ын биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 01 жил 05 сар 21 хоногоор тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн хатсан ургамал мэт бор шаргал өнгийн зүйл 50 грамм, 2.4 литрийн багтаамжтай бор өнгийн хуванцар саванд хийсэн хатсан ургамал мэт бор шаргал өнгийн зүйл 101 грамм, тугалган цаас 1 ширхэг, хуйлж ороосон 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад дээж авсан хатсан өвс мэт ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарыг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******ад авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар баг,*******,*******оос хааш хаашаа 500 метрээс цааш гарахгүй байхаар, шүүгдэгч*******ад оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг,*******,,оос хааш хаашаа 500 метрээс цааш гарахгүй байхаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийн нэг хоногийг, шүүгдэгч*******ын цагдан хоригдсон 09 /ес/ хоногийг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, шүүгдэгч *******ын биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 02 жил 04 сар 24 хоногоор, шүүгдэгч*******ын биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 01 жил 05 сар 21 хоногоор тогтоосугай.
7. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн хатсан ургамал мэт бор шаргал өнгийн зүйл 50 грамм, 2.4 литрийн багтаамжтай бор өнгийн хуванцар саванд хийсэн хатсан ургамал мэт бор шаргал өнгийн зүйл 101 грамм, тугалган цаас 1 ширхэг, хуйлж ороосон 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад дээж авсан хатсан өвс мэт ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Шүүгдэгч *******,******* нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******ад авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******,******* нарт авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР