Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2021/01068

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

­            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “А.И” ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар:00044/-д холбогдох,

 

“Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Б миний бие 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “А.И” ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж тус компанийн барьж байсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 301 дүгээр байрны 02 дугаар орц 5 давхрын 160 тоот 2 өрөө 48.77 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцсон билээ.

Бид гэрээний үнийн дүнг 92.663.000 төгрөг буюу орон сууцны 1 м.кв талбайг 1,900,000 төгрөг байхаар тохиролцож гэрээг байгуулсан.

Төлбөр төлөх нөхцлийг бид дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцсон юм. Үүнд: Орон сууцыг барьж буй “А.И” ХХК нь тус орон сууцныхаа гадна хөөсөн фасадны ажлыг “Яргай цамхаг” ХХК-иар гүйцэтгүүлсэн ба фасадын ажил гүйцэтгүүлсэн ажлын хөлсөндөө тооцож 301 дүгээр байрны 02 дугаар орц 5 давхрын 160 тоот 2 өрөө 48.77 м.кв талбайтай орон сууцыг “А.И” ХХК нь “Яргай цамхаг” ХХК-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байсан.

Харин Д.Б миний бие тус орон сууцны гадна фасаданд хэрэглэх хөөсөнцөр хавтанг “Яргай цамхаг” ХХК-д нийлүүлсэн байсан бөгөөд уг хөөсөнцөр хавтангийн төлбөрийг 100% бартераар буюу “Яргай цамхаг” ХХК-ийн “А.И” ХХК-иас ажлын төлбөрт авахаар тохиролцсон дээрх орон сууцыг шилжүүлэн авахаар тохиролцож 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “А.И” ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрээг байгуулсан. Ингээд гэрээний орон сууцны үнэ, төлөх журам гэсэн заалтад дээрх тохиролцоог дурдан улмаар энэхүү гэрээг байгуулагдсанаар худалдан авагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж үзнэ гэж заасан юм.

Бидний байгуулсан гэрээнд орон сууцыг 2019 оны 04 дүгээр улиралд багтаан батлагдсан зургийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсоны дагуу 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр “А.И” ХХК нь байр хүлээлгэн өгөх акт үйлдэн орон сууцыг захиалагч миний эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн. Гэвч “А.И ХХК нь орон сууцыг захиалагч миний эзэмшил, ашиглалтад актаар шилжүүлэн өгсөн хэдий ч одоог болтол тус орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг гаргуулан өгөх үүргээ биелүүлэхгүй захиалагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд удахгүй өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө гэсээр өдийг хүрсэн. “А.И” ХХК нь хамгийн сүүлд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 84/2020 тоот албан бичгээр “Төлбөр тооцооны талаар ямар нэгэн зөрчил маргаангүй тохиолдолд 301 дүгээр байрны 02 дугаар орц 5 давхрын 160 тоот 2 өрөө 48.77 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбогдох бүх бичиг баримтыг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө гаргаж өгнө” гэсэн баталгааг бичиж өгсөн боловч одоог хүртэл үүргээ биелүүлээгүй тул ийнхүү арга буюу шүүхэд хандаж байна.

Бидний хооронд ямар нэгэн төлбөр тооцооны маргаангүй бөгөөд “Яргай цамхаг” ХХК болон “А.И” ХХК хооронд ч ямар нэгэн маргаан байхгүй байна.

Иймд бие 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “А.И” ХХК-тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 301 дүгээр байрны 02 дугаар орц 5 давхрын 160 тоот 2 өрөө 48.77 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй тул тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Б хариуцагч А.И ХХК-тай 2018 оны 09 сарын 10-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр тус компанийн барьж байсан. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 301 дүгээр байрны 2 дугаар орцны 5 давхрын 160 тоот, 2 өрөө 48,77 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар тохирсон. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан. Гэрээний үнийн дүн нь 92,663,000 төгрөг буюу 1 м.кв-ыг 1,900,000 төгрөгөөр тохирсон. Гэрээний нөхцөлийг 09 сарын 10-ны өдрийн гэрээнд тодорхой тусгасан. Төлбөр төлөх нөхцөлийг гэрээний 2 дугаар зүйлд талууд тусгайлан бүлэг болгож, маш дэлгэрэнгүй тохирсон. Нэхэмжлэгч Д.Б нь хувиараа бизнес эрхэлдэг, өөрөөр хэлбэл барилгын фасадын хөөсний үйлдвэртэй. Энэ хөөсний үйлдвэрээс нь гүйцэтгэгч компани болох А.И ХХК-ийн орон сууц барьж байгаа компанийн барилгад ажил гүйцэтгэж байсан Яргай цамхаг ХХК-д хөөс нийлүүлсэн. Энэ хөөсөөр Яргай цамхаг ХХК одоо ашиглалтад ороод байгаа орон сууцны хөөсөн фасадыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч Д.Б-гийн нийлүүлсэн хөөсөөр Яргай цамхаг ХХК нь А.И ХХК-ийн барьсан барилгын хөөсөн фасадыг хийгээд дууссан. Төлбөрийн нөхцөл дээр талууд энэ хөөсөөр бартерт орж ирсэн байрыг Яргай цамхаг ХХК-д шууд шилжүүлэхээр 3 тал тохирсон. Энэ тохиролцооны үндсэн дээр А.И ХХК энэ саналыг хүлээж аваад нэхэмжлэгч Д.Бтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ингээд талууд энэ гэрээ байгуулагдсанаар худалдан авагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж үзнэ гээд гэрээндээ тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн үед нэхэмжлэгч Д.Б-гийн хөөс энэ компанийн барилгад ашиглагдаад ороод ирсэн байсан учраас орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж үзээд талууд энэ гэрээ байгуулсан байна. Ингээд орон сууц хүлээлгэж өгөх хугацааг нь 2019 оны 4 дүгээр улиралд хүлээлгэж өгнө гэж талууд тохирсон байдаг. 2019 оны 12 сарын 09-ний өдөр буюу гэрээнд заасан хугацаандаа энэ барилга ашиглалтад ороод А.И ХХК-иас байрыг захиалагч Д.Б-д хүлээлгэж өгсөн. Аз жаргал хотхоны байр хүлээлгэн өгөх тухай акт хэрэгт авагдсан. Энэ дээр 2 дугаар орцны 5 давхрын 160 тоот, 2 өрөө орон сууцыг Д.Б-д хүлээлгэж өгсөн актад бүх үзүүлэлтүүдийг бүрэн, бүрэн гэж чеклээд 6 ширхэг түлхүүрийн хамт хүлээлгэж өгөөд өнөөдөр Д.Б энэ байрыг эзэмшиж, ашиглаж байна. Гагцхүү өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг А.И ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. Энэ шалтгаанаа тайлбарлахдаа Яргай цамхаг ХХК нь ашиглалтад ороогүй байгаа 2, 3 ширхэг блок үлдсэн юм шиг байгаа юм. Тэр блокийн амлагаа хэсгийг дутуу орхисон, хөөсөн фасад хийгдсэн боловч амлагаа нь дутуу байгаа учраас гүйцэтгэлтэй холбоотой 200,000,000 төгрөгийн асуудал байгаа гэдэг үндэслэл заагаад захиалагч Д.Бд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахаас татгалзсан учраас бид нар шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч А.И ХХК-д даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч “А.И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Б нь манай “А.И” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Манай компани 2016 онд “Яргай цамхаг” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан СБД-ийн 11-р хороонд байрлах “Азжаргал хотхон”-ы 301-р байрны гадна фасадын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон юм. Энэ гэрээний хүрээнд гүйцэтгэсэн ажлын төлбөрт “Яргай цамхаг” ХХК-д ажлын гүйцэтгэлээс хамаарч төлбөрийг хэсэгчлэн болон бартераар төлөхөөр тохиролцсон юм. Гэрээнд заасан орон сууцыг “Яргай цамхаг” ХХК нь иргэн Д.Бд худалдахаар тохиролцсон байсан ба манай компанид хүсэлт тавьсны дагуу 2018 оны 09-р сарын 10-ны өдөр Д.Б-тай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан түр шилжүүлсэн.

Манай компани “Яргай цамхаг” ХХК-д гэрээнд заасан журмын дагуу төлбөрийг төлж, үлдэгдлийг нь гүйцэтгэсэн ажилд нь дүйцүүлэн төлөхөөр тохиролцож, зарим орон сууцыг шилжүүлэхээр гэрээнд заасан байгаа юм. Гэвч “Яргай цамхаг” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг дутуу гүйцэтгэж, манай компанийн удаа дараагийн шаардлагыг хойшлуулж, хариу өгөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн болно.

Бидний “Яргай цамхаг” ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, иргэн Д.Б-тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн нөхцөл нь харилцан уялдаа холбоотой бөгөөд ажлын гүйцэтгэл бүрэн дуусаж, хүлээлцэж тооцоо нийлж, гүйцэтгэгчээс албан ёсны хүсэлт ирснээр бартерын байрны өмчлөх эрхийг шилжүүлэх, үлдэгдэл төлбөр тооцоог дуусгахаар харилцан тохиролцсон хэлцлүүд юм. Тухайлбал, иргэн Д.Б-тай байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.3.1, 2.4-д заасан нөхцөл, “Яргай цамхаг” ХХК- тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.2-т заасан нөхцөл болон бусад заалтуудаас тодорхой харагдах юм.

“Яргай цамхаг” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт ажлаас 5989 м.кв ажил буюу 380,900,400 төгрөгийн ажил гүйцэтгээгүй гэсэн тооцоо гарсан ба ажлаа бүрэн гүйцэт гүйцэтгээгүй, хүлээлгэн өгөөгүй тохиолдолд бартераар өгч буй тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үндэслэлгүй, Д.Б нь шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл гэрээт ажил дуусаагүй нь орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй болохыг илтгэх ба орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй худалдан авагчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй болно. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Б-тай 2018 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан асуудал дээр бол маргахгүй байна. Энэ гэрээ байгуулах асуудал нь өмнө нь яригдсан Яргай цамхаг ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг хэсэгчлэн бэлнээр болон бартераар тохиролцсон гэрээнийхээ дагуу Яргай цамхаг ХХК-д өгөх ёстой байсан байрыг Д.Б-д шилжүүлж өгч байгаа ийм нөхцөл болсон. Яргай цамхаг ХХК-ийн төлбөрийн хувьд зөвхөн 2 байрны гэрчилгээ гаргах асуудал үлдсэн. Гэтэл Яргай цамхаг ХХК нь өөрөө ажлаа гүйцэтгэж дуусаагүй байгаа учраас өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх, төлбөрөө буцааж шаардах барьцаа ямар нэг баталгаа шаардлагатай байгаа учраас гэрчилгээг нь гаргаж өгөхгүй байгаа гэсэн асуудал яригддаг. Яргай цамхаг ХХК болон Д.Б-тай байгуулсан гэрээний төлбөрийн нөхцөл нь харилцан уялдаа холбоотой байгаа юм. Ажлын гүйцэтгэл бүрэн дуусаж хүлээлгэж тооцоо нийлж, гүйцэтгэгчээс албан тоотоор хүсэлт ирсний дараа үлдэгдэл төлбөрийг шилжүүлж, төлбөрийн тооцоог дуусгахаар харилцан тохирсон. Тухайлбал Д.Б-тай байгуулсан гэрээний 2.3.1, 2.4-т заасан нөхцөл, Яргай цамхаг ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т заасан нөхцөлүүдээс харилцан уялдаа холбоотой болох нь тодорхой харагдана. Яргай цамхаг ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт гүйцэтгэх ажлаас 6,910 м.кв ажил буюу 231,879,358 төгрөгийн ажил гүйцэтгээгүй гэсэн тооцоо гарсан. Ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй учраас бартераар шилжүүлэх байрнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Б нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрөө бүрэн гүйцэд төлөөгүй гэж ойлгоно. Ингээд төлбөрөө бүрэн төлөөгүй байж ямар нэгэн байдлаар өмчлөх эрхийн гэрчилгээ шаардах нь үндэслэлгүй ойлгож байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “А.И” ХХК-д холбогдуулан “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 301 байрны 02 дугаар орц, 5 давхрын 160 тоот 48,77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулж өгөхийг “А.И” ХХК-д даалгуулах” тухай гэж тодруулсан байна.

 

            Нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч “А.И” ХХК нарын хооронд “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд зааснаар “А.И” ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 301 дүгээр байрны 2 орцны 5 давхрын 160 тоот 48,77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, талууд орон сууцны 1 м.кв талбайг 1,900,000 төгрөг, нийт 92,663,000 төгрөгөөр үнэлж, орон сууцны үнийг худалдагч “А.И” ХХК нь Яргай цамхаг ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2016/13 тоот гэрээ /бартер/-ийн дагуу энэ гэрээнд заасан орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч Д.Б нь “Яргай цамхаг” ХХК-иас авах авлагад гэрээнд заасан орон сууцыг авах харилцан тохиролцоог үндэслэн гэрээний төлбөрийг тодорхойлж, гэрээ байгуулагдсанаар худалдан авагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж талууд тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулагдсан №2018-301-Б-5-160 тоот “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”, 2016/13 тоот “Ажил гүйцэтгэх” гэрээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 4-6, 29-32 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...                    2 өрөө 48.77 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцож, “А.И” ХХК нь тус орон сууцныхаа гадна хөөсөн фасадын ажлыг “Яргай цамхаг” ХХК-иар гүйцэтгүүлсэн ба фасадын ажил гүйцэтгүүлсэн ажлын хөлсөндөө тооцож дээрх орон сууцыг “А.И” ХХК нь “Яргай цамхаг” ХХК-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон, гэрээг байгуулагдсанаар худалдан авагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж үзнэ гэж заасан.

2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр байр хүлээлгэн өгөх акт үйлдэн, миний эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн боловч орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг гаргуулан өгөх үүргээ биелүүлээгүй...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...2016 онд “Яргай цамхаг” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгэсэн ажлын төлбөрт төлбөрийг хэсэгчлэн болон бартераар төлөхөөр тохиролцож, орон сууцыг “Яргай цамхаг” ХХК нь Д.Бд худалдахаар тохиролцсон байсан ба манай компанид хүсэлт тавьсны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Д.Бтай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан түр шилжүүлсэн.

“Яргай цамхаг” ХХК-тай байгуулсан гэрээ, Д.Бтай байгуулсан гэрээний төлбөрийн нөхцөл нь харилцан уялдаа холбоотой бөгөөд ажлын гүйцэтгэл бүрэн дуусаж, хүлээлцэж тооцоо нийлж, гүйцэтгэгчээс албан ёсны хүсэлт ирснээр бартерын байрны өмчлөх эрхийг шилжүүлэх, үлдэгдэл төлбөр тооцоог дуусгахаар харилцан тохиролцсон хэлцлүүд юм.

“Яргай цамхаг” ХХК ажлаа бүрэн гүйцэд гүйцэтгээгүй, хүлээлгэн өгөөгүй тохиолдолд бартераар өгч буй тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үндэслэлгүй, Д.Б нь шаардах эрхгүй юм...” гэж маргажээ.

 

Хариуцагч “А.И” ХХК нь “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу барилгыг 2019 оны 4 дүгээр улиралд худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд дээрх гэрээ байгуулах үед орон сууцны гадна фасад хийгдэж байсан, 2019 оны 1 сард улсын комисс хүлээж авсныг талууд тайлбарлах бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн актаар орон сууц хүлээлгэж өгч, энэ үеэс худалдан авагч байрыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 7 дугаар тал/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний агуулга, мөн гэрээний зүйл болох объектын ашиглалтад орсон хугацааны байдлыг харгалзан дээрх гэрээ нь худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагад нийцсэн гэрээ байгуулжээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзнэ.

 

Зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй харин гэрээний үүргийг биелүүлээгүй талаар маргаж байгаа болно.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно.”, 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно”, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.”, 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж тус тус заажээ.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Иймд  гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

 

            Гэрээний 2.5-д “Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.3-т зааснаар төлбөрөө бүрэн төлөх, эсвэл бэлэн мөнгөөр төлөх, банкны зээлээр төлснөөр орон сууцыг өмчлөлдөө авах эрх үүснэ”, 2.3-т “худалдан авагч нь орон сууцны үнийг дараах журмаар төлөхөөр харилцан тохиролцов.”, 2.3.1-д “худалдагч нь “Яргай цамхаг” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2016/13 тоот гэрээ (бартер)-ийн дагуу энэ гэрээнд заасан орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч нь “Яргай цамхаг” ХХК-иас авах авлагад гэрээнд заасан орон сууцыг авах харилцан тохиролцоог үндэслэн энэхүү гэрээний төлбөрийг тодорхойлов.” 2.3.2-т “гэрээ байгуулагдсанаар худалдан авагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж үзнэ” гэж тус тус тохиролцжээ.

 

Өөрөөр хэлбэл, “А.И” ХХК нь “Яргай цамхаг” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “Яргай цамхаг” ХХК-д дээрх гэрээнд заасан орон сууцыг шилжүүлэх, Д.Б нь “Яргай цамхаг” ХХК-иас авах авлагад гэрээнд заасан орон сууцыг авч, гэрээ байгуулагдсанаар Д.Б орон сууцны төлбөрийн бүрэн төлсөн гэж үзэхээр байна.

 

Мөн гэрээний 2.4-т “орон сууцны төлбөр төлөгдсөн болохыг худалдан авагч болон “Яргай цамхаг” ХХК-ийн албан ёсны хүсэлт, зөвшөөрлөөр тодорхойлно. Хүсэлт, зөвшөөрлийг “А.И” ХХК-д албан ёсоор бичгээр ирүүлж, хуулбарыг энэ гэрээнд хавсаргана” гэж тохиролцсон бөгөөд хэрэгт авагдсан баримтаар “Яргай цамхаг” ХХК-ийн “А.И” ХХК-д хүргүүлсэн албан бичгээр гэрээт ажлын хөлсөнд авч буй “Аз жаргал хотхоны Б блокийн 7 давхарт 48,77 м.кв орон сууцыг Д.Бгийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь дээрх баримтаар “Яргай цамхаг” ХХК-д хөөсөнцөр нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн гэх байдал тогтоогдож байна.

 

Түүнчлэн, “А.И” ХХК-ийн ТУЗ-ын дарга Xue Huadong-ийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 84/2020 тоот баталгаагаар төлбөр тооцооны талаар ямар нэгэн зөрчил маргаангүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээг гаргуулахтай холбогдох бүх бичиг баримтыг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө гаргаж өгөх талаар баталгаа гаргаж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Бгийн хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.4-т “худалдан авагч нь актаар хүлээн авсан орон сууцыг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, өмчлөлдөө шилжүүлэх, түүнтэй холбогдон гарах зардлыг хариуцна. Үүнтэй холбогдох гүйцэтгэгчээс шалтгаалах бичиг баримт, албан бичгийг шаардаж авах эрхтэй” гэж заажээ.

 

Хариуцагч “А.И” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 108/2018, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 33/2019,  2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 54/2020 тоот албан бичгүүдээр “Яргай цамхаг” ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа үндэслэлийг дурдсан боловч дээрх баримтууд нь тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлийг бүрэн нотлохгүй байхаас гадна хэрэгт авагдсан “Ажил гүйцэтгэл”-ийн актаар “Яргай цамхаг” ХХК-ийн гүйцэтгэсэн А, В блокуудын гадна фасадын угсралтын ажлыг “А.И” ХХК хүлээж авсан гэх баримтуудаар үгүйсгэгдэж байна. 

 

Өөрөөр хэлбэл, “А.И” ХХК нь “Яргай цамхаг” ХХК нь гэрээний үүргийг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр Д.Бтай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг биелүүлэхгүй байх үндэслэлгүй болохгүй юм.

 

Иймд хариуцагч “А.И” ХХК нь нэхэмжлэгч Д.Бд орон сууцны зориулалттай талбайн өмчлөлийг шилжүүлэх нь зүйтэй байх тул Д.Бг Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 301 дүгээр байрны 02 дугаар орцны 5 давхрын 160 тоот 48,77 м.кв талбай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 301 дүгээр байрны 02 дугаар орцны 5 давхрын 160 тоот 48,77 м.кв талбай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Б-г тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч Д.Б-д олгохыг “А.И” ХХК-д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 621,265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А.И” ХХК-иас 621,265 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС