Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2021/01184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б.Б,

 

Нэхэмжлэгч: Ш.С нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Д-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт Ц.Д-өөс 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д Бүгд Найрамдах Солонгос Улс руу хүмүүсийг ажилд зуучилж явуулж байна гэж дуулаад Ш.Баатарсүх миний бие түүнтэй очиж биечлэн уулзахад 5 сарын дотор явуулах боломжтой, ажлын байр байгаа гэсэн ба виз гаргуулах ажилд оруулахад зуучилсны хөлс 12.000.000 төгрөгийг урьдчилан төлүүлнэ гэхээр нь болзол нөхцөлийг нь зөвшөөрч Ц.Дий Хаан банк дахь 5027781963 тоот дансаар 2017 оны 09 дүгээр сарын 27-нд 2.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-нд 4.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-нд 5,000,000 төгрөг нийт 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн.

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан мөнгө өгснөө баталгаажуулсан. Мөнгийг гэрээ биелэгдээгүй тохиолдолд буцаан өгөхөөр тохиролцсон. Төлбөрийн баримт дээр Ш.Б-ээс гэж төлбөр хийгдсэн.

Гэтэл Ц.Д БНСУ руу явуулах талаар огт хөөцөлдөөгүй, явуулах боломжгүй мөртлөө намайг хуурсан л юм байна лээ. Би мөнгөө авах гэж их хөөцөлдөж байгаа, байнга л зугтаад байдаг. Арга буюу шүүхэд хандаж байна.

9.500.000 төгрөгийг эгч Ш.С өөрийн данснаас шилжүүлсэн тул бид хамтран нэхэмжилж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Бболон Ш.С нарыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан Ц.Д.өөс 12,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Ш.Б гэж хүн Ц.Дийг Солонгос руу ажилд явуулах боломжтой гээд зар тавьсны дагуу Ц.Дтэй очиж уулзсан. Биечлэн уулзахад 5 сарын дотор явуулах боломжтой ажлын байр байгаа гэсэн ба виз гаргуулах ажилд оруулахад зуучилсны хөлс 12,000,000 төгрөгийг урьдчилан төлүүлнэ ингэсэн тохиолдолд явуулна гээд итгүүлсэн. Ш.Б өөрт байсан 2,500,000 төгрөгийг 2017.09.27-ны өдөр төлсөн. Үүнээс хойш 2017.12.15-ны өдөр 5,000,000 төгрөг, Д Хаан банкны 5027781963 дансанд шилжүүлсэн. Тохиролцсоны дагуу мөнгийг 2017.12.15-ны өдөр бүрэн өгч дуусгасан. Төлбөр өгөөд дуусгасан учраас Ц.Дтэй энэ мөнгө хангалттай хүрнэ биз дээ. Таны гүйцэтгэх ажил хэзээ бүтэх юм бэ гэхэд зээлийн гэрээ байгуулсан. 2017.12.15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний нэг дэх заалтад 12,000,000 төгрөгийг тохиролцсон. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 50 хоногийн гэрээ хийсэн. 2017 он гээд алдаа гарсан. 50 хоног гэж байгаа учраас 2018 он гэж ойлгогдож байгаа. 2,6 дугаар заалт зээлийг төлөх нөхцөл гэдэгт 2017.02.05 Ш.Бийн Хаан банкны 5056020180 тоот дансанд буцаан төлнө гэж заасан. Зээлийн гэрээг Ш.Б, Ц.Д нар байгуулж, гарын үсэг зурсан. Чингэлтэй дүүргийн нотариатаар баталгаажуулсан. Ц.Д Солонгос руу явуулах талаар огт хөөцөлдөөгүй, явуулах боломжгүй. 2018, 2019, 2020 он дууссан. 2021 оны 06 дугаар сар гараад 3 жил хагас болж байгаа мөнгөний асуудал байна. Ц.Д энэ үед маш их зугтааж, утсаа салгадаг, хаана байгаа нь мэдэгддэггүй. Гэрт нь очихоор хөгшин хүн амьдардаггүй гэж хэлдэг. Эрэн сурвалжлуулж, Чингэлтэй дүүргийн хаяг дээр байдаг нь тодорхой болж, энэ хаягаар нь нэхэмжлэл өгсөн. Энэ хугацаанд эвлэрэн хэлэлцэх тал дээр юу ч хэлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нар дэмжиж байна. Ийм учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар 281.1. зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Гэрээний хугацаа дууссан учир мөнгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан гэв.

 

Хариуцагч Ц.Дий итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Д нь Ш.Б, Ш.Саас 12,000,000 төгрөгийг авсан. Үүнийг хүлээн зөвшөөрдөг. Ш.Сгийн данснаас 9,500,000 төгрөг, Ш.Баатарсүхийн данснаас 2,500,000 төгрөгийг авсан. Зорилго нь Ш.Бийг Солонгос руу сургуульд явах шаардлагатай визний материал бүрдүүлж өгөх, зуучлалын хөлс. Ажил нь бүтвэл буцааж төлөхөөргүй асуудал байсан. Визний ажил болоогүй. Нэгэнт мөнгө авсан учраас Ц.Дний хувьд 9,000,000 төгрөгийг буцаан өгч, 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Зээлийн гэрээ гэж хэлбэрийн хувьд хийж байгаа боловч зээлийн гэрээ гэж үзэхэд хэцүү. Нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.С 9,500,000 төгрөг шилжүүлсэн. Ш.Б 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгож байгаа зээлийн гэрээ гэж үзвэл Ш.С нэхэмжлэх боломжгүй. Хооронд үүссэн харилцаа, шилжүүлснийг харвал төлбөрийг хийсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Б, Ш.С нар нь хариуцагч Ц.Дд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б, Ш.С нар нэхэмжлэлийн шаардлагаа Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргуулах зорилгоор 12,000,000 төгрөг өгч, гэрээ биелэгдээгүй тохиолдолд буцаан өгөхөөр харилцан тохиролцож, 2017 оны оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан мөнгө өгснөө баталгаажуулж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 50 хоногийн дотор буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Ц.Д Бүгд Найрамдах Солонгос улс руу явуулах талаар огт хөөцөлдөөгүй, явуулах боломжгүй байж намайг хуурсан гэж,

 

Хариуцагч Ц.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ ... Ц.Д нь Ш.Б, Ш.Саас 12,000,000 төгрөгийг авсан, Ш.Сгийн данснаас 9,500,000 төгрөг, Ш.Баатарсүхийн данснаас 2,500,000 төгрөгийг авсан. Зорилго нь ШБ.

ыийг Солонгос руу сургуульд явах шаардлагатай визний материал бүрдүүлж өгөх, зуучлалын хөлс. Ажил нь бүтвэл буцааж төлөхөөргүй асуудал байсан. Визний ажил болоогүй. Нэгэнт мөнгө авсан учраас Ц.Дний хувьд 9,000,000 төгрөгийг буцаан өгч, 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх тайлбар гарган тус тус мэтгэлцэж байна.

 

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний дагуу хариуцагч мөнгийг буцаан төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрсдөө шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргийг хуулиар хүлээдэг.

 

Шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, Ш.С, Ш.Б нарын Хаан банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаас үзвэл, хариуцагч Ц.Дний Хаан банкны 5027781963 тоот данс руу нэхэмжлэгч Г.Бээс 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, Ш.Сгийн данснаас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 9,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба ийнхүү мөнгө шилжүүлсэн явдал нь зохигчдын хоорондох зээлийн гэрээний ямар нэг тохиролцоонд үндэслэгдээгүй, харин Ш.Баатарсүхийг Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргаж өгөх нэрийдлээр мөнгө авсан болохыг талууд тайлбарлаж, хэн алин нь үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. /х.х-ийн 3, 5, 6 дугаар тал/

 

Зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байгаа боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэх ба харин хариуцагч Ц.Дөлгөөн нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчдын хооронд мөнгө шилжүүлэх, зээлдэгч мөнгийг буцаан төлөх эрх, үүрэг үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө зээлдүүлсэн гэх өөрийн тайлбараа нотлоогүй.

 

Шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ бус харин хуульд нийцсэн үүрэг үүсээгүй байхад үндэслэлгүй хөрөнгө шилжүүлсэн харилцаа бий болсон гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон бол уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

Хариуцагч Ц.Д нэхэмжлэгч Ш.Б, Ш.С нараас 12,000,000 төгрөгийг авах эрхтэй буюу буцаан өгөх үүрэггүй гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч тал нэхэмжлэгчид 9,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд хуульд зааснаар хариуцагч Ц.Дөлгөөнөөс 2,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Бэд, 9,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Сд тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Днөөс 2,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Бхэд, 9,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Саад тус тус олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Бхээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дөөс 206,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Баатарсүхэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС