Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 201/МА2018/00028

 

А.Батын нэхэмжлэлтэй,

А.Түвшинжаргалд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгч А.Бат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00545 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч А.Батын давж заалдах гомдлоор А.Батын нэхэмжлэлтэй, А.Түвшинжаргалд холбогдох Гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 1000000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 09 сарын 05ы өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Бат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Түвшинжаргалд Стана маркийн авто машинаа зараад 7х5-ын харьцаатай байшингийн шал, тааз, дээвэр, цонх зэрэг бүх банзыг авахаар тохиролцсон. Түвшинжаргал нь 2017 оны 3 сарын сүүлчээр Загдсүрэнгийн гаднаас машиныг минь асаагаад унаад явсан. Тэгээд 2017 оны 6 сард ой нээхэд банз модоо өгөхийг нь хүлээсэн боловч өгөөгүй. Энэ хооронд Түвшинжаргал нь банз мод зөөсөөр л байсан. Тэгээд би арга ядаад 9 сард машинаа авахаар Баярцогттой хамт очсон. Гэтэл машин маань асахгүй байсан тул чирээд аваад явсан. Тэгээд би Баярцогтод зарахаар болоход Баярцогт нь асахгүй байгаа машиныг үнэтэй авахгүй гэсэн. Тэгэхээр нь би 100 палкаар ав, үлдсэн мөнгөө Түвшинжаргалаас гаргуулна гэж хэлээд Баярцогтод машинаа зарсан. Тухайн үед миний машины хос тросс, арын болон дотор хаалганы бариулыг авсан байсан. Түвшинжаргал нь надаас зөвшөөрөл авалгүй машиныг минь тоносон гэж үзэж байна. Түвшинжаргалын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан явдал юм. Энэ бүхнээс болж би машинаа Баярцогтод хямд зарсан тул Түвшинжаргалаас 6мбанзны үнэ 1 сая төгрөг нэхэмжилж байна. Түвшинжаргал нь машин сайн мэддэг тул миний машиныг тоносон байх магадлалтай гэж үзэж байна. Иймд А.Түвшинжаргалаас 1000000 төгрөгийн хохирол гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Түвшинжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Бат ахаас 12 хүний суудалтай Стана маркийн машин худалдан авч оронд нь 7х5-ын харьцаатай байшингийн торхыг банзтай нь өгөхөөр тохиролцсон. 2017 оны 4 сарын дундуур Бат ахтай хамт нутгийн айл Загдсүрэн ахын гаднаас машиныг нь авсан. Бат ах машинаа Загдсүрэнгээр засуулна гэж орхиод нэлээд удсан тухайгаа тэр үед надад хэлж байсан. Машиныг хүлээж авахад гавлын жийрэг нь сэтэрсэн, халсан, мотор доголдолтой байгаа гэж хэлэхэд нь би дээрх зүйлсийг нь засуулж янзлуулахаар болсон. Загдсүрэн ахынхаас манайх 1 км хүрэхгүй зайтай. Би машиныг асааж унаад гэрийнхээ гадаа орхисноос хойш 2 сар гаруй хугацаанд дахин асааж унаагүй. Манай суманд Стана маркийн машин сайн засдаг засварчин байхгүй, мөн миний ажил төрөл амжихгүй байсан учир машиныг засуулж чадаагүй байсан. Машиныг унаж ашиглаагүй учир Бат ах надаас өртөгөө аваагүй байсан. 2017 оны 7 сарын 20-ны үед Бат ах Баярцогттой хамт манайд ирээд машинаа засуулах гэж байгаа гэж хэлээд аваад явсан. Би арын хаалганы бариулыг нь Зоригоо гэж хүнд өгч түр ашиглуулаад буцааж аваад өгсөн. Намайг байхгүй байхад ээж хос тросыг нь Батжаргалд өгчихсөн байсан. Хос тросны одоогийн ханш нь 35000 төгрөг юм. Машиныг нь тонож, сүйтгэсэн зүйл надад байхгүй.  2 сарын дараа Баярцогт гэх хүнээс машиныг минь засаж байгаа юм уу гэж асуухад би худалдаж авсан гэж хэлсэн. Бат ах надтай уулзаад чамд өгсөн өртөгөөсөө хямдхан машинаа зарсан, чи хоёр сар гаруй хугацаанд машиныг минь авч байсан учир зөрүү үнийг нь чамаас авна гэж хэлсэн.  Би тухайн машиныг нэг ч удаа асааж унаагүй, өөрийн хэрэгцээнд ашиглаагүй. Иймд Бат ахын нэхэмжилж байгаа 1000000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Харин 3 м3 банзны үнэ болох 360000 төгрөг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

  Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00545 дугаар шийдвэрээр:

1/ Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Түвшинжаргалаас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 360000 /гурван зуун жаран мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Батад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 640000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

  2/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн  хураамжийн  тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Түвшинжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 11450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Батад олгож, ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Бат давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрээр зөвхөн 3м3 банзны доод үнэ 360000 төгрөг төлүүлэхээр болсон байна. А.Түвшинжаргал нь миний машиныг асаагаад авч явснаас хойш 3 сар болох хугацаанд эд зүйлсийг нь тоносон байсан. ...Шүүхийн нарийн бичиг Батзориг нь удаа дараа намайг 3м3 банзны үнэ 360000 төгрөг Түвшинжаргалаас аваад та хоёр тохирохгүй юу гэж байсан. Гэтэл шүүгч С.Ганчимэг нь Батзоригийн хэлж байснаар 360000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргасан. Энэ нь миний машиныг тоносон сэлбэг эд ангийн үнийг оруулаагүй зөвхөн 3м3 банзны доод үнийг оруулсан гэж би үзэж байгаа тул шүүхийн шийдвэрт дахин дүгнэлт хийж миний хохирол 1000000 төгрөг буюу 765000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11450 төгрөгийг хариуцагч А.Түвшинжаргалаас гаргуулна уу. Би давж заалдах шатны шүүх хуралдаанд биеэр оролцох хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.Бат гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 1000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч А.Түвшинжаргал нь нэхэмжлэгч А.Батаас 12 хүний суудалтай Истана /шүүх Стана гэж бичсэн/ маркийн автомашиныг худалдан авч, түүний төлбөрт 7х5 харьцаатай байшингийн торх, банзны хамт өгөхөөр тохирч, улмаар 2017 оны 04 сард Загдсүрэн гэх айлын гаднаас А.Батын хамт очиж машинаа авсан ба талууд энэ талаар маргаагүй.

Зохигчдын хооронд арилжааны гэрээ хийгдсэн бөгөөд хариуцагч А.Түвшинжаргал нь гэрээний үүрэг буюу тохирсон 7х5 харьцаатай байшингийн торхыг банзны хамт өгөөгүйн улмаас нэхэмжлэгч А.Бат гэрээнээс татгалзаж, 2017 оны 07 сард хариуцагчаас машинаа буцаан авчээ.

Зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч А.Бат нь хариуцагчийг машиныг тоносон, тухайлбал арын хаалганы бариул, хос тросс байхгүй байсан, троссны үнэ 50000 төгрөгийг төлүүлнэ гэсэн тайлбар гаргасныг хариуцагч А.Түвшинжаргал нь арын хаалганы бариулыг Зоригоод түр ашиглуулаад буцааж аваад өгсөн, хос троссыг ээж хүнд өгөөд явуулсан байна. Иймд үнэ 35000 төгрөгийг төлнө гэж машиныг тоносон гэх эд ангийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн хариуцагч нь тохирсон хугацаанд байшингийн торх, банз модоо өгөөгүйн хариуцлагад 3 м.куб банзны үнэ 360 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ хэмжээгээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч А.Бат нь машинаас тоногдсон гэх арын хаалганы бариул, хос троссоос өөр ямар эд анги тоногдсон талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-д зааснаар хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Харин нэхэмжлэгч А.Бат нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч А.Түвшинжаргалыг машины ком стувцыг тоносон гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ тухай анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй тул тус шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч А.Батын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28550 төгрөгөөс 19850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 138/ШШ2018/00545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Батын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Батаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийн 19850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА

З.ЭНХЦЭЦЭГ