Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2020/ДШМ/16

 

Ч.А холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 Прокурор Ш.Б, шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч С.Г, хохирогч О.Э, хохирогчийн өмгөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нарыг оролцуулан,

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.А даргалж шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/41 дүгээр шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ч.А холбогдох 2017000610031 дугаартай 1 хавтас 197 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч хохирогч О.Э, хохирогчийн өмгөөлөгч Э.С нарын гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Ч.А нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 3-311 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр О.Э согтуурсан, орон дээр цаашаа хараад хэвтэж байхад алах зорилгоор хурдан шатах тослох материал буюу бензин нүүрэн дээр нь асган асаагуураар асааж онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

          Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2, 2.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.А хүнийг алах гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж үйлдэхийг завдсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х овогт Ч А хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдэхийг завдсан гэм буруутайд

тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ч.А нь бусдад төлөх төлбөргүйг, цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, ногоон эрээн орны бүтээлэг 1 ширхэг, 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй хүрэн өнгийн пивоны сав 1 ширхэгийг тус тус устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Э.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч, хохирогч хоёр бол нэг гэр бүлийн хүмүүс байгаа. Нэг гэр бүл гэдэг бол нэг биеийн хоёр тал гэсэн үг. Бие биенээ хамгаалах, өмгөөлөх үүрэгтэй. Хохирогчийн хувьд өмгөөлөгч авч эхнэрийнхээ ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай байгаа. Эхнэр болох Ч.А нь өөрийг нь алах зорилго байгаагүй. Гэр бүлийн баталгаатай. 10 гаран жил хамт амьдарсан. Нэг нэгнийгээ шоронд оруулах байтугай эзгүй байхад нь хүртэл хэцүү байдаг гэдэг үүднээс Э нь давж заалдах гомдол гаргах хэрэгтэй байна гээд өмгөөлөгч авахаар хандсан. Э хувьд эхнэрийнхээ ял шийтгэлийг хөнгөрүүлэх, зөөллүүлэх, зарим зүйл заалтыг нь хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай байгаа. Миний хувьд шүүгдэгч, хохирогч хоёрын амьдралын дадал зуршлыг мэднэ. Шүүгдэгч, хохирогчийн хувьд хоёулаа архины тодорхой хэрэглээтэй. Шинэ Эрүүгийн хуулиар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд ордоггүй. Харин ийм үедээ гэмт хэрэг үйлдсэн байх юм бол эмнэлгийн албадлагын арга хэмжээ хэрэглэх зэрэг тусгайд нь авч үзэх нөхцөл байдлууд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид зохицуулагдсан байдаг. Хэрэг болсон процессыг авч үзэхэд шүүгдэгчийн хувьд хэрэг болсон өдрийн маргааш өглөө нь Ганцэцэг гэх хүнээс юу болсон талаар мэдсэн байсан. Ч.А хувьд мэдүүлэг нь тогтвортой байгаа. Шүүгдэгчийн хувьд нөхрийнхөө нүүр лүү шатамхай бодис асгаж асаагуур асааснаа санахгүй байгаа. Мөн хүзүүн дээрээ гишгүүлж зодуулснаа мэдээгүй байдаг. Энэ талаар мөн Г гэх хүнээс мэдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүд буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго бүрэн тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн процесс болоход ухамсартай үйлдэл энэ хүнд байгаагүй гэж үзэж байгаа. О.Э шатааж алах субъектив санаа зорилго байгаагүй. Ч.А хувьд согтууруулах ундаа хэрэглэж маш хурдан согтож, тасардаг. Өчигдөр юу болсон талаараа мэдэхгүй байна гэх зүйлийг мэдүүлсэн байдаг. Шүүгдэгчид тухайн үед ухамсарт санаа бодол байгаагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэжээ.

Хохирогч О.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: Би шүүгдэгч Ч.А ханилаад 10 гаран жил болсон. Миний хань намайг хэзээ ч алах санаа зорилго байгаагүй. Тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Миний буруутай үйлдлээс ийм үйлдэл хийсэн гэж үзэж байна. Өчнөөн жил ханилсан байж нэгнийгээ шоронд явуулмааргүй байна. Миний хань эрүүл байсан бол хэзээ ч ийм үйлдэл хийхгүй. Тухайн өдөр архийг хэтрүүлэн хэрэглэж би хүзүү хоолойн дээр нь гишгэсэн учраас ийм үйлдэл хийсэн. Тухайн үед болсон үйл явдлыг би мэдэж байгаа. Одоо надад ямар ч хохирол, гэмтэл байхгүй. Бид 2 олон жил ханилсан бие биенийхээ ааш занг мэддэг. Ханийгаа шоронд явуулмааргүй байна. Миний ханийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч гэж та бүхнээсээ хүсэж байна гэжээ.

  Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Ч.А зүгээс хүнийг алах санаа зорилго байгаагүй, санаа зорилгыг тогтоогоогүй байна гэж тайлбарлаж байна. Ч.А хувьд хүнийг алах санаатай үйлдэл хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Э мэдүүлэг, мөн гэрч Г мэдүүлгээр чамайг шатаагаад алчихъя гэх зүйлийг хэлсэн байсан. Мөн гал унтарсны дараа дахин асаах үйлдэл, оролдлого хийсэн. Гал асаах чүдэнз, асаагуур олдоогүйн улмаас энэ хүний үйлдэл зогссон байдаг. Субъектив санаа зорилгын хувьд хохирогч өөрөө хэлж байна. Би өөрөө хоолойн дээр нь гишгээгүй бол ийм асуудал гаргахгүй байсан гэх зүйлийг хэлж байна. Хохирогч Ч.А хүзүүн дээр гишгэх үйлдэл гаргасныхаа дараа одоо амарцгаая гээд хэвтэж байх үед Ч.А гаднаас хурдан шатамхай зүйл авчирч дээрээс нь асгаад асаасан байдаг. Иймд хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдэхийг завдсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон байдаг. Энэ үйлдэлд нь шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулсан. Иймд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэжээ.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч, хохирогчийн хувьд олон жил хамтран амьдарсан бие биенээ сайн мэддэг.  Урьд өмнө нь хоорондоо маргалдаж байсан асуудал байхгүй. Шүүгдэгчийн хувьд тухайн өдөр өдөржингөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрийгөө удирдан хянах чадвар байгаагүй. Энэ байдал дээр нь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байгаа. Цохиж, зодоход нь гомдсоны улмаас шүүгдэгчийн хувьд бензин асгаж шатаах үйлдэл хийсэн. Энэ үйлдэлд нь хохирогчид хөнгөн гэмтэл учирсан байгаа. Шууд алах санаатай үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Энэ зүйл заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

           ТОДОРХОЙЛОХ НЬ :

Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагын 3-311 тоотод байх өөрийн гэртээ нөхөр О.Э зодуулсны дараа түүнийг орон дээр цаашаа хараад хэвтэж байхад нь бензин асгаж асаагуураар асааж бусдыг онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж  алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч нь олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бусдыг алахыг завдсан гэж яллах дүгнэлт бичиж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь хохирогч нь өөрийг нь шатаах үед сэрүүн байсан, галдан шатаасны улмаас өөрт учирч буй хохиролыг нэн даруй унтрааж чадсан зэргээс үзэхэд хохирогч нь архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас болон өөр ямар нэгэн байдлаар биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх боломжгүй байна.

           Мөн шүүгдэгчийн бусдыг галдан шатаах гэсэн үйлдэл нь олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох арга хэлбэр мөн боловч  шүүгдэгч нь бензинийг зөвхөн хохирогчийн толгой руу цацсан, цацсан бензиний болон гал тархсан  хэмжээ бага  зэргийг үндэслэн анхан шатны шүүхээс олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдал үүсгээгүй гэж дүгнэснийг зөв гэж үзлээ.

           Шүүгдэгч нь архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг санахгүй байгаа гэж өөрийн үйлдлийн санаа зорилгыг тодорхой тайлбарлаагүй байгаа боловч түүний хэрэг үйлдсэн байдал, тухайн үед хэлж ярьж байсан зэргээс үндэслэн өөрөөр хэлбэл  “шатаалаа шүү “ гээд асаагуур шидсэн гэх хохирогчийн мэдүүлэг, мөн  “энэ мууг шатааж ална“ гэж хэлээд нөгөө гартаа барьсан  байсан савтай зүйлийнхээ тагийг нээгээд Э руу  цацаад халааснаасаа асаагуур гаргаж ирээд асаагаад шидсэн гэх гэрч Б.Г мэдүүлэг, унтраагаад буцаад орж ирэхэд дахин бензин цацсан, асаагуур эрж хайж байсан зэргээс үндэслэн анхан шатны шүүхээс түүний үйлдлийг бусдыг санаатай алахыг завдсан гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

            Мөн шүүгдэгч нь бусдыг санаатай алах зорилгоо хэрэгжүүлэхдээ галдан шатаах аргыг хэрэглэснийг нь “ онц харгис хэрцгийгээр “ гэх хүндрүүлэх нөхцөл байдлаар тооцох бүрэн үндэслэлтэй гэж үзлээ.

           Дээрх нөхцөл байдлыг үндэслэн хохирогчийн зүгээс “... Би өөрийн эхнэр Ч.А намайг алах гээд миний толгой руу бензин цацаж гал тавьсан гэж бодохгүй байна. ... бид хоёулаа архины хамааралтай хүмүүс. ...тухайн гэмт үйлдэл хийхдээ өөрийн ухаантай байсан гэдэгт эргэлзэж байна. ...ял шийтгэл оногдуулсан хуулийн зүйл заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэж давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.

           Шүүгдэгч Ч.А ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн хэргийн шинж чанар, хор уршигт тохирсон байх тул анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт үндэслэсэн мөртлөө “тогтоох” хэсэгт журамлаж хэрэглээгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/41 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ОДНЯМАА

                   ШҮҮГЧИД                        Х.БАЙГАЛМАА

                                                           Г.ТЭГШСУУРЬ