Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2020/ДШМ/17

 

С.Н холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Ш.Б, шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Б.Б, хохирогч Ч.Э, хохирогчийн өмгөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.А даргалж шийдвэрлэсэн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Н холбогдох 2017000000027 дугаартай 2 хавтас 305 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2  дугаар багийн нутаг дэвсгэр 22 дугаар зөрлөгийн 9 дүгээр байрны гадаа 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Ч.Э хувийн таарамжгүй харьцааны улмаас хэвлийн тус газар нь нэг удаа, цээжин тус газар нэг удаа, нийт хоёр удаа хутгалж, түүний биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хутгалагдсан шарх, ходоодны урд хана, сэмжний нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн дэх цус алдалт, цээжинд шарх, цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулан алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  И О овогт С Н хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Н Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Н оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 25 сантиметр урттай, бариул хэсэг нь 10 сантиметр, ажлын хэсэг нь 15 сантиметр хүрэн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн гомдлыг уншиж танилцуулъя. Шүүгдэгч С.Н нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хүнийг алахыг завдсан гэх үндэслэлээр 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн гомдлыг хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар хүн алахыг завдсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр гомдол гаргасан байна. Өмгөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцахад тухайн 2 хүний хоорондын хувийн таарамжгүй харилцааны талаар гэрч нар тодорхой мэдүүлсэн байсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийг хүнийг алахыг завдсан гэдэг үндэслэлээр зүйлчилсэн. Өмгөөлөгчийн хувьд тухайн үед хэргийн зүйлчлэлд маргаангүй гэсэн ч энэ 2 хүний хоорондын маргааны шалтгааныг тодруулах шаардлагатай гэдэг хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээн зөвшөөрөхгүй асуудлыг шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувьд тухайн үед хүнийг алах санаа, сэдэл байгаагүй. Харин хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Үүнийг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна гэжээ.

Шүүгдэгч С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад энэ хүнийг алах санаа зорилго байгаагүй гэжээ.

Хохирогч Ч.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: Тухайн өдөр намайг гэртээ хонь хийгээд байж байхад С.Н гаднаас ирсэн. Манай эхнэр гэрт орж гэдэс ид гэхэд идэхгүй, намайг гадаа гараад ир гэсэн. Би ярих зүйл байвал наанаа хэл гэхэд  гараад явсан. Намайг 10 гаран минутын дараа гэрээс машин дээр байсан савтай усаа буулгах санаатай гарахад манай өөдөөс харсан байшингийн үүдэнд С.Н сууж байсан. Тэгээд намайг ус буулгаж байхад миний өөдөөс ирээд намайг усаа буулгахад миний зүрхэн тус газар хутгалсан. Тэгээд сугалаад дахин хутгалахдаа хутгаа эргүүлээд чамайг гүйцээж ална гэсэн гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хүсэлтээр оролцож байна. Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахгүйгээр хэвээр үлдээх саналыг оруулж байна. Шүүгдэгчид оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн зарчимд нийцүүлсэн буюу тохирсон байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн  хэргийн шинж чанар хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүх бодитой дүгнэлт гаргасан гэж үзсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч давж заалдах гомдол гаргахдаа хувийн таарамжгүй харилцааг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй гэдэг үндэслэлээр гаргасан байсан. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээс харахад хувийн таарамжгүй харилцаа байсан нь тогтоогддоггүй. Мөн хэрэгт авагдсан хэргийн нөхцөлийг хөнгөрүүлэх зорилгоор өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг шүүх харгалзаж үзэж шүүгдэгчид ял оногдуулсан байна. Харин ч хуулийн заалтад 8 жилээс 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай. Гэтэл шүүх доод хэмжээ буюу 8 жилийн хорих ял оногдуулахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь энэ хүнд тохирсон байна гэж үзсэн. Мөн хохирогчийн биед учирсан гэмтлийг шүүгдэгч нь биеэрээ мэдэрсэн. Тиймээс хохирогчид ямар хэмжээний хохирол учирсан байгааг энэ хүн өөрийн биеэрээ мэдэрч байгаа гэж бодож байна. Мөн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр  болсон нь шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж их харж үзсэн харагдаж байна.  Шүүгдэгч өнөөдөр хохирол төлбөр төлж барагдуулсан гэсэн ч хохирогчийн хор уршиг нь арилаагүй. Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзвэл ял шийтгэлийн хувьд 5-12 жилийн хорих ял оногдуулах санкцтай. Тиймээс энэ оногдуулсан хорих ялаас дээш хэмжээний хорих ял оногдуулах боломжтой. Мөн  хүнийг алах санаа зорилго байгаагүй гэж хэлсэн ч гэрээсээ хутга авч ална, гараад ир гэж, гэрийн гадаа хэлээд зогсож байсан гэдэг. Тэгээд гэрээс гарахыг хүлээж байгаад, хохирогчийг гэрээс гараад ирэхээр нь 2 удаа хутгалсан байдаг. Харин тухайн үед хохирогчийн эхнэр нь ус цацаж болиулсан байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял нь хүнддээгүй. Бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь багадсан ба хүндрүүлэх талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гараагүй байгаа нь ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гэм буруугийн хувьд маргаангүй гэж үзсэн гэж үзэж байна гэжээ.

Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Ч.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлий болон цээжин тус газар хутгалж хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогддог. Хохирогчийн алахыг завдсан гэдэг нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр нотлогддог. Мөн хохирогчийн мэдүүлгээс тогтоогддог. Хохирогч сая тайлбартаа намайг хутгалчихаад эргүүлсэн. Мөн чамайг гүйцээнэ гэж хэлсэн гэсэн. Тиймээс шүүгдэгч С.Н Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 6 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч С.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг 22 дугаар зөрлөгийн  9 дүгээр байрны гадаа архи ууж согтуурсан үедээ иргэн Ч.Э хувийн таарамжгүй харьцааны улмаас хэвлий болон цээжин тус газар нь 2 удаа хутгалж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Н бусдыг алахыг завдсан гэм буруутайд тооцож, түүнд 6 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэл тохирсон, хэрэг нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хэдийгээр өөрийн үйлдлийг бусдыг алах санаа зорилготой байгаагүй, хутга авсан үйлдлээ айлгах санаа зорилготой авсан, хутгалсан үйлдлээ айж цочсондоо хутгалчихсан гэж тус тус тайлбарлах  боловч эдгээр нь нотлогдоогүй буюу үгүйсгэгдэж байна. Харин ч хохирогчинд очихийн өмнө зориуд архи уусан, хутга авсан, хохирогчийг дуудаж гаргасан, эцэст нь гадаа гараад машиндаа савтай ус хийх гээд явж байхад  араас нь ямар ч үг хэл гаргалгүй очиж шууд 2 удаа хутгалсан үйлдлүүд, шүүгдэгч нь тухайн үед “гүйцээнэ”, “бүгдийг чинь ална” гэж хэлж ярьсан, хохирогчийн эхнэрийн зүгээс “болиочээ” гээд угаадас шүүгдэгч рүү цацсан болон охин нь голоор нь орж зогссон идэвхтэй үйлдлүүдийн улмаас таслан зогсоогдсон зэрэг нөхцөл байдлаас үндэслэн түүнийг бусдыг алахыг  завдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Мөн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь хохирогчийг  түүнийг матаж ажлаас халууллаа гэх хардалтаас болсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Энэ үндэслэлээр шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ял шийтгэл оногдуулахдаа үндэслэж байгаа талаар дурьдсан хэдий ч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт журамлаагүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             О.ОДНЯМАА

                ШҮҮГЧИД                              Х.БАЙГАЛМАА

                                                                Г.ТЭГШСУУРЬ