| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2018/1012/З |
| Дугаар | 128/ШШ2018/0217 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2018/0217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Ш***” ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 359 дүгээр шийдвэрийн шийдвэрлэх хэсгийн 1 дэх хэсгийн дэс дугаарын 30 дугаарт бичигдсэн “Ш***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, “Ш***” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш***” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Манай компани нь 2009 оны 09 дугаар сарын 14 ны өдөр анх үүсгэн байгуулагдаж гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн дугаар: ,,,, регистрийн дугаар: ,,, болно.
Тус компани нь Дорноговь аймаг, Даланжаргалан сум, Хөх өндөр толгой гэдэг газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсэж 2015 оны 10-р сарын 30-ны өдрийн 15 цаг 34 минутад NЕ-02681088 өргөдлийн бүртгэлээр тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцсон. Үйлчилгээний хөлсөнд 172.42 ам.доллар буюу 250. 000.00 төгрөг төлсөн.
Манай гаргасан өргөдөл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д зааснаар “өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтааж шийдвэр гаргаж хариу өгөхөөр” хуульчлагдсан байхад Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр бүхий захиргааны акт нь 2017 оны 06-р сарын 22-ний өдөо 359 дүгээр шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь 2017 оны 06-р сарын 27-ны өдрийн 7/4460 / тоотоор хүргэгдсэнийг нь тус компани 2017-07-04-ний өдөр албан ёсоор хүлээн авсан.
Манай компанийн өргөдлийг хуулийн хүрээнд хүлээн авч бүртгээд хариуг нь бүтэн 19 сарын дараа 2017 оны 07 дүгээр сарын 04-ний өдөр 27/4460 дугаар албан тоотоор өгсөн үйл баримт нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 94.-р зүйлийн 94.1. дахь хэсэгт заасан хэтэрсэн хугацааг хаслаа гэхэд л 19 сар болж байна. Иргэдээс төрийн байгууллага,албан тушаалтанд гаргасан өргөдөл, 16.1. дэх заалтыг зөрчсөн байна. Кадастрын хэлтсийн дарга нь шийдвэртээ Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсугай гэсэн. Засаг даргын хариуг нь өгөөгүй ба бид аваагүй. Шийдвэрт зааснаар манай өргөдөлд хүссэн газар нь Дорноговь аймаг, Даланжаргалан суманд хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонирхолтой байгаагаа илэрхийлэгддэг. Манай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзах үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар Засаг даргын ” дэмжихгүй ” санал ирсэн гэжээ. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 тоот шийдвэрийн дэс дугаар 30-д, өргөдлийн дугаар N***, ХА-019807-д бичигдсэн газар нь Дорнод аймагт байдаг болж байна.
Манай компани гомдлоо шийдвэрлүүлэхээр эрх бүхий албан тушаалтанд хандаж Ашигт малтмалын тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 359 тоот шийдвэрийн хувь шаардлагатай тул энэ тухай албан хүсэлтээ 2017 оны 08 дүгээр сарын 23-ны өдрийн 2017/192 тоотоор хүргүүлээд хариуг нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өөрсдийн биеэр авсан. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дийн нэр дээр хүсэлт гаргаад хариуг нь 2017 оны 10 дүгээр сарын 25-ны өдөр гардаж аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1.-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд 2 жил 1 сар өнгөрсөн байна.
Эрх бүхий албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 27.4.2-Д зааснаар сонсох ажиллагааг Өдрийн сонины 2017-02-15 ны №0421 дугаарт нийтэлсэн энэ нь хуулийн хүрээнд нийцэж хийгдсэн гэх боловч үүнд манай компанийг бичгээр болон амаар гомдол гаргаагүй гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь шийдвэрийн дагуу мэдэгдэл нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн. Кадастрын хэлтсийн даргын шийдвэр болох 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 тоот бүхий захиргааны акт, шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2017 оны 06 дугаар сарын 27-ны 7/4460 дугаартай албан тоот. Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 1/3672 тоот гомдлын хариу, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2017/200 тоотоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад гаргасан хүсэлтийн хариу 2017 оны 10 дугаар сарны 20-ны өдрийн 03/2217 тоот нь хуульд нийцээгүй бөгөөд уг захиргааны байгууллагын зарим ажилтантай холбоотой байж болох буруутай ажиллагааны эс үйлдэхүйгээс хамаарч нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөв.
Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг /кадастрын хэлтсийн дарга/ Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7, 11.1.9, 11.1.15, 11.1.14, 11.2, 11.1.22, 34.7, 34.6-д тус тус хуульчилсан байна. Манай компаниас шат шатанд гаргасан гурван удаагийн хүсэлт тайлбарыг Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.7, 11.1.9 дэхь заалтуудад тус тус зааснаар хүсэлтийг хүлээн авч бүртгэх, судлан шийдвэрлэх ажиллагаа, тухайн үед үүссэн нөхцөл байдалд үнэлэлт өгөх ажиллагаа хууль журамд зааснаар хэрэгжээгүй болно. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол бүхий нэхэмжлэл гаргаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү....” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 359 дүгээр шийдвэрийн NЕ-026810 дугаар бүхий өргөдөл Ш*** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Ашигт малтмалын тухай” хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай" 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.
Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.
"Ш***" ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг “Хөх өндөр толгой” нэртэй 557.28 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл гарган NЕ-026810 дугаарт бүртгүүлсэн байна.
Кадастрын хэлтсээс "Ш***” ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6/8878 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн засаг даргад санал явуулсан. Уг саналд Дорноговь аймгийн засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/2026 тоот албан бичгээр 18 дугаартай “дэмжихгүй” санал ирүүлсэн байна.
Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрөл Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн байна.
Сонсох ажиллагааг “Захиргааны ерөнхий хуулийн” 27 дугаар зүйлийн хуулийн 27.2.2-д "хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” заалтын хүрээнд хийж Өдрийн сонины 2017 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн №005 дугаарт олон нийтэд мэдээлэн хүргэжээ. Энэхүү сонсох ажиллагаанд тус компани нь бичгээр болон амаар тайлбар гаргаж ирүүлээгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны өрөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1 зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 359 дүгээр шийдвэрээр №-026810 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 7/4460 дугаартай албан бичгээр тус компанид хүргүүлсэн байна.
Иймд “Ш***” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Ш***” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 359 дүгээр шийдвэрийн “Ш***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, “Ш***” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Ш***” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах Хөх өндөр толгой нэртэй 557.28 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн NE-026810 /ХА-019828/ дугаарт бүртгэжээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс уг өргөдлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, мөн хуулийн 19.3-т заасныг хангасан гэж үзэн Дорноговь аймгийн Засаг даргаас санал авахаар Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6/8878 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.
Дорноговь аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/2026 дугаартай албан бичгээр Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг тус тус үндэслэн “бэлчээр, усны нөөц газар тул уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн хариу ирүүлжээ.
Дорноговь аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн санал гаргахдаа Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 236 тоот, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 85 тоот албан бичгүүдийг үндэслэл болгосныг дурдаж эдгээр албан бичгүүдийг өөрийн саналын хамт Кадастрын хэлтэст ирүүлсэн байна.
Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д зааснаар Өдрийн сонины 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар хэвлэлд нийтэлж сонсох ажиллагаа явуулах тухай “Ш***” ХХК-д мэдэгдсэн боловч нэхэмжлэгчээс тайлбар ирүүлээгүй.
Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн “Ш***” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн, энэ талаар нэхэмжлэгчид 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 7/4460 дугаар албан бичгээр мэдэгджээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж зааснаар нэгэнт аймгийн Засаг даргаас дэмжихгүй санал ирүүлсэн, уг саналд холбогдох байгууллагууд болон тухайн талбай оршиж буй нутгийн ард иргэдийн санал, хүсэл зоригийг үндэслэсэн нь тогтоогдсон тул хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан бөгөөд аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дүгнэх үүрэггүй байна.
Өөрөөр хэлбэл тухайн Засаг даргын дэмжихгүй гэх санал нь бие даасан захиргааны актын хувьд тухайн талбайд ашигт малтмал хайх, ашилахыг хуулиар хориглох үндэслэлд хамаарах эсэх, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтад нийцсэн эсэх талаар нэхэмжлэгч тусгайлан маргаагүй учир шүүхэс энэ актад дүгнэлт өгөх боломжгүй юм.
Иймд аймгийн Засаг даргаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал өгснийг үндэслэн нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 359 дүгээр шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай зохицуулалт нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болж, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор тогтоосон тул нэхэмжлэгчийн гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлгүй болно.
Энэ шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай “дэмжихгүй” саналын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/ -ийн 19 дүгээр зүйлийн 19.5. 19.6-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ш***” ХХК-иас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 359 дүгээр шийдвэрийн шийдвэрлэх хэсгийн 1 дэх хэсгийн дэс дугаарын 30 дугаарт бичигдсэн NE-026810, ХА-019828 өргөдлийн дугаартай “Ш***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, уг шийдвэрийн дагуу “Ш***” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН