Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 201/МА2018/00029

 

Ш.Б гийн нэхэмжлэлтэй,

“А” ХК-д холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 138/ШШ2018/00664 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч Ш.Бийн давж заалдах гомдлоор Ш.Б гийн нэхэмжлэлтэй, “А” ХК-д холбогдох Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2589776 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “А” ХК-ийн захирал Ш.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан ба хариуцагч Ш.Бг “А” ХК-иар сольсон бөгөөд хариуцагч нь 2018 оны 04 сарын 20-ны өдрийн Б/28 тоот тушаалаа хүчингүй болгож 2018 оны 5 сарын 21-ний өдөр Б/36 тоот тушаалаар нэхэмжлэгч Ш.Б г ажлаас нь халсан байх тул тус компанийн захирлын 2018 оны 05 сарын 21-ний өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны олговорыг 2018 оны 05 сарын 21-ний өдрөөс 2018 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нийт 2 589 776 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг хийлгүүлж өгнө үү.

Нэхэмжлэгч Ш.Б  нь “А” ХК-ийн хяналтын багцыг эзэмшдэг Ш, С нарын хүү юм. Б нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс захирлын туслах албан тушаалд ажилд орсон. Мөн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төлөвлөлт, Хангамж хариуцсан дэд захирлаар албан тушаал нь өөрчлөгдөн ажиллаж эхэлсэн. Хавтас хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тушаал зэргээс 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс ажлаас халагдах тушаал гарах өдрийг хүртэл ажиллаж байсан нь тогтоогдож байна... Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсэгт зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүйн улмаас ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх байхгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.” ...Б тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба түүний эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтантай нэгэн адил гэж үзэх нь зүйтэй юм. ...”А” ХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалаар хамгийн сүүлд ажлаас халсан байдаг. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэн гаргасан ба үндэслэлдээ төлөвлөлт, хангамж хариуцсан дэдзахирал ажилтай Ш.Б  нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл ойшоож “Д” ТӨХК-тай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээг удаа дараа санаатайгаар тасалдуулж хамт олны дунд таагүй уур амьсгал бий болгосон тул ажлаас халсан гэж байдаг. Энэ тушаал дээр ажлын цаг тасалсан талаар байдаггүй юм. Халах тушаалын үндэслэх хэсгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан заалтанд хамааруулж ойлгоход учир дутагдалтай байна гэж үзэж байна. Ажил олгогч өөрийн кампанитай хамтран ажиллаж байсан “Н” ХХК-ийн зүгээс явуулсан үйл ажиллагааг ажилтан Ш.Б тэй хамаатуулан ойлгож түүнийгээ үндэслэн ажлаас халах шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй юм. Ажлаас халсан Б/36 тоот тушаалын баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт /ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан/ бол гэж заасан байдаг. Ш.Б  нь сахилгын зөрчил давтан гаргасан зүйл байхгүй энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа юм. ...Ажлаас халсан Б/36 тоот тушаалын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт / мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон/ заасан байдаг. Ш.Б гийн албан тушаалын нэршил нь “Төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирал” юм. Энэ нь түүнийг мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж тодорхойлж болохгүй юм. Ажлаас халсан Б/36 тоот тушаал дээр ажил олгогч мөнгө, эд хөрөнгийн тал дээр ямар итгэл үзүүлээд түүнийг нь хэрхэн алдсан тухай нотлох баримт байхгүй юм. Энэ зөрчлийг тогтоосон байх хуулийн шаардлага хангасан тухай баримт хавтас хэрэгт авагдаагүй байгаа юм. Монгол Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтуудыг тайлбарлах тухай заалтын 15 зүйл, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.2 дахь хэсэгт заасан зүйл болон Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлүүлийг хангасан зүйл байхгүй юм. ...Иймд тус компанийн захирлын Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Б г тус компанийн Төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлын ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинд 2589776 төгрөгийг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй тул түүний өмнөөс хариу тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үйлдэл үүссэн юм гэж үзэж байна. “А” ХК-ийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 2.3, 3.4, 3.5 дахь хэсгийн заалтуудад хамааран гаргасан тушаал байгаа юм. Нэхэмжлэгч Ш.Б  нь “А” ХК-ийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага дээр нотлогддог юм. Энэ маргаан нь “А” ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот хурлын протокол дээр Ш.Б  нь “А” ХК-ийн гүйцэтгэх захирал болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг. “А” ХК-ийн тухай хуулинд зааснаар хяналтын багцаас дээш хувьцааг эзэмшиж байгаа талууд гүйцэтгэх удирдлага байхаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалтын дагуу үнэнд гүйцэтгэсэн. Ингэснээр “Н” ХХК болон “А” ХК хоёрын хоорондын харилцаа хүндрэнэ гэж хэлдэг. Ингэснээр “Д” ТӨХК-тай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээг удаа дараа санаатайгаар тасалдуулж хамт олны дунд таагүй уур амьсгал бий болгосон тул ажлаас халсан байдаг юм. Хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч тал хийгээгүй нь үнэн ч гэсэн хөдөлмөрийн гэрээ хийсэн хүнтэй адилтгаж тооцон нэхэмжилж байна. Хөдөлмөрийн гэрээг хийгээгүй болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийг өгөөгүй гэж хэлдэг. Энэ бүх зүйл нь хариуцагчийн төлөөлөгчөөр томилогдсон энэ хүнд хамааралтай зүйл юм. Яагаад гэвэл энэ хүн тус компанийн хүний нөөцөөр ажиллаж байхдаа ажлаа хийгээгүй, ажлаас халагдсан гэснээс болоод өнөөдөр шүүх хуралдаан дээр энэ зүйл яригдаж байна. Хөдөлмөрийн харилцааны дагуу мөрдөх ёстой зүйлийн хүрээнд цаг ашиглалтын байдал болон “А” ХК-д хохирол учруулсан, мөнгө завшсан гэсэн үндэслэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар яригдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр бус, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр тушаал гаргасан. Мөн Хөдөлмөрийн хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан хэсгийг үндэслэсэн. Энэ хуулиуд болон “А” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг зөрчин “А” ХК-ийн нүүрс олборлох үйл ажиллагааг таслан зогсоож “Д” ТӨХК-тай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээг тасалдуулснаас болж компани 700 000 000 төгрөгийн орлогыг алдсан. Энэ үйлдэл нэхэмжлэгч Ш.Б гийн идэвхитэй үйлдэл байсан ба үүнд “А” ХК-д хохирол учруулсан. “А” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.5, 12.2.6, 12.2.7 гэсэн асуудлууд хөндөгдсөн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтанг хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны эрх, зүйн байдалтай адилтгаж үзнэ гэж хэлдэг. Тийм учраас тухайн байгууллагад хөдөлмөр эрхэлсэн л бол тухайн байгууллагын дотоод журамд захирагдах үүрэгтэй байсан юм. Нэхэмжлэгч маань хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс болж хөдөлмөрийн харилцаан дах зүйлийг шаардах эрхгүй гэж байгаа бол, гэрээ байгуулаагүй ажилтан ч ажил олгогчоос ажил өгөхийг шаардах эрхгүй. Бас нэхэмжлэгч маань ажлын цагаа бүртгүүлдэг хүний тоонд ордог. Энэ талаар хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөө цагаа бүртгүүлэхгүй байж ажилтнаа бүртгүүл гэж шаардаж байгаа бол энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг зөрчиж байгаа зүйл юм. Тийм учраас “А” ХК-ийн Б/36 тоот тушаал үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч Ш.Б  нь “А” ХК-ийн хувьцаа эзэмшигч С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “А” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж явдаг. Компаний тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.1, 89.1.2, 89.1.3, 89.1.4 дэх хэсэгт зааснаар сонирхлын зөрчил бүхий хэлцлийг бусад этгээдтэй байгуулахыг оролдсон нь компанийн удирдлагуудын итгэлийг алдсан үйлдэл болоод байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 138/ШШ2018/00664 дугаар шийдвэрээр:

1/ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б овогт Ш ын Б г “А” ХК-ийн Төлөвлөлт, Хангамж хариуцсан дэд захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “А” ХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2 433 840 /хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б д олгож, нэхэмжлэгчийн гомдлоос тус компанийн захирлын 2018 оны 5 сарын 21-ний өдрийн №Б/36 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсэг, ажилгүй байсан хугацааны олговороос 155 936 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

            2/ Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б д олгох 2 433 840төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “А” ХК-ийн санхүүд үүрэг болгож,

            3/ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

4/ Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “А” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 124 091 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулж, ...шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Б давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Ш.Б гийн гаргасан зөрчлийг шалгасан талаарх материал, зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдолтой өөрийн татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй гэж илт ташаа дүгнэлтийг хийсэн. Хариуцагчийн зүгээс Ш.Б тэй холбоотой асуудлаар ТУЗ-ийн хурлаар хэлэлцэгдсэн асуудал, мөн ажилтны цагийн бүртгэл, ээлжийн амралт олгосон тушаал зэрэг үнэлж болохуйц бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд ээлжийн амралт эдэлж дуусмагц ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь ажлын 15 хоног ээлжийн амралт эдлэх эрхтэй байсныг дээрх тушаал нотолдог. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс Ш.Б  нь цагийн бүртгэл хийлгэдэггүй болохыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд мөн амралтын хоног хэтрүүлсэн талаар маргаагүй нь нэхэмжлэгч ээлжийн амралт дуусмагц ажил үүргээ гүйцэтгээгүйг нотлодог.

Нэхэмжлэгчийн хувьд компанийн борлуулалтын болон олборлолтын үйл ажиллагааг илэрхий зөрчиж нэгдмэл сонирхол бүхий өөр хуулийн этгээдийн эрх ашгийг хангуулахаар ажилласан талаар ТУЗ-ийн гишүүд шүүмжилж сануулсан, улмаар Ш.Б гийн зүгээс энэ асуудлыг зөвшөөрсөн яриа тэмдэглэлүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй нь шүүх талуудын хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг зөрчиж хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн гэж дүгнэхэд хүргэж байна. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул ажилтнаас ажил үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхгүй гэж дүгнэжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэхийг бус ээлжийн амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж ажил тасалсан үндэслэлээр маргаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг заавал баримтлах шаардлагагүй байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичгийн баримтуудыг шүүх Ш.Б гийн компанийн үйл ажиллагааг хүндрэлд оруулахад чиглэгдсэн эс үйлдэхүйг нотлоход хамааралтай талаас нь огт дүгнэлт өгөөгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “ажилтны эс үйлдэхүй”-тэй холбоотой зөрчлийн талаарх байр суурьтай илтэд зөрчилдөж байгаад дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг иш үндэс болгон “Бтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба түүний эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтантай нэгэн адил” гэж үзэх үндэслэлтэй гэсэн тайлбараар шүүх хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг зөрчиж байна. Ажилтан нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажилд томилсон ажил олгогч эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн харилцаанд оролцож эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа талаар маргаангүй болох нь үүгээр нотлогддог. ...Тиймээс ажил олгогчийн зүгээс байгууллагын дотоод журмыг баримтлан шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрээс дүгнэхэд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул тухайн иргэн сул цалин авч, хөдөлмөрийн болон хамт олны өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй байх боломжтой мэтээр Хөдөлмөрийн тухай хуулийг илэрхий буруу тайлбарласан нь шүүхийн шийдвэр илт нэг талыг баримтлан гарахад хүрсэн байна. “А” ХК-ийн захирлын тушаалд “ажил тасалсан” тухай үг, өгүүлбэр байхгүй байгаа тул гэж ажил олгогчийн зүгээс хэрэглэсэн хууль зүйн үндэслэлийг үгүйсгэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй хэт субьектив дүгнэлт гаргасан байна гэж үзэхэд хүргэж байна. Иймд Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 138/ШШ2018/00664 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Ажилтан Ш.Б  ажил олгогч “А” ХК-д холбогдуулан “Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2589776 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “А” ХК эс зөвшөөрч маргажээ.

Дорнод аймгийн “А” хувьцаат компанийн захирал нь 2018 оны 05 сарын 21-ний өдрийн Б/36 дугаар тушаал гаргаж, Төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирал Ш.Б г ажлаас халахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.8, 12.1, 12.2.5, 12.2.6, 12.2.7 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгожээ. /хх-ийн 24 дэх тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтад нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Ажилтан Ш.Б  нь 2017 оны 05 сарын 01-ний өдөр “А” ХК-ийн захирлын туслахаар, 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс Төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлаар тус тус  ажилласан байна. /хх-ийн 2-3, 4 дэх талууд/

Ажил олгогч “А” ХК нь ажилтан Ш.Б г тус компаний захирлын туслах болон Төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлаар тус тус ажиллуулж байхдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба энэ талаар талууд маргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” байх тухай заажээ.

Гэтэл ажил олгогч “А” ХК нь ажилтан Ш.Б тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ажилтан Ш.Б г сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг нь нотлогдсон, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагатай нийцсэн байна.

Иймд хариуцагч “А” ХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагч “А” ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 138/ШШ2018/00664 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “А” ХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А” ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

             

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                      ШҮҮГЧИД                                                              Ж.ДОЛГОРМАА  

                                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ