| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2021/00987/И |
| Дугаар | 182/ШШ2021/01287 |
| Огноо | 2021-06-11 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2021/01287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Ц.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Е.Г-т холбогдох,
“Олгох ёстой байсан нэмэгдэл болох 6,588,619 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.Э нь цагдаагийн байгууллагад 33 жил 2 сар 22 хоног ажилласан бөгөөд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн хэлтэс, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газарт жижүүрийн ахлах офицероор 1992 оноос 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ажиллаад тэтгэвэрт гарсан.
Ц.е.г 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6/845 дугаар тушаалаар намайг тэтгэвэрт гарах болсон тул 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн.
Гэтэл Ц.е.г даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаалын хавсралтаар 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно” гэж заажээ. Мөн уг тушаалын 3.2-т “Нэмэгдэл болон нэмэгдэл цалин тогтоох/код 924/журам”-ын 924.5.4-т дэх хэсэгт заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цалингийн санд багтаах, боломжгүй тохиолдолд төсвийн тодотголоор нэмж тусгуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон байдаг. Гэтэл уг тушаал гарснаас хойш миний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тушаалд заасны дагуу 45 хувиар бодож олгоогүй байна.
Би төрийн тусгай албанд 33 жил ажилласан тул журмын 924.5.4-т заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар авах эрх надад үүссэн байсан бөгөөд би энэ тушаалын талаар хэд хоногийн өмнө тухайн салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан найзаасаа мэдсэн болно. Учир нь бидний тэтгэвэр эрс ялгаатай тогтоогдсон байснаас ийм тушаал гарсныг мэдлээ.
Хэрэв надад Ц.е.г даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаалаар төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмэгдүүлж, 45 хувиар олгосон бол би 2016 оноос хойш нийт 6,588,619 төгрөгийн нэмэгдэл авах байсан байна. Гэтэл Ц.е.г даргын тушаал гарснаас хойш 2019 оны 10 дугаар сарын 31-ний хүртэл хугацаанд миний цалинг дутуу бодож олгосон байна гэж үзэж байна.
Миний цалин хөлсийг дутуу бодож олгосноор би цалингаа дутуу авснаас гадна тэтгэвэрт гарч тэтгэвэр тогтоолгоход миний тэтгэвэр буруу, бага тогтоогдож, өнөөдрийг хүрчээ.
Мөн Хөдөлмөрийн маргаан таслах комисс Ц.е.г дэргэд байхгүй учир нэхэмжлэлээ шүүхэд хандаж гаргах нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд нэхэмжлэгч надад олгох ёстой байсан нэмэгдлийг дутуу бодож олгосон байх тул 6.588.619 төгрөгийг Ц.е.г-аас гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Ц.е.г итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 16.5.3 дахь заалтад “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;” гэж тус тус зохицуулсан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа улсыг төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм.
Засгийн газрын 2014 оны “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 99 дүгээр тогтоолын хавсралтын 3 дахь заалтад “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно.” гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-д “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх” гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс ахлагч бүрэлдэхүүн, 08 дугаар сарын 01-ээс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож хэрэгжүүлээд байна.
Иймд нэхэмжлэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цагдаагийн байгууллагаас зүгээс санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж заасан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ:” гээд “төрийн тусгай алба хаасан хугацааны”, “албан ажлын онцгой нөхцөлийн”, “цагдаагийн мэргэжлийн зэргийн”, “эрдмийн зэрэг цолны”, “хуульд заасан бусад” гэж тогтоосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Ц.Е.Гт холбогдуулан “Олгох ёстой нэмэгдэл болох 6,588,619 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Э нь цагдаагийн байгууллагад 33 жил 2 сар 22 хоног ажилласан бөгөөд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн хэлтэс, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газарт жижүүрийн ахлах офицероор 1992 оноос 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 9-10, 12-15, 28, 29-30 дугаар тал/
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц.е.г даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаал гарснаас хойш миний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тушаалд заасны дагуу 45 хувиар бодож олгоогүй байна. Журмын 924.5.4-т заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар олгосон бол би 2016 оноос хойш нийт 6,588,619 төгрөгийн нэмэгдэл авах байсан байна.
Миний цалин хөлсийг дутуу бодож олгосноор би цалингаа дутуу авснаас гадна тэтгэвэрт гарч тэтгэвэр тогтоолгоход миний тэтгэвэр буруу, бага тогтоогдож, өнөөдрийг хүрчээ...” гэж тайлбарлажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4 дэх заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс ахлагч бүрэлдэхүүн, 08 дугаар сарын 01-ээс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож хэрэгжүүлээд байна.
Иймд нэхэмжлэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цагдаагийн байгууллагаас зүгээс санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заасан нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна...” гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага цалин хөлсний нэмэгдлийг дутуу олгосон, олгох ёстой байсан нэмэгдэл гаргуулахтай холбоотой хөдөлмөрийн харилцаатай маргаан байх ба энэ нь ердийн харьяаллын шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахаар байна.
Учир нь нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах, хариуцагч нь захиргааны байгууллага хэдий ч маргааны зүйл нь хөдөлмөрлөх харилцаатай холбоотой нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг олгох тушаал шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой буюу тухайн тушаал нь цагдаагийн байгууллагын дотоодод үйлчлэх, дотогш чиглэсэн тушаал шийдвэр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй” гэж заажээ.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 “төрийн тусгай албан тушаал;”, мөн зүйлийн 10.3.-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ.”, 13.1.6.-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн;”, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ц.Э Ц.Е.Г, Төрийн албаны зөвлөлд 2016-2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд олгох ёстой байсан нэмэгдлийг зохих журмын дагуу олгоогүй цалингийн зөрүү 6,588,619 төгрөгийг дутуу бодож олгосон болохыг тогтоож, нөхөн олгуулахыг хүсэж гомдлоо гаргасан байх бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албан зөвлөлөөс ...төрийн албан хаагчийн цалин хөлсний талаар гаргасан маргааны төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Та цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож, офицер цолоо хадгалуулсан байх тул таны гомдлыг Зөвлөл харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно... гэх хариу хүргүүлжээ. /хх-ийн 8 дугаар тал/
Нэхэмжлэгч Ц.Эгийн хувьд төрийн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлд хандаж, дээрх шийдвэрийг зөвшөөрөөгүй тул Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэсний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.
Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд үр дүнгийн гэрээ буюу хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.
Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.
Хөдөлмөрийн маргаан таслах байгууллага гэсэн ойлголтод хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүх хамаарахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан байх ба мөн хуулийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацаа хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхэд аль алинд нь хамааралтай байна.
Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан байхад нэхэмжлэгч Ц.Э нь хуульд заасан гурван сарын дотор шүүхэд гомдлоо гаргаагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно” гэж тус тус заажээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.9.-д “Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ:” мөн зүйлийн 87.10.-д “Цагдаагийн байгууллагын алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно.” гэсний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолоор цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг баталжээ.
Дээрх тогтоолын дагуу Ц.е.г даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар “нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /Код 924/ журмыг хавсралтаар баталж, Ц.е.г даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/248 дугаар тушаалаар “Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /Код 924/ журмыг баталж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч Ц.Э ажил олгогчийг Ц.е.г даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаалд заасны дагуу 45 хувиар бодож олгоогүй, цалин хөлсийг дутуу бодож олгосон үндэслэлээр дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдлоо гаргасан гэж тайлбарлах боловч 2016 оноос хойш нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журам батлагдсан цаг хугацаанаас эхлэн эрх нь зөрчигдсөн байх тул тухайн хугацаанд шүүхэд гомдлоо гаргах байжээ.
Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байгаа нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, Ц.Эгийн хувьд ажил олгогч Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Ц.е.г даргын “нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох” журмын дагуу нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг олгоогүй талаар мэдсэн тухайн өдрөөс хойш гурван сарын хугацаанд гомдлоо гаргах байжээ.
Харин хариуцагч тал нэхэмжлэгчид холбогдох тушаал шийдвэрийг танилцуулсан болон танилцах боломжоор хангаж байсан нь баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Эгийн хувьд дээрх Засгийн газрын тогтоол болон Ц.е.г даргын тушаал, журмыг тухайн үед мэдээгүй, танилаасаа 2021 оны 01 дүгээр сард мэдсэн гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтуудаар дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924, 931-ийг Ц.е.г 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2г/6830 дугаар албан бичгээр алба хаагч нартаа танилцуулахыг Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт хүргүүлжээ.
Дээрх албан бичгийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ц.е.г Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газрын дэд хурандаа С.Баярбат Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924, 931-ийг алба, хаагчдад танилцуулаж, ирцийн бүртгэлээр ахмад Ц.Э оролцсон талаар, мөн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний талаар танилцуулахад Ц.Э хувьд оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн ерөнхий ангид заасан нийтлэг үндэслэл бусад гэрээний нэгэн адил хамаарна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, мөн зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...үеэс үүснэ” гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч Ц.Э 2016 оноос хойш нэмэгдлийг дутуу бодож олгосон үндэслэлээр гомдол гаргасан боловч дээрх эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацаанаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.
Шүүх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тохиолдолд сэргээн тогтоож болох боловч Ц.Э нь танилаасаа сүүлд мэдсэн гэх байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн бөгөөд энэ тухай гомдлоо хуульд заасан хугацаанд харьяаллын шүүхэд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байдлыг, мөн хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан зэргийг ойлгох бөгөөд харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, уг хугацааг сэргээн тогтоох боломжтой гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Түүнчлэн, Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай монгол улсын их хурлын тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай 79 дүгээр тогтоолын 4-т “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэхээр заасан нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дүгээр тогтоол, Ц.е.г даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/248 дугаар тушаалыг хариуцагчийн талын буруутай үйл ажиллагааны улмаас хэрэгжүүлээгүй гэж үзэхээргүй байна.
Иймд хариуцагч Ц.Е.Гт холбогдох “Олгох ёстой байсан нэмэгдэл болох 6,588,619 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Ц.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 128.1.11-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Е.Гт холбогдох “Олгох ёстой байсан нэмэгдэл болох 6,588,619 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Ц.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС