| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2024/05473/И |
| Дугаар | 001/ХТ2025/00090 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2025/00090
Э.Уын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/05456 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/00320 дугаар магадлалтай,
Э.Уын нэхэмжлэлтэй
Ц.Сд холбогдох
Түрээсийн гэрээний үр шимийг олж авахад саад болохгүй байхыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Түрээсийн гэрээг цуцалж, дуусгавар болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,О.Д, хариуцагч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Ц.Сд холбогдуулан түрээсийн гэрээний үр шимийг олж авахад саад болохгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Ц.С нь нэхэмжлэгч Э.Ут холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, дуусгавар болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/05456 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасныг баримтлан түрээсийн гэрээгээр олгогдсон гэрээний үр шимийг олж авах эрхэд саад болохгүй байхыг хариуцагч Ц.Сд даалгах тухай Э.Уын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д заасныг баримтлан “...гэрээг цуцалж, дуусгавар болгох” тухай хариуцагч Ц.Сын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/00320 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/05456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 гэж дугаарлан уг заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 204 дүгээр зүйлийн 204.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Сд холбогдох, түрээсийн гэрээгээр олгогдсон гэрээний үр шимийг олж авах эрхэд саад болохгүй байхыг даалгах тухай нэхэмжлэгч Э.Уын үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Э.Ут холбогдох, гэрээг цуцалж, дуусгавар болгох тухай хариуцагч Ц.Сын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/05456 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/00320 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр гэрээний хөлслөгч, одоогийн байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаа гэрээний тал болохынхоо хувьд хариуцагч Ц.Сыг 2026.08.31-ний өдөр гэрээний хугацааг дуустал Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т заасан түрээсийн хугацаанд дурдсан хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрхийг үндэслэлгүйгээр зөрчихгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Сыг гэрээг дуусгавар болгох эрхтэй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Иргэний хуулийн 318.2-ийг хэрэглэлгүй хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь талууд гэрээний хугацааг тохиролцож байгуулах нь ямар ч ач холбогдолгүй, гэрээний ямар ч үүргээ зөрчөөгүй байхад гэрээгээр нэгэнт тохирсон хугацааг зөрчих эрхийг түрээслэгчид олгож байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2025/00431 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.
7. Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Ц.Сд холбогдуулан түрээсийн гэрээний үр шимийг олж авахад саад болохгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Бариа заслын буюу алжаал тайлах төв байгуулах зорилгоор 2023.08.25-ны өдөр Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ..... гудамж, ... тоот хаягт байрлах 672 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн 1 давхрын 160 м.кв талбайг 3 жилийн хугацаанд түрээслэхээр 1048 тоот гэрээг Ц.Стой байгуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэрээгээр нэг сарын төлбөрийг 4,500,000 төгрөг байхаар тохиролцож, цаг хугацаанд нь гэрээнийхээ үүргийг биелүүлж ирсэн. Энэ хугацаанд иж бүрэн тохижилт, засал чимэглэлийн ажил хийж 32,500,000 төгрөг зарцуулсан. Миний бие гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч тул Иргэний хуулийн 92.1-д зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.” гэж тодорхойлсон.
8. Хариуцагч Ц.С нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... 2023.08.25-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ... дугаар хороо, .... гудамж, ... тоот хаягт байрлах 672 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн 1 давхрын 160 м.кв талбайг Э.Ут түрээслэхээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө объектыг бүхлээр нь түрээслэх талаар ярилцсаныг тухайн үед Э.У нь зөвшөөрсөн тул гэрээ байгуулсан байдаг. Гэтэл объектыг бүхлээр нь түрээслэх талаар олон удаа ярилцаж, тохиролцоонд хүрээгүй тул гэрээний 3.8-д зааснаар гэрээг цуцлах мэдэгдлийг амаар, бичгээр, мессэжээр өөрт нь болон ажилтанд нь хүргүүлсэн. Иймд объектын 1 давхрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул түрээсийн гэрээг цуцалж, дуусгавар болгох үндэслэлтэй ...” гэж тодорхойлсон.
9. Хариуцагч Ц.С нэхэмжлэгч Э.Ут холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, дуусгавар болгуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа үндэслэлээр сөрөг шаардлагаа дэмжин мэтгэлцсэн бол нэхэмжлэгч Э.У сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзсан үндэслэлээ “... Түрээсийн гэрээний 3.1-т гэрээний хугацааг 2023.09.01-ний өдрөөс 2026.08.31-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай байгуулсан. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлд гэрээний хугацаа, гэрээнд заасан үндэслэл бий болсон эсхүл хүндэтгэн үзэх шалтгаантай бол эд хөрөнгө хөлслөх гэрээг дуусгавар болгохоор заасан. Гэвч Ц.С нь дээрх нөхцөл байдал бий болоогүй байхад гэрээг цуцалж, дуусгавар болгох гэж байгаа нь үндэслэлгүй.” гэжээ.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, үндэслэлээ “...Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Аливаа гэрээг талууд байгуулж, өөрсдөө дуусгавар болгох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасанд нийцнэ. Түрээслэгч гэрээг үргэлжлүүлэх, хүсэлгүй, гэрээг цуцлахаар бие даан шийдвэрлэснийг шүүхээс хориглох, гэрээг үргэлжлүүлэх агуулгаар шийдвэр гаргах нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан зарчимд нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Хариуцагч Ц.Сын тайлбараас түрээслэгч буюу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д заасны дагуу гэрээг цуцалсан гэж үзэхээр байх боловч энэ талаарх баримтгүй тул нэг талын санаачилгаар гэрээг цуцлах хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг 2024.08.01-ний өдрөөр, нэг талын санаачилгаар цуцалсан, дуусгавар болгосон учир хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангахгүй.” гэж дүгнэсэн.
11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан ба магадлалд “... Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцааг анхан шатны шүүх зөв тодорхойлсон. Гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2024.07.19-ний өдөр өгсөн гэрээ цуцлах мэдэгдэл нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасан үндэслэлд хамаарах тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар хариуцагчийг гэрээ цуцлах саналыг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзнэ. Иймд 2024.07.19-ний өдрөөс хойш 3 сарын хугацаа дууссанаар гэрээ цуцлагдах тул нэхэмжлэгч гэрээг үргэлжлүүлэх агуулга бүхий шаардлага гаргах боломжгүй. Гэрээ цуцлагдсанаар дуусгавар болсон байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасныг тайлбарлан хэрэглэсэн нь буруу. Мөн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй...” гэж дүгнэсэн.
12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бын хяналтын журмаар гаргасан гомдолд хоёр шатны шүүх хугацаатай түрээсийн гэрээ дуусгавар болсон эсэх нөхцөл байдалд хуулийг хэрэглэхдээ энэ талаарх хууль хэрэглээний нэгдмэл байдлаас зөрүүтэй тайлбарласан гэх үндэслэл дурдсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.
13. Хоёр шатны шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх харилцаа үүссэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Түрээслүүлэгч буюу тус хэргийн хувьд хариуцагч Ц.С нь эрхийн улсын бүртгэлийн Ү-220..... дугаартай, зоорийн давхрыг оролцуулан 5 давхар барилгын өмчлөгч бөгөөд түрээсийн зүйл нь тус барилгын 1 дүгээр давхар буюу 160 м.кв талбай болох, түрээсийн гэрээ нь 2023.09.01-ний өдрөөс 2026.08.31-ний өдрийг хүртэлх 3 жилийн хугацаанд үйлчлэх, нэг сарын түрээсийн төлбөр 4,500,000 төгрөг бөгөөд түрээслэгч Э.У эд хөрөнгийг цааш дамжуулан түрээслэх эрхтэй талаарх үйл баримтын тухайд зохигч тус тус маргаагүй байна.
14. Түрээслэгч буюу нэхэмжлэгч Э.У нь түрээсийн зүйлийг гэрээнд заасан аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар 3 жилийн хугацаанд тогтвортой ашиглахын тулд засвар хийж хөрөнгө зарцуулсан нөхцөл байдлыг зохигчийн хэн аль нь зөвшөөрч маргаагүй байна. Түрээслэгч тус засварын зардлыг 32,500,000 төгрөг болсон талаар тайлбарлаж байх ба түрээслүүлэгч энэ тухайд үгүйсгэн мэтгэлцээгүй. Хэрэгт авагдсан фото зургаар 160 м.кв талбайг гоо сайхны үйлчилгээ явуулах зорилгоор тасалгаанд хуваах, өнгө будгийг өөрчлөх, шаардлагатай тоноглол байршуулах зэргээр зохих засвар, өөрчлөлтийг хийсэн байдал тогтоогдож байна. Энэ үйл баримтын тухайд хоёр шатны шүүх зохигч маргаагүй гэж үзэн дүгнэсэн байна.
15. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн гэрээний үр шимийг олж авахад саад болохгүй байхыг хариуцагчид даалгуулах гэж тодорхойлсон байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлага бус харин шаардлагын үндэслэл байна. Нэхэмжлэгч шаардлагаа ийнхүү тодорхойлсон нь угтаа түрээсийн гэрээг цуцлах тухай хариуцагчийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой байх тул түрээсийн гэрээ хариуцагчийн дурдсан үндэслэлээр цуцлагдаагүй болохыг тогтоолгох ингэснээр гэрээний үр шимийг хүртэх эрхээ эдлэх зорилготой гэж үзнэ. Иймд түрээсийн гэрээний үр шимийг олж авахад саад болохгүй байхыг хариуцагчид даалгуулах явдал нь түрээсийн гэрээ цуцлагдаагүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзнэ.
16. Хэдийгээр хоёр шатны шүүх нэхэмжлэл ба түүний үндэслэлийг ялган тодорхойлж, дээрх байдлаар дүгнээгүй боловч талуудын дунд өрнөсөн маргааны зүйл нь хугацаатай байгуулсан түрээсийн гэрээг хэрхэн цуцлах асуудал гэж үзсэн нь зөв байна. Улмаар шүүхүүд хугацаатай гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд цуцлах санал гаргаж байгаа тал хүндэтгэн үзэх шалтгаантай байх ёстой гэж үзсэн атлаа энэ дүгнэлт тус хэрэг маргаанд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлоогүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.
17. Иргэний хуулийн 318-326 дугаар зүйлд бүх төрлийн түрээсийн гэрээний харилцааг ерөнхийд нь зохицуулсан. Улмаар тус хуулийн 320 дугаар зүйлд түрээсийн гэрээний хугацааны талаар зааж, 320 дугаар зүйлийн 320.4-т түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална гэжээ. Гэвч Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэг нь хугацаагүй байгуулсан түрээсийн гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш 1 сарын хугацаанд мэдэгдэл өгөх замаар цуцлах тухай зохицуулалт байдаг. Энэ нь хугацаатай гэрээнд Иргэний хуулийн 320.3 дахь хэсгийг аливаа шүүлтүүргүйгээр шууд хэрэглэх мэт ойлголт төрүүлэхээр томьёологдсон байна. Гэвч аливаа гэрээг хугацаатай ба хугацаагүй байгуулах нь эрх зүйн үр дагаврын учир холбогдолтой бөгөөд талууд тодорхой хугацаа тохирон гэрээ байгуулах нь бизнесийн үйл ажиллагаагаа явуулах найдвартай орчныг бүрдүүлэх, тогтвортой байдлаа хамгаалах хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. Иймд Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсэгт заасан хугацаатай түрээсийн гэрээг талууд хугацаанаас нь өмнө цуцлахдаа 320.3-т заасан 1 сарын мэдэгдэл өгөх журмыг шууд баримтлах бус, харин мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан давхар бүрдсэн байх нөхцөл тавигдах учиртайг хоёр шатны шүүх анхаарсангүй.
18. Хариуцагч Ц.С хугацаатай түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө аливаа үндэслэл заалгүйгээр цуцлах эрхтэй байх хууль зүйн боломжгүй. Тэрээр шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ түрээслэгч тал анх түрээсийн гэрээ байгуулахдаа 672 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг цаашид бүхэлд нь түрээслэх амлалт өгсөн боловч энэ амлалтаа биелүүлээгүй, мөн түрээслүүлэгч удаан хугацаагаар гадаад явах болсон тул түрээслэгч Э.Утай байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж тайлбарлаж байна. Түүнчлэн хариуцагч өөрийн эд хөрөнгөө хэрхэн ашиглах нь өмчлөгчийн бүрэн эрх тул энэ талаар шүүх болон бусад этгээд хөндлөнгөөс оролцон шийдвэр гаргах, өмчлөгч гэрээгээ цуцлах шийдвэр гаргах эрхийг хязгаарлах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн эдгээр тайлбарыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй.
18.1 Хэрэгт авагдсан баримтаар түрээслэгч Э.У анх түрээсийн гэрээ байгуулахдаа түрээсийн зүйлийг бүх давхраар нь түрээслэхээр амлалт өгсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хэрэв хариуцагчийн маргаж байгаачлан энэ нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдон, улмаар түрээслэгч тал энэ үүргээ гэм буруутайгаар зөрчсөн бол түрээсийн харилцааг Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан гэрээний 7.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэл өгөх замаар цуцлах хууль зүйн боломжтой. Гэвч түрээслэгч дээр дурдсан амлалт өгсөн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, хариуцагч энэ талаар нотлох үүргээ биелүүлээгүй тул түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах энэ үндэслэл бүрдээгүй. Түүнчлэн түрээслүүлэгч удаан хугацаанд гадаадад байх болсон нь түрээсийн гэрээг цуцлах хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. Иймд гэрээ заавал хэрэгжих зарчмын дагуу түрээсийн гэрээг хүндэтгэн үзэх шалтгаан дурдалгүй хугацаанаас нь өмнө цуцлах эрх хариуцагчид үүсээгүй байна.
18.2 Хариуцагч Ц.С түрээсийн зүйл түүний өмчлөлийн эд хөрөнгө тул уг эд хөрөнгийг хэзээ, хэнд, хэрхэн ашиглуулах, ийнхүү ашиглуулсан харилцааг хэзээ дуусгавар болгох нь түүний эрхийн асуудал гэж тайлбарлаж байна. Өмчлөх эрх нь эд хөрөнгийн туйлын эрх тул өмчлөх эрх гэдэгт өөрийн өмчлөлийн зүйлийг хэнд ашиглуулах, яаж ашиглуулах, эсхүл хэрхэн захиран зарцуулах нь зарчмын хувьд өмчлөгчийн эрх мөн. Гэвч өмчлөлдөө байгаа эд хөрөнгийн талаар бусад этгээдтэй тодорхой нөхцөл бүхий эрх зүйн харилцааг нэгэнт үүсгэж, гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд хүссэн төрөл, агуулгаар гэрээ байгуулсан бол уг гэрээгээ сахин биелүүлэх нь гэрээний талуудын үүрэг. Энэ агуулгаар хуульд заасан үндэслэл бүрдэж гэрээ дуусгавар болоогүй бол гэрээний хугацаанд талууд гэрээний үүргээ биелүүлэх учиртай. Энэ нь дээр дурдсан өмчлөгчийн эрхийг хязгаарлаж буй хэрэг биш бөгөөд харин өмчлөгч эд хөрөнгөө өөрийн хүссэн хэлбэрээр гүйлгээ, эргэлтэд оруулсны хариуцлагаа хүлээж, гэрээний сахилга батыг сахин биелүүлж буй явдал юм. Иймд хуулийн шаардлага хангасан үндэслэл шалтгаан заалгүйгээр, эсхүл ийм шалтгааныг нотлолгүйгээр хугацаатай гэрээг хүссэн үедээ цуцлах үндэстэй байхаар өмчлөх эрхийг гуйвуулан тайлбарлаж болохгүй.
19. Дээрх байдлаар тодорхой хугацаатай түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3, 320.4, 294 дүгээр зүйлийн 294.2, зохигчийн байгуулсан гэрээний 7.5 дахь хэсгийг тус тус тайлбарлан хэрэглэх замаар түрээсийн гэрээ хариуцагчийн дурдсан шалтгаанаар цуцлагдаагүй болохыг тогтоон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг залруулах нь зүйтэй байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/00320 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/05456 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4, 294 дүгээр зүйлийн 294.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Уын түрээсийн гэрээ цуцлагдаагүй болохыг тогтоолгох шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Э.Ут холбогдох гэрээг цуцалж дуусгавар болгох тухай хариуцагч Ц.Сын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй.” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч Ц.С-оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ут олгосугай.” гэж өөрчлөн, тус заалтын дугаарыг 2 гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарыг 3, 5 дахь заалтыг дугаарыг 4 болгон өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Э.У нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.03.21-ний өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН