Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 201/МА2018/00030

 

Б.Б гийн нэхэмжлэлтэй,

Д.Б д холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Д.Б , хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 23-ны өдрийн 138/ШШ2018/00691 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Б гийн давж заалдах гомдлоор Б.Б гийн нэхэмжлэлтэй, Д.Б  холбогдох гэм хор учруулсны хохирол 4 536 300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Б гаас гэм хор учруулсны хохирол 3 361 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 10 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 05 сарын 23-ны өдөр төмөр замаас хуучин биржийн урдуур найзыгаа хүргэж өгөх гээд явж байсан. Гэтэл урдуур нэг машин огцом эргээд би дарж амжихгүй мөргөлдөөд хашлага давж цааш гарч зогссон. Би зүүн талаас чигээрээ баруун тийш явж байсан. Намайг өнгөрөөгөөд араар хойш эргэх үйлдэл хийх байх гэж бодтол нэг машин урдуур огцом дарж орж ирсэн. Би тухайн үед халамцуу буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэн. Согтолтын хэмжээ их байгаагүй, тухайн үеийн асуудлаа мэдэж байсан. Энэ асуудлаас болж би Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.5-д зааснаар арга хэмжээ авагдсан. Мөн осол гарах үед жолоо барих эрхийн үнэмлэхгүй явж байсан. Гол нь замын хөдөлгөөний дүрмээ баримталж явсан. Д.Б  дүрэм зөрчсөний улмаас осол болсон. Миний хажууд Ч гэж эмэгтэй сууж явсан. Эхнэрийн маань найз, гэрт нь хүргэж өгөхөөр явж байсан юм. Эмнэлгээс Ч н Улаанбаатар хот руу явж эмчлүүлэхийг зөвлөсөн. Эмчилгээний зардалд 781 300 төгрөг, машинаа үнэлүүлсэн үнэлгээ хийлгэхэд 130 000 төгрөг төлсөн. Миний машины гэмтэлд 3 625 000 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээний газар дүгнэлт гаргасан. Хариуцагч Д.Б  буруутай учраас 4 536 300 төгрөг нэхэмжилж байна.

            Д.Б ын надад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлтэй таницлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 05 сарын 23-ны өдөр хуучин тээврийн биржийн урд талын төв зам дээр явж байсан. Б  гуай төв замаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ ойртон ирж буй тээврийн хэрэгслийг төв замаар явж байхад явж өнгөрсний дараа эргэх хөдөлгөөн хийх ёстой байтал өмнүүр гэнэт хөдөлгөөн хийснээр би машинаа зогсоож амжихгүй мөргөлдөж осол болсон. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу би төв замаар чигээрээ явж байгаа тул давуу эрхтэй, Б  гуай төв замаас чиглэлээ өөрчлөхдөө гэрлэн зохицуулалтгүй зам дээр өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөх ёстой тул би тэр машиныг миний явж буй чиглэл рүү орж ирнэ гэж бодоогүй хурдаа хасаагүй явж байсан. Намайг хурдтай явж байсан гэжээ. Гэтэл төв зам дээр 60-аас дээш км цагийн хурдтай явах дүрэмтэй. Миний хувьд хурд хэтрүүлээгүй. Тэгвэл хурдтай явж байгаа машины өмнүүр хөдөлгөөн хийж болох байсан юм уу? Хэрэв Б гуай Замын хөдөлгөөний дүрмээ баримталсан бол осол гарахгүй байсан. Би машинаа зогсоож чадахгүй биш аль болох илүү их аюулыг бий болгохгүйн үүднээс баруун гар тийш рулээ дарж замын хашлага даван зогссон. Замын цагдаагийн газраас намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Харин осол гарахад гол буруутайг Б Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болсон гэх тул миний хувьд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч Д.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 05 сарын 23-ны өдөр 11 цагийн орчим хүүхдээ сургуулиас нь аваад гэр рүүгээ харьж явсан юм. Тэгээд хуучин биржийн урдаас хойш эргэх гээд дохиогоо өгөөд эргэх үед Б.Б гийн машин нилээн цаана явж байсан. Би амжих юм байна гэж бодоод туслах зам руу нилээн орж явахад Б  нь маш хурдтай ирээд миний машины баруун урдаас мөргөсөн. Тухайн үед бүтэн эргээд нөгөө тийш буюу ирсэн зүг рүүгээ харж зогссон. Б гийн машин хашлага даваад гарсан. Би дохиогоо өгч эргэсэн, дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Би ослын дараа машинаасаа гарч ирээд Б д яаж байгаа юм бэ гэхэд Б  элгээ бариад цаашаа яваад өгсөн. Удалгүй эмнэлгийн машин ирээд Б , машиндаа сууж явсан хүнээ аваад явсан. Уг нь Б гийн машин автобусны буудлын цаана явж байгаа харагдсан. Их хурдтай явж байсан юм шиг байна лээ. Машинаасаа буухад согтуу байгаа нь мэдэгдсэн. Надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө согтуугаар, жолоо барих эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Миний машиныг ирж мөргөсөн би буруугүй. Машиных нь араас Чыг татаж гаргасан. Машинтай явах үедээ бүсээ ч бүслэхгүй явснаас болж гэмтэцгээсэн. Миний машины урд хаалга, дугуй хоёрын дунд хэсэг рүү мөргөсөн. Би осол гарах үед замынхаа дунд хэсэг хүртэл орчихсон байсан. Б  нь машинаа хойш баруун дарж байж миний машины тэр хэсэг рүү мөргөсөн. Намайг утсаар дарамталж мөнгө нэхдэг байсан. Эмчилгээний мөнгө өгөхгүй байж өмгөөлөгч авж яадаг юм гэж хэлж байсан. Ууганбаяр байцаагч намайг их загнасан. Манай эхнэр бичлэг хийхэд нь булааж аваад устгасан. Таны буруу, та төлөх ёстой гэж хэлсэн. Би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би төв замаар баруунаас зүүн тийш явж хуучин биржийн уулзвараар зүүн гар тийш эргэх дохио өгч эргээд туслах зам руу орсон байхад зүүнээс баруун тийш явж байсан 33 46 УБН улсын дугаартай Приус 20 маркийн машины жолооч их хурдтай орж ирж замын уулзварын хашлага руу орж машиныг мөргөөд хашлага давж цаана нь байсан гэрлийн шонгийн дэргэд тулж зогссон. Ингээд Замын Цагдаагийн газрын байцаагч ирж үзлэг шалгалт хийсэн боловч хэмжилт хийлгүйгээр харчихаад машинаа аваад яв гэж хэлсэн. Машинаа кран хөлсөлж 60000 төгрөг төлж авч явсан. Тухайн үед 33 46 УБН улсын дугаартай авто машины жолооч Б.Б  нь согтуу, жолоо барих эрхийн үнэмлэхгүй хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсон байсан. Өмнө нь жолоо барих эрхээ хасуулсан байсан мөртлөө согтуугаар жолоо барьж осол гаргасан. Уг хэргийг Замын Цагдаагийн газар шалгаад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу надад 100000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Энэ машин нь миний хүү Чингисийн машин хүү маань намайг жолоодохыг зөвшөөрсөн. Энэ ослоос болж машинд одоогийн байдлаар 3 066 000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг үнэлгээ хийлгэхэд 135000 төгрөг төлсөн. Иймд Б гаас торгууль 100 000 төгрөг, үнэлгээний хөлс 135 000 төгрөг, краны хөлс 60 000 төгрөг нийт 3 361 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 23-ны өдрийн 138/ШШ2018/00691 дугаар шийдвэрээр:

1/ Монгол Улсын Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Б аас 453 630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 4 082 670 төгрөгийг, Д.Б ын 3 361 300 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

            2/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б  улсын тэмдэгтийн хураамжинд 87 531 төгрөг, Д.Б  улсын тэмдэгтийн хурааамжинд 67 130 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Б аас 14 259 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгож, ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б  давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч Д.Б аас 4 536 300 төгрөгийн 10 хувь болох 453 630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч надад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 082 670 төгрөгийг, Д.Б ын 3 361 300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Үүнээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч үндсэн нэхэмжлэлийн 10 хувийг хангаж үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгосныг би дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би осол болох үед Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь үнэн. Гэвч автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа бусдад аюул, саад учруулалгүй замын зорчих хэсгээр явж байхад Д.Б ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас осол болсон. Миний Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлүүд нь осол гарах болсон нөхцөлтэй шалтгаант холбоогүй байхад шүүх ямар үндэслэлээр намайг 90 хувийн буруутай үйлдлийн улмаас осол болсон гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Замын хөдөлгөөний дүрмийн уулзвар нэвтрэх дараалал бол зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх гол заалт бөгөөд хариуцагч нь үүнийг зөрчсний улмаас осол гарсан ба өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөөгүй. Жолооч нарын хэн нь хэдэн хувийн буруутай болохыг шүүх тогтоохдоо хэний, ямар буруутай үйлдэл, зөрчил нөлөөлсөн гэдгийг шинжлэн судлалгүй, нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх ёстой асуудалд үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Би Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээсэн. Д.Б  Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас осол болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б аас 4 536 300 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч Д.Б д холбогдуулан гэм хорын хохиролд 4 536 300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Мөн хариуцагч Д.Б  нь 3 361 300 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.Б  эс зөвшөөрч маргасан байна.

2018 оны 05 сарын 23-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед Хэрлэн сумын 6 дугаар баг, хуучин Тээврийн биржийн урд төв зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан Приус маркийн 60-90 ДОР дугаартай, хариуцагч Д.Б ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл зүүн гар тийш /тээврийн бирж руу/ эргэх хөдөлгөөн хийхдээ зүүнээс баруун тийш явж байсан Приус маркийн 33-46 УБН дугаартай, нэхэмжлэгч Б.Б гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гарсан үйл баримт хэрэгт авагдсан баримт болох “Зам тээврийн осол дээр тогтоосон акт”-аар тогтоогджээ. /хх-ийн 22-23 дахь тал/

Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.Б д 4536 300 төгрөгийн, хариуцагч Б.Б д 3361 000 төгрөгийн гэм хорын хохирол тус тус учирчээ. /хх-ийн 5-21, 38-46 дахь талууд/

Хэрэгт авагдсан нотлох баримт болох “Зам тээврийн осол дээр тогтоосон акт”-аар нэхэмжлэгч Б.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.-ийн а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх биедээ авч явна.”, мөн дүрмийн 2.7.-ийн а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг, хариуцагч Д.Б  нь мөн дүрмийн 1.5.-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 7.12.-д “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 53 дахь тал/

            Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Б   тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”-д 1,80 %-ийн тоон үзүүлэлт илэрсэн гэж тэмдэглэгдсэн ба энэ нь нэхэмжлэгч дунд зэргийн согтолттой байсан болохыг нотолж байна. /хх-ийн 52 дахь тал/

            Түүнээс гадна хариуцагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч согтуу байсан гэдгийг нотолдог ба нэхэмжлэгч ч өөрөө согтууруулах ундааны зүйл болох архийг өглөө 7 цагт найзуудын хамт уусан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Хариуцагч Д.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5., 2.7.-д заасан заалтуудыг зөрчсөн боловч нэхэмжлэгч Б.Б  нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон явдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох нь зам тээврийн осол гаргах эрсдэлтэй бөгөөд Б.Б г согтуу байсан эсэхээс үл хамааран дан ганц Д.Б ын үйлдэл осолд хүргэсэн гэж үзэх, мөн тухайн ослоос Б.Б  зайлсхийх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Б г “гол буруутай” гэж дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Б гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Д.Б  нь өөрийн хүү Б.Ч ийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь түүний тайлбараар тогтоогдож байгаа ба өөрийн хүү болох Б.Ч г төлөөлөх баримтгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг зөрчсөн байх тул анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон байна.

Нэхэмжлэгч Б.Б гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 87531 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 23-ны өдрийн 138/ШШ2018/00691 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч Б.Б гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                 ШҮҮГЧИД                                                              Ж.ДОЛГОРМАА  

                                                                                               З.ЭНХЦЭЦЭГ