Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2021/00511

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө-ын 13 дугаар багт оршин суух, М овогт Х.К-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө-ын 5 дугаар багт оршин суудаг,  С овогт С.М-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.К-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, түүний өмгөөлөгч С.Н, хариуцагч С.М, гэрч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наурызбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдсан гар утасны үнээс үлдсэн 3500000 төгрөг, алданги 2300000 төгрөг бүгд 5800000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Х.К-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Х.К нь Баян-Өлгий аймагт гар утасны худалдаа эрхэлдэг бөгөөд хариуцагч С.М нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 3000000 төгрөгийн үнэ бүхий Samsung Note-9  маркийн гар утас худалдан авсан. Хариуцагч гар утасны үнийн төлбөрөөс 1 сая төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 2 сая төгрөгийг одоо хүртэл төлөөгүй ба удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Иймд хариуцагч С.М-аас гар утасны үлдэгдэл төлбөр болох 2 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч С.М шүүхэд бичгээр харгасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Х.К-гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, би тэр хүнээс ямар нэгэн байдлаар гар утас зээлээр авч байгаагүй болно. Хэрэв намайг гар утас зээлээр авсан гэж байгаа бол нэхэмжлэгч үүнийгээ нотлох баримтын хүрээнд нотлох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн ямар ч нотлох баримтгүйгээр гаргаж байгаа нэхэмжлэл нь илт үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.К-гийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Е.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Нэхэмжлэгч Х.К нь Баян-Өлгий аймагт гар утасны худалдаа эрхэлдэг. Хариуцагч С.М нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Самсунг Нөүт-9 маркийн гар утас худалдаж авсан. Уг гар утасны үнэ тухайн үед 3.000.000 төгрөг байсан. С.М нь тухайн үед утас авахдаа мөнгийг нь тодорхой хугацааны дараа өгнө гэж аман байдлаар амлалт өгч, авсан байна. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийг урьд нь таньдаг байсан учраас тухайн гар утсыг хариуцагч С.М-ын эзэмшилд шилжүүлсэн. Ийнхүү гар утсыг С.М-ын эзэмшилд шилжүүлснээс 1 сарын дараа нэхэмжлэгчийн дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл 2.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо хариуцагч С.М-аас 2.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч С.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2019 онд Х.К-гээс утас худалдаж авсан гэж хэлж байгаа нь үнэн. Тухайн үед гар утсыг би Х.К-гийн гараас авсан ба төлбөрөө бүрэн барагдуулсан. Х.К-гээс би утас зээлээр аваагүй. Худалдаж авсан утасных нь дэлгэц нь 10 хоногийн дараа гацаж, гаднаас орж ирсэн дуудлага сонсогдохгүй байсан. Мөн дээрээс нь тухайн үед Х.К надад баталгаа гаргаж өгөөгүй. Би утасны мөнгийг бэлнээр Х.К-д өгч, төлбөрөө барагдуулсан. Х.К надад худалдсан утсаа 2000000 төгрөгөөр үнэлж надад өгсөн. Би уг утас авах үед 1000000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 1000000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Би уг утсыг худалдаж авсны дараа капитал утас байсан гэдгийг мэдсэн. Х.К-гээс авахад надад хайрцгаас нь задалж өгөөгүй, лангуунд байсан утас гаргаж ирээд, 1 хар цэнэглэгчийн хамт өгсөн. Одоо бидний дунд тооцоо байхгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлээ хариуцагч С.М нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 3000000 төгрөгийн үнэ бүхий Samsung Note-9  маркийн гар утсыг зээлээр худалдан  авч 1000000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн ХААН банк дахь 5180302407 тоот дансанд шилжүүлсэн, одоо үлдэгдэл 2000000 төгрөгийг төлж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.М нь 2019 онд нэхэмжлэгч Х.К-гээс  утас худалдаж авсан нь үнэн, 2000000 төгрөгөөр үнэлж өгсөн. Утасны үнийг худалдан авч байхад 1000000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 1000000 төгрөгийг дараа нь дансаар шилжүүлснээр бүрэн барагдуулсан гэж маргаажээ.

Иймд нэхэмжлэгч (худалдагч) Х.К-гийн ажиллуулдаг утасны  дэлгүүрээс 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Samsung Note-9 маркийн гар утсыг хариуцагч (худалдан авч) С.Мад шилжүүлэн өгснөөр нэхэмжлэгч Х.К, хариуцагч С.М нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.К нь Samsung Note-9  маркийн хар өнгийн утсыг 3300000 төгрөгөөр  Б.Жаас худалдан авсан нь гэрч Б.Ж-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Гэрч Б.Ж-ын мэдүүлэгт: “...миний бие 2019 оны 02 дугаар сард Баян-Өлгий аймаг дахь Samsung төвөөс лизингээр худалдаж авсан Samsung Note-9  маркийн хар өнгийн утсыг хайрцаг, баталгааны хамт Х.К-д 3300000 төгрөгөөр буюу худалдаж авсан үнээр нь зарсан. Би тухайн утсыг задалж, дотор нь сим, тохиргоо хийж ашиглаагүй. Би Баян-Өлгий аймаг дахь Samsung төвөөс худалдаж авснаас хойш 2-оос 3 хоногийн дараа Х.К-д надад мөнгөний хэрэгцээ байна, та энэ утсыг зараад өгчих гэж өгч байсан. Тухайн үед Samsung Note-9  маркийн гар утас шинээр гарсан, 3.300.000 төгрөгийн үнэтэй байсан. Би Х.К-д хайрцаг савтай нь хамт өгсөн” гэсэн байна.

Хариуцагч С.М нь “...уг утсыг худалдаж авсны дараа капитал утас гэдгийг мэдсэн. Х.К өөрийн гараар надад хайрцгаас нь задалж өгөөгүй, лангуунд байсан утас гаргаж ирээд, 1 хар цэнэглэгчийн хамт өгсөн бөгөөд утасны дэлгэц нь 10 хоногийн дараа гацаж, гаднаас орж ирсэн дуудлага сонсогдохгүй доголдолтой утас байсан...” гэж маргаасан боловч Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.1-д зааснаар худалдан авч хариуцагч С.М эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргаагүй байна.  

Иймд хариуцагч (худалдан авагч) С.М нь утсыг хүлээж авах үед утасны доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан учир Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ”зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч С.М нэхэмжлэгчээс 2000000 төгрөгөөр утас худалдаж авсан гэх боловч ямар маркийн утас худалдан авсан гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Н.К- “...миний бие Х.К-гийн Ө-ын 5 дугаар баг, хуучин ХААН банкны урьд байрлах Нокиа шоп дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр  Samsung Note-9  маркийн гар утсыг С.Мад зээлээр худалдсан, энэ талаар миний бие тэмдэглэлийн дэвтэрт бичсэн ба С.М Х.К-тэй тохирсон гэсэн тул 3300000 төгрөгийн утсыг 3000000 төгрөгөөр зээлээр өгсөн. Дараа нь түүний гар утас руу залгахад аваагүй, гудамжинд тааралдахад өнөө маргааш өгнө гэж хэлдэг байсан. Дараа нь дахин нэг удаа тааралдахад 1 сая төгрөгийг Х.Кгийн дансанд шилжүүлсэн гэж хэлсэн, 2021 оны 01 дүгээр сард жирэмсний амралтад  явах болоод С.М-аас 2 сая төгрөгийг нэхэмжилж түүний “Т” захад байдаг дэлгүүрт очиход эхнэр нь байсан...” гэсэн  мэдүүлэг болон түүний тухайн үед хөтөлсөн бүртгэлийн дэвтрийн бичилтэд 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Note-9-3271  маркийн гар утас-3000000 төгрөгөөр С.Мад (утасны дугаар 99423828) зарагдсан, 3000000 төгрөгөөс 1000000 төгрөгийг  төлсөн, 20000000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тэмдэглэсэн бичсэн байна.

Тухайн үед буюу 2019 оны байдлаар Баян-Өлгий аймагт  Samsung Note-9  маркийн гар утасны үнэ 3000000 төгрөг болох нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын “Эд зүйлийн үнэлгээ тогтоох баримт”-аар нотлогдож байна.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч С.М-аас Samsung Note-9 маркийн гар утасны үнээс үлдсэн мөнгө 2000000 (хоёр сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.К-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.М-аас 46950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-г баримтлан хариуцагч С овогт С.М-аас худалдан авсан Samsung Note-9  маркийн гар утасны үнээс үлдсэн мөнгө 2000000 (хоёр сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М овогт Х.К-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.К-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 (дөчин зургаан мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.М-аас 46950 (дөчин зургаан мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.К-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНГИЛИК