Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2024/00307

 

 

 

 

 

     

Т.Мн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэрийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2024/00526 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2024/00065 дугаар магадлалтай,

Т.Мгийн нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймгийн БШУГт холбогдох

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.03.19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024.03.07-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Мг урьд эрхэлж байсан Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, С.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, С.Н/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Т.М нь Баян-Өлгий аймгийн БШУГт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.03.19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024.03.07-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Мг урьд эрхэлж байсан Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2024/00526 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга С.Хаас 2024.03.07-ны өдрөөс 2024.03.15-ны өдөр хүртэлх хугацааны ажлын 6 хоногийн цалинд 895,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мд олгож, нэхэмжлэгч Т.Мн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.03.19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Баян-Өлгий аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2024.03.07-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, өнөөдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга С.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 26,031 төгрөгийг гаргуулан улсын орлогод гаргуулж шийдвэрлэсэн.

3.Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2024/00065 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 130/ШШ2024/00526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Мн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэгч Т.М хяналтын шатны журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

4.1 Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх ёстой. Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй байхад шүүхээс тушаалд дурдаагүй Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.2 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд 1962 онд төрсөн эрэгтэй даатгуулагч 61 нас 3 сарыг тэтгэвэр тогтоолгох нас гэж тогтоож өгсөн нь тус хугацаа нь өндөр насны тэтгэвэрт гарах эцсийн хугацаа гэж хуульчлаагүй заалт болно.

4.3 Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна" гэж зааснаар миний бие 65 нас хүртэл ажиллах эрхтэй. Боловсрол, шинжлэх ухааны газар /БШУГ/-ын даргын 2023.12.11-ний өдрийн Б/109 дүгээр тушаалаар сургуулийн захирлаар үргэлжлүүлэн томилсныг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гэж ойлгосон. Тухайн үед би 61 нас 10 сартай, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байсан. Магадлалын 9 дүгээрт " Т.М нь 2023 онд өндөр насны тэтгэвэрт гарахаар төлөвлөж, энэ онд тэтгэмжид захиалга өгөх гэж байгаа" гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулалгүй, нэг талыг баримтлан үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Миний бие 2023 онд өндөр насны тэтгэвэрт гарах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, тэтгэмж авах талаар захиалга хүргүүлээгүй, ажлаас чөлөөлнө гэсэн мэдэгдэлд үргэлжлүүлэн ажиллах хүсэлттэй гэдгээ илэрхийлж хариу өгснийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд шүүхээс нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй.

4.4 "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д зааснаар даатгуулагч нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болохоор зохицуулсан нь даатгуулагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц шууд тэтгэвэрт гаргахаар хуульчилсан биш, харин өөрөө хүссэн нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх олгосон зохицуулалт гэж үзнэ" хэмээн тайлбарласан байна.

4.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д "Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална", 60.1.2-т "донорын үүрэг гүйцэтгэх, ... эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай" гэж заасныг зөрчиж намайг өвчтэй эмчийн акттай байхад ажлаас чөлөөлсөн.

4.6 Миний бие БШУГ-ын дарга С.Хийн 2024.03.07-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг эс зөвшөөрч Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан ба тус хорооны 2024.03.19-ний өдрийн хуралдаанаар намайг ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.7, 154.8-д зааснаар хүчин төгөлдөр болсон. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.03.19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг аймгийн БШУГ-ын дарга С.Х 2024.03.26-ны өдөр гардаж авсан бөгөөд ажлын 10 хоногтоо гомдол гаргаагүй тулд 2024.04.10-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Үүний дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.4-т заасны дагуу гурван талт хорооны хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул баталгаажуулах арга хэмжээ авахуулахаар өөрчилсөн. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.4-т заасны дагуу гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр болсон гурван талт хорооны 2024.03.19-ний өдрийн 10 дугаар хуралдааны шийдвэрийн үндэслэлийг хянах эрхгүй бөгөөд тухайн шийдвэрийг яагаад биелүүлэхгүй байгаа талаарх маргааны хүрээнд дүгнэлт хийх ёстой байсан боловч шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гурван талт хорооны хүчин төгөлдөр болсон шийдвэрийн талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон.

4.7 Давж заалдах шатны шүүхийн илтгэгч шүүгч Д.К нь хариуцагч аймгийн БШУГ-ын дарга С. Хтай нэг ангид хамт суралцаж байсан бөгөөд тэд нар нь байнгын харилцаатай байдаг гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр татгалзсан боловч татгалзлыг хүлээж авахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.8 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13.1.1-д 2023.12.11-ний өдрийн Б/109 дүгээр тушаалыг ажлаас чөлөөлсөн тушаалтай андуураад шүүх дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй.

4.9 Шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан "ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг үндэслэлийг хууль тогтоогчоос хасаж баталсан билээ. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар гэрээ цуцлах хууль зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулаагүй тул энэхүү маргаан үүссэн. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой энэ төрлийн маргаан анх удаа шүүхээр шийдвэрлэгдэж байгаа бөгөөд энэхүү маргаанд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзээд хяналтын журмаар гомдол гаргаж байгаа тул гомдлыг УДШ-ийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар авч хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б хяналтын шатны журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Т.Мн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн БШУГын даргад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.3-т заасан үндэслэлийн дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

5.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5.1.2-т нийгмийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн боловч тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаагүй эрэгтэйг ажил олгогчийн санаачилгаар “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх боломжтой эсэх асуудал нь энэхүү маргааны гол зүйл байна. Нэхэмжлэгч нь 60 нас хүрсэн боловч тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаагүй байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5.1.2-т шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох авах эрхтэй тухай заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд ажилтан 60 нас хүрвэл эсвэл тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үед ажил олгогчийн санаачилгаар гэрээ цуцлах талаар заагаагүй.

5.2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хэмээн дүгнэсэн байх бөгөөд ийнхүү дүгнэхдээ дараах хууль зүйн дүгнэлтүүдийг хийсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8.4 дугаартай хэсэгт "Нэхэмжлэгч Т.М нь 1962.02.13-ны өдөр төрсөн, ... 2024.3.07-ны өдрийн Б/26 тоот Тушаалаар ... ажлаас чөлөөлөгдөхөд тэрээр 62 нас, 23 хоногтой байсан нь баримтаар тогтоогдсон, талууд түүнд маргаагүй байна” гэж, шийдвэрийн 8.5 дугаартай хэсэгт "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн ... 5.1.2-д тэтгэврийн шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүссэн эрэгтэй ... өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох авах эрхтэй гэж тус тус зохицуулсан” гэж, шийдвэрийн 8.8 дугаартай хэсэгт "... төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг нарийвчилсан зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 46.2.2 дахь заалт гэж шүүх үзлээ" хэмээн тус тус тайлбарласан байна. Давж заалдах шатны шүүхийн Магадлалын 10, 12, 13 дугаартай хэсэгт мөн адил нэхэмжлэгч 62 насанд хүрсэн тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох авах насанд хүрсэн талаар хууль зүйн дүгнэлт хийсэн байна. Товчхондоо, анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгч нь 25-аас доошгүй жил даатгалын шимтгэл төлсөн, 60 нас хүрсэн буюу өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгон авах насанд хүрсэн тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлтэй хэмээн дүгнэсэн.

5.3. Анхан болон давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5.1.2 дахь заалтыг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр, буруу тайлбарлаж маргааныг шийдвэрлэсэн тухай: Улсын дээд шүүхийн удаа дараагийн тогтоолуудад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нийгмийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн, 60 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй талаар заасныг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй тухай тайлбарласан байдаг. Үүнд;

5.3.1 Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн Танхимын 2020.07.08-ны өдрийн 281 дугаартай Тогтоолын Хянавал хэсгийн 14, 15 дугаартай хэсгүүдэд энэ талаар дараах тайлбарыг хийсэн байна. Үүнд: "... Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудад тэтгэврийн насыг 60, 65 гэж зөрүүтэй заасан ч эдгээр нь хуулийн шаардлагаар тэтгэвэр тогтоолгох авах эрхтэй нас бөгөөд харин 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө  хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нь нээлттэй байна Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 46.3-т заасан ... төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц гэдгийг өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгон авах нас бус, харин хуулийн шаардлагаар тэтгэвэр авах насанд хүрмэгц гэж тайлбарлан хэрэглэх учир ..." хэмээн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч 60 нас хүрэх нь Төрийн албаны тухай хуулийн 46.3-т заасан "тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц” гэх үндэслэлд хамаарахгүй тухай, гагцхүү тухайн төрийн албан хаагч өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарах боломжийг үүсгэх агуулгаар тайлбарласан байна. Тодруулбал, 65 нас хүрэх нь хуулийн шаардлагаар тэтгэвэр тогтоолгох нас бол эрэгтэй даатгуулагч 60 нас хүрэх, эмэгтэй даатгуулагч 55 нас хүрэх нь өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох зохицуулалт болох утгаар хуулийг тайлбарлажээ. Дээрх захиргааны хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн Магадлалд (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.4.16-ны өдрийн 0275 дугаартай) хуулийн заалтыг мөн тус агуулгаар тайлбарласан байна. Тодруулбал, Магадлалын Хянавал хэсгийн төгсгөлд "Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д зааснаар даатгуулагч нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэл тогтоолгох авах эрхтэй Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болохоор зохицуулсан нь эмэгтэй даатгуулагч 55 нас хүрсэн бол шууд тэтгэвэрт гаргахаар хуульчилсан биш, харин өөрөө хүссэн нөхцөлд 55 насанд хүрснээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх олгосон зохицуулалт гэж үзнэ” хэмээн тайлбарласан байна.

5.3.2 Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын 2016.10.27-ны өдрийн 01103 дугаартай Тогтоолд хуулийн холбогдох заалтыг мөн адил дээрх утгаар тайлбарласан байна. Тодруулбал, Тогтоолд2 "Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 20-оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэрт гарч болох хөнгөлөлттэй нөхцөлийн талаар заасан ба энэ нөхцөлөөр тэтгэвэрт гарахыг нэхэмжлэгч өөрөө хүсвэл хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой" хэмээн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй даатгуулагч 55 нас хүрсэн, эрэгтэй даатгуулагч 60 нас хүрсэн үндэслэлээр тэтгэвэр гарах, энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь гагцхүү ажилтан, даатгуулагчийн өөрийн хүсэлтээр хэрэгжихээс бус ажилтны санаачилгаар гэрээ цуцлах үндэслэл болохгүй тухай заасан байна.

  1. 5.3.3 Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2016.10.28-ны өдрийн 01119 дугаартай Тогтоолд “Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны эсхүл ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг бөгөөд мөн хуулийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг нөхцөл болж байна. Нэхэмжлэгч нь 60 хүрээгүй тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжгүй. ... Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдөх нь ажилтны өөрийн санаачилга байх тухай хуульд тодорхой заасан ба харин энэ тохиолдолд ажилтны хүсэл зориг нь бүрэн дүүрэн илэрхийлэгдсэн байх учиртай" хэмээн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл эмэгтэй даатгуулагч 55 нас хүрсэн, эрэгтэй даатгуулагч 60 нас хүрсэн үндэслэлээр тэтгэвэр гарах нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах даатгуулагчийн эрх бөгөөд энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь гагцхүү ажилтан, даатгуулагчийн өөрийн хүсэлтээр хэрэгжихээс бус ажилтны санаачилгаар гэрээ цуцлах үндэслэл болохгүй тухай заасан байна.
  2.  
  3. 5.3.4 Улсын дээд шүүхийн 2018.11.27-ны өдрийн 01697 дугаартай Тогтоолд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д зааснаар даатгуулагч нийт ... 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй ... өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Л.А ... нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэл зоригоо ажил олгогчид илэрхийлсэн баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа хариуцагч нотлоогүй гэж үзнэ" хэмээн тайлбарласан.

Энэ бүхнээс дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5.1-т ‘‘Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох авах эрхтэй" гэж, 5.1.2-т "... шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй" гэж тус тус заасныг" 25-аас доошгүй жил шимтгэл төлсөн, 60 насанд хүрсэн эрэгтэй ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно" гэх агуулгаар тайлбарласан нь Улсын дээд шүүхийн дээрх тогтоолууд дахь хууль хэрэглээний тайлбараас зөрж байна. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн холбогдох заалтыг Улсын дээд шүүхийн тайлбарлаж буйгаас өөрөөр, буруугаар тайлбарлаж маргааныг шийдвэрлэсэн, байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.3-т хэргийг хяналтын шатны журмаар авч хэлэлцэх үндэслэлд хамаарч байна.

Нэхэмжлэгчийн хувьд 25-аас доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 60 насанд хүрсэн боловч тэтгэвэр тогтоолгон авах хүсэлт гаргаж байгаагүй. Иймд ажил олгогчийн санаачилгаар түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болоогүй хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хууль хэрэглээ, тайлбар нь Улсын дээд шүүхийн дээрх тогтоолуудад нийцэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40.1.3.т "ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн" гэдэг заалт хэрэгжиж байх хугацаанд эрэгтэй эмэгтэй 60 нас хүрсний дараа ажил олгогч тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болно гэж ойлгож, шүүхэд энэ талаар тодорхой практик тогтсон байсан. Гэтэл шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгээс уг заалтыг авч хаяснаар ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах маргаанд Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан тайлбарлаж хэргийг шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай болж байна.

6.2. Шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн нэг зорилго нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шүүхээс гадна хянан шийдвэрлэх шинэ зохицуулалт орсон бөгөөд энэ талаар тодорхой хуульчилсан. БШУГ-ын дарга С.Хийн 2024.03.07-ны өдөр Б/26 дугаар тушаалыг Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.03.19-ний өдрийн хуралдаанаар хуульд нийцээгүй, Т.Мг ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.7, 154.8-д зааснаар хүчин төгөлдөр болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.11-т “...хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, эсхүл сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор урьдчилан шийдвэрлэсэн тэмдэглэлийг, эсхүл шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш маргалдагч аль нэг тал ажлын таван өдөрт багтаан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж заажээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.03.19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг аймгийн БШУГ-ын дарга С.Х 2024.03.26-ны өдөр гардаж авсан бөгөөд ажлын 10 хоногтоо гомдол гаргаагүй тул 2024.04.10-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Гэтэл шүүхээс хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог маргаан таслах эрхгүй, эвлэрүүлэн зуучлагчтай ижил байр сууринаас оролцох ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022.02.10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор "Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийг", Засгийн газрын 2022 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрмийг тус тус баталсан бөгөөд хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг урьдчилан хянан шийдвэрлэх эрх бүхий аппарат гэж ойлгож байгаа тул шүүхээс маргаан таслах гурван талт хорооны шийдвэрийг эрх зүйн үр дагаваргүй хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд энэхүү маргааныг Улсын дээд шүүхийн иргэний танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар авч хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

7. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2024/01404 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, С.Ннарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

8. Нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг тэдгээрт дурдсан зарим үндэслэлийн дагуу хангах нь зүйтэй гэж үзэв.

9. Нэхэмжлэгч Т.М нь Баян-Өлгий аймгийн БШУГт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.03.19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024.03.07-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Мг урьд эрхэлж байсан Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... Миний бие тус сургуулийн захирлаар 2016.12.09-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2023.12.09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга С.Хийн тушаалаар үргэлжлүүлэн томилогдсон. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлт гаргаж байгаагүй. Гэвч 2024.03.07-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байхаар заасан тул 65 нас хүртэл ажиллах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6 дахь заалтад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заагаагүй. ... Ажлаас чөлөөлөгдөх талаар ажил олгогчтой тохиролцсон зүйл байхгүй. ... Намайг өвчний акттай байхад ажлаас чөлөөлсөн. ... Миний бие хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024.03.11-ний өдөр гомдол гаргаж 2024.03.19-ний өдрийн хуралдаанаар ажлаас чөлөөлсөн шийдвэр хуульд нийцээгүй, ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй талаар шийдвэр гарсан. ... үүнийг ажил олгогч эс зөвшөөрч гомдлоо 10 хоногт багтаан гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон.” гэж тайлбарласан.

10. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “... Нэхэмжлэгч Т.М нь 1962 онд төрсөн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлэхээр заасны дагуу 2023 онд 61 нас 3 сар хүрэхэд тэтгэвэрт гарах ёстой. Харин одоо 62 насанд хүрсэн,  улсад 31 жил ажилласан, өндөр насны тэтгэвэрт гаргах болзлыг хангасан. ... Өлгий сумын Засаг даргын Т.Мд өгсөн мэдэгдэл, Т.Мгээс ирүүлсэн хүсэлт, тайлбарыг нь авч танилцаад Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан “талууд харилцан тохиролцсон”, 78.1.9-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” гэсэн заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ...” гэж тодорхойлсон.

11. Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн БШУГт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 2024.03.07-ны өдрөөс 2024.03.15-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 6 хоногийн цалин 895,050 төгрөгийг нэхэмжлэгч Т.Мд олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт дараах үндэслэлийг дурджээ. Үүнд:

11.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнөх ажил олгогчийн мэдэгдэх хуудаст бичгээр гаргасан тайлбар болон хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр Т.Мг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9-д заасныг зөрчөөгүй. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т "Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна" гэж заасан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд төрийн албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажил олгогчоос ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тухайлсан зохицуулалт байхгүй тул төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг нарийвчилсан зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалт. ...

11.2. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж зааснаар ажил олгогч ажилтан Т.Мн хүсэлтийг хүлээж авахгүйгээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй. ...

11.3. Ажил олгогчоос маргаан бүхий тушаалыг гарах үед буюу 2024.03.07-ны өдрөөс 2024.03.15-ны өдрүүдэд нэхэмжлэгч нь эмнэлгийн магадалгаатай байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.2-т заасныг зөрчсөн байна. Иймд 2024.03.07-ны өдрөөс 2024.03.15-ны өдрийг хүртэлх 6 хоногийн цалинг гаргуулж, 2024.03.07-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. ...

11.4. Ажил олгогчийн зүгээс Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.03.19-ний өдрийн тэмдэглэлд гарын үсэг зураагүй тул маргаантай асуудлаар харилцан тохиролцсон эсэх нь тодорхой бус гэж үзэн нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.11-д зааснаар хурлын тэмдэглэлийг шүүхээр баталгаажуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байна. Иймд Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.03.19-ний өдрийн тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалт нь ажилтан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд үйлчлэх заалт бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалд хамааралгүй байна...” гэж дүгнэсэн.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон.

Магадлалд “... Ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-т заасанд нийцсэн учраас түүнийг давж заалдах гомдолд  дурдсан үндэслэлээр буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах асуудлыг нарийвчлан зохицуулаагүй боловч мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар ажилтан болон ажил олгогчийн аль нэгийн санаачилгаар бусад хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болж болох бөгөөд мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т заасан эрэмбээр хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг тогтоосон актуудыг хэрэглэхээр хуульчилсан тул тус эрэмбээр Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх нь хууль хэрэглээний зарчимд нийцнэ.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах нь ажил олгогчийн сонгох эрхэд хамаарч байх тул түүнийг ажил олгогчоос 65 нас хүртэл нь заавал ажиллуулах үүрэгтэй гэсэн ойлголт биш. Иймд Т.М нь ажлаас чөлөөлөгдөх үедээ 62 нас хүрсэн байсан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9-т зааснаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, 65 нас хүртэл ажиллуулах ёстой гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч Т.Мн давж заалдах гомдолд "... гурван талт хорооны хүчин төгөлдөр болсон шийдвэрийн талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. ..." гэх боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т энэ талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн уг гомдол бодит үндэслэлгүй байна. ...” гэж дүгнэсэн.

13. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр дуусгавар болгосонтой холбоотой ажил олгогч ба ажилтны хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай хууль болон нийгмийн даатгал, халамж, өндөр настны ажил эрхлэлтийн харилцааны талаарх холбогдох хэм хэмжээг тайлбарлан хэрэглэсэн хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт, шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч талын гомдол нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахтай холбоотой Улсын дээд шүүхийн чиг үүрэгт хамаарч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан байх тул гомдлыг хүлээн авч хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

14. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэлээс дүгнэвэл төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох нь дан ганц ажил олгогчийн санаачилгаар хэрэгжих эрх хэмжээний асуудал эсэх нь тус хэргийн маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч талаас хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хэдий ч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллахгүй талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй бол төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах эрхтэй буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр тэтгэвэрт гарах эсэх нь ажилтны эрх хэмжээний асуудал гэх агуулга бүхий тайлбар гаргасан. Харин хариуцагч өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрснээр ажилтан тэтгэвэртээ гарах ёстой буюу үргэлжлүүлэн ажиллах эсэх нь дан ганц ажилтны хүсэл зоригоос хамаарахгүй, түүнчлэн ажилтан ажил олгогчоос хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн авч, тэтгэвэрт гарахыг зөвшөөрсөн гэх агуулгаар хариу мэтгэлцсэн байна.

15. Зохигч хэрэгт ач холбогдол бүхий тодорхой үйл баримтууд буюу нэхэмжлэгч Т.М нь 2016.12.07-ны өдрөөс Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаад Боловсролын ерөнхий хуулийн дагуу аймгийн БШУГ-ын даргын 2023.12.11-ний өдрийн Б/109 дугаар тушаалаар үргэлжлүүлэн томилогдсон, түүнийг тус албан тушаалаас чөлөөлөх тухай аймгийн БШУГ-ын даргын 2024.03.07-ны өдрийн Б/26 дугаар тушаал гарах үеийн байдлаар 62 насанд хүрсэн байсан үйл баримтын тухайд харилцан маргаагүй. Хоёр шатны шүүх дээрх үйл баримтыг адил тогтоосон. Хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Т.Мд олгосон эмнэлгийн магадалгаа, 53 дугаар талд авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод түүний регистрийн дугаарыг БЛ62021313 гэж тэмдэглэснээс үзвэл Т.М нь 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төржээ.

16. Нэхэмжлэгч Т.Мг 60 нас хүрэх үед буюу 2022.02.13-ны өдрийн байдлаар 1994.06.07-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж зохицуулсан байна. Түүнчлэн Т.Мг 60 нас хүрэх үед Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль /1997.01.16-ны өдрийн хууль/ хүчин төгөлдөр үйлчилж байсан байх ба тус хуулийн 2 дугаар зүйлд 1962 онд төрсөн эрэгтэй 61 нас 3 сартай өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор зохицуулсан байна.

Дээрх хууль тогтоомжийг баримталбал нэхэмжлэгч Т.М нь өндөр насны тэтгэвэрт гарах болзлыг 61 нас 3 сар хүрснээр буюу 2023.05.13-ны өдөр хангасан гэж дүгнэнэ. Тэрээр энэ өдрийн байдлаар Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан байх ба тэтгэвэрт гарах хүсэлтээ илэрхийлээгүй хэдий ч 2023.05.29-ний өдөр Өлгий сумын засаг даргаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн талаар мэдэгдэж, ажил үүргээс нь чөлөөлөх талаар сануулж мэдэгдэл хүргүүлсэн нь хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан байна. Нэхэмжлэгч Т.М тус мэдэгдлийн хариуг 2023.06.06-ны өдөр бичгээр өгөхдөө “… төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас” болохыг дурдаж “… заавал 65 нас хүртэл ажиллахыг эрмэлзэхгүй байгаа …” хэдий ч “… өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлгүй …” болохоо илэрхийлж байжээ. Ийнхүү мэдэгдэл хүргүүлснээсээ хойш боловсролын хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн дагуу 2023.12.11-ний өдөр Б/109 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг тус сургуулийн захирлын албан тушаалд томилох ажиллагаа хийгджээ.

Дээрх байдлаар ажилтанд мэдэгдэл хүргүүлсний дараа үргэлжлүүлэн томилсон ажил олгогчийн үйлдэл хөдөлмөрийн харилцааг ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр дуусгавар болгох хүсэл зориггүй байгаагаа ажил олгогч илэрхийлсэн хэрэг болжээ.

17. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль нь 2023.07.07-ны өдөр батлагдаж, 2024.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилжээ. Нэхэмжлэгч Т.Мг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр харилцан тохиролцож ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2024.03.07-ны өдөр гаргасан бөгөөд энэ үед Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль (2023.07.07) нэгэнт хүчин төгөлдөр болсон байна. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д даатгуулагчийн өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэх нас, бусад болзлыг заасан байх ба нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа болон даатгуулагчийн хүйсээс хамаарч эрх үүсэх насыг 25-аас доошгүй жил шимтгэл төлсөн эмэгтэй 55, эрэгтэй 60, 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бол хүйс үл хамааран 65 насаар тогтоосон байна.   

Өөрөөр хэлбэл, Т.М Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994) хуулийн үйлчлэлийн үед тэтгэвэр тогтоолгох насны болзол хангасан хэдий ч тус хуулийг хүчинтэй байх хугацаанд тэтгэвэрт гаргалгүй үргэлжлүүлэн ажиллуулахаар тушаал гарсан, ийнхүү үргэлжлүүлэн ажиллаж байх хугацаанд тэтгэврийн насыг зарим талаар өөрчлөн тогтоосон шинэ хууль гарснаар түүний хувьд өндөр насны тэтгэвэрт гарах насыг аль хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлэх тухай хууль зүйн асуудал үүснэ. Тодруулбал, шинэ хуулийн дагуу Т.М нь 60 наснаас, хуучин эрх зүйн орчны хүрээнд 61 нас 3 сартай тэтгэвэрт гарах эрх үүсэх юм. Хэдийгээр энэ талаарх дүгнэлт нь тус хэргийн шийдэлд нөлөөтэй бус боловч дүгнэлт хийх явцад баримтлах хууль тогтоомжийг тодорхойлох асуудал тул Т.Мн тэтгэврийн харилцаанд ямар хууль үйлчлэх тухайд дүгнэлт өгөх шаардлагатай.

18. Хэдийгээр хуучин хууль тогтоомжийн үед нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн байх боловч нийгмийн даатгалын сангаас түүнд олгох тэтгэврийн хэмжээг тогтоогоогүй, тэтгэврийн буюу нийгмийн даатгалын эрх зүйн харилцаа бодитой үүсээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч Т.Мн 2023.07.07-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль батлагдах үед хөдөлмөрийн харилцаа нь хэвийн үргэлжилж байсан тул түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой харилцаанд 2023.07.07-ны өдөр батлагдаж, 2024.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийг баримтлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 25 жилээс доошгүй хугацаанд төлсөн тул 60 нас хүрснээр тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн гэж үзнэ.

19. Өмнө үйлчилж байсан хууль буюу 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг жагсаан нэрлэсний дотор 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх үндэслэлийг багтаасан байжээ. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүн 60 нас хүрснээр өндөр насны тэтгэвэр авахыг шаардах эрхтэй болох бөгөөд ажилтанд ийм эрх нээгдсэнээр ажил олгогч түүнтэй байгуулсан гэрээгээ өөрийн санаачилгаар цуцлах нөхцөл бүрдэхээр тус хуулиар зохицуулж байжээ.

Гэвч Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021.07.02-ны өдөр батлагдаж, 2022.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр тус хуулиар зохицуулсан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах харилцаанд зарим өөрчлөлт орсон байна. Тодруулбал, тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх заалтад дээрх харилцааг зохицуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг нэрлэн заасны дотор ажилтны өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх явдлыг хамааруулахгүйгээр тогтжээ. Ингэснээр ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дангаараа шууд цуцлах үндэслэл болно гэх хууль зүйн боломжгүй болжээ.

20. Анхан шатны шүүх нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах эрхтэй эсэх асуудлаар дүгнэлт өгөхдөө энэ талаар Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлсан зохицуулалт үгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэх зохицуулалт үйлчилнэ гэж үзсэн.

Улмаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж заасныг үндэслэсэн бөгөөд нэгэнт тэтгэврийн насанд хүрсэн нэхэмжлэгч Б/109 дүгээр тушаал гарснаас хойш үргэлжлүүлэн ажиллах талаараа дахин хүсэлт гаргаагүй тул ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь түүний бүрэн эрхийн асуудал гэх агуулгаар анхан шатны шүүх дүгнэжээ.

Тодруулбал, анхан шатны шүүх өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дангаар цуцлах боломжгүй, ажилтны хүсэлтэд үндэслэх ёстой, харин уг хүсэлтийг хүлээн авах эсэх нь хуульд заасан шалгуурт суурилан шийдвэрлэх ажил олгогчийн бүрэн эрх гэж үзэхийн зэрэгцээ тэтгэврийн насанд хүрсэн ажилтныг үргэлжлүүлэн томилсон хэдий ч ажилтан энэ талаарх хүсэлтээ дахин гаргах үүрэгтэй гэх агуулгаар тайлбарласан гэж үзэхээр байна.

21. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх хууль хэрэглээг буруутгаагүй атлаа “... Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах нь ажил олгогчийн сонгох эрхэд хамаарч байх тул түүнийг ажил олгогчоос 65 нас хүртэл нь заавал ажиллуулах үүрэгтэй гэсэн ойлголт биш.” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлтээс ялгаатай болжээ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажилтныг цааш ажиллуулах эсэх нь ажил олгогчийн сонгох эрх гэж тайлбарласан байна.

22. Хоёр шатны шүүхийн дээрх ялгаатай дүгнэлтийг нэг мөр болгох шаардлагатай бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль эхлэн үйлчилж, улмаар түүний хүрч зохицуулаагүй хэсэгт Төрийн албаны тухай хууль үйлчлэх тухай хууль тогтоомжийн үйлчлэлийн эрэмбийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Ингэснээр албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр цааш үргэлжлүүлэн ажиллах эсэх талаарх хүсэлтээ ажил олгогчид тодорхой илэрхийлэх шаардлагатай. Харин уг хүсэлтийг хүлээн авах эсэх нь ажил олгогчийн дан ганц субьектив эрхэд хамаарахгүй, энэ талаар үндэслэл бүхий обьектив шийдвэр гаргах шаардлагатай бөгөөд ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэх агуулгыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т хуульчилжээ.

Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ажилтан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах хүсэлт гаргасан бол тус хүсэлтийг дээр дурдсан шалгуур үзүүлэлтэд суурилан шийдвэрлэх нь зүйтэй байх тул энэ нь  дан ганц ажил олгогчийн санаачилгаар хэрэгжүүлэх шууд сонгох эрхэд хамаарахгүй. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт алдаатай болсныг залруулж, нэхэмжлэгч Т.Мн “даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болохоор зохицуулсан нь даатгуулагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц шууд тэтгэвэрт гаргахаар хуульчлаагүй” гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэстэй байна.

23. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд харьцуулан дүгнэхдээ алдаа гаргасан буюу ажил олгогчийн зүгээс Т.Мг үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзахдаа дээр дурдсан шалгуурыг хангаагүй гэх үндэслэл заагаагүй, харин тэтгэвэрт гарахыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр тайлбарласан. Гэвч хэрэгт авагдсан ажил олгогчийн мэдэгдэлд хариу өгөх тухай нэхэмжлэгч Т.Мн 2023.06.06-ны өдрийн тайлбарт “өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлгүй, … Сургуулийн стратеги төлөвлөгөөнд сургуулийн алсын харааг “Аймгийн манлайлагч сургууль болох гэж тодорхойлсны дагуу хичээлийн шинэ байранд оруулж, дээрх алын харааныхаа эхлэлийг тавьж, дараагийн захиралдаа хүлээлгэж өгөх чин хүсэлтэй” болохоо илэрхийлж байжээ. Түүнчлэн он, цагийн хувьд дээрх тайлбарын дараа буюу 2023.12.11-ний өдөр Т.Мг захирлын албан тушаалд томилох тухай Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын Б/109 дүгээр тушаал гарч байсан нь хэрэгт авагдсан байна.

24.  Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Т.Мг үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан хэдий ч өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай болжээ. Өөрөөр хэлбэл, өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн байсан нэхэмжлэгчийг захирлын албан тушаалд томилсон агуулгатай Б/109 дүгээр тушаал гаргаж албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулахаар зөвшөөрсөн атлаа тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэх үндэслэл дахин зааж, энэ нь ажил олгогчийн сонгох эрх, эсхүл ажилтантай харилцан тохиролцсон гэж үзэн ажлаас чөлөөлсөн 2024.03.07-ны өдрийн Б/26 дугаар тушаал Нийгмийн сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бусад хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгч Т.Мг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

25. Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2024.03.07-ны өдрөөс 2024.12.12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 8 сар 4 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Т.Мд олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэг сарын болон нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж, 2.1.2-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж гаргахаар журамласан. Улмаар нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2023 оны 12 дугаар сард 2,536,800 төгрөг, 2024 оны 01 дүгээр сард 2,386,800 төгрөг, 02 дугаар сард  2,386,800 төгрөгийн цалин тус тус хүлээн авсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 2,453,466 төгрөг (7,360,400/3)-өөр тооцох нь дээрх журамд нийцсэн гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2024 оны 3 дугаар сард нэхэмжлэгч 4 хоног ажилласны цалин хөлсөнд 596,700 төгрөг авсан нь бичигдсэн ба уг хугацаагаар тооцоход нэг өдрийн цалин нь 149,175 (596,700/4 хоног) төгрөг гэж тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2024.03.07-ны өдрөөс 2024.12.12-ны өдрийг хүртэлх 8 сар 4 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт  20,224,433 төгрөгийг /2,453,466*8+149,175*4/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Т.Мд олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасантай нийцэх юм.

26. Нэхэмжлэгч Т.М нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.03.19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бие даасан нэхэмжлэлийн шаардлага хэлбэрээр шийдвэрлэх боломжгүй, дараах үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай нэгтгэн дүгнэх боломжтой гэж үзлээ.

26.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болохоор заасан байна. Өөрөөр хэлбэл, маргалдагч талууд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон талаар маргахдаа маргаан таслах комисс, эсхүл гурван талт хороонд хандах эрхтэй бөгөөд талууд холбогдох асуудлаар харилцан тохиролцсон бол маргааныг шийдвэрлэсэн гэж үзэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т, ийнхүү тохиролцож чадаагүй бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэхээр тус хуулийн 154.5-д зохицуулсан байна.

Түүнчлэн маргааныг шийдвэрлэсэн, эсхүл урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэх хэлбэрийн шаардлагыг хуулиар бий болгохдоо холбогдох комисс, гурван талт хороо нь тэмдэглэл үйлдэх, тэмдэглэлд талууд аль аль нь гарын үсэг зурсан байхыг шаарджээ. Маргаан, зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий аливаа этгээдийн шийдэл бичгийн хэлбэрээр албажсан байх нь зүйтэй бөгөөд энэ нь эрхийн акт, гэрээ, эсхүл тэмдэглэл байх боломжтой юм. Харин уг баримтад маргалдагч талууд гарын үсэг зурсан байхыг шаардах нь харилцан тохиролцож, эвлэрсэн үндэслэлээр маргааныг нэг мөр шийдэж буй тохиолдолд илүү ач холбогдолтой. Гэвч дээрх зохицуулалтаас үзвэл маргалдагч талууд харилцан тохиролцоогүйгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болгосон ч энэ тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан байхыг шаардаж байгаа нь маргаан таслах комисс болон гурван талт хорооны тэмдэглэл хэлбэртэй шийдвэрийн хэрэгжилт төрийн албадлагаар шууд хамгаалагдаагүйтэй холбоотой байх үндэстэй.

Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.03.19-ний өдрийн 10 дугаартай тэмдэглэлд маргалдагч талууд гарын үсэг зураагүй үндэслэлээр хуралдааны тэмдэглэлийг шүүхээр баталгаажуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан тус шүүхийн 2024.04.18-ны өдрийн 130/ШЗ2024/01393 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна.

26.2. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг биелүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгчийн хүсэл зориг нь зорилгын хувьд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай давхцах бөгөөд аль аль нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ажил олгогчоос зөрчсөнийг арилгуулах, энэ эрхээ сэргээлгэхэд чиглэж байна. Иймд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, холбогдох олговрыг олгох үндэстэй гэж үзэн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг биелүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгчийн хүсэл зоригийг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж давхардуулан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

27. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... төрийн албан хаагч 60 нас хүрэх нь Төрийн албаны тухай хуулийн 46.3-т заасан "тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц” гэх үндэслэлд хамаарахгүй ..., гагцхүү тухайн төрийн албан хаагч өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарах боломжийг үүсгэх агуулгаар [шүүх] тайлбарласан байна. Тодруулбал, 65 нас хүрэх нь хуулийн шаардлагаар тэтгэвэр тогтоолгох нас бол эрэгтэй даатгуулагч 60 нас хүрэх, эмэгтэй даатгуулагч 55 нас хүрэх нь өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох зохицуулалт болох утгаар хуулийг [шүүх] тайлбарлажээ.” гэж дурдсан. Шүүх хуралдааны явцад энэ талаар түүнээс тодруулахад Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг нь даатгуулагчийн хувьд 60, эсхүл 55 насыг хэлж буй хэрэг бус 65 наснаас хойш хүсэлт гаргах тухай асуудлыг зохицуулсан гэж үзэж байгаа талаараа тайлбарлаж байх ба түүний уг тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн хувьд төрийн алба хаах насны дээд хязгаарыг 65 насаар тогтоосон. Энэ агуулгаар мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3-т энэ үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор, 46.3-т өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болон төрийн албаны насны дээд хязгаарын хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг хэрхэн үргэлжлүүлэх талаар тус тус зохицуулжээ. Иймд өмгөөлөгч А.Бын “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг нь даатгуулагчийн хувьд 60, эсхүл 55 насыг хэлж буй хэрэг бус 65 наснаас хойш хүсэлт гаргах тухай асуудлыг зохицуулсан” гэх агуулга бүхий гомдлыг үндэслэлийг дэмжих боломжгүй.

28. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Мн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулан энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2024/00065 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2024/00526 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Мг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024.03.07-ны өдрөөс 2024.12.12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20,224,433 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас гаргуулж нэхэмжлэгч Т.Мд олгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн БШУГаас улсын тэмдэгтийн хураамжид 259,072 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.     

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ                         

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                                               ШҮҮГЧИД                               Н.БАЯРМАА    

                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                               Д.ЦОЛМОН